Хэн юу хэлэв...
Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа
-Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад өндөржүүлсэн бэлэн байдал, гуравдугаар станцад онцгой дэглэм тогтоов-
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны зургаадугаар сарын 19-ний өдөр Эрчим хүчний яаманд ажиллаж, удирдлагуудтай нь уулзаж, үүрэг даалгавар өглөө.
Ерөнхий сайд уулзалтын эхэнд Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар төрийн албаны чиг үүргийн давхцал, орон тоог нэмээд зогсохгүй хариуцлагыг эзэнгүйдүүлж байгаа талаар хэлэлцэж бүх яамдад бүтцийн давхардал, чиг үүргийн шинжилгээ хийж давхардсан орон тоог цомхотгох чиглэл өгсөн.

Мөн төрийн зарим үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлж, төрийн оролцоог багасгах, цахимжуулалтыг тууштай нэвтрүүлж, иргэдэд үйлчилдэг төрийн алба бий болгохыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосон. Энэ хүрээнд эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга мэдээлэл сонссон. Ингээд Засгийн газрын тогтоол гарч "Дулааны цахилгаан станц-3" ТӨХК-д 2025 оны зургадугаар сарын 02-ны өдөр осол гарсантай холбогдуулан компанийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус компанийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэр гарсан гэдгийг танилцууллаа.
Тус тогтоолоор эрчим хүчний салбарыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, дулааны цахилгаан станцуудын техник, тоног төхөөрөмж, тоноглол, системийн горимын хэвийн үйл ажиллагааг хангах, төлөвлөгөөт засварын ажлууд хуваарийн дагуу хийгдэж байгаа эсэхэд хяналт тавьж, цаашид үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж гүйцэтгэх арга хэмжээ авч хэрэгжүүлж ажиллахыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд үүрэг болгосон байна.

“Эрчим хүчний үндэсний хороо, Үндэсний зөвлөл, яам, агентлагууд нэг удирдлагатай байх зайлшгүй шаардлагатай. Гуравдугаар станцын ослын нөхцөл байдал тогтоогдоогүй, шалгагдаж байгаа. Гэсэн ч салбарын удирдлагын тогтолцоо тодорхойгүй байдалд шилжсэнээр салбарт хариуцлага алдагдсан нь мэргэжлийн инженер, техникийн ажилчдын өдөр тутмын үйл ажиллагаанд хүндрэл учруулсан байх магадлалтай. Ашиг сонирхол, албан тушаалын зөрчилдөөн тус салбарт сүүлийн 20 жил бугшсан, үүнээс болж V цахилгаан станц зэрэг шинэ төслийн явц тасалдаж байгааг Ерөнхий сайд хэлээд нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг яамны удирдлагуудад анхаарууллаа.
"Дулааны цахилгаан станц-3"-т тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалтыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна гэдгээ тэрбээр мэдэгдлээ.

Ашиг сонирхлын зөрчил, авлигаас ангид байж, улс орны эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, эрчим хүчний найдвартай хангамжийг бүрдүүлэхийн төлөө онцгой анхаарч ажиллах ёстой. Тийм ч учраас тус яаманд өнөөдөр ажиллаж, Засгийн газрын шийдвэрийг танилцуулж байгаагаа Ерөнхий сайд онцлов.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнд эрчим хүчний салбарт Тавантолгойн цахилгаан станц, ДЦС-3-ын өргөтгөл шинэчлэлийн төсөл, ДЦС-5, Бөөрөлжүүтийн хоёрдахь шатны цахилгаан станцын төсөл, Тосонцэнгэл, Сүхбаатар, Даланзадгадын дулааны цахилгаан станц болон сэргээгдэх эрчим хүчний төслүүд бий. Эдгээрийг ажил хэрэг болгоход онцгой анхаарч ажиллахаа Ерөнхий сайд Г.Занданшатар илэрхийллээ.


Хэн юу хэлэв...
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Хэн юу хэлэв...
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Аудитын байгууллагаас 113 албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаардлага ирүүлжээ. Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн эдгээр албан тушаалтанд хариуцлага тооцохыг салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Хэнд, ямар хариуцлага тооцсон талаар ирэх долоо хоногт олон нийтэд мэдээлэхийг ЗГХЭГ-ын удирдлагуудад Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо.
Мөн Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл, Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан нарыг хууль хяналтын байгууллага, төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн мэдэгдэлд үндэслэн ажлаас нь чөлөөлөв.
Түр томилгоотой байгаа Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга болон төрийн албан хаагчийн албан тушаалд өнөөдрөөс нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа. Засгийн газрын шийдвэр дунд, доод шатанд гацаж, замхарч байгааг Хяналт хэрэгжүүлэх газраас хийсэн шалгалтын дүн харуулж байгаад Засгийн газрын гишүүд хяналт тавьж, хариуцлагатай ажиллахыг анхааруулав.
Хариуцлага тооцохдоо хэлмэгдүүлэхгүй, хууль зөрчсөн нэгнийг хамгаалахгүй зарчим баримтлах ёстойг Ерөнхий сайд хэллээ.
Хэн юу хэлэв...
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
E-zasag.mn-ээр гараашны татвар тэглэх санаалчилга гарч, 20 хоногт 101.097 иргэн дэмжжээ. Олон нийтийн өргөдлийг Ерөнхий сайдын зөвлөх О.Батхүү Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд хүлээлгэн /2026.11.03/ өглөө.
Гарааш бол бизнес хийж ашиг олдог хөрөнгө, тансаг хэрэглээ биш. Автомашинаа хадгалах, хамгаалах зориулалттай дэд бүтэц. Иймд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулж, гэр бүлийн хэрэгцээний авто гарааш, авто зогсоолыг үл хөдлөхийн албан татвараас чөлөөх иргэдийн саналыг уламжилж байгаагаа санаачлагчид хэллээ.

Гараашны татвар тэглэх санаачилга E-Zasag платформоор 100 мянган санал авсан анхны олон нийтийн өргөдөл боллоо. 100 мянган иргэн нэг асуудалд санал нэгдсэн нь олон зуун мянган иргэн, айл өрхийн асуудал байгааг илтгэж байна. Өрхийн хэрэгцээний дулаан гарааш, зогсоолыг татвараас чөлөөлөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд холбогдох хуулийг шинэчлэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд З.Мэндсайханд үүрэг болголоо.
“2027 он хөдөлмөрлөж, хийж бүтээж буй иргэдээ 1.3 их наяд төгрөгийн татварын дарамтаас чөлөөлж, ажлын байр нэмэгдүүлсэн жил байх болно” гэж Ерөнхий сайд хэлээд саналаа илэрхийлж, шийдвэр гаргахад идэвхтэй оролцсон иргэддээ талархал илэрхийлэв.


-
Үйл явдал2021/12/27
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
-
Үйл явдал2022/09/07
Чингүнжавын гудамжнаас Ард Аюушийн гудамж хүртэлх замыг түр хааж, өргөтгөл хийнэ...
-
Дэлхий нийтээр..2020/12/08
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
-
Хэн юу хэлэв...2022/01/10
Шадар сайд С.Амарсайхан Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг ...
