Дэлхий нийтээр..
Монгол Улсын төсвийн төслийн талаарх цуврал хэлэлцүүлэг “Төсвийн орлого бүрдүүлэлт" сэдвээр эхэллээ
Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос “Төсвийн орлого бүрдүүлэлт” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд өнөөдөр /2025.09.22/ зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Р.Батболд, П.Сайнзориг, Д.Үүрийнтуяа болон Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Худалдаа, аж үйлдвэрийн танхим, нийслэл, дүүргийн татварын байгууллагын холбогдох албан тушаалтнууд, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл, салбарын эрдэмтэн, судлаачид зэрэг 60 орчим хүн оролцов.
Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг хэлэлцүүлгийг нээж, үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон бусад холбогдох хуулиудад өөрчлөлт оруулсантай холбогдуулан Монгол Улсын ирэх жилийн төсвийн төслийг таван үе шаттайгаар хэлэлцэн баталдаг болсон гээд, энэ хүрээнд ард түмнээр төсвийн төслийг хэлэлцүүлж, иргэдээс төсвийн хөрөнгө оруулалттай холбоотойгоор эрэмбэлсэн санал авсныг дурдлаа.
Мөн Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган эхэлсэн өдрөөс Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа бөгөөд тус Байнгын хорооноос “Төсвийн орлого бүрдүүлэлт”, “Улсын төсвийн хөрөнгө оруулалт”, “Уул уурхай бүтээгдэхүүний экспортын боломж, эрсдэл”, “Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн төсөл”, "Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн төсөл”-ийн талаар цуврал хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсныг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын 2026 онд төсвийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буйтай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчдоос төсвийн орлого бүрдүүлэлтийн талаар саналаа өгөхийг Байнгын хорооны дарга Х.Ганхуяг хүсэхийн зэрэгцээ энэ удаагийн хэлэлцүүлэг төслийн орлого бүрдүүлэлт, төлөвлөлт, хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудлын гарц, шийдлийг олоход үр өгөөжтэй байна гэдэгт итгэлтэйгээ байгаагаа илэрхийлсэн.
Дараа нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат “Төсвийн орлого бүрдүүлэлтийн өнөөгийн байдал, цаашдын хандлага” сэдвээр илтгэл тавилаа.
Тэрбээр илтгэлдээ 2025 оны нэгдсэн төсвийн орлогын эхний найман сарын байдал, төсвийн орлогын тооцоололд ашигласан макро үзүүлэлтүүд, орлого бүрдүүлэх хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ, төсвийн орлогын бүтцийн талаар хөндсөн. 2025 оны эхний найман сарын байдлаар төсвийн нэгдсэн нийт орлогод 19.3 их наяд төгрөг төвлөрчээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад нийт орлого 572.4 тэрбум, тэнцвэржүүлсэн орлого 818.5 тэрбум төгрөгөөр тус тус буурсан үзүүлэлт юм байна. Татварын орлого 1.1 их наяд төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 931.2 тэрбум төгрөгөөр буурчээ. Харин нэмэгдсэн өртгийн албан татвар 120 тэрбум, хүн амын орлогын албан татвар 243.2 тэрбум төгрөгөөр давж биелсэн бөгөөд татварын бус орлого 306.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн гэж байлаа.
Мөн төсвийн орлого бүрдүүлэх хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав. Тухайлбал, Үндэсний баялгийн санг арвижуулах, Ирээдүйн өв санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 40 хувийг хуваарилж байгааг ирэх онд 65 хувь болгохоор төлөвлөжээ. Боомтын дэд бүтэц, тээвэр зохион байгуулалтыг сайжруулж, хилийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлснээр нүүрсний экспортыг 2026 онд 90 сая тоннд хүргэнэ гэв. Нэмэгдсэн өртгийн албан татварын 1 сая хүртэлх худалдан авалтын иргэдийн буцаан олголтыг 5 хувьд хүргэх, төлбөрийн баримт олголтыг цахимжуулж, хамрагдалтыг нэмэгдүүлснээр татварын бааз, суурийг өргөжүүлнэ хэмээн илтгэлдээ дурдсан юм.
Түүнчлэн төсвийн орлогын бүтцийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд энэ талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.
Хэлэлцүүлэг “Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн нийгэмлэг” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга, ерөнхийлөгч Г.Алтанзаяагийн “Төсвийн орлого, татварын шинэчлэлийн уялдаа” сэдэвт илтгэлээр үргэлжилсэн.
Тус илтгэлд төсвийн орлого, орлого бүрдүүлэлтийн загвар, татварын шинэчлэл, олон улсын чиг хандлага ба практик туршлага, Монгол Улсын нөхцөл ба сорилтууд, татварын шинэчлэлийн бодлогын загвар хуулиудын төсөл, нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварын уялдааг сайжруулах хувилбар, хүн төвт нийгэм-хүн амын орлогын албан татварын шинэчлэлийг бусад хуулиудтай уялдуулах зэрэг асуудлыг хөндсөн байлаа. Тухайлбал, татварын шинэчлэл нь төсвийн тогтвортой байдал, нийгмийн шударга ёс, иргэн, төрийн харилцаатай бодлогын уялдаатай байх талаар тайлбарлав.
Мөн илтгэлд татвар нь зөвхөн төлбөр төлөх биш, хамтын хариуцлага, ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалт гэдгийг тодотгосон. Илтгэгч татварын шинэчлэлийн бодлогод анхаарах зүйлсийн талаар дурдсаныг доорх зурагнаас харна уу.
Дээрх илтгэлийн хүрээнд хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2026/05/21
“Байдрагийн усан цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэ...
-
Үйл явдал2021/02/17
“Нэг хаалга-Нэг шинжилгээ” явцын талаар мэдээлэл хийж байна
-
Дэлхий нийтээр..2022/11/10
“Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн систем”-ийн үйл ажиллагаа ирэх...
-
Дэлхий нийтээр..2021/06/08
Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
