Хэн юу хэлэв...
Түгжрэлийг бууруулах бодлого эсрэг үр дүн авчрах уу
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод түгжрэлийг бууруулах зорилгоор явган зорчигчийн замыг өргөтгөх, автозамын эгнээг багасгах, дугуй болон цахилгаан скүүтэрийн хэрэглээг дэмжих бодлого эрчимжсэн. Гэвч бодит нөхцөлд эдгээр шийдвэрүүд уялдаа муутай хэрэгжсэн нь эсрэг үр дүн авчрах эрсдэл үүсгэж байгаа талаар мэргэжилтнүүд анхааруулж байна.
Явган зам өргөссөн ч бодит хэрэглээ бага
Сүүлийн жилүүдэд нийслэлийн төв болон зарим гол гудамжинд явган зорчигчийн замыг өргөтгөж, чулуугаар шинэчилсэн. Гэвч бодит байдал дээр өргөн явган зам дээр цөөн хүн зорчиж байгаа дүр зураг олон газар ажиглагдаж байна.
Улаанбаатар хотын явган зорчигчийн урсгал:
- Төв талбай орчим
- Их дэлгүүр орчим
- Сургуулийн бүс
- Худалдааны төвүүд зэрэг цөөн бүсэд төвлөрдөг. Харин хотын ихэнх гудамжинд явган зорчигчийн урсгал харьцангуй бага хэвээр байна.
Гэвч ижил загвараар өргөн явган зам байгуулсан нь:
- Авто зогсоол багасах
- Замын өргөн хумигдах
- Хөдөлгөөний багтаамж буурах нөхцөл үүсгэсэн талаар иргэд шүүмжилж байна.
Өдөрт 500–600 мянган автомашин хөдөлгөөнд оролцож байна
Албан мэдээллээр Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины тоо 700 мянгад дөхсөн бөгөөд өдөр тутам 500–600 мянга орчим автомашин хөдөлгөөнд оролцож байна.
Жил бүр:
- 50–70 мянган автомашин шинээр нэмэгддэг
- Замын өргөтгөл хангалтгүй
- Хотын төвд төвлөрөл нэмэгдсэн гэдэг нөхцөл хэвээр байна.
Ийм үед автозамын өргөнийг багасгах нь замын багтаамжийг улам бууруулах эрсдэлтэй гэж үзэж байна.
Нийтийн тээврийн бодлого хангалттай үр дүн өгсөн үү
Улаанбаатар хотод өдөрт:
- 1000 гаруй автобус
- 100 орчим чиглэл
- 800 мянга орчим зорчигч үйлчилгээ авч байна.
Гэвч:
- Оргил цагт автобус хүрэлцдэггүй
- Интервал урт
- Зарим чиглэл хангалтгүй
- Ачаалал өндөр зэрэг асуудал хэвээр байна.
Нийтийн тээврийг дэмжих бодлого хэрэгжиж байгаа ч автомашины хэрэглээ буураагүй нь энэ бодлого дангаараа түгжрэлийг бууруулахад хангалтгүй байгааг харуулж байна.
Скүүтэр, дугуй, мотоциклын тоо нэмэгдэв
Урин дулаан цаг ирэхэд:
- Скүүтэр нэмэгддэг
- Унадаг дугуй нэмэгддэг
- Мотоцикл нэмэгддэг

Одоогийн байдлаар:
- 10 мянга орчим скүүтэр
- Мянга гаруй мотоцикл
- Олон мянган унадаг дугуй замын хөдөлгөөнд оролцож байна.
Ингэснээр нэг зам дээр:
- Автомашин
- Автобус
- Скүүтэр
- Дугуй
- Мотоцикл
- Явган зорчигч зэрэг олон төрлийн хөдөлгөөн давхар оролцож байна.
