Үйл явдал
Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг боловсруулж, батлуулах гэж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний төлөөлөлтэй уулзлаа.
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, өргөсөн тангарагтаа үнэнч байж, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлж байгаа үе үеийн бие бүрэлдэхүүн болон тэдний найдвартай ар тал болсон гэр бүлд нь амжилт хүсэж, талархал илэрхийллээ.



Мөн өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалаас анх удаа зохион байгуулсан “Хуурай замын цэргийн бэлэн байдлын сорилт” тэмцээнд амжилттай оролцож, дэд байр эзэлсэн Хуурай замын цэргийн командлалын алба хаагчдад баяр хүргэлээ.
Цаашид нийт бие бүрэлдэхүүн улс орон, ард түмний язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг ямагт дээдэлж байхыг захиж, аливаа ажил хэрэгч санал, санаачилгыг урьдын адил дэмжихээ илэрхийллээ.
Тэрбээр төрийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч болсноос хойш хийсэн ажил, тэр дундаа Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний шинэчлэл, санаачилсан хуулийн төсөл, үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.


Ерөнхийлөгч мөн Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн ахмад ажилтан, бэлтгэл дэд хурандаа Лувсанцэрэнгийн Доржид Гавьяат нисгэгч, Зэвсэгт хүчний Жанжин штабын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Цэрэнжавын Ганбатад Гавьяат эдийн засагч, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн авто тээврийн салааны тээврийн тасгийн жолооч, ахлагч Дармаагийн Батдоржид Гавьяат тээвэрчин цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас өгсөн үүргийн дагуу “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг батлан хамгаалах болон гамшгаас хамгаалах тогтолцоонд тулгуурлан боловсруулж, батлуулах гэж байна.
Ингэснээр өөрийгөө батлан хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд Засгийн газар, яам, агентлаг, иргэний нийгмийн байгууллага, иргэд гээд бүх талын оролцоотой, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бүхий тогтолцоо бүрдэх юм.



Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний салбар Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж байна.
Тухайлбал, Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Төрийн цэргийн зарим командлалын газрыг шинээр байгуулсан. Мөн холбогдох хуулиудыг шинэчлэн батлуулж, аливаа аюул, заналтай тэмцэх үндэсний чадамжийг нэмэгдүүлэхэд бодит нөлөө үзүүлэх боломж бүрдүүлжээ.
Цаашид үндэсний язгуур ашигт тулгуурласан уян хатан, оновчтой батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэн, гадаад харилцаа, хамтын ажиллагаа болон дэлхий, бүс нутгийн орнуудтай цэргийн итгэлцлийг бэхжүүлж, улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг найдвартай хангах зорилгоо тууштай хэрэгжүүлэхээ Батлан хамгаалахын сайд Д.Батлут хэллээ.
Манай улс өнгөрсөн 24 жилийн хугацаанд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд 23,000 гаруй алба хаагчаа оролцуулж, “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” болж чадлаа.



Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх 2023 оныг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Залуу офицерын жил”, 2024 оныг “Ахлагчийн жил”, 2025 оныг “Ахлах офицерын жил” болгосон.
Энэ хүрээнд алба хаагчдын эрх зүйн байдлыг дээшлүүлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, гэр бүл, нийгмийн хамгааллыг дэмжих, мэдлэг, чадварыг дээшлүүлэх, албаны хандлага, итгэл үнэмшил, урам зориг, манлайллыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон ажил хийжээ.
Тэгвэл 2026 оныг “Залуу офицеруудын хөгжлийн жил” болгосны дагуу тэдний мэргэжил, боловсрол, гадаад хэлний мэдлэг, харилцааны чадварыг хөгжүүлэн, бүтээлч сэтгэлгээ, эерэг хандлага, хариуцлага, үнэт зүйл, ёс зүйгээрээ манлайлагч, хүүхэд, залуучуудын үлгэр дуурайл болгон төлөвшүүлэх юм.



