Хэн юу хэлэв...
Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо
Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдалд хяналт тавих чадавхыг бэхжүүлэх Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лабораторийн нээлт боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тус арга хэмжээнд оролцох үеэрээ Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лабораторийн хүчин чадлыг ашиглан дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг үүрэг болголоо.

Монголд эмчийн чадвар биш эмийн чанар дутагддагийг шийдвэрлэхийн тулд эмийн чанар, хуурамч болон стандарт бус эм үйлдвэрлэл, нийлүүлэлтээр Хянан шалгах түр хороог санаачилж, үндэсний лавлагаа лабораторийг чадавхжуулах асуудлыг УИХ -ын гишүүнээр ажиллаж байх үеэсээ хөндөж, анхаарч ирсний үр дүн өнөөдөр бодитоор гарч, лаборатори ашиглалтад орж буйд баяртай байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв.
Дотоодод үйлдвэрлэсэн болон импортоор оруулж ирдэг зарим эм чанарын шаардлага хангахгүй, эмийн үйлчилгээ сул, манай лабораториуд хянаж чадахгүйгээс үйлчлүүлэгч эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирдог нь нууц биш. Цаашид, Монгол Улсын Засгийн газар ард иргэдээ чанарын шаардлага хангаагүй эмийн эрсдэлээс хамгаалах зорилтыг эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлнэ гэдгийг онцлов.
Тус лабораторийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх лаборатори болгон хөгжүүлэхийн тулд хүний нөөцийг бэлдэж сургахад өнөөдрөөс анхаарах ёстойг Ерөнхий сайд тэмдэглээд шаардлагатай төсвийг шийдвэрлэж ажиллана гэв.
Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори бол Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үр дүнтэй хамтын ажиллагааны тод жишээ гэдгийг талууд онцолж байлаа.
ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн Захирал Доктор Саиа Ма’у Пиукала “Бага болон дунд орлоготой орнуудад ашиглагдаж буй 10 эм тутмын нэг нь стандартын шаардлага хангаагүй эсвэл хуурамч байгаа нь хүний амь насанд аюул учруулж байна. Хүчирхэг лаборатори зүгээр нэг барилга байгууламж биш. Чанартай эм нүдэнд харагддаггүй ч үр нөлөө нь эрүүл саруул амьдрал, эдгэрсэн өвчтөн, элэг бүтэн үлдсэн гэр бүлд мэдрэгддэг. Энэхүү лаборатори нь тэр үр нөлөөг баталгаажууллаа. Та бүхэн зөвхөн лаборатори бариагүй. Монголын ард түмний эрүүл мэндийн төлөө үнэт өвийг бүтээлээ” гэлээ.

Лаборатори ашиглалтад орсноор шинжилгээний хүчин чадал нэмэгдэж, жилд 4000–5000 дээжид шинжилгээ хийх боломж бүрдлээ. Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг олон улсын шаардлагад нийцүүлэх чадавх бэхжиж, зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүнд хяналт тавина. Иргэд чанартай, аюулгүй, үр нөлөөтэй эм, эмнэлгийн хэрэгслээр хангагдана гэж Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хэллээ.
Тус лабораторийг Дэлхийн банкны санхүүжилтээр шинэчлэн байгуулж ашиглалтад оруулжээ.
Хэн юу хэлэв...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурын их цэвэрлэгээнд оролцогчидтой уулзлаа
Хэн юу хэлэв...
“Монастери тауэр” төслийн газрыг нээлттэй дуудлага худалдаагаар олгожээ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Эхлэл брэнд” ХХК-д дуудлага худалдаагаар олгосон газар болон тус газарт хэрэгжүүлж буй “Монастери тауэр” орон сууцны төсөлтэй холбоотой тайлбар гаргажээ.
