Үйл явдал
БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп манай улсад айлчилна
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 07 дугаар сарын 29-нөөс 07 дугаар сарын 31-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Айлчлалын хүрээнд ноён Мустафа Шентоп Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах юм.
Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд 1969 оны 6 дугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан гаргасан дурсгалын маркны нээлтийн ажиллагаанд ноён Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчид оролцоно. Мөн тэрбээр Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн санхүүжилтээр Монголын Улсын Ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивт хэрэгжсэн төслийн нээлтийн үйл ажиллагаанд оролцох юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлд “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг хэвлэн нийлүүлэх төсөл Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн санхүүжилтээр хэрэгжсэн бөгөөд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчид тус төслийн нээлтэд оролцоно.
Хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог юм.
Үйл явдал
Өчигдөр 102 тусгай дугаарт 2136 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үйл явдал
Олон улсын сурагч солилцооны хөтөлбөрт таван хотын 62 төлөөлөгч оролцжээ
“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, хаалтаа хийлээ. Энэ жилийн хөтөлбөрт Улаанбаатар хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаатай Тайландын Бангкок, БНХАУ-ын Хөх хот, ОХУ-ын Эрхүү, БНСУ-ын Намянжү, Японы Мияконожо хотын нийт 62 сурагч, багш, төлөөлөгч оролцжээ.
Оролцогчид долоо хоногийн хугацаанд Монгол Улсын түүх, соёл, өв уламжлал, мөн нийслэл Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалттай танилцсан байна.
Хаалтын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан оролцож, хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын баялаг түүх, өв соёл, үндэсний уламжлал, Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтыг олон улсын хүүхэд, залуучуудад таниулахыг зорьсныг онцоллоо.
Мөн таван хотын сурагчид Монголын уламжлал, орчин үеийн хөгжилтэй танилцаж, шинэ найз нөхөдтэй болсон нь хөтөлбөрийн хамгийн үнэ цэнтэй үр дүн гэдгийг тэмдэглэв.
Тус хөтөлбөр нь хүүхэд, залуучуудын нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, соёлын солилцоог өргөжүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ач холбогдолтой болж өндөрлөжээ.
Үйл явдал
Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг аварчээ
Улсын хэмжээнд энэ оны долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг аварчээ.
Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр үер, усны ослын эрсдэл өндөр бүсүүдэд хийсэн судалгаагаар 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гол, мөрөн, нуурын орчимд байрлах 399 эрсдэлтэй цэгийг тогтоож, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан байна.
Мөн гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн таван дүүрэг, 13 аймгийн 40 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүл тогтмол ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж байгаа аж.
Иймд ОБЕГ-аас иргэд, малчид, аялагчдыг үер, усны ослын эрсдэлийн талаарх сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагын өгч буй заавар, зөвлөмжийг мөрдөн, гол мөрөн, нуурын орчимд сонор сэрэмжтэй байхыг уриаллаа.

