Тод мэдээ
Бизнес эрхлэгчдийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулахаар боллоо

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар МҮХАҮТ болон Бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй цахимаар гурав дахь удаагаа санал солилцлоо.
Цахим уулзалтад МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт болон бизнес эрхлэгчдийн холбоодууд оролцлоо.
Өмнөх хурлаар яригдсан асуудлууд болон одоо үүсээд байгаа хүндрэл, цаашид авах арга хэмжээнүүдийн талаар санал солилцлоо. Тухайлбал: Боомт, ачаа бараа тээвэрлэлт, махны экспорт, ноос, ноолууран бүтээгдэхүүний экспорт, жижиглэн худалдаа эрхлэгчдийн асуудлаар талууд байр сууриа илэрхийллээ.
Шадар сайд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшингөөр ахлуулсан бизнесийн “Зөвлөх баг”-ийг УОК-ийн дэргэд байгуулсан. Бүрэлдэхүүнд салбар бүрийн төлөөллөөс гадна Шадар сайдын зөвлөх Б.Уламбаяр ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт холбоодуудаас ирсэн саналуудыг нэгтгэн холбогдох яамдуудад үүрэг чиглэл өгч, зарим асуудалд албан хариу хүргүүлж, хамтран ажиллаж байгааг танилцууллаа.
Тод мэдээ
Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-нд нээнэ
Зайсангийн зүүн гүүрийг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд авто замын хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын 10-наас хааж, буулгаж, гуравдугаар сараас гүүрийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Харин шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд ашиглалтад оруулах юм.
Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр “Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил дуусах шатандаа орсон. Шинэ гүүр нь нийт найман ширхэг дам нуруутай бөгөөд дээд бүтээцийн есөн алгаслын бэхэлгээний ажил өнөөдөр дуусна. Алгаслын тэгшилгээний үе дууссаны дараагаар гүүрний хучилт болон хоёр талын дөхөх замын хучилтыг хийнэ. Мөн явган хүний зам, гэрэлтүүлэг болон гадна талын хайсыг байрлуулах ажил хийгдэх бөгөөд гүүрний авто замын хөдөлгөөнийг энэ сарын 30-ны өдөр нээхээр төлөвлөж байна” гэв.
Тод мэдээ
ЕБС-иуд 2024-2025 оны хичээлийн жилд танхимаар бүрэн хичээллэж дуусав
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцэд 2014 оноос 2024 оныг дуустал 10 жилийн хугацаанд нийт 12 удаагийн өөрчлөлт орсон байна. Энэхүү 10 жилийн хугацаанаас 4 жилд нь 3 улиралтай, бусад 6 жилд нь 4 улиралтай байсан.
Энэ хугацаанд нийт 6 удаа хичээлийн жилийн явцад өөрчлөлт оруулж байжээ. Энэ нь өвлийн хүйтрэлт, агаарын бохирдол, цар тахал, ханиад томууны тархалт, олон нийтийн шахалт шаардлага зэргээс хамаарч байв. Ийнхүү сургуулийн танхимын хичээл завсардаж цахимд шилждэг, улирлын амралтууд гэнэт өөрчлөгддөг байдал үргэлжилсээр 2024 онтой золгожээ.
Харин 2024-2025 оны хичээлийн жил батлагдсан бүтцийнхээ дагуу танхимд бүрэн хичээллэж, өнгөрсөн долоо хоногт дууссан байна.
Тод мэдээ
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллага 2025 оны зургаадугаар сарын 9-13-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 54.140 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллалаа.
Дээрх хугацаанд 1157 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 621 хэрэг шинээр нээж, 183 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 73, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 47, Өмчлөх эрхийн эсрэг 37, Авлигын 7, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 6, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 3, Эдийн засгийн 2 хэрэг байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
Нийслэлийн прокурорын газраас Гаалийн ерөнхий газрын Гашуунсухайт дахь гаалийн газарт ажиллаж байсан Х.Н нь Цагаан хад суурьшлын бүсэд улс хоорондын ачаа тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компанийн нүүрс тээврийн үйл ажиллагааг гаалийн хяналт шалгалтаар саадгүй нэвтрүүлэх ашиг сонирхлын үүднээс бусдаас хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
Баян-Өлгий аймаг дахь Монгол банкны салбарын албан тушаалтнаар ажиллаж байхдаа Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулдаг худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад зохих журмын дагуу хамрагдаагүй байж, шалгалтад тэнцсэн мэтээр гэрчилгээ гаргуулахаар бусдад хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх /-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,
Иргэн Б.У нь Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор зорчин ирэхдээ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын төрлийн зүйлийг тээшиндээ нуун улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3/Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.
-
Тод мэдээ2023/02/08
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНТУ-ын Ерөнхийлөгчид эмгэнэл илэрхийлэв
-
Тод мэдээ2024/11/15
Үл таних хүмүүстэй архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад зодуулж, нас...
-
Өнөөдөр2022/03/17
Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
-
Тод мэдээ2022/08/03
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад албан ёсны айл...