Хэн юу хэлэв...
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “ДЦС-4” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцав
2020-2021 оны өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “ДЦС-4” ТӨХК-д ажиллалаа. Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангахад үндсэн болон туслах тоноглолын их засвар 1156, хөрөнгө оруулалт 603, техник зохион байгуулалтын арга хэмжээний хүрээнд 508 нийт 2267 нэр төрлийн ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна. 2020 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн байдлаар 53.87 хувь, санхүүжилт 25.21 хувийн гүйцэтгэлтэй байна.
“ДЦС-4” ТӨХК-ийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлт 52 хувьтай байгаа талаар салбарын сайдад танилцууллаа. Нүүрсний нөөц 105.823тн, мазутын нөөц 1803тн байна. Энэ үеэр мөн сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээллийг гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг танилцуулсан. 2019 онд турбингенератор №1, 4-ийг өргөтгөх, шинэчлэх төслийг хэрэгжүүлснээр 43МВт-аар хүчин чадлаа нэмсэн бол 2020 онд багтаан №2,3 өргөтгөх, шинэчлэх ажил хийгдэснээр 46МВт-р нэмэгдэх юм. Танилцуулгын төгсгөлд цаашид хийгдэх ажил болон тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өглөө.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өвлийн бэлтгэл хангах ажлыг төлөвлөгөөт хугацаанд дуусгахыг үүрэг болгосон. Мөн инженер, техникийн ажилчдын нийгмийн асуудлыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
“ДЦС-4” ТӨХК нь Монгол Улсын эрчим хүчний төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 58.3 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 55.6 хувийг дангаар үйлдвэрлэж байна.
Хэн юу хэлэв...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичитай утсаар ярив.
Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас учирсан хохиролд сэтгэл зовниж, Монголын ард түмэнд гүнээ харамсаж буйгаа илэрхийллээ.
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас мэргэжлийн баг илгээсэн. Багийн дүгнэлтэд үндэслэн Нөмрөгийн дархан цаазат газрын нөхөн сэргээлтэд хувь нэмэр оруулах хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа Ерөнхий сайд С.Такаичи мэдэгдлээ.
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Засгийн газар түймрийн асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг үе шаттай, үр дүнтэй хэрэгжүүлэхээр болсонд сайшаалтай хандаж, хамтран ажиллахаа илэрхийлэв.
2027 онд тохиох Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхээр санал нэгдлээ.
Найрсаг харилцаатай улс орнуудын хувьд Монгол, Японы Засгийн газрууд хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов.
Хэн юу хэлэв...
Ерөнхий сайд Н.Учрал Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, түймрийн голомт, тархалт, хамарсан хүрээг тогтоож, цаашид түймэр гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас Улсын Онцгой комисс, Сангийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газарт тус тус үүрэг даалгавар өгсөн. Ерөнхий сайд өгсөн үүргийнхээ биелэлтийг хянаж, уулзалт /2026.10.26/ хийлээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ажлын хэсэг ажиллаж байна. Мөн нэмэлтээр мэргэжлийн байгууллагын шинжээч нарын баг газар дээр нь ажиллаж байна. Нийт шатсан газар нутгийн 30 хувьд нь машин техник очих боломжтой. Үлдсэн 70 хувьд нь хүрч ажиллах баг маргааш онгоцоор гарна.
Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд мэдэгдээгүй бүс нутагт нэвтэрсэн асуудал хөндөгдөж байна. Хохирлыг хөрс, газрын хэвлий, ургамал, амьтан, агаар зэрэг байгалийн бүрдэл хэсэг бүрээр нь хуулийн хугацаанд тогтооно. Хэрэг үүсгэн шалгаж байгаа. Шүүхийн шатанд дахин хохирол тогтоох асуудал үүсэхээс сэргийлж Шүүхийн шинжилгээний байгууллагаас мэргэжлийн шинжээчийг одоо ажиллаж буй багт нэмж ажиллуулна зэрэг мэдээллийг өглөө.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян, нисдэг тэрэгний түлш нийлүүлэх машин өнөөдөр, 13:40 цагт Дорнод аймаг руу хөдөлсөн. Зургаан цэгт ажиллахаар төлөвлөсөн гэлээ.
Ерөнхий сайд “Нөмрөгийн дархан цаазат газрын 80 орчим хувь түймэрт өртлөө. Энэ бол зүгээр нэг газар шатсан хэрэг биш. Монгол орны унаган байгаль, ховор амьтан, ургамал, үр хойчдоо өвлүүлэн үлдээх ёстой байгалийн баялаг сүйдсэн ноцтой асуудал. Ийм хохирол учраад байхад хэн ч хариуцлага хүлээхгүй үлдэх ёсгүй. Хэн зөвшөөрөл олгосон, ямар зорилгоор нэвтэрсэн, галын аюулгүй байдлыг хэн хангах ёстой байсан, түймэр гарсны дараа ямар арга хэмжээ авсан болон Мобиком компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг ч хууль, баримтад тулгуурлан шалгах ёстой гэлээ.

Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ. Гэхдээ хөрөнгө оруулагчид хууль, хариуцлагаас чөлөөлөгдөнө гэсэн үг биш. Монголын газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бол Монгол Улсын хууль, тогтоомжийг мөрдөх зарчимтай гэдгийг онцоллоо.
Түймэрт өртсөн газар нутаг, устаж сүйдсэн ургамал, амьтны амьдрах орчин, байгаль орчинд учирсан хохирлыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, нөхөн сэргээх төлөвлөгөө боловсруулж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирт,
Хуулийн дагуу албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй хариуцлага алдсан хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнд,
Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулгад хариуцлага тооцохыг Сангийн сайд З.Мэндсайханд:
Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч Б.Гантөгсөд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэнд тус тус үүрэг болголоо.


Хэн юу хэлэв...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч Александер Дийркс Дрезден хотноо бараалхлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Саксонийн боловсрол, шинжлэх ухаан, соёлын хэлхээ холбоо нь манай хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг, үнэт өв болдог гэдгийг тэмдэглэв.
Энэхүү түүхэн уламжлалыг эдүгээ цагт үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр Саксонийн шилдэг их сургуулиудад олон залуус эрдэм мэдлэгт шамдан суралцаж буйг онцоллоо.
Мөн нэгэн зууны тэртээгээс Саксони муж улсыг зорин ирсэн оюутан залуусыг үеийн үед элэгсэг дотноор хүлээн авч ирсэн Саксони муж улсын ард иргэдэд монгол түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дрезден хотын хүндэт зочны дэвтэрт хүндэтгэлийн үг бичиж, гарын үсэг зурлаа.
-
Чөлөөт бүс2026/03/30
“No Kings” жагсаал АНУ даяар өрнөв
-
Үйл явдал2022/03/25
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
-
Дэлхий нийтээр..2019/08/27
Замын-Үүд боомтод “Цүнхээ шалга” аянг зохион байгуулж байна
-
Үйл явдал2024/02/15
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
