Тод мэдээ
Хууль бусаар нарс модыг бэлтгэн, тээвэрлэж явсныг илрүүллээ

Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалтай газрын Онцгой бүс Чандмань Өндөр сумын Доншиг гэх газраас хууль бусаар мод бэлтгэсэн, Өвөрхангай аймагийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хууль бусаар нарс модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэн, тээвэрлэж явсныг тус тус илрүүлэн шалгаж байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйл. Хууль бусаар мод бэлтгэх
1.Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.байнга тогтвортой;
2.2.бүлэглэж;
2.3.улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд;
2.4.төрийн албан хаагч үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба
Тод мэдээ
АНУ: Аялал жуулчлал, ажил хэргийн шугамаар зорчих Замби, Малави улсын иргэдээс визийн барьцаа шаардана
АНУ-ын Төрийн департамент аялал жуулчлал болон ажил хэргийн шугамаар зорчих Бүгд Найрамдах Замби Улс, Бүгд Найрамдах Малави Улсын иргэдэд виз мэдүүлэхдээ 15.000 ам.доллар хүртэл барьцаа төлөх шаардлагыг тавьж эхэлснийг зарлалаа.
Тус шаардлага нь дэлхийн хамгийн ядуу орнуудын тоонд багтдаг дээрх хоёр улсад “визийн хориг” тавьсантай адил гэж зарим хүмүүс үзэж байна.
Визийн хугацаа хэтрүүлэх явдлыг хязгаарлах зорилгоор хэрэгжүүлж буй энэ арга хэмжээ нь “виз олгох баталгаа болохгүй” хэмээн мягмар гарагт нийтэлсэн тус мэдэгдэлдээ анхааруулсан бөгөөд тодорхой нөхцөлийг хангасан тохиолдолд барьцааг буцаан олгох юм. Тухайлбал, виз мэдүүлсэн иргэн зөвшөөрөгдсөн хугацаанд багтаж АНУ-аас гарсан, эсвэл визийн хүчинтэй хугацаанд АНУ-д зорчоогүй зэрэг тохиолдолд барьцааг автоматаар буцаан олгоно.
Малави Улсын Хүний эрхийн комиссын дарга, хуульч Хабиба Османы хэлснээр энэ барьцаа нь шударга бус бөгөөд жинхэнэ зорчих иргэдэд санхүүгийн хүнд дарамт болж байна гэжээ.
Ирэх саруудад Африк тивийн олон улсын хувьд АНУ руу зорчих нөхцөл улам хүндэрч болзошгүй байна. Хоёр сарын өмнө Африк тивийн долоон улсад АНУ-д нэвтрэх хориг, гурван улсад хэсэгчилсэн хязгаарлалт тавьсан.
Мөн түүнчлэн одоогоор төлөвлөж буй нэмэлт хориг хэрэгжвэл Баруун Африкийн дийлэнх улсын иргэдийг АНУ руу зорчихыг бүр мөсөн зогсоох магадлалтай байна.
Эх сурвалж: ГИХГ
Тод мэдээ
Дэлхий дахинаа гадаад оюутнуудын урсгал Их Британи, Ази болон Дундад Ази руу чиглэжээ
АНУ нэгэн цагт гадаад оюутнуудын хамгийн их хүсдэг, мөрөөдлийн улс байсан бол өдгөө энэ байр сууриа алдаж эхэлжээ. Учир нь АНУ-ын Засгийн газраас баримталж буй цагаачлалын хатуу бодлого, визийн нөхцөл, шаардлагыг чангатгаж буй нь АНУ-ын нэр хүндтэй сургуулиудад элсэн суралцах хүсэлтэй оюутнуудын тоо буурахад нөлөө үзүүлж байна.
