Үйл явдал
Манба Дацан хийдийн Зурхайч, АУ-ы магистр Д.Сайнсайхан: Төрсөн өдрийн төөрөгт хүний зан чанар, сэтгэл зүй гардаг
- Бурханы сургаалын мөн чанар юу вэ?
- Энэ асуултын хариултыг төөрөг хувь тавилангийн зурхайтай холбон хариулъя гэж бодож байна. Би өдөр болгон хүний зан чанар, төөрөг хувь тавилангийн зурхай зурж байна, үр дүн ч сайн гарч байна.
Бурхан багш “Алтыг яаж шинжилдэг шиг шинжлээд миний шашинд ороорой” гэж хэлсэн байдаг шүү дээ. Тодруулбал, Бурханы шашинд хүн өөрийгөө таньж мэдээд, муу сэтгэл, нисваанисаа арилгаж, төгс гэгээрэлд хүрэх тухай сургадаг.
Өнөөдөр хүн бүр жаргалтай, бас амар амгалан амьдрахыг хүсдэг ч зовлонгийн шалтгаан нь өөрийгөө таньж мэдэж олоогүйд байгаа юм. Өөрийгөө таниагүй, хувь заяагаа мэдэхгүй хүн энэ ертөнцийн учрыг олж чадахгүй. Хамгийн ойр байх заяаны ханиа хүртэл олохгүй “Миний заяаны хань хаана байгаа бол. Ямар хүн байна вэ, хэдэн жилийн дараа учрах бол” гэж ирдэг. Гэвч бид Ванга биш - хүний хувь тавиланг зөгнөнө гэхээс илүүтэйгээр үндэслэлтэй, бодит үнэнд нийцсэн шинжлэх ухаанд тулгуурласан зүйлийг судлах хэрэгтэй.
Монголчуудын “Дэмбэрлийн зурхай буюу төөрөг зурхай” бол хамгийн шинжлэх ухаанч, хүний төрсөн од гараг эрхэсийн астрологид маш сайн үнэнд суурилсан зурхай юм.
- Тэгэхээр төрсөн өдрийн төөрөг зурхай нь Бурханы сургаалын “Өөрийгөө танин мэдэх” үзэлтэй холбогддог байх уу?
- Тийм шүү. Гэхдээ зурхайг тайлж тайлбарлах нь чухал. Олон жилийн судалгаа, туршлага дээр үндэслэж тайлбарлаж өгдөг. Төрсөн өдрийн төөрөг нь тухайн хүний хувь заяаг тодорхойлдог. Тэр утгаараа монголчууд эртнээс “Төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гараг” гэж ярьж ирсэн. Үнэндээ мэдэхгүй явах нь хамгийн том аюултай. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдээ багаас нь төөргийг нь зуруулчихвал зөв чиглэлд өсгөж хүмүүжүүлэх боломжтой. Хоёрт, хүн өөрийн төөргийг мэдэх нь амьдралынхаа алдаа, саадыг засах эхлэл болдог.
Бас хүн өөрийн төөргийг мэдэх нь амьдрал дахь алдаа, саадыг засах эхлэл. Нэг сонин зүйл сонирхуулахад “Жендэрийн асуудал” хөндөж байгаа биш шүү, ойлгоорой. Эмэгтэй хүнийг доод, эрэгтэй хүнийг дээд заяатай гэж ярьдаг нь төрсөн өдрийн төөргөөс нь харахад тодорхой юм. Нэг сард төрсөн нийт эрэгтэй хүмүүс 9 өдөр нь өндөр сайн заяанд төрөх магадлалтай байхад, эмэгтэй хүнд зөвхөн 3 өдөр байгаа юм. Тэгвэл муу заяанд төрөх магадлалтай эрэгтэй хүн 3 өдөр төрж байхад эмэгтэй хүн 12 өдөр төрөх магадлалтай байх. Тухайлбал, өвдөж зовдог, сэтгэл зүй тогтворгүй, ханийн заяа муу, аж амьдрал тэгширдэггүй гэхчилэн. Тэгэхээр төрсөн өдрийн гараг эрхэс, астралогийн нөлөө хувь заяа, зан чанарт шууд нөлөөлдөг юм. Энийг би олон жилийн энэхүү зурхайг зурсан туршлага, ажиглалтаас харж байгаа учраас үнэн гэж баттай мэдээд хэлж байгаа юм.
