Дэлхий нийтээр..
Увс аймгийн ИТХ-ын хуралдааны танхимд Үндсэн хуулийг заллаа
Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг нь тодотгож, шинэ Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сахин мөрдөх зорилгоор “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын 43 дугаар тогтоолыг өнгөрсөн онд баталсан билээ. Уг тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Улсын Их хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны танхимд Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг залах ёслолд оролцов.
Энэхүү тогтоолоор Ардчилсан шинэ Үндсэн хуулийн үзэл санааг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, нийт байгууллага, иргэний үйл ажиллагааг Үндсэн хуульд бүрнээ нийцүүлэх зорилгоор Үндсэн хуулиа төрийн бүх байгууллага дээдлэн залахыг даалгаж, иргэн бүр Үндсэн хуулиа судлан мэдэж, айл өрх бүр дээдлэн залахыг уриалсан юм.
Түүнчлэн Үндсэн хуулийн үзэл баримтлал, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг сургалтын агуулгад тусган, хүүхэд залуучуудад тайлбарлан таниулахыг холбогдох байгууллагуудад чиглэл болгосон. Энэ хүрээнд Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны танхимд Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж хүндэтгэлтэйгээр заллаа.
Тэрбээр, Үндсэн хуулиа дээдлэн залах нь зөвхөн ёслол хүндэтгэлийн агуулгаар хязгаарлагдахгүй гэдгийг дурдаад Үндсэн хуулийнхаа үзэл санаа, зарчмыг иргэн бүр ойлгон, дээдлэн биелүүлж, төрийн байгууллага, албан тушаалтан нь хэлбэрэлтгүй сахин мөрдөхөд мөн чанар нь оршино гэдгийг тодотголоо. Үргэлжлүүлэн УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Үндсэн хууль залах ёслол нь Увс аймгийн түүхт 100 жилийн ойтой давхцаж буйг онцлоод, шинэ Үндсэн хуулийг бүтээлцэхэд нөр их хувь нэмэр оруулсан нутгийн эрхмүүдийг алдаршуулан дурсав.
Түүнчлэн 126 гишүүнтэй, шинэ парламент хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлэх стратегийнхээ хүрээнд хууль тогтоох үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, парламентын ил тод байдал, олон талт түншлэлийг сайжруулахаар тодорхойлсныг тэмдэглэлээ. Иймд Үндсэн хуулийн гол үзэл санааг бодитоор хэрэгжүүлж, хүний эрхийг хамгаалж, улам бүр бататган бэхжүүлэх нь энэ удаагийн Улсын Их Хурлын эрхэм зорилт гэдгийг тодотгов.
Ингээд Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Баттулгад “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолыг, Үндсэн хууль судлалын холбогдох бүтээлүүдийн дээжистэй гардууллаа. Үндсэн хуулийг залах ёслолд Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Э.Болормаа, О.Заяабал, М.Мандхай, Д.Батбаяр нар оролцсон юм. Цаашид тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд бусад аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны танхимд мөн адил Үндсэн хуулийг дээдлэн залах аж.
Увс аймагт ажиллаж буй Улсын Их Хурал болон Засгийн газрын гишүүд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар БНМАУ-ын Ардын жүжигчин, Ардын Их Хурлын депутат Гомбын Түмэндэмбэрэл агсны хөшөөний нээлтэд оролцлоо.
Улаангом хотын Ойрад театрын өмнөх талбайд сүндэрлэн боссон 3.5 метр өндөр уг хөшөөг уран барималч Ж.Түмэнчулуун урлаж, ард түмний сэтгэлд мөнхөрсөн дүр төрхөөр буюу тайзан дээр дуулж байгаагаар зохиомжилжээ.
Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, аймгийн удирдлагууд болон нутгийн алдартнуудын хамт төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Юмжаагийн Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллэв.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.
Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.
Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.
Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.
Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.
АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.
Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.
-
Дэлхий нийтээр..2026/06/05
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
-
Дэлхий нийтээр..2023/01/05
Гадаад валютын улсын нөөц 2022 оны эцэст 3.4 тэрбум ам.долларт хүрэв
-
Үйл явдал2020/01/03
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлнэ
-
Дэлхий нийтээр..2022/10/25
Хар тугалганы хордлогод үгүй гэж хэлье
