Тод мэдээ
Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болоод дулаан хангамжийн төслүүдийн талаар мэдээлэл өглөө.
Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын түгжрэлийн нөхцөл байдал одоо байгаагаасаа илүү муудахгүй. Иргэдэд олгох 0.07 га газрыг хотын төвийн зургаан дүүрэгт олгохгүй. Шинээр хашаа тэлж, гудамж сунгаж барихыг хориглосон. Түгжрэл бууртал Улаанбаатар хотод шинээр автомашины дугаар олгохоо больсон. Хуучин машины дугааруудыг шилжүүлж, худалдан авч байна. Туулын хурдны замын зорчих хөдөлгөөнийг 2027 оны наадмаас өмнө нээхээр шахуу төлөвлөгөөтэй байна. Ингэснээр Улаанбаатар хотын түгжрэл 15-20 орчим хувиар буурна. Мөн Тойрог хурдны замын төлөвлөлтийг хийж, тус замыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг гуравдугаар сарын нэгэнд зарлана. Трамбай төслийн тухайд нэгдүгээр сардаа багтан мөнгөө босгохоор болж байна.
Дотоод бондын эргэн төлөлт ирэх оны нэгдүгээр хагаст дуусаж байна. Бид 800 тэрбум төгрөгийн дотоод бонд гаргасан. Бөөрөлжүүтийн станцын төлбөр графикийн дагуу төлөгдсөөр 2027 оны зургаадугаар сарын нэгэнд төлөгдөөд дуусна. Бид санхүүгийн ийм арга хэрэгслүүдийг ашиглаж арга хэмжээ авсны хүчинд энэ өвөл Улаанбаатар хотод тог тасралгүй өвөлжиж байна. Эрчим хүчний салбарт хотоос гаргасан хөрөнгө оруулалтын үр дүнд Бөөрөлжүүтийн 300 МВт-ын эрчим хүчний станц бүрэн ашиглалтад орсон. Дотоод бондын мөнгөөр Багануурт 50 МВт-ын станц барьсан. Үүнийг бид маш богино хугацаанд барьсан.
Монгол Улс анх удаа ДЦС 5 төслийг хэрэгжүүлэх гэж байна. 2027 онд энэ станц ашиглалтад орно. Ингэснээр Улаанбаатар хотын баруун хэсэг орон сууцжих дулааны боломж нөхцөл бүрдэхээс гадна цахилгаан хангамжийн найдвартай том эх үүсвэртэй болно” гэлээ.
Тод мэдээ
ЦЕГ: Зодоон гарсан гэх цэргийн ангид хойшлуулшгүй шалгалтын ажиллагаа явуулж байна
Цахим орчинд хугацаат цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдаж байгаа талаарх дүрс бичлэг энэ оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 22 цаг 40 минутад нийтлэгдсэн. Дээрх дүрс бичлэгтэй холбогдуулан Дотоодын цэргийн штабын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс шалгалтын ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулж эхлээд байна.
Мөн дээрх асуудалд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна.
Хойшлуулшгүй ажиллагаа, шалгалтын үр дүнгийн талаар эргэн мэдээлэх болно.
Тод мэдээ
Ерөнхий сайдын дэргэд Түлш, шатахууны аюулгүй байдлын бодлогын зөвлөл байгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болж, Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг богино хугацаанд сэргээж, хангамжийн эх үүсвэрийг ойрын хугацаанд төрөлжүүлэх, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, чанарын хяналтын тогтолцоог сайжруулах, дотоод нөөц, боломжийг ашиглах чиглэлээр бодлогын зөвлөмж гаргаж, шуурхай ажиллах зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд байгуулах тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтод даалгалаа.
Зөвлөл нь үүсээд буй нөхцөл байдлын эсрэг хариу арга хэмжээ шуурхай авах, нөөц, чанар, үнэ бүрдэлтэд хяналт тавих, зорилтот стратегийн хэрэгжилтийг ханган ажиллах, яамд хоорондын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн зохион байгуулалтад ороход оновчтой шийдэл болно гэж үзжээ.
Тод мэдээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгалаа
2024 оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин дэлбэрсний улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр дэлбэрэлтэд өртөж шатсан.
Дэлбэрэлт барилгын хийцэд нөлөөлөл үзүүлсэн гэж шинжээчид дүгнэж, барилгыг буулгаж, дахин барих шийдвэрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гаргасан билээ.
Ингээд өнгөрсөн хугацаанд барилгыг буулгах тендерийг дөрвөн удаа зарласан боловч шаардлага хангах аж ахуйн нэгж санал ирүүлээгүй.
Тиймээс “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ 115 хоногийн турш ажиллаж, 13 давхар, бүрэн цутгамал барилгыг хугацаанд нь амжилттай буулгалаа. Иргэдийг хохиролгүй болгох үүднээс барилгыг буулгах хөрөнгийг эхлээд нийслэлийн төсвөөс гаргаж, шүүхийн шийдвэр гарч, гэм буруутай этгээдийг тогтоосны дараа гэм буруутай этгээдээр төлүүлэх юм.
НИТХ-аар нийслэлийн 2026 оны төсвийг батлахдаа 207 дугаар байрыг шинээр барих төсвийг баталсан.
Тус барилгыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлах бэлтгэл ажлыг хангаж байна.

-
Тод мэдээ2024/12/04
Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсл...
-
Өнөөдөр2021/06/04
Улаанбаатарт өнөөдөр дархлаажуулалтын 45 цэг ажиллана
-
Тод мэдээ2024/12/09
Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн зөрчлийг арилгуулж бай...
-
Тод мэдээ2021/08/09
ЭЕШ-ын шалгуулагчид шалгалтад дараах бичиг баримттай ирнэ