- Засаж залруулж болох уу?
- Бололгүй яах вэ, өдрийн төөргийн нөлөөг номоор засах боломжтой. Энэ бол хатуу нөлөө учраас зөвхөн хүний хичээл зүтгэлээр засагддаггүй зүйл. Тийм учраас өдрийн төөргийн хатууг бага залуу насандаа мэдэх тусмаа эрт засаж залруулаад явах боломжтой.
- Тийм үү. Эндээс үүдээд асуухад “Өндөр заяатай” хүмүүсийн тухай яриа сонсож байлаа?
- Маш өндөр заяатай хүмүүс гэж байна аа. Ийм заяанд төрсөн хүмүүсийн хувьд дундаж амьдрал гэж байдаггүй юм. Харж байхад нэг бол хамгийн сайн амьдарна, эсвэл хамгийн муу амьдардаг эрсдэлтэй. Ийм хүнтэй гэр бүл болсноор энэ үйлийг нь хамт эдэлнэ. Тийм болохоор төрсөн өдрийн өндөр заяатай энэ хүмүүсийг багад нь төөргийн зурхайг нь зуруулан, засаж залруулбал мөн л хамгийн сайнаар амьдрах боломжтой. Ийм өндөр заяатай хүмүүс над дээр ирнэ л дээ. Тэдний тал хувь нь өөрөө ирэх бөгөөд хэдийнээ амжилтанд хүрсэн, сайн яваа хүмүүс байдаг. Гэтэл нөгөөг нь ойр тойрны хүн нь амьдрал нь болохгүй байна гэж дагуулж, асууж их ирдэг. “маш их санаа зовоож байна” гэж ярих жишээний.
- Төөрөг, зан чанар хоёр холбоотой юу?
- Төрсөн өдрийн төөрөгт хүний зан чанар, сэтгэл зүй гардаг. Тэгэхээр өөрийгөө таньсан хүн өөрийгөө удирдаж чадна. Иймээс ээж аавууд хүүхдийн төөргийг зуруулснаар зан чанарт тохируулан зөв харьцаж, мууг нь засаж, сайн талыг нь дэвжээж зөв харьцана гэсэн үг. Ингэснээр нэгд үр хүүхдээ зөв хүн болж төлөвшүүлэх. Хоёрт, ээж аав нар үр хүүхэдтэйгээ яаж зөв харьцана тийм хүнтэй үр хүүхэд нь сууж амьдардаг. Тиймээс хүүхдээ зөв харж, зөв чиглүүлэх нь хамгийн том хөрөнгө оруулалт юм.
Хүүхэд нас бага гэлтгүй гэр доторх бүхнийг чихээрээ сонсож, нүдээрээ хараад бүхнийг мэдэрдэг. Тэндээс мэдэрсэн зүйлээр ирээдүйн амьдралаа бүтээдэг байх нь л дээ. Гэр бүлийн талаар олон ч хүнтэй уулзаж ярилцаж байна. Ер нь хүн далд ухамсраараа амьдралаа шийддэг. Хэдийгээр эрдэм боловсрол чухал ч, зөв хүмүүжил, зөв төлөвшилгүй хүн сайхан амьдралд хүрдэггүй. Тиймээс төөрөг зурхай бол амьдралын заавар биш, харин өөрийгөө танин мэдэх, хувь тавилангаа ухаарах гарын авлага юм.
-Ярилцсанд баярлалаа.
Үйл явдал
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо
Тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар үзэж сонирхов.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан тоглолтыг нээж хэлсэн үгэндээ, Монгол, Германы соёлын харилцаа 1980-аад оны сүүлээс эрчимжиж, хамтын ажиллагааг бүх түвшинд өргөжсөөр ирснийг тэмдэглэлээ.
Тухайлбал, 1989 онд Мюнхений урлагийн ордонд гаргасан “Монголчууд” үзэсгэлэн, хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 1998 оноос хэрэгжиж буй “Хархорум” археологийн төсөл, Их Монгол Улсын 800 жилийн ойг тохиолдуулан Бонн хотноо гаргасан “Чингис хаан ба түүнийг залгамжлагчид” тусгай үзэсгэлэн, 2024 онд ХБНГУ-ын хотуудаар аялан тоглосон “Монголын сайхан орон” тоглолт зэрэг соёл, урлагийн олон талт арга хэмжээ, уран бүтээлчдийн хамтын ажиллагаа нь хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсныг онцлон дурдав.
