Дэлхий нийтээр..
Хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийг чадавхижуулах төсөл хэрэгжиж эхэллээ
Европын холбооны санхүүжилтээр Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо НҮТББ, Дархан-Уул аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо НҮТББ, “Бизнес боломж хөгжлийн гүүр” төв НҮТББ хамтран хэрэгжүүлэх “Хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийг чадавхижуулах, эрүүл аюулгүй, эрх тэгш ажлын байрны орчныг бэхжүүлэх нь” төсөл Дархан-Уул аймагт эхэлж байна.

Энэхүү төсөл нь 2026- 2029 оны хооронд 3 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд манай аймагт хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эрүүл аюулгүй, эрх тэгш ажлын байрны орчныг сайжруулахад чиглэгдэж байгаа юм.
Төслийн хүрээнд өнөөдөр "Хөдөлмөр эрхлэлт ба эмэгтэйчүүд" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өрнөж байна. Уулзалт, хэлэлцүүлгээр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн сорилт, боломж, урам зоригийг түгээх, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, тулгамдаж буй асуудал, хууль эрх зүйн орчны талаар мэдлэг мэдээллээр хангах илтгэлүүд тавигдаж байна.
Дэлхий нийтээр..
Франц, Испанид ой хээрийн түймрийн улмаас 250 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ
Францын баруун өмнөд хэсэг болон Испанийн хэд хэдэн бүс нутагт ой хээрийн түймэр эрчимтэй тархаж, 250 мянга гаруй хүнийг аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлээд байна. Түймэр Францын нэрт дарсны бүс болох Бордо хотын орчимд хүрсэнтэй холбоотойгоор онцгой байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Францын Жиронд мужид гарсан түймэр 42 мянган га талбайг хамарч, Парис хотын нутаг дэвсгэрээс дөрөв дахин том газрыг шатаажээ. Хэт халалт, хуурайшилт, салхины чиглэл тогтмол өөрчлөгдөж байгаа нь галыг унтраах ажиллагааг хүндрүүлж байгаа бөгөөд Бордо хотын ойролцоох таван суурингийн оршин суугчдыг шинээр нүүлгэн шилжүүлсэн байна. Харин Бордо хотод одоогоор албан ёсны нүүлгэн шилжүүлэх шийдвэр гараагүй байгаа аж.
Түймэртэй тэмцэх ажиллагаанд 2,500 гаруй гал сөнөөгч, 18 нисэх онгоц болон цэргийн алба хаагчдыг дайчилжээ. Галын улмаас олон зуун орон сууц шатаж, 75 гал сөнөөгч бэртсэн байна. Мөн зарим түймэр өөрийн үүсгэсэн хүчтэй агаарын урсгал, аянгатай үүлний нөлөөгөөр шинэ голомт үүсгэж байгаа нь унтраах ажиллагааг улам хүндрүүлж байгааг албаныхан мэдээлжээ.
Испанид ч түймэр үргэлжилж, Мадрид, Валенсиа орчимд гарсан түймрийн улмаас 76 мянга гаруй хүнийг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн нэг хүн амиа алдсан талаар эрх баригчид мэдээлжээ.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Европ даяар үргэлжилж буй халуун агаарын давлагаа, хуурайшилт нь энэ жилийн ой хээрийн түймрийн эрсдэлийг эрс нэмэгдүүлж байна. Ирэх өдрүүдэд ч өндөр температур үргэлжлэх төлөвтэй байгаа тул Франц, Испанийн эрх баригчид иргэдийг сонор сэрэмжтэй байхыг уриаллаа.
Дэлхий нийтээр..
Сиэтл хотод болсон буудалцааны улмаас хоёр хүн амиа алдаж, таван хүн шархаджээ
АНУ-ын Вашингтон мужийн Сиэтл хотын Сиэтл цогцолборт болсон буудалцааны улмаас хоёр хүн амиа алдаж, таван хүн шархадсан талаар хотын Гал түймэртэй тэмцэх газар мэдээллээ.
Шархадсан хүмүүсийн дунд хоёр настай хүүхэд байгаа бөгөөд нэг хүний биеийн байдал хүнд байгаа аж.
Хэрэг орон нутгийн цагаар оройн 18:00 цагийн орчимд болсон байна. Цагдаа, түргэн тусламжийн алба шуурхай ажиллаж, хэргийн газрыг бүслэн хамгаалж, иргэдийг тухайн бүсээс хол байхыг анхааруулжээ. Буудалцааны дараа наадамд оролцож байсан хүмүүс сандран зугтаж, талбайг яаралтай орхисон байна.
Буудалцаан болох үед Сиэтл цогцолборт 1982 оноос хойш жил бүр зохион байгуулдаг "Сиэтлийн амтат зоог" хүнсний фестиваль үргэлжилж байжээ. Уг арга хэмжээ жил бүр 350 мянга орчим зочин хүлээн авдгаараа алдартай.
Одоогоор хэргийн сэдэл болон сэжигтний талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна. Сиэтлийн цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд нэмэлт мэдээллийг дараа нь танилцуулахаар болжээ.
Дэлхий нийтээр..
АНУ, Иран харилцан цэргийн ажиллагаагаа түр зогсоосны дараа газрын тосны үнэ 7 орчим хувиар буурлаа
АНУ, Иран харилцан цэргийн ажиллагаагаа түр зогсоосны дараа олон улсын зах зээлд газрын тосны үнэ огцом буурлаа. Зах зээл Ойрх Дорнод дахь нөхцөл байдал намжиж, газрын тосны нийлүүлэлт тасалдах эрсдэл буурна гэж үнэлсэн нь үүнд голлон нөлөөлжээ.
Америкийн зүүн эргийн цагаар долоодугаар сарын 26-ны өдрийн 18:43 цагийн байдлаар Нью-Йоркийн барааны биржид есдүгээр сард нийлүүлэх АНУ-ын хөнгөн түүхий газрын тосны фьючерсийн үнэ баррель нь 83.10 ам.доллар болж, өмнөх арилжаанаас 6.21 ам.доллар буюу 6.95 хувиар буурсан байна.
Мөн Лондонгийн ICE биржид есдүгээр сард нийлүүлэх Брент төрлийн түүхий газрын тосны фьючерсийн үнэ баррель нь 89.58 ам.доллар болж, 7.20 ам.доллар буюу 7.44 хувиар унажээ.
Газрын тосны нийлүүлэлтэд учирч болзошгүй эрсдэл буурсан гэсэн хүлээлтийн нөлөөгөөр АНУ-ын хөрөнгийн индексийн фьючерсүүд өссөн байна.
Axios агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп долоодугаар сарын 24-нд Ираны эсрэг цэргийн цохилтыг түр зогсоох шийдвэр гаргажээ. Үүний дараа Reuters агентлаг Ираны эх сурвалжаас эш татан мэдээлэхдээ, АНУ цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхгүй бол Иран мөн хариу ажиллагаагаа зогсооход бэлэн байгаа ч Вашингтоны байр сууринд бүрэн итгэлгүй хэвээр байгааг онцолсон байна.
АНУ энэ сарын эхээр Ираныг Ормузын хоолойгоор дамжин өнгөрч буй худалдааны хөлөг онгоцнуудад халдсан гэж буруутган цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн юм. Үүний улмаас дэлхийн газрын тосны нийлүүлэлт тасалдаж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдэж, сүүлийн долоо хоногуудад газрын тосны үнэ өсөөд байсан билээ.
