Үйл явдал
БНХАУ COP17 бага хурлын зохион байгуулалтад нэг сая ам.долларын дэмжлэг үзүүлнэ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын түр хамаарагч Цао Ли болон холбогдох албаныхантай уулзаж, байгаль орчны салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр БНХАУ-аас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ийн зохион байгуулалтад нэг сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж буйд Монголын тал талархал илэрхийлжээ.
Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр COP17 бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах нь цөлжилт, газрын доройтолтой тэмцэх бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолж, бэлтгэл ажлын явцыг танилцуулсан юм.
Монгол Улс тус хурлын үеэр “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус-газрын нэгдсэн менежментийн санаачилга”, “Байгальд суурилсан шийдэл бүхий дэд бүтцийн санаачилга” гэсэн гурван гол санаачилгыг олон улсад дэвшүүлэхээр бэлтгэж буй. Монголын талаас эдгээр санаачилгыг дэмжиж, хамтран ажиллах хүсэлтийг Хятадын талд тавьжээ.
Уулзалтаар мөн “Хятад-Монголын цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны төв” байгуулах асуудлыг хэлэлцэв. Тус төвийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, бүтээн байгуулалт болон цаашдын үйл ажиллагааг байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахад чиглүүлэх талаар талууд санал солилцжээ.
Төв байгуулах бэлтгэл ажлыг гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний шатны хэлэлцээг зохион байгуулжээ. Цаашдын бэлтгэл ажлын талаар санал солилцож, гуравдугаар үе шатыг эхлүүлэхээр тохиролцсон байна.
Түүнчлэн байгаль орчны салбарын мэргэжилтнүүдийг сургаж, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болжээ. Энэ хүрээнд БНХАУ-ын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг 2026 оны есдүгээр сард Бээжин хотод Монгол, Хятадын цөлжилтийн хяналт, шинжилгээний хамтын ажиллагааны чиглэлээр сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн аж.
Цаашид байгаль орчны чиглэлийн хамтарсан сургалт, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрийг хоёр улсын хэрэгцээ, шаардлагад тулгуурлан хэрэгжүүлэхээр талууд тохиролцжээ.
Үйл явдал
"KHARKHORUM 360°" фестиваль шинэ жишгийг бий болгож байна
Өв соёл, техник технологи, хөгжмийг хослуулсан "KHARKHORUM 360°" фестиваль эхлэхэд 10 хоног үлдлээ. Фестивалийн хүрээнд хөгжим, визуал артыг илүү тухтай орчинд мэдрэх боломжтой White Zone, Blue Zone, Green Zone VIP тасалбар худалдаанд гарчээ. VIP тасалбар захиалах болон дэлгэрэнгүй мэдээллийг 8010-0969 утсаар авах боломжтой.
Дэлхийн хэмжээний фестивалиуд зөвхөн хөгжмөөр хязгаарлагдахгүй, байгаль орчноо хамгаалах, нийгмийн хариуцлагыг дэмжих чиглэлд анхаардаг жишгийг "KHARKHORUM 360°" фестиваль Монголд бий болгож байна. Мөн фестивалийг цаашид тогтмол зохион байгуулахын зэрэгцээ “Хархорин төгөл” санаачилгыг хэрэгжүүлж, урлаг, өв соёл, байгаль хамгааллыг хослуулсан төсөл болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд "KHARKHORUM 360°" фестивалийн зохион байгуулагчид Монгол Улсад энэ сарын 17-28-нд зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын цаг хугацаатай уялдуулан “Хархорин” төслийг жил гаруйн өмнөөс боловсруулж, бэлтгэл ажлыг эхлүүлсэн байна. Энэ хүрээнд “Нэг тасалбар, нэг мод” санаачилгыг дэвшүүлжээ. Өөрөөр хэлбэл, таны худалдан авсан нэг тасалбар бүрд нэг мод тарих юм.
KHARKHORUM 360° фестивалийнхаа тасалбарыг :
EventX.mn | Ticket.mn | Shoppy.mn -ээс аваарай.
🔎 Дэлгэрэнгүйг: https://www.facebook.com/search/top?q=kharkhorum%20festival
Эх сурвалж:www.zms.mn
Үйл явдал
ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа
Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /КОП17/ болно.
Энэхүү олон улсын хуралд Монгол Улсын цөлжилт, газрын доройтлын өнөөгийн төлөв байдлыг танилцуулах албан ёсны шинжлэх ухааны баримт бичиг болох “Монгол орны цөлжилтийн үндэсний тайлан” /атлас/-г шинэчлэн боловсруулсныг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир танилцуулав.
Монгол орны цөлжилтийн үндэсний үнэлгээг 1989 оноос үе шаттай шинэчилж иржээ. Энэхүү атлас нь 1991-2025 оны мэдээ, мэдээлэлд тулгуурласан цөлжилт, газрын доройтлын 6 дахь удаагийн үндэсний хэмжээний үнэлгээ юм. Өмнөх бүртгэлд хамрагдаагүй усны хомсдол, биологийн олон янз байдлын доройтлын үзүүлэлтийг анх удаа хамруулжээ.
Үнэлгээний дүнгээр,
-Монгол орны жилийн дундаж агаарын температур 2.5 хэм нэмэгдсэн
-Нийт нутаг дэвсгэрийн 53.5 хувьд гангийн эрчимжилт нэмэгдсэн
-Нийт газар нутгийн 54.8 хувь нь ус, 34.3 хувь нь салхины элэгдэлд өртөх өндөр эрсдэлтэй
-Нутаг дэвсгэрийн 93.3 хувьд хөрсний чийг буурсан
-Ургамлын бүтээмж 22.3 хувьд буурсан, нийт нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртсөн гэх судалгаа гарчээ.
Үйл явдал
УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах ажлын хүрээнд УИХ-ын дарга С.Бямбацогт болон гишүүдийн төлөөлөл бүтээн байгуулалтын талбайн бэлэн байдал, зохион байгуулалттай танилцлаа.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, СОР17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир хурлын талбайн бэлтгэл, шалган нэвтрүүлэх болон шуурхай штабын зохион байгуулалт зэрэг холбогдох мэдээллүүдийг өгөв.
Хурлын талбайг өнөөдрөөс эхлэн тусгай хамгаалалтад авсан.
Зохион байгуулалтын 97 хувийн гүйцэтгэлтэй байгааг онцоллоо гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.


-
Дэлхий нийтээр..2026/01/30
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 111.587 бүртгэгджээ
-
Дэлхий нийтээр..2021/02/18
“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө&...
-
Үйл явдал2020/12/31
Өнөөдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
-
Дэлхий нийтээр..2023/11/24
Гэр хороололд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулан тохижуулжээ