Барилгын хашаалалт хөдөлгөөнийг хүндрүүлж байна
Сүүлийн жилүүдэд:
- Барилгын хашаалалт нэмэгдсэн
- Түр хаалт ихэссэн
- Замын хэсэг нарийссан
гэдэг нөхцөл үүссэн.
Ялангуяа хотын төвд барилгын хашаалалт замын багтаамжийг улам багасгаж байна.
Автомашин Монголчуудын хувьд зайлшгүй хэрэглээ болсон
Монголчуудын хувьд автомашин бол тансаг хэрэглээ биш, амьдралын зайлшгүй хэрэгцээ болсон.
Үүнд:
- Урт өвөл
- Хүйтэн уур амьсгал
- Нийтийн тээврийн хүртээмж
- Хотын тархмал бүтэц зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна.
Түгжрэлийг бууруулах бодлого эсрэг үр дүн авчрах уу
Одоогийн нөхцөлд:
- Автомашины тоо өссөн
- Автозам багассан
- Явган зам өргөссөн
- Скүүтэр нэмэгдсэн
- Зогсоол багассан
- Хашаалалт нэмэгдсэн гэдэг нөхцөл зэрэг үүсээд байна.
Түгжрэлийг бууруулах зорилготой бодлого хэрэгжиж байгаа ч бодит байдал дээр эсрэг үр дүн гарч болзошгүй талаар иргэд, мэргэжилтнүүд анхааруулж байна.
Хот төлөвлөлтийн шийдвэрүүд бодит судалгаа, уялдаа дээр тулгуурлахгүй бол түгжрэлийг бууруулах бодлого өөрөө шинэ түгжрэл үүсгэх эрсдэлтэй гэдэг нь Улаанбаатар хотын өнөөгийн нөхцөлд улам тодорхой болж байна.
Дэлхийн хотууд эсрэгээр хязгаарлаж эхэлжээ
Дэлхийн зарим хотууд цахилгаан скүүтэрийг эхэндээ чөлөөтэй нэвтрүүлсэн ч осол нэмэгдсэний дараа хязгаарлах бодлого хэрэгжүүлж эхэлсэн.
- Парис хот скүүтэрийн түрээсийн үйлчилгээг хориглосон
- Европын олон хот явган бүсэд хурд хязгаарласан
- Зарим хот төвийн бүсэд ашиглахыг хориглосон
Энэ нь скүүтэрийн хэрэглээг дэмжихийн зэрэгцээ аюулгүй байдлыг хамгаалах бодлого юм.
Хэн юу хэлэв...
У.Хүрэлсүх: Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, нэр төрөө сэргээлгэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.
Тэрбээр Монгол Улсын төрийн тэргүүний хувьд сүүлийн үед болоод байгаа улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор өөрийнхөө байр суурийг илэрхийлж байна. Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндийг гутаан доромжилсон үйлдэл хийж байна. Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлч, Үндэсний аюулгүй байдлын тэргүүн, Зэвсэг хүчний ерөнхий камондлагч хэмээх эрхэм хүндтэй албыг хашдаг. Иймд Ерөнхийлөгчийн нэр хүнд рүү халдана гэдэг нь ард түмний нэр хүндэд халдаж байна гэсэн үг. Ерөнхийлөгчийн нэр хүнд бол гадаад нэр хүндтэй мөн шууд холбоотой.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүнд ноцтой гэмт хэрэгт холбож байна, ингэж болдог юм уу. Би хэсэг харлаа, ажиглаж явлаа. Хариуцлагатай албан тушаал. Монгол Улсад хүн засагладаггүй, хууль засагладаггүй. Хууль доор хүн бүр тэгш эрхтэй байна.
Ардчилсан Нам үүрэгт ажлаа өгөөч, үнэн худлаа тогтоох нь зүйтэй гэсэн байна. Үүнтэй санал нийлж байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө.
Гадаад харилцаа бэхжиж, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өдөр ирэх тусам өсөж байна. Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллах хугацаанд ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр хүчин зүтгэсэн. Янз бүрийн бодлогын алдаа гаргаагүй. Олон улсын түвшин хамтын ажиллагаа сайжруулсан.
Дэлхий түвшинд Монгол Улсын хүлээн зөвшөөрдөг болсон. Дэлхийн олон төрийн тэргүүнүүд Монгол Улсад төрийн айлчлал хийж, манай улсын нэр хүнд хэрхэн өсөж, бэхжиж тэлснийг сүүлийн таван жилийн хугацаанд олж харсан байх. Би 17 настай байхдаа цэрэг болж эх орондоо тангараг өргөж байсан. Би офицер хүн. Худлаа ярьж хулгай хийж, хуурч мэхэлж явсангүй. Энэ миний үндсэн зан. Үүнийг ч ард түмэн мэднэ.
Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч үнэний төлөө, шударга ёс тогтоохын төлөө өөрийнхөө үүрэгт ажлыг хүлээлгэж өгнө. Энэ ажилласан хугацаандаа ард түмэн болон төр засгаас хулгай хийж байгаагүй. Харин хулгайд алдсан үйлдвэр орд газрыг эх орондоо авч ирсэн. Тухайбал, Эрдэнэт үйлдвэр, Салхитын мөнгөний орд, Тос тосон бумбын орон, Тарвагатай орд, Ноён уул бусад алдагдсан байсныг бүгдийг авч өнөөдрийн баялагийн сангийн үндэс суурийг тавьсан. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч өргөсөн тангарагтаа үнэнчээр эх орондоо төлөө зүтгэж ажилласан” гэв.
Хэн юу хэлэв...
Ерөнхий сайд Н.Учрал: Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсээр нь шинэчилж байна
Хүн амын өвөл, хаврын улирлын хэрэгцээнд шаардагдах гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангаж, хомсдол болон үнийн өсөлтөөс сэргийлэх зорилгоор 12,000 тонн төмс, хүнсний ногоо, 15-20 мянган тонн мах нөөцлөх шийдвэрийг Засгийн газар гаргасан.
Ерөнхий сайд Н.Учрал нөөц бүрдүүлэлтийн ажлын явцыг шалгаж, “Дельтафүүдс”, “Дөмөг хүнс” компанид /2026.11.14/ ажиллалаа.
Нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулсан нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсээр нь шинэчилж байгааг Ерөнхий сайд онцлоод ийн нөөцөлж байгаа нь өвөл, хаврын улиралд хомсдол үүсэх, үнийн огцом өсөлт бий болохоос урьдчилан сэргийлэхээс гадна малчид, тариаланчид, аж ахуйн нэгжүүдээ дэмжиж байгаа ажил юм гэлээ.

Өнөөдрийн байдлаар 80 гаруй аж ахуйн нэгж, ногоочдоос 11,130 тонн төмс, хүнсний ногоо төвлөрүүлэн нөөц бүрдүүлэлт 92.8 хувьтай байгаа бол 3,091 тонн мах нөөцлөөд байна.
2026 оны улсын төсвийн тодотголд 120 тэрбум төгрөг суулгаж, стратегийн болон гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг төрөөс худалдан авч нөөц бүрдүүлэхээр шийдвэрлэсэн.
Нөөцийн махыг арилжааны банкны хөнгөлөлттэй эх үүсвэр, аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгө болон бондын эх үүсвэр гэсэн гурван сувгаар санхүүжүүлэн бэлтгэж байна. Өнөөдрийн байдлаар арилжааны банкнаас 13 аж ахуйн нэгжид нийт 86.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй санхүүжилт батлагдаж мах бэлтгэх хяналтын гэрээ байгуулжээ.
