Дэлхий нийтээр..
Б.Батбаатар: Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх үүрэг, амлалтаа ахиулан шинэ шатанд гаргалаа
Чуулганыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Батын Батбаатар нээж үг хэллээ.
Эрхэм хүндэт ноёд хатагтай нараа,
Гадаад улсуудын Монгол Улсад суугаа Эрхэмсэг элчин сайд нар аа,
Олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай, ноёдоо
Өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төлөөлөгчид та бүхний энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Монгол Улс өргөн уудам газар нутагтай, хүн ам болон аж үйлдвэр цөөтэй улс орон боловч газар зүйн байршил, цаг уурын нөхцөл, нүүдлийн соёл иргэншлийн онцлогоос шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд нийгэм, эдийн засгийн хувьд эмзэг, өртөмтгий, эрсдэлтэй орны тоонд ордог. Сүүлийн жилүүдэд Монгол оронд уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас илүү эрчимтэй явагдаж байгааг судалгааны үр дүнгүүд харуулж байна.
Монгол Улсын Засгийн газар уг асуудалд онцгой анхаарал хандуулан уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хариуцуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамыг байгуулсан нь засгийн газрын зүгээс хэр их ач холбогдол өгч байгаагийн тод илрэл юм.
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенц, түүний Парисын хэлэлцээрийн үндсэн зорилт болох дэлхийн дулаарлыг 1.5градусаас хэтрүүлэхгүй барихад чиглэдэг. Энэ зорилгод хүрэхийн тулд улс орон бүр хувь нэмэр оруулах, дасан зохицоход чиглэсэн арга хэмжээг үндэсний хөгжлийн бодлого, стартегитай уялдуулан цаг алдалгүй авч хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. Энэ шаардлагын үүднээс Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн талаар баримтлах зорилт, авах арга хэмжээгээ шинэчлэн тодорхойлж, Засгийн газрын 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор баталсныг дуулгахад таатай байна.
Энэхүү баримт бичгийг боловсруулахад холбогдох бүх салбарын яам, агентлаг болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын төлөөллөөс бүрдсэн 11 дэд ажлын хэсэг ажилласан. Түүнчлэн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Азийн Хөгжлийн Банк, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага, Хүүхдийн Сан, Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн түншлэл зэрэг олон улсын хөгжлийн түнш байгууллагууд арга зүй, техникийн дэмжлэг үзүүлж хамтран ажилласанд гүн талархал илэрхийлье.Монгол улс өөрийн хөгжлийн бодлого, төлөвлөгөөний хүрээнд сонгон авсан нөхцөлт бус арга хэмжээг амжилттай хэрэгжүүлснээр хүлэмжийн хийн нийт ялгарлаа 2035 он гэхэд суурь түвшинтэй харьцуулахад нийтдээ 24,7 сая.тн СО₂-эквивалент буюу 30.3 хувиар бууруулах боломжтой гэж тооцоолсон.
Мөн газар ашиглалтыг сайжруулж, хөрс бэлчээрийн ургамал болон ойд хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр үндэсний хүлэмжийн хийн ялгарлыг нэмэлтээр 16%-иар бууруулж, 46.3%-д хүргэх нөхцөл бүрдэх боломжийг нэмж тооцсон.
Үүнээс гадна Олон улсын санхүүгийн болон техник технологийн дэмжлэгтэйгээр хүлэмжийн хийн ялгарлыгбууруулах томоохон нөхцөлт арга хэмжээг холбогдох салбаруудад амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг нийт 52.8%-иар бууруулах юм.
Үндэсний тодорхойлсон хувь нэмэр 3.0-ын хүрээнд тодорхойлсон зорилт, арга хэмжээг 2035 он хүртэл авч хэрэгжүүлэхэд нийтдээ 53,3 их наяд төгрөг буюу 14.8 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоог НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр гаргаад байна.
Санхүүжилтийн гол эх үүсвэрийн нэг болох Уур амьсгалын ногоон сан (GCF)-тай Монгол Улс сүүлийн 10 жилийн хугацаанд идэвхтэй хамтран ажиллаж, нийт 400 гаруй сая ам.долларын төсөл, хөтөлбөрийг батлуулан амжилттай хэрэгжүүлж байна.
