Үйл явдал
Хүннү хотын авто зам, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Хүннү хотыг Улаанбаатар хотоос 53 км, Зуунмод хотоос 10 км зайд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчим Хөшигийн хөндийд, Богд уулын өвөрт байгуулахаар төлөвлөсөн.
Тус байршилд хот байгуулалтын суурь болох дэд бүтцийн ажлуудыг гүйцэтгэж байгаа юм. Тодруулбал, Хүннү хотын үерийн хамгаалалтын 1-р сувгийн ажил 75 хувь, Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 30 хувь, "Сэргэлэн" дэд станцын бүтээн байгуулалтын ажил 95 хувь, "Хүннү" дэд станцын бүтээн байгуулалтын ажил 86 хувь, Хүннү хотын 127.4 км авто замын зураг төсөл, бүтээн байгуулалт 35 хувьтай хэрэгжиж байна.
Хүннү дэд станц нь 110/35/10 кВт-ын 2x40 МВт хүчин чадалтай бөгөөд кабель шугамын угсралт бүрэн дуусжээ.
Хүннү хотын эрчим хүчний хэрэгцээг өөрийн эх үүсвэрээр хангах зорилтын хүрээнд 100 МВт-ын нарны үүсгүүр, 90 МВт хүчин чадалтай, 360 МВт.ц багтаамж бүхий батарей хуримтлуурын станцыг 47.8 га талбайд байгуулахаар төлөвлөж байна.
Эдгээр бүтээн байгуулалт ашиглалтад орсноор эрчим хүчний найдвартай, тасралтгүй хангамжийг нэмэгдүүлэхээс гадна төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системийн хүчин чадлыг өргөтгөх чухал ач холбогдолтой юм.
Түүнчлэн нийслэлийн 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Хүннү хотын цэвэрлэх байгууламж нь хоногт 3000 шоо метр ахуйн бохир ус цэвэрлэх хүчин чадалтай. 35-40 мянган хүн амтай хотын бохир усыг татан зайлуулах хүчин чадалтай байхаар төлөвлөсөн. Цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг “Комфорт Импекс” ХХК гүйцэтгэж, 2027 оны IV улиралд дуусгахаар үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Хүннү хотыг 150 мянган оршин суугчтай, 80 мянган ажлын байртай орчин үеийн жишиг хот болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн. Тус хотын “Aerocity” хөгжлийн бүсэд эдийн засгийн чөлөөт бүс, амралт, аялал жуулчлалын бүс, олон нийт худалдаа үйлчилгээний бүс, засаг захиргааны бүс, оюутны хотхон, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор, зах, худалдаа, бөөний төвийн бүс, олон улсын нисэх онгоцны буудал, агаарын карго бүс, аж ахуйн нөөц бүстэй байхаар төлөвлөөд байна.

Үйл явдал
Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.11.03/ Бүгд Найрамдах Франц Улсын “Сабена техникс хеликоптерс” группийн зөвлөх Жонатан Коссонтой уулзаж, онцгой байдлын байгууллагын агаараас эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны гуравдугаар шатны төслийг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Уулзалтаар Монгол Улсын өргөн уудам газар нутаг, хүн амын суурьшлын тархмал байдалтай уялдуулан агаараас эрэн хайх, аврах ажиллагааг бүсчилсэн байдлаар өргөжүүлэх, шаардлагатай нисдэг тэрэг, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл болон төслийн санхүүжилтийн боломжийг хэлэлцэв.

Монгол, Францын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төслийн эхний шат 2020-2023 онд хэрэгжиж, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийг байгуулж, дөрвөн нисдэг тэрэг, гал түймэр унтраах зориулалтын 42 автомашин нийлүүлж, нисгэгч, инженер техникийн ажилтнуудыг сургаж бэлтгэсэн. Төслийн хоёрдугаар шат 2024-2027 онд хэрэгжиж байна. Уг төслийн хугацаанд агаараас эрэн хайх, аврах болон эмнэлгийн тусламж үйлчилгээний нислэгээр 212 удаагийн шуурхай дуудлагад ажиллаж, 281 иргэнийг эмнэлэгт хүргэжээ. Харин гуравдугаар шат хэрэгжсэнээр гамшиг, ослын голомтод хүрэх хугацааг богиносгож, алслагдсан бүс нутгийн иргэдэд яаралтай тусламж үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Шадар сайд Н.Номтойбаяр Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, гамшгаас урьдчилан сэргийлэх бодлогыг бэхжүүлэх, санхүүжилтийн шат дараатай, бие даасан тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцлов. Энэ хүрээнд улсын төсвөөс бусад боломжит эх үүсвэрийг ашиглан гамшгаас хамгаалах салбарын санхүүгийн чадавхыг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх юм.
“Сабена техникс хеликоптерс” группийн зөвлөх Жонатан Коссон өмнөх хоёр шатны төслийн үр дүнг өндрөөр үнэлж, гуравдугаар шатны төслийг хэрэгжүүлэхэд дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Үйл явдал
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна
Улаанбаатар хотын дүүжин замын тээврийн системийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангах хүрээнд ачаалалтай болон онцгой нөхцөлд туршилтуудыг үе шаттай хийж байна.
Тодруулбал, өнөөдрөөс эхлэн 750 кг хүртэлх ачаа байршуулсан кабины туршилтыг хийж, энэ үеэр системийн моторын тоормос болон аюулгүйн тоормоснуудыг зориудаар ажиллуулж, хэвийн бус нөхцөлд хэрхэн ажиллахыг шалгаж буй. Үүний улмаас кабинууд хүчтэй савлах, гэнэт түр зогсох зэрэг хөдөлгөөн ажиглагдах бөгөөд энэ нь системийн аюулгүй ажиллагааг баталгаажуулах туршилтын нэг хэсэг юм.