Өнгөрсөн хавар нөөцийн махны нийлүүлэлт дутагдаж, зарим аж ахуйн нэгжүүд орон нутгаас бус захаас мах бөөндөн авч нөөцөлсөн, бэлтгэсэн мах нь зах зээлд бүрэн гараагүй зэрэг хариуцлагагүй алдаанууд гарсныг давтах ёсгүйг Ерөнхий сайд анхааруулаад холбогдох албан тушаалтнуудад дараах үүрэг даалгаврыг өглөө.

-
Нөөцийн мах бэлтгэх ажлыг тогтоосон хугацаанд бүрэн зохион байгуулж, бэлтгэн нийлүүлэлтийн явц, гүйцэтгэлд өдөр тутмын хяналт тавьж ажиллах,
-
Малчдаас, орон нутгаас мах бэлтгэн нийлүүлж байгаа эсэхэд гарал үүслийн цахим бүртгэл, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын холбогдох байгууллагын хяналтыг хэрэгжүүлэх,
-
Цахим төлбөрийн баримтын системд холбогдсон мах бэлтгэн нийлүүлэгчдийн худалдан авалт, татан авалт, агуулахад төвлөрүүлсэн махны хэмжээ, гарал үүсэл болон үлдэгдлийн мэдээллийгdashboard.gov.mnсистемд тухай бүр, үнэн зөв бүртгэж, бодит мэдээлэлд үндэслэн нөөцийн бүрдүүлэлтийн явцыг хянах,
-
Төмс, хүнсний ногооны нөөц бүрдүүлэлт 92.8 хувьд хүрсэн хэдий ч үлдэгдэл нөөцийг богино хугацаанд бүрдүүлж, төлөвлөсөн хэмжээ, нэр төрөл тус бүрээр гүйцэтгэлийг хангах,

-
Төсвийн тодотголоор шийдвэрлэсэн 120 тэрбум төгрөгийн санхүүжилтийн зарцуулалт, хөнгөлөлттэй зээл болон бусад санхүүгийн дэмжлэгийн хэрэгжилт, тариаланч, үйлдвэрлэгчдэд олгосон санхүүжилт, төлбөр тооцооны мэдээллийг ил тод, нээлттэй болгож, тайлагнах,
-
Нөөцийн мах, төмс, хүнсний ногоог хаврын улиралд зах зээлд нийлүүлэх нэгдсэн төлөвлөгөөг урьдчилан боловсруулж, бүтээгдэхүүнийг агуулахад удаан хугацаагаар хадгалах бус, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, үнийн нөхцөлтэй уялдуулан үе шаттайгаар борлуулах зохион байгуулалтыг хангах,
-
Нөөцийн мах, хүнсний ногоог иргэдэд зах зээлийн үнээс боломжийн, тогтвортой үнээр хүргэх борлуулалтын цэг, хуваарь, тээвэр, түгээлтийн сүлжээг урьдчилан тодорхойлж, нийслэлийн бүх дүүрэг, хүн амын төвлөрөл ихтэй байршилд хүртээмжтэй худалдаалах нөхцөлийг бүрдүүлэх,

-
Нөөцийн бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдааны үнэ, борлуулалтын хэмжээ, үлдэгдэл нөөцөд тогтмол хяналт тавьж, дамлан худалдах, зохиомлоор хомсдол үүсгэх, тогтоосон нөхцөлөөс зөрүүтэй үнээр борлуулахгүй байх,
-
Аймаг, сумдын Засаг дарга нар орон нутгийнхаа хүн амын өвөл, хаврын улирлын хэрэгцээг тооцож, нөөцийн мах, төмс, хүнсний ногоо болон бусад гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж, шаардлагатай бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангаж ажиллахыг тус тус даалгалаа.
Хэн юу хэлэв...
Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина
“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт /2026.11.11/ Өмнөговь аймагт болов. Уулзалтаар Ерөнхий сайд Засгийн газрын бодлого, эдийн засгийн нөхцөл байдал, 2026 оны улсын төсвийн тодотгол, 2027 оны улсын төсвийн төслийн хүрээнд аймгийн иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, асуултад хариулав.