Тоглолтыг хоёр улсын төр, засгийн төлөөлөл, нийгэм, соёлын зүтгэлтнүүд болон Германд суугаа монголчууд, герман иргэд үзэж сонирхлоо.
Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид үндэсний соёл, урлагийн сор болсон бүтээлүүдийг толилуулж, үзэгч олны сонорыг мялаалаа.
Мөн монгол орны үзэсгэлэнт байгаль, уудам тал нутаг, нүүдэлчдийн ахуйг илэрхийлсэн гэрэл зургийн үзэсгэлэн болон морин хуур урлалын бүтээлийн дээжээс бүрдсэн үзэсгэлэнг тоглолтод хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд танилцуулж, монголын соёлын өвийг сурталчлан таниулав.
Үйл явдал
Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ээлжит хурал /2026.10.22/ боллоо.
Цахим орчинд үйлдсэн гэмт хэрэг таван жилийн өмнө буюу 2021 онд нийт гэмт хэргийн 19 хувийг эзэлж байсан бол 2026 онд 32 хувь болж нэмэгдсэн байна.
Өнгөрсөн жил нийт цахим гэмт хэргийн 78 хувийг фэйсбүүк ашиглаж үйлдсэн бол цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнд энэ тоо 2026 онд 60 хувь болж буурчээ. Энэ оны есөн сарын байдлаар 11,440 гаруй цахим гэмт хэрэг гарсан байна.
Цахим гэмт хэргийн улмаас 2025 онд иргэдэд 26.5 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 15.9 тэрбум төгрөг битүүмжилж, 1.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ. Харин энэ оны аравдугаар сарын байдлаар 28 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 15 тэрбум төгрөгийн хөрөнгө битүүмжилж, 1.5 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.

Хуурамч хаяг, сэжигтэй холбоос, хуурамч сугалаа, бусдын нэр барьж мөнгө нэхэх зэрэг цахим залилангийн арга улам нарийн, зохион байгуулалттай болсон.
Цахим залилангаас урьдчилан сэргийлэх талаар иргэдэд мэдлэг олгоход чиглэсэн www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна. Энэ цахим хуудсыг ашиглан цахим залилангийн түгээмэл аргыг таних, сэжигтэй холбоос болон имэйлийг шалгах боломжтой бөгөөд залиланд өртсөн үед авах арга хэмжээний талаар мэдээлэл, заавар, зөвлөгөөг тус системд багтаасан.
Цахим залилантай тэмцэх тогтолцоогоо сайжруулж, цогцоор нь шинэчлэхийг Ерөнхий сайд Н.Учрал холбогдох яамд болон байгууллагуудад үүрэг болголоо. Цагдаагийн байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол банк, арилжааны банкууд зэрэг холбогдох бүх байгууллага уялдаагаа сайжруулж хурдтай ажиллахын тулд нэг цэгт төвлөрөн ажилладаг олон улсын сайн туршлага нэвтрүүлэх асуудлыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
Үйл явдал
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, энэхүү дурсгалт бүтээл нь хоёр суут хүний нэр алдар, эрдэм бүтээл, гавьяа зүтгэлийг хүндэтгэн мөнхжүүлэхийн зэрэгцээ Монгол, Германы ард түмний эрдэм мэдлэг, оюун санаа, харилцан хүндэтгэлээр холбогдсон нэгэн зууны түүхэн хэлхээ холбооны бэлгэ тэмдэг болохыг онцоллоо.
Одоогоос нэгэн зууны тэртээ эрдэм боловсрол эзэмшихээр Герман орныг зорьсон монгол залуусын нэг нь Монголын орчин үеийн утга зохиолын суурийг тавьсан их зохиолч Дашдоржийн Нацагдорж байв.
Д.Нацагдоржийн Герман Улсад, тэр дундаа Лайпциг хотод өнгөрүүлсэн он жилүүд нь түүний ертөнцийг үзэх үзэл, оюуны төлөвшил, уран бүтээлийн сэтгэлгээнд гүн гүнзгий нөлөөлсөн чухал үе байсан.
Чухам энэ цаг үед Лайпцигийн их сургуульд ажиллаж байсан нэрт эрдэмтэн Эрих Хэниш Монголын түүх, хэл, соёлыг судлах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, Германы монгол судлалын хөгжилд анхдагч болон тод мөрөө үлдээжээ.
Монголын залуу сэхээтэн Д.Нацагдорж, Германы монголч эрдэмтэн Эрих Хэниш нарын эрдмийн их өргөөнд тогтоосон багш, шавийн барилдлага нь хоёр орны харилцааны түүхэнд онцгой байр суурийг эзэлдэг юм.
Одоогоос зуун жилийн тэртээ монгол залуус Герман орныг зорьж, эрдэм мэдлэг өвөрлөн эх орондоо буцаж байсан бол эдүгээ ч энэхүү түүхэн уламжлал үргэлжлэн бэхжиж, монгол оюутан залуус эрдэм мэдлэгт шамдан суралцаж, хоёр орны эрдэмтэн судлаачид хамтарсан судалгаа, төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсээр байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэв.
Энэ түүхэнд Лайпцигийн их сургууль онцгой байр суурь эзэлдэг бөгөөд XIX зууны сүүл үеэс тус сургуульд Монголын соёлын талаарх хичээл, судалгаа хөгжиж, улмаар монгол судлалын сонгодог төв байсаар ирсэн түүхтэй.
Өнөөдөр монгол хэл, Монгол болон Төв Азийн судлалын уламжлал Лайпцигийн их сургуульд үргэлжилж байгааг дурдаж, энэхүү дурсгал нь өнгөрсөн түүхээ хүндэтгэн алдаршуулахын зэрэгцээ ирээдүйн хамтын ажиллагааг бэлгэдсэн гүн гүнзгий утга агуулгатай хэмээн тодотголоо.
Энэхүү санаачилгыг дэмжсэн Лайпцигийн их сургуулийн удирдлага, эрдэмтэн судлаачид болон дурсгалын самбарыг бүтээсэн уран бүтээлчид, бэлтгэл ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол, Германы холбогдох байгууллага, эрдэмтэн судлаачдад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэ жил тохиож буй их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан эрдэм шинжилгээний олон улсын бага хурлыг Лайпцигийн их сургуульд зохион байгуулсан юм.
Лайпцигийн их сургууль нь ХБНГУ-ын Саксони муж улсын Лайпциг хотод 1409 онд байгуулагдсан. Герман болон Европын хамгийн эртний их сургуулиудын нэг бөгөөд 35 мянга гаруй монголчууд герман хэл, боловсрол эзэмшсэн байдаг.
Лайпцигийн их сургууль нь Монгол судлалын урт хугацааны уламжлалтай. XIX зууны сүүлчээр тус сургуульд Германд анх удаа Монголын соёлын талаар хичээл зааж эхэлсэн бөгөөд XX зуунд Монгол судлал бие даасан судалгааны чиглэл болон хөгжсөн билээ.
Тус сургуульд ажиллаж байсан монгол, хятад судлаач профессор Эрих Хэниш “Монголын нууц товчоо”-г герман хэлнээ орчуулсан эрдэмтдийн нэг юм.
Монголын анхны 35 сурагч, оюутан 1926 онд Лайпциг болон Германы бусад их, дээд сургуульд суралцахаар ирсэн бөгөөд БНАГУ-ын үед олон монгол оюутан Лайпцигийн Хердерийн институтэд герман хэлний бэлтгэлд хамрагдаж, улмаар мэргэжлийн сургалтаа үргэлжлүүлж байсан түүхтэй.
Өдгөө Лайпцигийн их сургууль Монгол Улсын их сургуультай их сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээтэй бөгөөд боловсрол, эрдэм шинжилгээний харилцаагаа үргэлжлүүлж байна.
-
Дэлхий нийтээр..2023/02/14
Өвлийн биеийн тамир, спортын арга хэмжээний нээлт боллоо
-
Үйл явдал2026/10/19
“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдлөө
-
Дэлхий нийтээр..2023/09/18
“Дундговь 2023” Монголын анхдугаар элсний наадам эхэллээ
-
Дэлхий нийтээр..2024/12/09
ТББХ: Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт о...
