Үйл явдал
Нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр болж, Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжлээ. Ингэснээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган, хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон байна.
Үндэсний статистикийн хорооны судалгаагаар Монгол Улсын ядуурлын түвшин 1990 онд 36 хувь байсан бол 2022 онд 27.1 хувь болж буурсан ч 914.2 мянган хүн ядуу амьдарч байна. Улсаас нийгмийн халамжийн хөтөлбөр, арга хэмжээнд жил бүр 2.3 их наяд гаруй төгрөг зарцуулж байгаа боловч ядуурал дорвитой буураагүй гэж үзжээ.
Иймд нийгмийн халамжийн хөтөлбөрүүдэд тооцоо, шинжилгээ хийж, зарим хөтөлбөрийг оновчлох, хөдөлмөрлөх чадвартай боловч халамж хүртдэг иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нэг өрхөд ногдож буй халамжийн төрлүүдийг судлан тодорхой хязгаар тогтоох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.
Мөн халамжийн бодлого хөдөлмөр эрхлэлтэд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлж, нийгмийн халамжийг дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот бүлэгт чиглүүлэхээр төлөвлөжээ.
Хуулийн төслийн хүрээнд нийгмийн халамжийн нийт зардлыг огцом бууруулахгүй бөгөөд одоогийн халамжийн төсвийн хүрээнд дахин хуваарилалт хийхээр тусгасан байна. Ингэхдээ хүүхдийг боловсролд тэгш хамруулахад анхаарч, цаашид үе дамжсан ядуурлаас сэргийлэх бодлого баримтлах юм байна.
Үйл явдал
Нүүрснээс шатахуун гарган авах үйлдвэр байгуулах асуудлыг судалж эхэлнэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Чайна Энержи” компанийн охин компани болох “Алтан гадас, онч толгой, эрчим хүч” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жан Дае Юэг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хөндөгдсөн чухал сэдэв нь нүүрсийг шингэрүүлж, шатахуун гарган авах технологийг Монгол Улсад нэвтрүүлэх асуудал байлаа.
“Чайна Энержи” компани нь өдөрт 10000 тонн нүүрсийг боловсруулж, жилдээ 1 сая тонн шатахуун гаргах авах “Шэньхуа Ордосын нүүрс шингэрүүлэх үйлдвэр” -ийг эзэмшдэг.
Энэ салбартаа олон улсад тэргүүлэгч компани юм. Иймээс ч Монгол Улс нүүрсний асар их хэмжээний нөөцдөө түшиглэн шатахуун үйлдвэрлэх шинэ эх үүсвэртэй болох боломж бүрэн байна. Энэ хүрээнд Монголд уг үйлдвэрийг байгуулах боломж нөхцөл, ТЭЗҮ-г шинээр боловсруулж, танилцуулах саналыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням илэрхийллээ.
Төлөөлөгчдийн зүгээс АҮЭБ-ын сайдын тавьсан саналыг дэмжиж, Монгол Улсад нүүрс шингэрүүлэх үйлдвэр байгуулах төслийн судалгаа, тооцоог боловсруулан эргэн танилцуулахаар боллоо гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.