Тухайлбал, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Үндэсний дасан зохицох төлөвлөгөөг амжилттай боловсруулж, конвенцын Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлсэн. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг манай орны хувьд салбар бүрт дасан зохицох арга хэмжээ, эрсдэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлох чухал алхам болсон. Мөн цаашид Үндэсний тодорхойлсон хувь нэмэр болон Үндэсний дасан зохицох төлөвлөгөөний хэрэгжилтийг уялдуулах, үр дүнг хэмжих, ил тод тайлагнах тогтолцоог боловсронгуй болгох үүднээс Уур амьсгалын ногоон сантай хамтран хиймэл оюун ухаанд суурилсан цогц платформ хөгжүүлэхээр төлөвлөж байна.
Олон улсын санхүүжилтийн сангуудаас гадна Монгол Улс Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн дагуух хамтын ажиллагааг эрчимжүүлж, нүүрстөрөгчийн зах зээлийн шинэ загварыг хэрэгжүүлэхэд бодит алхмууд хийж байна.
Тухайлбал 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Бүгд Найрамдах Сингапур Улстай Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулсан бөгөөд энэ нь Монгол Улсын хувьд гуравдахь хоёр талт нүүрстөрөгчийн хэлэлцээр боллоо. Үүнээс гадна Швейцарийн Холбооны Улстай ижил хэлэлцээрийг байгуулах эрхийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр хэлэлцүүлэн COP30 бага хурлын үеэр гарын үсэг зурах бэлтгэл хангагдаад байна. Энэ нь манай улсын хүлэмжийн хийн бууралт, шингээлтийг олон улсын зах зээлд хөрвүүлэн арилжаалах, уур амьсгалын санхүүжилтийг хувийн хэвшлүүдэд татах томоохон боломжийг нээж байгаа юм.
Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг хэрэгжүүлэх чадавх бэхжүүлэх, төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалтын холимог эх үүсвэрээс татаж олон талын оролцоонд түшиглэн хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт, хөнгөлөлттэй зээл тусламж нэн чухал бөгөөд эдгээр байгууллагын төлөөлөл өнөөдөр энд хүрэлцэн ирсэн байна.
Эрхэмсэг Элчин сайд нар аа,
Эрхэм олон улсын байгууллагуудын суурин төлөөлөгчид өө,
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх үүрэг, амлалтаа ахиулан шинэ шатанд гаргалаа. Энэ шийдвэр нь илүү ногоон, тогтвортой ирээдүйг цогцлоох бидний хамтын зорилгын тод илэрхийлэл юм.
Энэхүү зорилгод Монгол Улсын олон улсын хамтын түншүүд, тухайлбал Германы Засгийн газар болон бусад хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагуудын дэмжлэг, хамтын ажиллагаа үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байна.
Өнөөдрийн уулзалт бол бид хамтын түншлэлээ улам гүнзгийрүүлж, дэлхий нийтийн энэ сорилттой хамтдаа тэмцэх шинэ алхам болно гэдэгт итгэж байна. Иймд Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр төсөл, хөрөнгө оруулалтыг дэмжих, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд нээлттэй, бэлэн байгаагаа онцлон тэмдэглэж байна.
Эрхэм хувийн хэвшил болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид өө,
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дасан зохицох үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд та бүхний оролцоо шийдвэрлэх үүрэгтэй юм. Энэ зорилгод хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, судалгааны байгууллагууд, орон нутгийн засаг захиргаа болон олон улсын байгууллагуудын нягт уялдаа, хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай байна.
Эдгээр зорилт, арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх нь зөвхөн Монгол Улсын тогтвортой хөгжлийн болон урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтуудыг биелүүлэхэд хувь нэмэр оруулаад зогсохгүй, эдийн засгийн тэргүүлэх салбаруудын техник, технологийн шинэчлэлийг түргэтгэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, мөн олон улсын хөрөнгө оруулалт, дэмжлэгийг татах шинэ боломжуудыг нээх юм.
Иймд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд идэвхи санаачлагатай, тууштай ажиллах болно гэдгийг онцлон тэмдэглэж хэлмээр байна.
Эцэст нь өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Та бүхэнд дахин баярласнаа илэрхийлж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.
Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.
Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.
Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.
Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.
АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.
Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.
-
Дэлхий нийтээр..2020/09/21
Дархан, Сэлэнгийг газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг болгоно
-
Дэлхий нийтээр..2021/09/16
Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох түр замыг дахин нээнэ
-
Дэлхий нийтээр..2023/12/20
Шадар сайдын мэдээллийг сонсов
-
Тод зураг2020/02/27
Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