Төр, засгаас батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний салбарт хийж буй шинэчлэл тасралтгүй үргэлжилж байна.
Тухайлбал 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс алслагдсан цэргийн ангийн хүүхэдтэй гэр бүл, алба хаагчид “Хүүхэдтэй гэр бүлд улирал бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр олгодог урамшуулал”-д хамрагдана. Мөн оноос эхлэн 5 жил тогтвор суурьшилтай ажилласан цэргийн алба хаагч мөнгөн урамшуулал авч байх юм.
Дэмжлэг нэн шаардлагатай бол орон сууц, хашаа байшин худалдаж авах урьдчилгаа төлбөрт зориулж нэг алба хаагчид 20 сая төгрөг олгоно.
Энэ хүрээнд 200 гаруй алба хаагч 4.1 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж авах бол 150 гаруй хүн дараалал харгалзахгүй ипотекийн зээлд хамрагдахаар байна.
Мөн жижиг, дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бичил бизнес эрхэлдэг гэр бүлд нь хөнгөлттэй зээл, тусламж үзүүлэхээр төлөвлөжээ.






Үйл явдал
Өвлийн улиралд замын хөдөлгөөнд онцгой анхаарал, болгоомжтой оролцохыг анхааруулж байна
- Зам тээврийн осол, гэмт хэргийн нөхцөл байдал
Цагдаагийн байгууллагад 2026 оны эхний 9 сарын байдлаар зам тээврийн ослын шинжтэй 97,504 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, 17,322 зам тээврийн осол бүртгэгдсэн байна.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25,208, жолоодох эрхгүй болон эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 18,971 зөрчил тус тус бүртгэгджээ.
Эдгээр тоон үзүүлэлт нь замын хөдөлгөөнд оролцогчдын хариуцлага, сахилга бат, дүрэм мөрдөлтийг сайжруулах шаардлага байгааг харуулж байна. Жолоочийн анхаарал болгоомжгүй байдал, хурд хэтрүүлэх, согтуугаар жолоо барих, гар утас хэрэглэх зэрэг буруу үйлдэл нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд эрсдэлд оруулж байдаг.
- Осол гарах эрсдэл нэмэгдэх тул болгоомжтой байхыг анхааруулж байна
Намар, өвлийн улиралд цас, мөс, халтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдах, замын гадаргуу хөлдөх зэрэг нөхцөлөөс шалтгаалан тээврийн хэрэгслийн тоормослох зай уртасч, жолоочийн замын нөхцөл байдлыг үнэлэх, ослоос зайлсхийх боломж багасдаг.
Иймд жолооч нар цаг агаар, замын нөхцөлд тохируулан хурдаа сонгож, урд яваа тээврийн хэрэгслээс аюулгүй зай барих, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, замын хөдөлгөөний дүрмийг чанд сахин биелүүлэх шаардлагатай.
- Орон нутгийн замд юуг анхаарах вэ
?
Хот хоорондын болон орон нутгийн замд зорчихдоо замын нөхцөл, цаг агаар, үзэгдэх орчин, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар тооцох хэрэгтэй.
- Хурд хэтрүүлэхгүй байх: Замын гадаргуу цас, мөстэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед зөвшөөрөгдсөн дээд хурд нь заавал аюулгүй хурд гэсэн үг биш. Нөхцөлд тохируулан хурдаа бууруулна.
- Гүйцэж түрүүлэхдээ болгоомжлох: Эсрэг урсгалын хөдөлгөөн, замын өгсүүр, уруу, огцом эргэлт, цасанд дарагдсан хэсэгт үзэгдэх орчин хангалтгүй бол гүйцэж түрүүлэхгүй.
- Ядарсан, нойрмог үедээ жолоо барихгүй байх: Хол замд гарахын өмнө хангалттай амарч, тогтмол завсарлага авна.
- Тээврийн хэрэгслээ бэлтгэх: Өвлийн дугуй, тоормос, гэрэл, шил арчигч, халаалт болон шил цан арилгах системийн ажиллагааг шалгана. Шаардлагатай тохиолдолд ослын гурвалжин, анхны тусламжийн хэрэгсэл болон өвлийн нөхцөлд хэрэглэх бэлтгэлтэй байна.
- Холбоо, шатахууны нөөцөө тооцох: Урт замд гарахын өмнө маршрут, цаг агаарын мэдээ, замын нөхцөлөө шалгаа
Орон нутгийн замд осол гарвал зөвхөн тухайн тээврийн хэрэгсэлд бус, эсрэг урсгалын хөдөлгөөнд оролцогчдод ч аюул учруулах эрсдэлтэй. Иймд аюулгүй зай барьж, замын нөхцөлд тохируулан хөдөлгөөнд оролцох нь чухал.
- Нийслэлд зам тээврийн осол гарвал түгжрэл хэрхэн үүсдэг вэ?
Улаанбаатар хотын хөдөлгөөн ихтэй замд зам тээврийн осол гарахад зөвхөн осолд оролцсон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатах бус, тухайн замын нэвтрүүлэх чадвар буурч, ойр орчмын уулзвар, гудамж, замд дараалсан түгжрэл үүсэх нөхцөл бүрддэг.
Тухайлбал, ослын улмаас нэг буюу хэд хэдэн эгнээ хаагдвал бусад тээврийн хэрэгсэл хөдөлгөөнөө удаашруулах, эгнээ солих, саадыг тойрон гарах шаардлагатай болдог. Үүний улмаас арын урсгалд тээврийн хэрэгслийн дараалал үүсэж, уулзварын нэвтрүүлэх чадвар буурч, түгжрэл ойр орчмын зам руу дамжин тархах боломжтой.