Нийслэлийн Өмч хувьчлах комисс 2025 оны дөрөвдүгээр сарын 15-нд 2008 оны “Менежментийн гэрээгээр ажиллуулах тухай” тогтоолыг хүчингүй болгосон байна. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд байрлах, 3150 ам метр талбай бүхий газар дээрх хоёр давхар эмийн үйлдвэрийн барилгыг буулгаж, газрыг дуудлага худалдаагаар борлуулахаар шийдвэрлэжээ.
Дуудлага худалдааг 2025 оны тавдугаар сарын 21-нд зохион байгуулж, 27 иргэн, аж ахуйн нэгж оролцсоноос “Эхлэл брэнд” ХХК 9.3 тэрбум төгрөгийн үнийн саналаар ялагч болсон байна. Улмаар нийслэлийн Засаг даргын 2025 оны зургаадугаар сарын 27-ны өдрийн захирамжаар тус компанид газар эзэмших эрх олгож, газрыг хүлээлгэн өгчээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2025 оны тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд “Эхлэл брэнд” ХХК уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа аж.
Харин дуудлага худалдаагаар худалдсан 3150 ам метр газар нь өмнө нь хувьчлагдаагүй, нийслэлийн өмчид байсан газар бөгөөд дуудлага худалдаа болон тухайн газартай холбоотой хууль хяналтын байгууллагад үүссэн маргаан байхгүйг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас онцолжээ.
Мөн “Эхлэл брэнд” ХХК-ийн газар эзэмших эрх нь нээлттэй дуудлага худалдааны үр дүнд шинээр үүсэж, төлбөрийг бүрэн төлж, холбогдох гэрээг байгуулснаар баталгаажсан байна. Тус компанийн газар эзэмших эрх болон гэрээг хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн, хязгаарласан шийдвэр гараагүй гэж тайлбарлав.
Иймд “Монастери тауэр” орон сууцны төсөл нь хууль тогтоомжийн дагуу олгосон газар эзэмших эрхэд үндэслэн хэрэгжиж буйг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдэгдлээ.
Хэн юу хэлэв...
Намрын саруудад нойтон цас орж, эрт хүйтрэх төлөв гарчээ
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хиймэл оюун ухаан, тоон загварчлалын судалгааны хэлтэсээс 2026 оны 9-11 дүгээр саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргажээ.
Урьдчилсан төлөвийг сар бүрийн 28-ны өдөр шинэчлэн гаргадаг уламжлалтай.
Есдүгээр сар: Агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын хойд, Сэлэнгэ, Төв аймгийн баруун хэсгээр олон жилийн дундажаас дулаан, Дорноговийн нутаг, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Аравдугаар сар: Агаарын дундаж температур Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсгээр олон жилийн дундаж орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Арваннэгдүгээр сар: Агаарын дундаж температур Баян–Өлгийн нутаг, Ховд, Говь–Алтайн ихэнх, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дундажаас дулаан, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын ихэнх, Булганы зүүн хэсгээр олон жилийн дундажаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
ЗӨВЛӨМЖ: Намрын саруудад баруун аймгуудын нутгаар харьцангуй хур тунадас багатай, дулаан байх төлөвтэй байгаа боловч 9 болон 11 дүгээр саруудад төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгаар хур тунадас ахиу орж, агаарын дундаж температур дунджаас сэрүүн болох төлөвтэй байна. Иймээс нойтон цас, цочир хүйтрэл эрт ажиглагдах магадлалтай байгаа тул ард иргэд, малчид, тариаланчид, аж ахуй нэгж байгууллагууд өвлийн бэлтгэл ажилдаа эртнээс анхаарна уу.
-
Дэлхий нийтээр..2024/06/21
Говийн бүсийн иргэд бүсчилсэн хөгжлийн бодлогыг дэмжиж байна
-
Дэлхий нийтээр..2022/05/09
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг хийх эмнэлэг болон харьяалах хороо
-
Дэлхий нийтээр..2024/07/19
Нийслэлийн сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулна
-
Үйл явдал2022/03/01
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна
