Хэн юу хэлэв...
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны долоодугаар сарын 27-ны өдөр Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын Суурин зохицуулагч Тапан Мишра тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Сайд Н.Энхтайван НҮБ нь манай улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг тууштай дэмжиж, ялангуяа сайн засаглалыг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах, хүүхэд хамгааллын хууль эрх зүйн орчныг сайжруулах, жендерийн тэгш байдлыг хангах, эх нярайн эндэгдлийг бууруулах зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсныг дурдаад Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын системийн байгууллагуудын тэргүүлэх чиглэл бүхий хамтын ажиллагааны хүрээг тодорхойлсон “НҮБ-аас 2017-2021 онд Монгол Улсад үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” бодлогын чухал баримт бичгийн хэрэгжилтийг хангахын төлөө бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.
Түүнчлэн, шинэ төрлийн коронавирус /КОВИД-19/-ын цар тахлын улмаас иргэдийн орлого буурах, ажилгүйдэл нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засагт үүсч буй хүндрэл, сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг хүсэлт болгов.
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра КОВИД-19 цар тахлын эсрэг Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг өндрөөр үнэлж буйгаа дурдаад цаашид КОВИД-19 цар тахлын дараах эдийн засгийг сэргээх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
Уулзалтад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Кумар Ахужа, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн орлогч Нашида Саттар нар мөн оролцов.
Хэн юу хэлэв...
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Хэн юу хэлэв...
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Аудитын байгууллагаас 113 албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаардлага ирүүлжээ. Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн эдгээр албан тушаалтанд хариуцлага тооцохыг салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Хэнд, ямар хариуцлага тооцсон талаар ирэх долоо хоногт олон нийтэд мэдээлэхийг ЗГХЭГ-ын удирдлагуудад Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо.
Мөн Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл, Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан нарыг хууль хяналтын байгууллага, төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн мэдэгдэлд үндэслэн ажлаас нь чөлөөлөв.
Түр томилгоотой байгаа Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга болон төрийн албан хаагчийн албан тушаалд өнөөдрөөс нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа. Засгийн газрын шийдвэр дунд, доод шатанд гацаж, замхарч байгааг Хяналт хэрэгжүүлэх газраас хийсэн шалгалтын дүн харуулж байгаад Засгийн газрын гишүүд хяналт тавьж, хариуцлагатай ажиллахыг анхааруулав.
Хариуцлага тооцохдоо хэлмэгдүүлэхгүй, хууль зөрчсөн нэгнийг хамгаалахгүй зарчим баримтлах ёстойг Ерөнхий сайд хэллээ.
Хэн юу хэлэв...
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
E-zasag.mn-ээр гараашны татвар тэглэх санаалчилга гарч, 20 хоногт 101.097 иргэн дэмжжээ. Олон нийтийн өргөдлийг Ерөнхий сайдын зөвлөх О.Батхүү Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд хүлээлгэн /2026.11.03/ өглөө.
Гарааш бол бизнес хийж ашиг олдог хөрөнгө, тансаг хэрэглээ биш. Автомашинаа хадгалах, хамгаалах зориулалттай дэд бүтэц. Иймд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулж, гэр бүлийн хэрэгцээний авто гарааш, авто зогсоолыг үл хөдлөхийн албан татвараас чөлөөх иргэдийн саналыг уламжилж байгаагаа санаачлагчид хэллээ.

Гараашны татвар тэглэх санаачилга E-Zasag платформоор 100 мянган санал авсан анхны олон нийтийн өргөдөл боллоо. 100 мянган иргэн нэг асуудалд санал нэгдсэн нь олон зуун мянган иргэн, айл өрхийн асуудал байгааг илтгэж байна. Өрхийн хэрэгцээний дулаан гарааш, зогсоолыг татвараас чөлөөлөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд холбогдох хуулийг шинэчлэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд З.Мэндсайханд үүрэг болголоо.
“2027 он хөдөлмөрлөж, хийж бүтээж буй иргэдээ 1.3 их наяд төгрөгийн татварын дарамтаас чөлөөлж, ажлын байр нэмэгдүүлсэн жил байх болно” гэж Ерөнхий сайд хэлээд саналаа илэрхийлж, шийдвэр гаргахад идэвхтэй оролцсон иргэддээ талархал илэрхийлэв.