Үйл явдал
ИБУИНХУ-тай хамтран эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа
Эрчим хүчний сайд Б.Найдалаа COP17 хурлын үеэр өчигдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Байгаль орчны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Рут Дэвис болон холбогдох төлөөлөлтэй уулзлаа.
ИБУИНХУ-д Монголын эрчим хүчний салбарт тулгамдаж байгаа асуудлуудтай ижил бэрхшээлүүд бийг хатагтай Рут Дэвис хэлээд, Монгол Улс стратегийн түвшинд ямар төслүүд хэрэгжүүлэхээр зорьж буй болон сэргээгдэх эрчим хүчний анхны аукционыг амжилттай зохион байгуулсан туршлага, ногоон шилжилт хийхэд тус улсаас манайд хэрхэн дэмжлэг үзүүлж болох талаар сонирхлоо.
Монгол Улсын Эрчим хүчний яамнаас “Эрчим хүчний шилжилтийн стратеги 2026-2050” баримт бичгийн төслийг олон нийт, хөрөнгө оруулагчдад танилцуулсныг сайд Б.Найдалаа онцлов.
Мөн тэрбээр Монгол Улс нүүрс, нар, салхины арвин нөөцөө ашиглан дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна бүс нутгийн хэмжээнд тоглогч болж, эрчим хүч экспортлох амбицтай ажиллаж байгааг тодотголоо. Талууд хоёр улсын эрчим хүчний салбар дахь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарахад санал нэгдэв.
Сайд Б.Найдалаа өнөөдөр мөн Их Британийн Экспортын санхүүжилтийн агентлагийн (UKEF) Бизнес хөгжүүлэлт болон Харилцагчийн хамтын ажиллагаа хариуцсан олон улсын газрын дарга Вомик Нур Шах, тус агентлагийн Бизнес хөгжүүлэлтийн Зүүн Европ ба Төв Азийн бүс хариуцсан дарга Крис Аллум нарыг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр сайд Б.Найдалаа Монгол Улс эрчим хүчний салбартаа өргөн хүрээний шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж буйг танилцуулаад, өмнөхөөс илүү нээлттэй байхыг зорин, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт татахад анхаарч байгаагаа онцлов.
Дээрх агентлаг нь Засгийн газрын байгууллага бөгөөд ноён Вомик Нур Шахын хувьд Их Британийн олон улсын бизнес хөгжүүлэлт, шинэ боломжуудыг бий болгох үйл ажиллагаа, мөн олон улсын сүлжээг хариуцан ажилладаг байна. Тэрбээр Монгол Улсын эрчим хүчний салбарт, тухайлбал, нар, салхи, усан цахилгаан станц зэрэг сэргээгдэх эрчим хүч, жижиг модуль реактор (SMR)-ын төсөлд хөрөнгө оруулах боломжийн талаар судлах сонирхолтой байгаагаа дурдав.
Монгол Улсын хувьд эдгээр болон устөрөгч, усан цэнэгт станц, дата төв байгуулах, дэд бүтцийн төслүүд хэрэгжүүлэх сонирхолтой байгааг сайд Б.Найдалаа тэмдэглээд, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх, технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулах боломж зэргийн талаар цаашид нарийвчлан ярилцах саналтай буйгаа илэрхийлэв. Тухайлбал, манай улс цөмийн эрчим хүч үйлдвэрлэх чиглэлээр судалгаа хийх ажлын хэсэг байгуулж буй юм. Уг чиглэлээр гадаадын орнуудтай хамтран ажиллах боломжийг эрэлхийлж, нэг бус, хэд хэдэн улстай энэ талаар хэлэлцэн, хамгийн тохирох арга замыг сонгохыг зорьж буй.
Талууд цаашид харилцан мэдээлэл солилцож, яриа хэлэлцээг бодит ажил хэрэг болгоход анхаарахаар болов. Их Британийн Экспортын санхүүжилтийн агентлагаас Монгол Улсад дөрвөн тэрбум ам.доллар хүртэлх хөрөнгө оруулах боломжтой хэмээн тооцож байна гэж Монгол Улсын Эрчим Хүчний Яамнаас мэдээллээ.

Үйл явдал
Нийгмийн даатгалын мэдээлэл, үйлчилгээг илүү түргэн шуурхай, хялбар авах боломжийг бүрдүүлж байна
Нийгмийн даатгалын байгууллага нь иргэдэд нийгмийн даатгалын мэдээлэл, үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, ажилтан, албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах, цаг ашиглалт болон бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор цахим хуудсандаа чатбот үйлчилгээг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.
Энэхүү ажлын хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал, Үйлчилгээ хөгжүүлэлт, олон нийттэй харилцах газрын дарга Б.Батсүх болон холбогдох мэргэжилтнүүд, Сүхбаатар, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга, мэдээллийн технологийн ажилтнууд "Грийн Софт" ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал болон Чатбот үйлчилгээ хөгжүүлэлтийн менежер Н.Ахмаралтай уулзаж, тус компанийн чатбот үйлчилгээний давуу тал, онцлогийн талаар ярилцлаа.
Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар цахим хуудсандаа уг үйлчилгээг анхлан нэвтрүүлсэн бөгөөд Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар 9 дүгээр сараас эхлэн нэвтрүүлж эхлэхээр ажиллаж байна.
Цаашид 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын газрууд цахим хуудсандаа чатбот үйлчилгээг нэвтрүүлснээр дуудлагын төвд ирэх ачаалал буурах, иргэдийн хэрэгцээг оновчтой тодорхойлох, үйлчилгээний чанарыг үнэлэх, сэтгэл ханамжийг бодитой бөгөөд цаг алдалгүй хянах боломж бүрдэх юм.

-
Дэлхий нийтээр..2026/02/10
Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина
-
Дэлхий нийтээр..2026/01/28
Хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ
-
Тод зураг2019/07/03
Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан
-
Үйл явдал2023/05/12
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаахан байна