Үүний улмаас АНУ-ын нэр хүндтэй их, дээд сургуулиудад суралцах хүсэлтэй оюутнуудын тоо эрс буурч, тэдний дийлэнх нь Их Британи, Ази тивийн орнууд болон Дубай, Сингапур зэрэг шинэ чиглэлүүдийг сонгох болжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр АНУ-д суралцах хүсэлтэй оюутнуудын тоо 30-40 хувиар буурсны улмаас тус улс 7 тэрбум долларын эдийн засгийн алдагдал хүлээх эрсдэлтэй байна. Харин Их Британид эсрэгээрээ олон улсын бакалаврын түвшний элсэлт 2.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Цар тахлын дараах нөхцөл байдал ч оюутнуудын сонголтод өөрчлөлт оруулжээ. Соёлын хувьд ижил төстэй, дасан зохицоход хялбар орнуудад суралцах хандлага эрчимжиж, Малайз, Хонгконг, Сингапурт суралцах сонирхол ихэссэн байна. Тухайлбал, Хонгконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн бакалаврын элсэлт 40 хувиар нэмэгдсэн байна.
Мөн өмнө нь боловсролын чиглэлээр тэр бүр анхаарал татдаггүй байсан Арабын Нэгдсэн Эмират улсын гадаад оюутнуудын тоо 2024-2025 онд 33 хувиар өсжээ. Дубайд байрлах олон улсын сургуулиудын салбар кампусууд өргөжин хөгжиж, бүс нутгийн боловсролын шинэ төв болон төлөвшиж байна.
Үүнтэй адил Illinois Tech, Arizona зэрэг АНУ-ын их сургуулиуд Казахстан улсад салбараа нээж, Төв Азийг олон улсын боловсролын шинэ зангилаа болгох алхмууд хийгдэж байна.
Эх сурвалж: ГИХГ
Тод мэдээ
Цахилгаан дугуй, скүүтэрийн зогсоол хийж байна
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр өнгөрсөн зургаадугаар сарын 18-нд явган зорчигчийн зам дээр замбараагүй байршуулсан мопед, скүүтэрийг цэгцлэх асуудлаар “Eco bike”, “Таbо” компанийн төлөөлөл болон Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын хөгжлийн газрын удирдлагатай уулзсан.
Энэ үеэрээ гудамж талбайд эмх замбараагүй байршуулсан цахилгаан дугуй, скүүтэрийг тодорхой таних тэмдэг бүхий зогсоолтой болгохыг Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаярт үүрэг болгосон.
Тэгвэл өчигдрөөс Бага тойруу дотор 105 байршилд 2460 ширхэг цахилгаан дугуй, мопед, скүүтэрийн тэмдэг тэмдэглэгээ бүхий зогсоолыг хийж эхэллээ.
Өнөөдрийн байдлаар Мөнгөн завъяагийн уулзвараас СУИС-ын уулзвар хүртэл 250 скүүтэр, мопед байршуулах боломжтой зогсоолыг тэмдэглэж байна.
Зориулалтын тэмдэг тэмдэглэгээ бүхий зогсоолд скүүтэр, мопедоо байршуулаагүй, явган иргэдийн зорчих хэсэгт саадтай, эмх замбараагүй байршуулсан түрээсийн үйлчилгээ эрхлэгч компанийн цахилгаан дугуй, скүүтэр, мопедыг наймдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн журамлаж ачих бөгөөд мотоцикл, суррон, мопед, скүүтэр тус бүрийг 30.000 төгрөгөөр торгох хүртэл арга хэмжээ авах гэнэ.
Түрээсийн үйлчилгээ эрхлэгчид өөрсдийн техникээ арчлах, зориулалтын зогсоолд байршуулах, иргэдэд төвөг, чирэгдэл болохгүй байх зэрэг үүргийг хүлээх юм.
Тээврийн цагдаагийн албанаас өгч буй мэдээллээр мопед, скүүтэрийг өдөрт дунджаар 18000 орчим хүн түрээсээр ашигладаг бөгөөд гудамж талбай, авто болон явган хүний зам, гарц, гүүр зэрэгт орхих, замбараагүй байршуулсаар байгаа нь хотын өнгө үзэмж, иргэдийн явганаар зорчих хөдөлгөөнд саад учруулж байна гэх гомдлын шалтгаан болсоор байна.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
-
Тод мэдээ2023/01/31
Автомашины нүүрсэн яндан хулгайлдаг 45 хүнийг баривчилжээ
-
Өнөөдөр2021/08/13
Улаанбаатарт өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
-
Тод мэдээ2023/10/26
НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг аравдугаар сард багтаан олгоно
-
Тод индэр2020/06/03
Т.Баярхүү: ТЕГ 948 хүнд холбогдох 700 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа яв...