Мөн ослын дараах тусламж үйлчилгээ, нөхцөл байдлыг шалгах, шаардлагатай ажиллагаа явуулах, тээврийн хэрэгслийг замаас чөлөөлөхөд хугацаа шаардагдана. Өвлийн улиралд халтиргаа гулгаа, үзэгдэх орчны хязгаарлалт нь ослын эрсдэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хөдөлгөөнийг хэвийн болгоход хүндрэл учруулж болзошгүй.
Жолооч та ослын газрыг сонирхон удаашрах, гар утсаар зураг, бичлэг хийх, шаардлагагүйгээр эгнээ солих зэргээр хөдөлгөөнд саад учруулахгүй байхыг анхаарна уу. Замын хөдөлгөөнд анхааралтай оролцож, зохицуулагч болон цагдаагийн алба хаагчийн зааврыг дагаж мөрдөх нь түгжрэлийг нэмэгдүүлэхгүй байхад чухал нөлөөтэй.
- Жолоочийн буруу үйлдэл — ослын эрсдэлийг нэмэгдүүлдэг
Замын хөдөлгөөнд оролцохдоо дараах үйлдлүүдийг гаргахгүй байхыг анхааруулж байна.
Гар утас оролдох: Жолоо барих үедээ мессеж бичих, дуудлага хийх, дэлгэц харах нь жолоочийн анхаарлыг замаас сарниулж, аюулыг анзаарах болон хариу үйлдэл үзүүлэх хугацааг нэмэгдүүлдэг. Яаралтай дуудлага хийх шаардлагатай бол тээврийн хэрэгслээ аюулгүй газар зогсооно.
Хурд хэтрүүлэх: Хэдхэн минут хэмнэхийн тулд хурдаа нэмэгдүүлэх нь осол гарсан тохиолдолд зогсох, мөргөлдөөнөөс зайлсхийх боломжийг бууруулдаг. Хурд нь замын нөхцөлд тохирсон байх ёстой.
Согтуугаар болон жолоодох эрхгүй үедээ жолоо барих: Энэ нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг үл хайхарсан, ноцтой эрсдэлтэй үйлдэл юм. Согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолоо барихгүй, жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх шаардлагатай.
Гэнэт эгнээ солих, шахаж орох: Бусад жолоочид хариу үйлдэл үзүүлэх хугацаа үлдээхгүйгээр эгнээ солих, чиг заагч хэрэглэхгүй байх нь мөргөлдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Явган зорчигчид зам тавьж өгөхгүй байх: Явган хүний гарц, сургууль, цэцэрлэг, автобусны буудлын орчимд хурдаа бууруулж, орчны нөхцөлийг сайтар ажиглан, дүрмийн дагуу зам тавьж өгнө.
Ослын газрыг орхих, ослыг сонирхон хөдөлгөөн саатуулах: Ослын дараа үүргээ биелүүлэхгүй орхих нь хариуцлагын асуудал үүсгэхээс гадна бусдын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй. Харин ослыг сонирхон удаашрах, зураг авахын тулд хөдөлгөөнд саад учруулах нь түгжрэлийг улам нэмэгдүүлдэг.
- Цаашид жолооч юунд анхаарах вэ?
Жолооч бүр замд гарахын өмнө болон хөдөлгөөнд оролцох үедээ дараах зарчмыг хэвшүүлэх шаардлагатай.
- Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах. Дугуй, тоормос, гэрэл, шил арчигч, халаалт болон цан арилгах системийг нягтална.
- Хурд, хоорондын зайг тохируулах. Цас, мөстэй замд огцом үйлдэл хийхгүй, урд яваа тээврийн хэрэгслээс хангалттай зай барина.
- Анхаарлаа бүрэн төвлөрүүлэх. Гар утас болон жолоодлогод саад болох бусад зүйлд анхаарал сарниулахгүй.
- Хамгаалах бүсээ зүүх. Өөрөө болон бүх зорчигч хамгаалах бүс хэрэглэж, хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэнэ.
- Ядарсан, нойрмог, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх.
- Бусад хөдөлгөөнд оролцогчдоо хүндэтгэх. Явган зорчигч, хүүхэд, ахмад настан болон бусад жолоочийн аюулгүй байдлыг харгалзан хөдөлгөөнд оролцоно.
- Осол, саатал үүссэн үед тайван, зөв үйлдэл хийх. Шаардлагатай тусламж дуудаж, бусдын аюулгүй байдлыг ханган, цагдаагийн алба хаагчийн зааврыг дагана.
Замын хөдөлгөөний аюулгүй байдал нь зөвхөн цагдаагийн байгууллагын хяналтаар бус, хөдөлгөөнд оролцогч бүрийн ухамсар, сахилга бат, хариуцлагаар хангагдана.
Үйл явдал
Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 38.7 га талбайд хууль бус хогийн цэг үүссэн. Нийслэлийн Засаг даргын албан даалгаврын хүрээнд үүсмэл хогийг цэвэрлэх, шилжүүлэхийг үүрэг болгосон. Тус бүсэд нийт 18 иргэн, аж ахуйн нэгж газар эзэмшдэг. Өнөөдрийн байдлаар 11 аж ахуйн нэгжийн 14.5 га талбайн хог хаягдлыг цэвэрлээд байна. Үлдсэн долоон аж ахуйн нэгжийн эзэмшлийн 9.9 га талбай болон нийтийн эдэлбэр газрын 14.3 га талбайг үе шаттай цэвэрлэнэ. Газрыг зориулалтын дагуу ашиглаагүй ААН-үүдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна. Иймд газар эзэмшигч аж ахуйн нэгжүүдийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, эзэмшил газрынхаа хог хаягдлыг цэвэрлэхийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдэгдлээ.

УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Ж.Батсайхан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2026 оны 02 албан даалгаврын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Туул голын ай сав газарт үүссэн барилгын болон бусад хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Түүнчлэн тухайн бүсэд газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд орчныхоо 50 метр болон өөрсдийн эзэмшил талбайн хог хаягдлыг цэвэрлэх үүрэг өгсөн. Тус бүсэд олон жилийн өмнөөс хуримтлагдсан 38.7 га талбайн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх, экологи, эдийн засгийн үнэлгээ хийх, ариутгалын ажлуудыг УБЗАА, Нийслэлийн Байгаль орчны газар болон дүүргийн холбогдох байгууллагуудтай хамтран үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ” гэлээ.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газрын удирдлага, зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Гончигдорж "Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшиж буй 18 иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмших гэрээний үүргээ биелүүлэх, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх шаардлага тавьж, хур хог хаягдлыг цэвэрлэж байна. Аравдугаар сараас хэрэгжүүлсэн ажлын хүрээнд 11 иргэн, аж ахуйн нэгж гэрээний үүргээ биелүүлж, эзэмшил талбайн хогоо цэвэрлэсэн. Харин гэрээний үүргээ биелүүлээгүй, хог хаягдал үүсгэсэн долоон аж ахуйн нэгж байна” гэв.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Хуулийн хэлтсийн дарга Б.Батмөнх “Газрын тухай хуулийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, газраа зориулалтын дагуу ашиглаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүй “Арвин-Үжин” ХХК, “Нордик прекаст технологи” ХХК, “Ньюбродерс юнион” ХХК, “Баннер” ХХК, Голомт банк, “Их-Авхаа” ХХК, “Баярс констракшн” ХХК гэсэн долоон аж ахуйн нэгжид сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж байна. Хур хог хаягдлаа цэвэрлээгүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна” гэлээ.