“Пома групп”-ийн барилгын инженер Жуан Муниер “Манай компани дэлхийн 90 орчим улсад энэхүү төслийг хэрэгжүүлсэн туршлагатай. Монголынхоос ч хүйтэн өвөлтэй, зуны улиралд хэт халдаг зэрэг эрс тэс уур амьсгалтай орнуудад системийг амжилттай нэвтрүүлсэн. Эдгээр улсад суурилуулсан системүүд өнөөдрийг хүртэл аюулгүй, хэвийн ажиллаж байна. Улаанбаатар хотод хийж буй дүүжин замын тээврийн төсөл стандартын дагуу, үе шаттай хэрэгжиж, эхний туршилтууд үргэлжилж байна. Тус 750 кг ачаатай кабины туршилтуудыг бүрэн дуусгаснаар төслийн ажил дуусах шатандаа орно. Иймд иргэд та бүхэн санаа зовох зүйлгүйгээр дүүжин замын тээврээр үйлчлүүлэх боломжтой” гэв.
Мөн өвөл ган татлагад мөс тогтох эрсдэлийн талаар мэргэжилтнүүд тайлбарлалаа. Дүүжин тээврийн ган татлага нь системийн ажиллагааны явцад байнгын хөдөлгөөнтэй байдаг тул нэг цэгт удаан хугацаагаар тогтож хөлдөх, зузаан мөсөн бүрхүүл үүсэх нөхцөл харьцангуй бага аж. Түүнчлэн буудлын хэсэгт татлага дамраар эргэлдэх үед үүсэх үрэлтийн дулаан нь мөс тогтохоос сэргийлдэг байна.
Харин тээвэрлэлт явагдаж байх үед цахилгаан тасарсан тохиолдолд нөөц генератор автоматаар ажиллаж, кабинуудыг буудалд хүргэх боломжтой. Мөн бүх кабинд радио холбоо суурилуулсан бөгөөд шаардлагатай үед зорчигчдод шуурхай мэдээлэл, зааварчилгаа өгч, аюулгүй байдлыг хангах юм.

Ийнхүү дүүжин замын тээврийн системийг ашиглалтад оруулахын өмнө ачаалал, тоормос, цахилгаан хангамж болон онцгой нөхцөл дэх ажиллагааг нарийвчлан шалгаж, аюулгүй, найдвартай үйлчилгээнд бэлтгэж байна.
Үйл явдал
Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ
Улаанбаатар хотын авто зогсоолын хүртээмж, ашиглалт, менежментийг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийн II хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд авто зогсоолд тавих ерөнхий шаардлага, журмын хэрэгжилт, эрх зүйн орчин, олон улсын жишиг, сайн туршлагын талаар танилцууллаа.

Ажлын хэсэг авто зогсоолын төлөвлөлт, зохион байгуулалт, тэмдэг тэмдэглэгээний стандартыг олон улсын жишиг, сайн туршлагад нийцүүлэн шинэчлэх, зогсоолын байршил, бүсчлэлд үндэслэн төлбөрийн ялгаатай тариф тогтоох, нийтийн эзэмшлийн авто зогсоолын төлбөр хураах журам болон холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв.
Мөн Дэлхийн банкны дэмжлэгтэй хэрэгжүүлэх “Ухаалаг авто зогсоол” төслийн бэлтгэл ажил, санхүүжилтийн явцын талаар мэдээлэл солилцож, төслийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хөндлөө.

Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн, холимог эзэмшлийн бүх авто зогсоолыг хамруулан дахин тоолж, нэгдсэн бүртгэл үүсгэх, зогсоолын ашиглалт, эзэмшилтэй холбоотой гэрээ, хэлцэл, тэдгээрийн хэрэгжилтийг шалгаж судлах шаардлагатайг онцлов.
Түүнчлэн авто зогсоолын төлбөрийн шинэ тарифын талаар иргэдийн санал, байр суурийг судалж, цаашдын зохицуулалтыг бодит нөхцөл байдал, олон нийтийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсруулахыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд үүрэг болголоо.






