Өнөөдөр
“Аэросити” гэснийг “Шинэ Зуун мод хот” гэж өөрчлөхөөр боллоо

УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы 2020 оны тавдугаар сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн “Хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хувилбарыг бэлтгэсэн. Мөн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэснийг дурдав. Мөн Барилга, хот байгуулалтын яам тогтоолын төслийн “Аэросити” гэсэн нэршлийг өөрчлөх асуудлын талаар Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын саналыг авсны үндсэн дээр Засгийн газраас хотын оноосон нэрийг “Шинэ Зуунмод хот” гэж өөрчлөх саналаа Байнгын хороонд ирүүлснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр төрийн зүгээс дагуул хот байгуулахад ямар бодлого барьж байгааг тодруулахын зэрэгцээ дагуул хотын “Алсын хараа-2050” баримт бичигт хэрхэн тусгасныг лавласан.
Барилга, хот байгуулалтын Дэд сайд Б.Мөнхбаатар хариултдаа, Ирэх 20 жилд Монгол Улсын хүн ам механик өсөлтөөр 5 сая болно гэсэн тооцоолол байгаа тул хот суурингуудыг шинэчлэх, өргөтгөх асуудлыг судалж байна. Алсын хараа-25-д энэ бүхэн тусгагдсан гэдгийг онцлов. Цаашдаа шинээр хот байгуулах асуудлыг эдийн засгийн хувьд төрөлжүүлж, шинэ ажлын байртай уялдуулах бодлогыг барина гэж байлаа.
Ингээд Байнгын хорооноос гаргасан саналын дагуу “тогтоолын төслийн “Аэросити” гэснийг “Шинэ Зуунмод хот” гэж өөрчлөхөөр болсон тул уг тогтоолын төслийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Өнөөдөр
Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Дундговийн хойд хэсгээр усархаг бороо орно
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 20-ны өдөр Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Дундговийн хойд хэсгээр ахиухан хэмжээний усархаг бороо орно.
Малчид, иргэд, хадланчдын анхааралд: 20-ны өдөр Төв, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Дундговь аймгийн нутгаар, 20-21-нд шилжих шөнө Төв аймгийн зүүн хэсэг, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025 оны наймдугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно. Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн баруун хагаст сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар 26-31 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ахиу хэмжээний бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 18-20 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 17-19 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 15-17 хэм дулаан байна.
2025 оны наймдугаар сарын 21-нээс 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Наймдугаар сарын 21-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар үргэлжилсэн бороо, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд нутгийн төв хэсгээр нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.
Өнөөдөр
УБЦТС: Энэ долоо хоногт хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны наймдугаар сарын 20-ны Лхагва гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Өнөөдөр
МИАТ: Цаг уурын онцгой нөхцөлөөс шалтгаалан нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орж болзошгүй
МЭДЭГДЭЛ
Энэ сарын 19-25-ны өдрүүдэд нийт нутгийн зарим хэсгээр аянга цахилгаантай бороо орох, салхины эрч ширүүсэх зэрэг цаг агаарын онцгой нөхцөл байдал үүсэх төлөвтэй байгаа тул нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс эдгээр өдрүүдэд олон улсын болон орон нутгийн нислэгүүдэд тодорхой өөрчлөлт орох магадлалтай байгааг үүгээр мэдэгдье.
Цаг уурын онцгой нөхцөлөөс шалтгаалан нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орсон тохиолдолд тухайн нислэгийн зорчигчдын гар утсанд мессежээр болон мэйл хаягаар нислэгийн шинэчилсэн цагийн хуваарийг илгээх болно.
МИАТ ТӨХК