Үйл явдал
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д /2026.11.12/ ажиллав.
Тус компани нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг 2022 онд эхлүүлж, 2025 онд бүрэн ашиглалтад оруулсан. Тус үйлдвэр 2026 оны эхний 10 сарын байдлаар 4.4 сая тонн нүүрс баяжуулж, 76 хувийн гарцтай 3.3 сая тн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны эхний есөн сард 32.1 сая тн нүүрс олборлож, 29 сая тонныг экспортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс борлуулалтын хэмжээ 50 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар цэвэр ашиг нь 1.5 их наяд төгрөг, борлуулалтын орлого хоёр тэрбум ам.долларт хүрсэн байна. Жилийн цэвэр ашгийн төлөвлөгөөгөө энэ оны эхний есөн сард 50 хувь давуулан биелүүлжээ. Мөн улс, орон нутгийн төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлжээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж “Манай хамт олон Засгийн газрын бодлогыг бүрэн биелүүлж, нээлттэй хувьцаат компани болох ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Олон улсын санхүүгийн "BDO" аудитын тайлан эцэслэгдэж, өөрчлөлтгүй дүгнэлт гарсан. Одоо хөрөнгийн үнэлгээ, андеррайтерийн сонгон шалгаруулалт хийгдэж байна. 2027 оны эхний хагаст Хөрөнгийн биржид бүртгүүлж, төр, хувьцаа эзэмшигчдэд хүртээх өгөөжийг өсгөнө” гэв.
Ерөнхий сайд уурхайчидтай уулзах үеэрээ улсын төсөв болон Үндэсний баялгийн санд ногдол ашиг, хуримтлал, орлого бүрдүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж, ачааны хүндийг үүрч байгаа уурхайчид Та бүхэндээ суурь тэтгэвэр авч эхэлсэн ахмад настнууд, цалин нь 50 хувиар нэмэгдсэн төрийн үйлчилгээний албан хаагчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Иргэддээ дарамт үүсгэх биш, төсөвтөө ачаалал авч хүнд цагийг давахад уурхайчид хамгийн том хувь нэмэр орууллаа гэдгийг онцлов.

“Эрдэнэс Тавантолгой” ХК Олон улсын хөндлөнгийн санхүүгийн аудитаар зөрчилгүй гарч, өнөөдөр тайлангаа гардан авлаа. Цаашид Хөрөнгийн үнэлгээний аудит хийгдэнэ. Одоо өсөлтөө өгөөж болгох үнэ цэнтэй, онцгой даалгавар биелүүлэх сорилтын өмнө байна. Хуримтлалын сангийн орлогыг нэмэгдүүлж, иргэд эрүүл мэнд, боловсрол, орон сууцандаа зарцуулах боломжийг нээнэ. Иргэд 1072 хувьцаагаа хашаа байшин, орон сууц шигээ өвлүүлэх, бэлэглэх, арилжих, худалдаж авах эрхийг бодитоор нээх том ажил Та бидний өмнө байна. Нэгж үнэ нь 936 төгрөгийн үнэлгээтэй хувьцааг 3000 төгрөгт хүргэнэ. Нүүрс баяжуулах үйлдвэр бол түүхий эдээ боловсруулж, үнэ цэн, өгөөжийг нэмэгдүүлэх бодит алхмын эхлэл гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэв.

Ирэх оны нэгдүгээр сараас Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль хэрэгжинэ. “Эрдэнэс Тавантолгой” компани шаардлагатай ажлын байраа нээлттэй зарлаж, тухайн мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг урьж ажиллуулна. Шилдэг мэргэжилтнүүдээ бодлогоор дэмжье. Уул уурхайн салбарт ажиллах нь монгол залуусын бахархал байх учиртай гэлээ.






-
Дэлхий нийтээр..2022/03/16
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Мянганы сорилтын корпорацын Компакт гэрээний үйл ажил...
-
Дэлхий нийтээр..2023/01/16
Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, са...
-
Дэлхий нийтээр..2025/12/05
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
-
Дэлхий нийтээр..2023/02/01
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Элчин сайд бараалхлаа
