Бидэнтэй нэгдэх

Хэн юу хэлэв...

ОМИС-ийн УАУ-ы тэнхмийн ахлах багш, АУ-ы магистр Д.Отгонбаатар: Сайхан цаг ирж байна, бидэнд дэлхийд гарах боломж нээлттэй болчихлоо

Огноо:

,

Сэтгүүлч:

Дэлхий нийт уламжлалт анагаах ухааныг эрүүл мэндийн салбарын үнэт өв төдийгүй ирээдүйн хөгжлийн нэгэн чухал чиглэл хэмээн үзэх болсон өнөө үед энэхүү мэдлэг, арга ухааны үнэ цэнэ улам бүр өсөн нэмэгдэж байна. Улмаар олон зуун жилийн туршид уламжлагдан ирсэн УАУ нь бидний бие, сэтгэлийг цогцоор нь анагаах, байгальд ойр “эко” эмчилгээ болохыг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна.

Энэ удаа бид Оточ Манрамба Их Сургуулийн Уламжлалт анагаах ухааны тэнхмийн ахлах багш, Анагаах ухааны магистр Д.Отгонбаатарт урилга илгээж, түүний ажлын гараа, уламжлалт анагаах ухааны боловсрол, хөгжил, өнөөгийн чиг хандлага болон ирээдүйн талаар ярилцлаа.

ШУТИС-ИЙН ИНЖЕНЕРИЙН АНГИА ОМИС-ИЙН ХҮНИЙ ИХ ЭМЧИЙН АНГИАР СОЛЬЧИХСОН

Урилга хүлээн авсан танд баярлалаа. ОМИС-иар “овоглох” болсон тэр цаг хугацаа хэзээ вэ?
Би Булган аймгийн Булган сумын I арван жилийг одоогоос хориод жилийн өмнө төгссөн. Тэр үед уламжлалт анагаах ухааны тухай ойлголт өнөөдрийнх шиг түгээмэл байсангүй. Манай аймагт гэхэд л ганц нэг тан барьдаг маарамба байсан болов уу. Хүмүүс тэдэнд очиж үзүүлдэг, харин бидний хувьд хэрэглэгчийн түвшний л мэдлэгтэй байлаа.
Эгч маань Хамба багшийн шавь, тогтмол үзүүлж тан барина. Тийм болохоор би Манба Дацангийн тухай бага сага гадарлана аа. Дунд сургуулиа төгссөн тэр хавар ШУТИС-д инженерийн ангийг сонгочихсон байлаа. Намар нь хичээлдээ ороход бэлэн. Тэгтэл нэг л өдөр бүх зүйл өөрөөр эргэсэн. Эгч хотоос ирэхдээ сургуулийн танилцуулга брошур авчирсан юм. Нимгэхээн тэр брошурыг уншиж дуусахдаа л Оточ Манрамба дээд сургуулийг сонгочихсон. /инээв/
 
ШУТИС-д анги авчихсан байдаг, тийм ээ?
Тийм ээ, барилгын дулаан агаар сэлгэлтийн инженерийн ангийн хуваарь авчихсан байлаа. Гэхдээ эргэлзээгүй ээ. Ингээд эгчтэйгээ Хамба багштай ирж уулзаад, 2007 оны намар оюутан болсон. Тухайн үед дэмжиж, итгэл өгсөн аав ээж, ах эгч, тосон авсан багш нартаа ямагт талархдаг. Амьдралын сайхан мөчүүд байгаа юм. 
Тэр өдөр сэтгэлд тод үлдсэн байх даа. Ямар орчин тосч авсан бэ?
Одоогийн эмнэлэг, сургуулийн байр хараахан баригдаагүй байсан үе. Харин лам нар хийддээ ном хурна. Бид Манба Дацан хийдийн баруун, зүүн ангид хичээллэнэ. Завсарлага болохоор олон цагаан халадтай оюутнууд гарч ирнэ. Ер нь их өвөрмөц, өмнө нь огт харж байгаагүй орчин угтсан. Тэр нь ч надад их таалагдсан.
 


Булганд нутаг орондоо нэртэй хэн гэгч маарамбууд байсан юм бол оо?
Булган бол хуучны хүрээ хийд, маарамбуудаараа алдартай нутаг. Түүхэн эх сурвалжуудыг харахад 1585 онд анхны Манба дацан одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг дэвсгэрт байгуулагдан үйл ажиллагаа явуулж байсны гэрч болсон туурь нь өнөө хэр үлдсэн байдаг. Он цагийн уртад нутаг орондоо нэртэй явсан маарамбуудын үргэлжлэлээс жишээ татвал Лхагважав маарамбыг дурдаж болно. Түүнчлэн маарамбын дамжаа бариагүй ч өвдсөн, зовсонд эмчилгээ үйлчилгээ үзүүлж, тус дэм болж явсаар олны дунд маарамба хэмээн авгайлан дуудагддаг хүн олон бий.
Ахиад оюутан цаг руу буцъя. Оюутны дурсамж залуу насны хамгийн нандин үе байдаг. Дурсамж их бий биз?
Зөндөө, зөндөө. Бид сургуулиа төгсөөд 10 гаруй жил өнгөрчээ. Гэсэн ч жил бүр уулздаг сайхан уламжлалтай. Тэр тоолонд дурсамжийн тухай яриа дундрахгүй. Ярианы 70 хувь оюутан цагийн дурсамж байдаг шүү. Ер нь ОМИС-ийн оюутнууд суралцах зургаан жилийн хугацаанд их олон дурсамж бүтээдэг гэж боддог юм. Энэ нь сургуулийн онцлогтой холбоотой. Хичээлээс гадна курс бүртээ дадлагад гардаг. Жишээ нь, нэгдүгээр курсээ төгсөөд ургамлын хээрийн дадлагад явдаг. Долоо хоног үргэлжлэх энэ дадлага бас л хөгжилтэй шүү дээ. Нэг анги болох, нэг санаа чигтэй болох, илүү ойр дотно нөхөрлөх гээд л. Хээр нэг тогооноос хоол идэх, бороо хур орвол хуурай хувцас, оймсоо бусдадаа өгөх, үүргэвчин дэх амттанаа хуваалцах, байгалийн шалгуурыг хамтдаа давах нь магадгүй заримд нь хэцүү санагдах ч хожим хамгийн сайхан дурсамж болон үлддэг. Энэ бүхэн биднийг нэгэн ахан дүүс болгодог. Цаашлаад асар богино хугацаанд амьдрах ухаанд хүртэл суралцаад ирнэ гээч.
 
Танай анги хэдүүлээ юм бэ?
Нэгдүгээр курст зуугаад хүүхэд элсэн орж байлаа. Үүнээс 36-уулаа төгссөн.
 
Гуравны нэг нь л үлджээ. Амаргүй болоод шантардаг гэж ойлгож болох уу?
Үнэндээ сургуулийн шалгуур өндөр л дөө. Гэхдээ энд олон шалтгаан бий. Хичээлийн ачаалал их болохоор залхуурвал хасагдана. Багш нарын хувьд оюутнуудынхаа араас маш их хөөцөлддөг. Зүгээр суулгаж цаг нөхцөөхийг хүсдэггүй. Нэгдүгээр курст орсон эхний өдрөөс л хичээл хийхийг шаарддаг. Тэр бүрт сууж, ачаалал авч сураагүй хүүхдүүд шантрах нь бий. Харин бие дааж суралцах дадалтай хүүхдүүдэд төвөггүй суралцаад л явчихдаг. Нөгөө талаас үнэхээр суралцах боломжгүй болоод сургуулиас гарах тохиолдол байна аа. 
 
Ангийн багш нь хэн байсан юм бэ?
Манай ангийн багш С.Энхтуяа байсан юм. Нэгдүгээр курст төвөд хэлний хичээл заадаг байлаа. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл багштайгаа ажиллаж байна. Хааяа зэмлүүлнэ, хааяа магтуулна гээд хамтдаа зүтгээд л явна. Ер нь манай үе үеийн төгсөгчид яг энэ жишгээр багш нартайгаа хамтран ажиллаж, суралцаж, өсөн дэвждэг сайхан залгамж холбоотой. Үүнийг ч сургуулийнхаа нэг давуу тал гэж хардаг.
 
БИ ТУРШЛАГА ХУРИМТЛУУЛЖ ЯВАА ЗАЛУУ БАГШ
 
Төвөд хэл заадаг байсан нь байх ээ. Төвөд бол ОМИС-ийн брэнд гэлцдэг.
Тийм ээ, Монгол Улсын хэмжээнд төвөд хэлийг мэргэжлийн түвшинд, анагаах ухааны үндсэн эх сурвалжаас нь, хуучны маарамбуудын баримталж ирсэн дэг жаяг, Манба дацангуудын сургалтын арга барилаар зааж сургадаг газар бараг байхгүй. Энэ нь зөвхөн Монголд биш, дэлхийн хэмжээнд ч нэг, хоёрхон байдаг байх шүү. Тэр утгаараа энэ бол хаана ч давтагдашгүй давуу тал мөн. Яахав төвөд хэл гээд ярихаар мушгих хүмүүстэй таардаг л юм. Тэд “лам болох гээд байгаа юм уу” гээд эхэлдэг. Үгүй шүү дээ. Жишээ нь, өрнийн анагаах ухаан суралцаж байгаа хүмүүс латин, англи, орос хэл үздэгтэй адил мэргэжлийн хэл гэсэн үг. Уламжлалт анагаах ухаанд суралцаж байгаа хүн бүр өөрийн мэргэжлийн хэлийг сурч байгаа хэрэг. УАУ-ы сор эрдэмтдийн үнэт бүтээлүүд бүгд төвөд хэл  дээр бичигдэж үлдсэн байна. Тэр бүгдийг эх хэл, эх сурвалжаас нь уншиж судлах боломж бүрдэж байна аа л гэсэн үг.



Өөрөөр тайлбарлая. Жишээ нь би төвөд хэл дээрх нэг эх сурвалжийг орчуулъя гэж бодъё. Тухайн эх сурвалжийн утга агуулгыг бүрэн, яг зөвөөр гаргаж чадсан эсэх нь эргэлзээтэй л дээ. Орчуулгын явцад “би үүнийг ингэж ойлгосон” гэсэн өөрийн тайлбар орвол анхны утгаас зөрөх, буруу ойлголт нэмэгдэх эрсдэлтэй. Хоёрт, төвөд хэл дээрх эх сурвалжууд, ялангуяа “Дөрвөн үндэс” зэрэг бүтээлүүдэд өмнөх бүлгийн утга, агуулга нь дараагийн бүлгүүдтэйгээ уялдсан, томьёоллын шинжтэй, маш нарийн бүтэцтэйгээр бичигдсэн байдаг. Тиймээс зөвхөн орчуулга дээр тулгуурлан сургалт явуулна гэвэл утга агуулгыг гажуудуулах, мухардах эрсдэлтэй. Ийм төрлийн бүтээлийг бүрэн ойлгохын тулд төвөд хэлийг сурч, үгийн сонголт, бичлэгийн ялгааг хүртэл нарийн ойлгож байж дундаас нь гүн ухааны утга гаргаж авдаг. Энэ нь төвөд эх сурвалжтай ажилладаг хүмүүсийн маш сайн ойлгодог зүйл. Төвөд хэл сурах эсэх нь хувь хүний сонголт ч энэ хэлээр дамжуулан эх сурвалжаас нь шууд уншиж судлах боломж нээгдэж байгаа нь давуу тал юм. Энэ боломжийг олгож, мэргэжлийн хэлний түвшинд сургаж байгаа Оточ Манрамба сургуулийн хувьд оюутан залууст үнэхээр том дэмжлэг үзүүлж байгаа хэрэг гэж хардаг шүү.
 
Ажил мэргэжлийнхээ хувьд “өөрийгөө олсон” мэт мэдэрсэн үе тань хэзээ вэ?
Бид ОМИС-ийн 2013 оны төгсөгчид байгаа юм. Дээд сургуулийн анхны зургаан жилийн төгсөгчид л дөө. Үүнээс нэг жилийн өмнө буюу тавдугаар курс төгсдөг хавар сургуулийн захирал Г.Одонцэцэг багш маань дуудаж уулзсан. Товчхондоо сургуульдаа багшлах урилга өгсөн гэж болно. Миний хувьд 3,4-р курстээ л багшаар ажиллана гэж бодож байсан болохоор дуртайяа хүлээн авсан. Ингээд бидний хэдэн хөвгүүд зургадугаар курстээ туслах багшийн ажлаа эхлүүлж байлаа. Хичээлээ хийнэ. Хажуугаар нь багш нараа дагалдана. Тэр хавар сургуулийнхаа шилдэг төгсөгч болж, Тайвань улс руу магистрын сургалтанд үнэгүй суралцах эрхийн эзнээр шалгарсан сайхан боломж тохиосон юм. Ингээд суралцаж ирээд 2015 оны намраас албан ёсоор багшлах гараагаа эхэлж байжээ. Мэдээж залуу багшийн хувьд хүндрэлтэй зүйл гарна. Тухайн үед 2 цагийн лекцийг 2 өдөр сууж бэлдэх жишээний. Мэдлэг боловсролын дутуу байдал үүснэ. Гэхдээ тэрийг хичээл зүтгэлээр л нөхнө. Ингээд 3,4 дэх жилээс өөрийн гараар бичсэн бүрэн конспекттой ч болж, оюутнуудын өмнө тайлбар ном харахгүйгээр хичээл ордог болсон. Тэр үед аятайхан болмоор ч юм шиг санагдаж, илүү сайжрах юм сан гэсэн бодол төрж байлаа. Одоо тэр үеэ бодвол 11,12 жил багшилжээ. Гэхдээ би бол туршлага хуримтлуулж яваа залуу багш. Бидний түвшинд тэр тусмаа боловсролын салбарт ажиллаж байгаа хүнд омог үүсгэж болохгүй. Багш гэх алдарт хүрэх тухай асуудал магадгүй 25-30 жилийн дараа л сая нэг ирдэг болов уу.
 
Таны шавь нар дотор тэтгэвэртээ гараад суралцаж буй оюутнууд бий. Хүмүүс бодохдоо нас ахихаар сурах өнгөрлөө гэж боддог. Энэ тал дээр юу гэж боддог вэ?
Оточ Манрамба их сургуульд нас насныхан суралцдаг. Ахмад нь 50,60 гарчихсан оюутнууд байна. Нийгмийн харилцаанд ороод, ажил хөдөлмөр эрхлээд өөрийгөө олчихсон хүмүүс ирдэг учраас сурах арга барилаа амархан олдог санагддаг юм. Мэдээж залуусыг бодвол цээжлэх  хурд гүйцэхгүй ч агуулгын хүрээнд маш сайн ойлгодог. Хичээн суралцдаг учраас  онцчуудын тоонд л  явна шүү дээ. Ер нь оюутнууд маань наснаас үл хамааран бие биедээ их нөлөөтэй. Харилцааны олон эерэг нөлөө үзүүлдэг учраас бид ахмадууддаа хайртай.
 
10 жилийн өмнөх, өнөөдрийн GenZ нарын хооронд ялгаа их үү?
Асар их ялгаатай болсон. 10 жилийн циклээр хэмжигдэхгүй, бүр 2–3 жилийн дотор л өөрчлөлт мэдрэгддэг. Мэдээж бүгд тийм биш гэдгийг эхлээд дурдъя. Ажиглахад сууж сурах дадал сул болсон. Дунд сургуульд 40 минутын хичээлд сууж хэвшсэн хүүхэд 1–1.5 цагийн лекц дээр түүртэхгүй л дээ. Харин сууж сураагүй бол анхаарал төвлөрөл сул, түүнийг дагаад хичээл хүлээж авах чадвар ч буурдаг. Хоёрдугаарт, багшийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, тавьсан шаардлагыг хүлээн авч хэрэгжүүлэх чадвар сулрах хандлагатай болж гэж хардаг. Аргагүй энд нийгмийн орчин нөлөөлж байна. Үнэндээ залууст сатаарах зүйл их болжээ. Гэхдээ манай сургуулийн бас нэг онцлог байна. Нэг, хоёрдугаар курстээ номыг нь сураад  ирэхээр “номхон” нь хүртэл дагаад ирдэг. Товчхондоо ном нь хүнийг засдаг. Энэ тухай “Дөрвөн үндэс”-т тодорхой заадаг. Яваандаа анги ахих тусам өөрчлөгдөж, бүүр сургуульдаа илүү хайртай болдог.
 
ТӨГСӨГЧДИЙН 30-40 ХУВЬ НЬ ТОМ, ЖИЖИГ ХУВИЙН ЭМНЭЛЭГТЭЙ БОЛСОН БАЙНА

Шавь нар нь олон газар ажиллаж байна уу?
Энэ хугацаанд 2019, 2023 онд хоёр ангийн багшаар ажиллаж төгсгөсөн байна. Мөн хичээл орсон шавь нар нэмэгдэнэ. Төгсөгчид маань Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхисоос гадна тив, дэлхий рүү хүртэл гарч ажиллаж байна. Өнөөдөр хөдөө орон нутагт ажиллаж байгаа уламжлалт анагаах ухааны эмч нар маань салбарынхаа нэр хүндийг өндөрт өргөж яваа улс. Үүнийг үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, үнэлгээнээс ч харж болдог. Уламжлалтын эмч нарын нэг онцлог нь харилцаа, хандлага өөр байдаг. Нөгөөтэйгүүр, хүндээ заавал хүрч үйлчилдэг зарчимтай. Энэ нь зөвхөн эмчилгээ бус, судас барихаас эхлээд өдөр тутмын амьдралын зөвлөгөө хүртэл үргэлжилдэг. Би хичээл дээрээ байнга хэлдэг нэг зүйл бий. Түүхэнд тэмдэглэгдсэн 250 гаруй том, жижиг манба дацангууд болон тэнд ажиллаж байсан оточ маарамбууд тухайн хошуу нутагтаа өрхийн эмнэлгийн үүргийг гүйцэтгэж ирсэн байдаг гэж хэлдэг юм. Тэд тухайн хошууны айл өрх бүрийн эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй байж. Өнөөдрийн хэллэгээр бол “өрхийн эмч” гэсэн ойлголттой дүйцнэ. Хамгийн ойроос нь ажиглаж, танай өвөө, эмээд ямар зовуурь байсан, танд ч мөн адил ажиглагдаж байна, таны хүүхдүүдэд ч илрэх боломжтой гэх мэтээр удмын түвшинд нь зөвлөгөө өгдөг байсан нь үнэхээр гайхамшигтай байгаа биз. Энэ бол уламжлалт анагаах ухааны эмч нарын онцгой мэдлэг, арга барил юм.


 
Төгсөгчид хувийн эмнэлгээ байгуулан ажиллах нь их юм аа, тийм ээ.
Энэ бас л манай сургуулийн төгсөгчдийн давуу тал гэх юм уу нэг онцлог гэж болно. Төгсөгчдийн 30,40 хувь нь том, жижиг хувийн эмнэлэгтэй болсон байна. Эндээс сургуулийн олгож байгаа мэдлэг, чадварын үр дүн харагддаг гэж боддог. Нэмээд итгэл байна. Өөрийн сурсан мэдлэг чадамжинд итгэх итгэл, номондоо итгэх итгэл дүүрэн байгаа нь мэргэжлээрээ ажиллах дадлыг суулгадаг юм болов уу. Төгсөгчид маань зоригтой байна. Үнэндээ олон жил ажилласан эмчид ч зориг дутах үе гардаг шүү дээ. Гэтэл шантралгүй эмнэлгээ нээгээд мэргэжлээрээ ажиллаж байна гэдэг манай эмч нарын чадамж юм. Үүнийг тэд оюутан байхдаа суралцдаг. Ярианы эхэнд хэлсэн дээ. Дурсамж бүтээх олон дадлагын тухай. Дадлагын явцад тэр чадамжийг олж авдаг.


 
Өрхийн эмнэлгийн ярианаас үүдээд асууя гэж бодлоо. Монголчууд бидний хувьд эрүүл мэндийн тал дээр ямар алдаа түгээмэл харагддаг вэ?
Монголчуудын дунд олон төрлийн өвчлөл нэмэгдэж байна. Тухайлбал, эрчүүдийн дунд элэг, цөс, ходоод, даралт ихсэх, цус харвалт, зүрхний шигдээс зэрэг өвчлөлүүд элбэг тохиолдож байна. Товчхондоо, муу цусны гэмээс үүдэлтэй дотрын эмгэгүүд давамгайлж байна гэж хэлж болно. Эдгээрт уламжлалт анагаах ухаанд үр дүнтэй олон эмчилгээний хувилбар бий. Энэчлэн хэд хэдэн төрлийн өвчин тэргүүлэх болсон нь бидний монгол ахуй, соёлын амьдралын хэв маягаасаа холдсонтой холбоотой гэж хардаг. Өнөөдөр хооллолт, хувцаслалтын соёл, амьдралын хэв маяг өөрчлөгдчихсөн. Суурин амьдралаар амьдрах болсноор хооллолт маань хүртэл ондоо болчихлоо. Импортоор маш олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүд орж ирж байна. Үүнийг тодорхой хэмжээнд шийдэж чадвал эрүүл мэндийн олон асуудал дагаад өөрчлөгдөх боломжтой. Ер нь уламжлалтын эмч нар бол нийгмийн эрүүл мэндийн тал дээр маш том бодлого боловсруулагчид байдаг, өнгөрсөн цаг үеийн туршид. Үүнийг өдөр тутмын амьдрал дахь хэллэг, зан үйлээс ч харж болно. “Хий хуй ихэслээ”, “хуушуураар төөнө”, “шар хөөрлөө” гэлцдэг. Ард түмэн хий,шар, бадганы тухай нарийн мэдэхгүй ч идээ унд явдал мөрөө зохицуулахгүй бол өвчлөл үүсдэгийг ухамсарт нь суулгаад өгчихсөн байж шүү дээ. Өвчин үүсгэдэг шалтгааныг таньж мэдсэн учраас зохицуулаад явдаг байж. Гэтэл өнөөдөр “хий, хуй” гэвэл юун эмээ өвөөгийн юм яриад байна аа гэнэ, зарим нь. Уг нь өмнөх үеийн оточ маарамбууд бидний амьдралын хэв маягт суулгаад өгчихсөн байна. Тэгэхээр нийгмийн эрүүл мэндийн асуудал дээр уламжлалтын эмч нарыг илүү татан оролцуулж, эерэг давуу талыг нь ашиглавал монголчуудын эрүүл мэндийн асуудал дээр тодорхой хэмжээнд ахиж гарна гэж боддог.
 
Яриа маань өндөрлөж байна. Уламжлалтын ирээдүйг та хэрхэн харж байна вэ?
Сайхан цаг ирж байна. Дэлхийд гарах боломж нээлттэй болчихлоо. Мэдээж  тодорхой хэмжээний эрх зүйн зохицуулалт, лиценз, мэргэжлийн стандартуудыг давж байж хэрэгжинэ.  Гэхдээ хамгийн чухал нь дэлхий нийт уламжлалт анагаах ухааны үнэ цэнийг хүлээн зөвшөөрсөн явдал юм. Тэгэхээр бид тогоондоо биш дэлхий тийш боловсон хүчнийг экспортолж болно. Үүний тулд УАУ-ы чиглэлээр суралцаж байгаа оюутнууд маань мэдлэг чадвартай, боловсрол өндөр бол өнөөдөр хаана ч ажиллах боломж бүрджээ.
 
Ярилцсанд баярлалаа.
 
 
 

 
 
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Хэн юу хэлэв...

АНУ-д урьдчилсан сонгуулийн дараах өрсөлдөөн ширүүсэв

Огноо:

,

АНУ-ын Мичиган, Миссури зэрэг мужуудад болсон урьдчилсан сонгуулийн дүнгээр Ардчилсан болон Бүгд Найрамдах намын арваннэгдүгээр сард болох бүх нийтийн сонгуулийн гол өрсөлдөгчид тодорлоо. Урьдчилсан сонгуулийн дүн нь хоёр намын дотоод чиг хандлага, ирэх сонгуулийн өрсөлдөөний өнгийг тодорхойлж байна.

Мичиган мужид Ардчилсан намын Сенатын сунгаанд Абдул Эл-Сайед ялалт байгуулж, Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Майк Рожерстой өрсөлдөхөөр болов. Тус муж нь Ардчилсан намын мэдлийн чухал суудал учраас ирэх сонгуулийн гол тулаануудын нэгээр тооцогдож байгаа юм.

Миссури мужид мөн Конгрессын суудлуудын төлөөх өрсөлдөөнд нэр дэвшигчид тодорсон бөгөөд зарим тойрогт нам доторх ширүүн өрсөлдөөн өрнөсөн.

Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн үр дүнгийн дараа Ардчилсан намын зарим нэр дэвшигчийг шүүмжилж, өөрийн эдийн засгийн бодлого болон сонгуулийн өмнөх мөрийн хөтөлбөрөө дахин онцоллоо.

Ажиглагчдын үзэж буйгаар Мичиган дахь Сенатын өрсөлдөөн болон Конгрессын хэд хэдэн тойргийн үр дүн нь ирэх арваннэгдүгээр сард болох АНУ-ын завсрын сонгуулийн өнгийг тодорхойлох чухал үзүүлэлт болж байна.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ

Огноо:

,

Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.

Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.

Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.

Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.

Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.

Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.

“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.

Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Монгол Улс COP17 бага хуралд 6.5 тэрбум ам.долларын санхүүжилт татах үндэсний стратегиа танилцуулна

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д Монгол Улсаас дэвшүүлэх үндэсний стратегийн баримт бичгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанд танилцууллаа.

Улаанбаатар хотноо 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулах бага хурлын үеэр “Тал хээрийн төлөвлөгөө” үндэсний стратегийн баримт бичгийг олон улсад танилцуулах юм.

Уг төлөвлөгөө нь дараах гурван үндсэн санаачилгыг багтаажээ. Үүнд:

  • Бэлчээрийн тэргүүлэх санаачилга
  • Ус, газрын нэгдсэн менежментийн санаачилга
  • Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга

Эдгээр санаачилгын хүрээнд нийт 292 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж, 6.5 тэрбум ам.долларын санхүүжилт татахаар зорьж байна. Нэг төслийн дундаж санхүүжилтийн хэмжээ 700 мянган ам.доллар байхаар тооцжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал2026/08/07

COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад х...

Үйл явдал2026/08/07

Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна

Үйл явдал2026/08/07

Улаанбаатарт хоногт 250 м³ лаг боловсруулах үйлдвэр байгуулна

Үйл явдал2026/08/07

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Дэлхий нийтээр..2026/08/07

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориг...

Үйл явдал2026/08/07

Нийтийн тээврийн Ч:19А чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт ор...

Үйл явдал2026/08/07

Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун...

Үйл явдал2026/08/07

Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

Дэлхий нийтээр..2026/08/06

“Уралдронзавод” компанийн ерөнхий захирлын автомашиныг дэлбэлжээ...

Үйл явдал2026/08/06

Сүхбаатар боомтоор тав хоногт 10 мянга гаруй тонн АИ-92 автобензин и...

Дэлхий нийтээр..2026/08/06

Вашингтон мужийн ой хээрийн түймрийг хяналтад авах ажил ахицтай байн...

Дэлхий нийтээр..2026/08/06

АНУ, Иран Ормузын хоолойг нээх тохиролцоонд ойртож байна

Хэн юу хэлэв...2026/08/06

АНУ-д урьдчилсан сонгуулийн дараах өрсөлдөөн ширүүсэв

Үйл явдал2026/08/06

Эм, вакцины нэгдсэн худалдан авалтаар 3.15 тэрбум төгрөг хэмнэжээ

Үйл явдал2026/08/06

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Үйл явдал2026/08/06

Улсын чанартай хатуу хучилттай авто замын талаас илүү хувь нь 13-аас...

Үйл явдал2026/08/06

Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ

Хэн юу хэлэв...2026/08/06

Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын ...

Үйл явдал2026/08/06

Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ

Хэн юу хэлэв...2026/08/06

Монгол Улс COP17 бага хуралд 6.5 тэрбум ам.долларын санхүүжилт татах...

Үйл явдал2026/08/06

“Улаанбаатар трам” төслөөр замын хөдөлгөөний дундаж хурдыг 23.6 ...

Үйл явдал2026/08/06

Автомашины улсын дугаар тэгш тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун ав...

Үйл явдал2026/08/06

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

Дэлхий нийтээр..2026/08/05

Израилын цохилтын үеэр амиа алдсан нэг овгийн 112 хүнийг оршуулжээ

Хэн юу хэлэв...2026/08/05

ЗГ: Бүсийн чуулган, форум, салбарын ойн арга хэмжээг цуцаллаа

Үйл явдал2026/08/05

Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж, гэм...

Хэн юу хэлэв...2026/08/05

Трамп холбооны прокурор Жанин Пиррог шүүмжилжээ

Хэн юу хэлэв...2026/08/05

COP17-ын үеэр 73 цэцэрлэг, 60 сургуулийн бэлтгэл ажлыг цахимаар зохи...

Үйл явдал2026/08/05

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 29,444 хэрэгт хяналт та...

Үйл явдал2026/08/05

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй...

Санал болгох