Үйл явдал
ЭХЗХ: Цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ тарифт өөрчлөлт орохгүй
Өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан "Сүүлийн үед цахим орчинд “Цахилгаан дулааны үнэ тарифыг ирэх 10 дугаар сараас хоёр дахин нэмнэ” гэдэг ор үндэслэлгүй худал мэдээлэл тарааж байна.
Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн дагуу эрчим хүчний үнэ тарифыг Эрчим хүчний зохицуулах хорооны хурлаар баталдаг бөгөөд Ковид-19 цар тахлын улмаас бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн 2020 онд цахилгаан болон дулааны эрчим хүчний үнэ тарифт ямар нэгэн өөрчлөлт орохгүй. “Ковид-19” цар тахлын үед улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотой эрчим хүчний хэрэглээ 6.7 хувиар буурч, тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэр, компаниудын санхүү эдийн засгийн байдал хүндэрч байна.
Гэвч эрчим хүчний салбарын хэмжээнд хэрэглэгчээ дээдэлсэн бодлого хэрэгжүүлэх, эрчим хүчний үнэ тарифыг нэмэхгүйгээр салбарын хэмжээнд дотоод нөөц бололцоогоо ашиглан хэмнэлтийн горимоор ажиллаж, хүндрэлийг даван туулах шийдвэр гаргасан.

Эрчим хүчний салбарын алдагдлыг бууруулж, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд
- Өндөр үнэтэй импортын цахилгааныг багасгах
- Өндөр өртөгтэй Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүдийг анх тариф батлах үеийн ачааллаар ажиллуулах
- Хямд үнэтэй эх үүсгүүрүүдийг илүү ачааллах
- Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор Эрчим хүчний компаниудын тэвчиж болох зарим зардлуудыг бууруулж хэмнэлт гаргаж ажиллахаар шийдвэрлэсэн.
Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс цахим орчныг ашиглан цахилгаан, дулааны үнэ нэмэгдэнэ гэдэг худал мэдээлэл тарааж хэрэглэгчдийг төөрөлдүүлж бухимдуулж байгаа этгээдүүдтэй хуулийн дагуу хариуцлага тооцуулах болно" хэмээн мэдэгдсэн юм. Мөн энэ үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагууд цаг үеийн болон бусад асуудлаар сэтгүүлчдийн сонирохсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгсөн байна.

Үйл явдал
Шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар боловсролын салбарын шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-2026-2027 оны хичээлийн жилээс 1 дүгээр ангийн сурах бичгийг шинээр зохиох, хэвлэх, түгээх ажил болон бусад ангиудын сурах бичгийн нөхөн хангалтын хүртээмж
-Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэл
-“COP 17” арга хэмжээтэй холбоотойгоор хичээл сургалтын зохицуулалт
-Нийслэлийн хэмжээнд хотхоны бага сургууль болон төрөлжсөн ахлах сургууль байгуулах ажлын хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд ажиллах
-Боловсролын зээлийн сангийн 2026 оны сонгон шалгаруулалтын үр дүн, тэтгэлэг, зээл, төлбөрийн хөнгөлөлтийн хэрэгжилтийн явц, төсвийн нөхцөл байдал
-2027 оны төсвийн төлөвлөлт болон боловсролын салбарын 2026 оны хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төслүүдийн явцтай танилцах
-Тажикстан Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд боловсролын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах зэрэг асуудлуудын талаар хэлэлцлээ.
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир танилцуулсан асуудал бүр дээр шийдэл, шаардагдах төсөв, хугацааг тодорхой тусгаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүтэц, нэгжийн удирдлагуудад даалгалаа.

Үйл явдал
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
НӨАТ-ын урамшууллын 2026 оны 07 дугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 2026 оны 07 дугаар сарын 22-нд 13.00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
Иргэн та 2026 оны 06 дугаар сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу.
Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог ба дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзээрэй.

Үйл явдал
Мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өсжээ
Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт (М2) 2026 оны зургаадугаар сарын эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр буюу 26.6 хувиар өссөн байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж 5.9 их наяд төгрөгөөр (26.3 хувь), төгрөгийн харилцах 2.8 их наяд төгрөгөөр (29.3 хувь), валютын харилцах 2.7 их наяд төгрөгөөр (75.4 хувь) тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Мөн 2026 оны зургаадугаар сарын байдлаар аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 49.3 их наяд төгрөг болсон байна. Үүнээс чанаргүй зээл 2.5 их наяд төгрөг, анхаарал хандуулах зээл 1.2 их наяд төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Түүнчлэн зургаадугаар сарын валютын сарын дундаж ханшаар 1 ам.доллар 3576.65 төгрөг, 1 евро 4117.99 төгрөг, 1 юань 527.86 төгрөг, 1 рубль 48.40 төгрөг байсан байна.
Эдгээр үзүүлэлт нь 2026 оны зургаадугаар сарын урьдчилсан гүйцэтгэл болохыг Үндэсний статистикийн хороо онцолжээ.

