Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 19-21-нд нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2025 оны дөрөвдүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 1-6 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн голын хөндийгөөр 6-11 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 11-13 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 11-13 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө 10-12 хэм дулаан байна.
2025 оны дөрөвдүгээр сарын 18-наас 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 18-нд Алтайн салбар уулсаар, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд говь, тал, хээрийн нутгаар, 21-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 19-нд ихэнх нутгаар дулаан байх боловч бусад хугацаанд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэмийн дулаанаас 4 хэмийн хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.
Үйл явдал
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд ажлын 4 өдрийн горимд шилжлээ
Засгийн газрын тогтоолын дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид ажлын шинэ зохион байгуулалтад шилжин, долоо хоногт дөрвөн өдөр ажлын байран дээр ажиллаж, нэг өдрийг зайнаас буюу цахимаар ажиллах горимд орлоо.
Шинэ зохицуулалтын хүрээнд байгууллагууд ажлын ачаалал, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах үүднээс дотоод зохион байгуулалтаа өөрчилж, албан хаагчдыг ээлжлэн цахимаар ажиллуулах байдлаар хэрэгжүүлж байна. Ингэснээр иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээ доголдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж буй юм.
Энэхүү шийдвэр нь замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, мөн төрийн албан хаагчдын бүтээмж, ажлын уян хатан нөхцөлийг сайжруулахад чиглэж байна. Түүнчлэн цахим ажлын соёлыг төлөвшүүлэх, төрийн байгууллагуудын дижитал шилжилтийг эрчимжүүлэх ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.
Харин иргэдэд үзүүлэх үйлчилгээний хувьд зарим байгууллага харилцан адилгүй зохицуулалт хийж болзошгүй тул холбогдох байгууллагын мэдээллийг урьдчилан шалгахыг зөвлөж байна.
Үйл явдал
“Оюу толгой” ХХК 9.9 тэрбум төгрөгийн нөхөн сэргээлтийн барьцааг бүрэн төвлөрүүлжээ
Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Үндэсний аудитын газрын шаардлагыг биелүүлэх хүрээнд “Оюу толгой” ХХК-ийн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг бүрэн төвлөрүүлээгүй зөрчлийг арилгуулсан байна.
Тус компанийн 2010–2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан боловч төвлөрүүлээгүй байсан барьцаа хөрөнгийг нөхөн төлүүлж, мөн 2025–2026 оны барьцаа хөрөнгийг нэмж тооцсоноор нийт 9.9 тэрбум төгрөгийг 2026 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нөхөн сэргээлтийн тусгай дансанд бүрэн төвлөрүүлжээ.
Энэхүү ажлыг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтууд, Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын дүгнэлт, албан шаардлагын хүрээнд үе шаттайгаар зохион байгуулж, хэрэгжилтийг хангуулсан байна.
Ингэснээр уул уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчинд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээлтийн ажлыг санхүүгийн баталгаатай хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна. Цаашид байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, барьцаа хөрөнгийн төвлөрөлд тогтмол хяналт тавьж ажиллахаар холбогдох байгууллагууд мэдээллээ.
Үйл явдал
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Элчин сайдууд ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байж, үндэсний язгуур эрх ашгийг ямагт дээдлэх, суугаа болон тухайн бүс нутгийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, эх хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, эх орноо сурталчлан таниулах зэрэгт анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Мөн иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа.
ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД НАР:
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэндийн Мөнх-Оргил,
- Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жагдагийн Оюунбаатар,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гунаажавын Батжаргал,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дансрангийн Булган,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ганбаатарын Хулан,
- Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нямцэрэнгийн Энхтайван,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батсайханы Болормаа,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Очирын Лхагвасүрэн,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доржраагийн Мөнхтөр,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэмчигийн Тэгшжаргал,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ганболдын Уянга,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Даваахүүгийн Баттөр,
- Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доньжчимбуугийн Бямбадорж
-
Дэлхий нийтээр..2026/02/23
Орон нутгийн замд хурдаа тохируулж, болгоомжтой зорчихыг зөвлөж байна
-
Дэлхий нийтээр..2025/10/06
Хууль бус ан агнууртай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт хийж...
-
Дэлхий нийтээр..2020/07/09
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 258 иргэн эх орондоо ирлээ
-
Дэлхий нийтээр..2023/05/24
Налайх дүүргийн сурагчид спорт өдөрлөгт идэвхтэй оролцлоо
