Үйл явдал
Эрээн боомтоор зорчих иргэдийн анхааралд...
2026 оны тавдугаар сард Хятадын талаас гаргасан шинэ зохицуулалтаар хилийн боомтын зарим хэсгийг хязгаарлалттай бүс болгон тодорхойлж, тухайн бүсэд нэвтрэх, зорчих, тээврийн хэрэгсэл зогсоох, хүн болон ачаа буулгах, зураг авах зэрэг үйлдэлд тавих хяналтыг илүү тодорхой болгоод байна.
Хязгаарлалттай бүсэд дараах хэсгүүд хамаарч байна. Үүнд:
1. Авто замын боомтын зорчигчийн шалган нэвтрүүлэх хэсэг;
2. Авто замын боомтын ачаа тээврийн шалган нэвтрүүлэх хэсэг;
3. Эрээн хотын "Улсын хаалга" аялал жуулчлалын бүс;
4. Хилийн орчмын иргэдийн худалдааны бүс;
5. Төмөр замын ачаа шалган нэвтрүүлэх хэсэг;
6. Олон улсын галт тэрэг ажиллах үеийн төмөр замын зорчигчийн шалган нэвтрүүлэх хэсэг;
7. "Сайн ус" олон улсын нисэх буудлын олон улсын нислэгийн орж, гарах хэсэг.
Иймд Эрээн боомтоор зорчих Монгол Улсын иргэд, жолооч, тээвэрчид, худалдаа эрхлэгчид та бүхэн дараах зүйлсийг анхаарна уу.
-Боомтын орчимд зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гарц, хүлээлгийн талбайгаар зорчиж, хаалт, хашаа, цахим хаалга, хориглосон тэмдэг бүхий хэсэг рүү зөвшөөрөлгүй нэвтрэхгүй байх
-Мөн тээврийн хэрэгслээ зогсоох, хүн буулгах, ачаа ачих, буулгахдаа зөвхөн зориулалтын болон зөвшөөрөгдсөн хэсгийг ашиглаж , Боомтын ажилтан, хил шалган нэвтрүүлэх байгууллагын өгсөн заавар, шаардлагыг дагаж мөрдөх
-Хязгаарлалттай бүсэд зураг авах, бичлэг хийх, дрон нисгэхгүй байх
-Зайлшгүй шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагаас урьдчилан зөвшөөрөл авах хэрэгтэй зэргийг анхаарна уу.
Боомтын хязгаарлалттай бүсийн журам зөрчсөн тохиолдолд анхааруулах, торгох, шалгах, түр саатуулах зэрэг арга хэмжээ авах боломжтой тул иргэд та бүхэн тэмдэг, заавар, ажилтны шаардлагыг анхааралтай дагаж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган зорчихыг Эрээн хотод суугаа Монгол Улсын Консулын газраас уриалж байна.
Үйл явдал
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм. Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.
-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх
-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх
-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах
-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Үйл явдал
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.
Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.
Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
Үйл явдал
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж, А.Ариунзаяа, Ж.Баярмаа, Б.Пунсалмаа, Р.Эрдэнэбүрэн, С.Эрдэнэбат нараас Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
Монгол Улсын 330 суманд ажиллаж амьдарч буй малчин өрхүүдийн хүүхдүүдийг ерөнхий боловсролын сургуульд ороход нь сонголттой болгох үүднээс уг хуулийн төслийг боловсруулсныг Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж энэ үеэр онцолсон.
Малчин өрх хүүхдээ сургуульд сургахын тулд малаа зарж, хот суурин газар бараадах, эсвэл хүүхдүүдээ дагаж эхнэр нь төв суурин газарт амьдарч байгаагаас ганцаар амьдрах малчин эрчүүдийн тоо нэмэгдэх, улмаар гэр бүл салалт ихсэж байгаа аж. Иймд тухайн онд найман нас хүрэх хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд элсүүлэн суралцуулах, малчин өрхийн хүүхдийн 1, 2 дугаар ангийн сургалтыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтээр хосолсон хөтөлбөрт хамрагдах сонголт бий болгох хүсэлтийг малчид гаргажээ. Нөгөөтээгүүр, нүүдлийн өв соёл, уламжлалыг тээж яваа малчдаа хайрлан хамгаалах нь чухал гэдгийг төсөл санаачлагч гишүүн онцлон тэмдэглэв.
Хүүхдийн боловсрол эзэмших хэлбэр (танхимын, зайн, онлайн болон цахим сургалт, хосолсон сургалт)-ийг одоо мөрдөгдөж байгаа хуулиар тодорхой, нарийвчлан зохицуулсан ч тэдний суралцах боломжийг дэмжих эрх зүйн орчныг бий болгох хэрэгцээ, шаардлага байна хэмээн үзэж, хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөлд ерөнхий боловсролын сургуульд тухайн онд найман нас хүрэх малчин өрхийн хүүхдийг элсүүлэн сургаж болох, сургуульд сурч байгаа малчин өрхийн хүүхдийн 1, 2 дугаар ангийн сургалтыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтээр Боловсролын ерөнхий хуулийн 26.1.11-д заасан журмыг баримтлан зайн болон цахим сургалтад хамруулах, зайн болон цахим сургалтад хамрагдсан малчин өрхийн хүүхдийг 3 дугаар ангиас эхлэн танхимын сургалтад үргэлжлүүлэн сургах, малчин өрхийн хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд элсүүлэн сургах, сургалтыг хуульд заасан хэлбэрээр зохион байгуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах зохицуулалтуудыг төсөлд тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар малчин өрхийн хүүхдийн боловсрол эзэмших зорилго, арга хэлбэр тодорхой болж, боловсролын хөгжлийн чиг хандлагад нийцсэн арга хэмжээ болно гэж төсөл санаачлагчид үзсэн байна.
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын холбогдох гэрээ, конвенц болон бусад хуультай нийцэж байгаа бөгөөд тухайн төслийн хамт дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
-
Хэн юу хэлэв...2020/11/11
Мөнхийн дуудлага буюу хос дэнс
-
Дэлхий нийтээр..2023/06/29
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Дэлхий нийтээр..2022/12/12
Гурилын үнэ нэмсэн компаниудад зөрчлийн хэрэг нээн шалгаж байна
-
Үйл явдал2024/03/20
Өнөөдрөөс авто замын даац хэтрүүлсэн, задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг зогсоо...