2026 оны улсын төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөг хэмнэсэн. Хэмнэлтээрээ боловсрол, эрүүл мэндийн салбарынхны цалинг 50 хувь хүртэл нэмэгдүүлсэн. Хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн цалинг нэмсэн. Мөн ажлаа аваад шийдсэн анхны чухал ажил бол 2019 оноос хөндсөн тэтгэврийн шинэчлэл байсан. Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлж, эхний 100 хоногтоо батлуулсан. Монгол Улсад анх удаа гурван давхаргат тэтгэврийн тогтолцооны суурь бүрдсэн. Энэ сарын 1-нээс 413 мянган ахмад настан суурь тэтгэвэр авч эхэлсэн. Стратегийн хүнсний нөөцөө бүрдүүлж, үнэ тогтворжуулна. Дулаан, цахилгааны үнэ нэмэгдүүлэхгүй. Эрчим хүчний үнийн өсөлтийг өрхөд үүрүүлэхгүй байх бодлого, засвар шинэчлэлд 186.2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Халамжийг зорилтот бүлэгтээ хүргэх хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн халамжийн тэтгэвэр мөн энэ сарын 1-нээс 26 хувиар нэмэгдсэн.

Анх удаа өөрийн бодлого шингэсэн төсвөө УИХ-д өргөн мэдүүлсэн. 2027 оны улсын төсөв бол миний анхны төсөв. Энэ хүрээнд онцлох есөн шийдвэрээ зарласан. Нэгдүгээрт, Оюутолгойн өгөөжийг ард түмэндээ хүргэнэ. Оюутолгой төслөөс Монгол Улс анх удаа 17 жилийн дараа ногдол ашиг авахаар болсон. Хоёрдугаарт, иргэд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаагаа өөрөө мэдэж, хашаа байшин, орон сууц шигээ өвлүүлэх, бэлэглэх, арилжих, худалдаж авах эрхийг бодитоор нээх хүрээнд хоёрдогч зах зээлд арилжаалах боломж бүрдүүлнэ. 933 төгрөгийн үнэлгээ 3,000 төгрөг болно. Төсөв 90 хувь нь татвараас бүрддэг байсныг 2027 онд 10 хувиар бууруулж, иргэд, аж ахуйн нэгжээ 1.3 их наяд төгрөгийн татвараас чөлөөлж байна. Иргэдийн үл хөдлөх хөрөнгө борлуулсан орлогод хоёр хувийн татвар ногддог байсныг цуцаллаа. 792 мянган төгрөг хүртэлх цалингийн орлогыг татвараас чөлөөллөө. Бизнес эрхлэгчдийн өсөх замд саад болж буй НӨАТ-ын 50 саяын босгыг 400 сая болгосон. 2.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой нийт 180 мянган аж ахуйн нэгжийн татварын ачааллыг нэг хувь болгосон. Ирэх жил 1.8 их наяд төгрөгийг барилгын салбарт босгоно.

Засгийн газар 2027-2030 онд “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ. Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчилж байна. Ирэх жил дундаж тэтгэвэр 1.3 сая төгрөг болно. Халамж хавтгайруулахгүй. Цалинтай ээж, Хүүхдийн мөнгийг халамж гэж үзэхгүй. “Ногоон Чөлөөлөлт”-ийн хүрээнд уул уурхайн салбарт цахилгаан машиныг дэмжинэ. Намайг ажлаа авснаас хойш цахилгаан машины хэрэглээ гурав дахин өссөн. Нарны панель тавьж, илүүдэл эрчим хүчээ төвийн шугам руу нийлүүлж буй 227 өрх 252 сая төгрөгийн орлого олсон байна. 2027 онд ТӨК-ийн цэвэр ашгаас 3.5 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлж, татварын реформын хэрэгжилт, тэтгэврийн нэмэгдэл зэрэгт зориулна. Төрийн өмчит уул уурхайн 26 компанийг татан буулгаж, 69 тэрбум төгрөг хэмнэсэн. Цаашид ТӨК-иудын реформыг үргэлжлүүлнэ. Ирэх жил ТӨК-иудын захирлуудыг чөлөөлж, нээлттэй сонгон шалгаруулна. ТӨК-ийн хувьцааг үе шаттайгаар олон нийтэд санал болгоно. Нүүрс, зэс, төмрийн хүдэр, жонш гээд бүх баялгаа Монголын хөрөнгийн биржээр ил тод арилжаална. Баялгийн сангаас иргэн бүр тэгш өгөөж хүртэх боломжийг нээнэ.

