Дэлхий нийтээр..
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдалыг сонголоо
Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо 2025 оны наймдугаар сарын 13-ны өдөр хуралдав. Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, О.Батнайрамдал, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Зулпхар, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Б.Жаргалан, Д.Пүрэвдаваа, Ө.Шижир нар тус хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байна.
Хуралдаан гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр 14 цаг 06 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар энэ өдрийн хуралдааныг даргалсан бөгөөд эхлээд түр хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.8-д “Түр хорооны даргаар түр хороо байгуулах саналыг анх санаачилсан гишүүнийг томилж ажиллуулах бөгөөд уг гишүүн өөрөө татгалзсан тохиолдолд түр хороо байгуулах санал тавьсан бусад гишүүд дотроосоо түр хорооны даргаа олонхын саналаар сонгоно. Түр хороо байгуулах санал тавьсан гишүүд даргаа дотроосоо сонгох шаардлагагүй гэж үзвэл түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно” гэж заасан байдаг. Энэ дагуу түр хороог байгуулах саналыг анх санаачилсан Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдалыг түр хорооны даргад нэр дэвшүүлэх саналыг Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар гаргав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан тодруулга хийж, хариулт авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 6 гишүүн санал нэгтэйгээр дэмжив. Иймд “Хянан шалгах түр хорооны даргыг сонгох тухай” түр хорооны тогтоолын төслийг С.Зулпхар гишүүн хуралдаанд танилцуулсан юм. Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул төслийг батлах санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжснээр тогтоол батлагдаж, О.Батнайрамдал гишүүн Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны даргаар сонгогдов.
Иймд Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал хуралдааныг үргэлжлүүлэн даргалсан юм. Тэрбээр Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.7 дахь хэсэгт заасан түр хорооны даргын хэрэгжүүлэх чиг үүрэг, холбогдох бусад зохицуулалт, шийдвэрүүдийн талаар танилцуулсан.
Дараа нь “Хянан шалгагчийн ажлын даалгавар батлах тухай” түр хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан, Б.Баярбаатар нар хэлэлцэж буй асуудал болон түр хорооны үйл ажиллагаатай холбоотой санал хэлж, Улсын Их Хурлын гишүүн, түр хорооны дарга О.Батнайрамдал тайлбар өгсөн. Түр хороо нь Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах бөгөөд зургаан сарын хугацаанд ачаалалтай ажиллах болно гэв.
Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа түр хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжин баталлаа хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Германы “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх, хоёр улсын төрийн тэргүүний харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалаар тохирсон хамтын ажиллагааны асуудлуудыг бодитоор хэрэгжүүлэх, шинэ боломжийг эрэлхийлэх талаар санал солилцлоо.
Мөн 2011 онд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангаж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хөрөнгө оруулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх талаар ярилцав.
Айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж буй Монгол-Германы бизнес форумд 250 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж, бизнесийн сонирхол байгааг илтгэж байгааг талууд онцоллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаа илэрхийлж, цаашид хиймэл оюун, кибер аюулгүй байдал, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Монгол Улсын нар, салхины арвин нөөцөд түшиглэсэн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хуримтлуурын системд Германы компаниудын технологи, хөрөнгө оруулалтыг татах боломжтойг дурдлаа.
Түүнчлэн хоёр улсын харилцааны бат бэх гүүр болсон иргэд хоорондын харилцаа, хэлхээ холбоог дэмжих, тэтгэвэр, нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах асуудлаар хамтарч ажиллахаар тохирлоо.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2022/08/11
Төр, захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэнэ
-
Дэлхий нийтээр..2025/07/23
Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил 33 хувьтай үргэлжилж байна
-
Дэлхий нийтээр..2024/04/19
Гадна зар сурталчилгаа, хаягийн стандартыг мөрдүүлж байна
-
Үйл явдал2023/12/25
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