Төсвөөс санхүүжүүлэх том төсөл байхгүй. Хөгжлийн томоохон төслүүдэд гадаадын шууд хөрөнгө оруулалт татаж, хэрэгжилтийг эрчимжүүлнэ. Гадаадын хөрөнгө оруулалтыг жилд зургаан тэрбум ам.долларт хүргэнэ. Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг өөрчилье. Баялгаа олборлох бус боловсруулж, нэмүү өртөг бий болгох хүрээнд Ган, Зэс боловсруулах цогцолбор, Нүүрс-пиролизын үйлдвэр, Хөнгөн цагааны аж үйлдвэрийн паркийн төслийг хөдөлгөж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын санхүүжилт саадгүй болж, ажил нь эрчимтэй үргэлжилж байна. Мөн Эгийн голын усан цахилгаан станцын гацаа арилж байна. 2030 он гэхэд эрчим хүчний бие даасан байдлыг бүрдүүлнэ. Дээрх төслүүдийн үр дүнд 41 мянган ажлын байр бий болно. Эдгээрт ажиллах боловсон хүчний суралцах зардлыг Боловсролын зээлийн сангаас шийдвэрлэнэ. Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно. Дотоодын түлш, шатахууны хэрэглээний 50 хувийг хангана. Үйлдвэрийн түүхий эдийн эрэл хайгуул 15 байршилд явагдаж байна. Авлигатай технологи, ил тод байдлаар тэмцэнэ. 2030 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ. Одоо 27 хувьтай байгаа ядуурлын түвшинг 15 хувь хүртэл бууруулна зэрэг бодлогоо танилцуулав.

Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орж Орон нутгийн хөгжлийн санд төвлөрөх АМНАТ-ын хувь хэмжээг 20 хувь болгон нэмэгдүүлсэн. Ирэх оны эхний улиралд Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам ашиглалтад орно. “Монголын төмөр зам” компанийг Өмнөговь аймаг руу нүүлгэнэ. “Эрдэнэс Тавантолгой” компанийг ч үе шаттай нүүлгэнэ. Улаанбаатар хотод Төлөөлөгчийн газар нь байрлая. Өнгөрсөн жил Өмнөговь аймагт түр нисэх боомт байгуулагдаад нислэг хэвийн явж байна. Үүнийгээ олон улсынх болгоё, Засгийн газар дэмжлэг үзүүлнэ. Говийг усжуулах "Хэрлэн Тооно" төслийн зураг төсвийн санхүүжилтийг Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа шийдэж байсан. Цаашдаа ч говийн усны асуудлыг нэг тэргүүнд тавина гэдгийг иргэдийн асуултад хариулах үеэрээ Ерөнхий сайд хэллээ.






-
Дэлхий нийтээр..2023/11/30
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар
-
Дэлхий нийтээр..2023/04/28
ГЕГ: Ази, Номхон Далайн Бүс Нутгийн 18 улсын гаалийн байгууллагууд хамтран ажилл...
-
Үйл явдал2020/07/03
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
-
Хэн юу хэлэв...2019/09/10
Имартынхан Нийслэлийн Онцгой Байдлын газарт хүчилтөрөгчийн төхөөрөмж, аврах дэвж...
