Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа
Монгол Улсын Их Хурал 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэсэгчилсэн хориг тавьж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-ын дарга Гомбожавын Занданшатарт /2020.11.20/ хүргүүлсэн албан бичигт, УИХ-ын гишүүд авлигатай тэмцэх асуудалд ул суурьтай хандахын оронд үгсэн хуйвалдсан, хэт дур зоргын байдлаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж, нэг нам, бүлэглэлийн эрх ашгийг хамгаалсан, тэдний хүсэл сонирхолд нийцүүлсэн хуулийг Хууль тогтоомжийн тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зүйл, заалт, зохицуулалтыг бүрэн зөрчин баталсан гэжээ.
Тухайлбал, хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага байхаар хуульчилсан, тийм ч байх ёстой Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайд буюу улс төрийн намын даргын саналаар томилох тухай өөрчлөлтийг Авлигын эсрэг хуульд оруулсан нь Монголын ард түмнийг авлигачдын өмнө бөхийлгөж, Монгол төрийг авлигачдадаа бүрэн бууж өгөхөд хүргэж байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу хөрөнгө орлогоо тогтмол мэдүүлэх замаар Авлигатай тэмцэх газрын хяналтад байх нийт 41,686 албан тушаалтан байдаг. Эдгээр албан тушаалтны 170 нь Улсын Их Хурлаас тус тус томилогддог бол 8,053 нь бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, төлөөлөгч, үлдсэн 33,428 нь Засгийн газар, Засгийн газрын агентлаг, түүний харьяа байгууллага, түүнчлэн Ерөнхий сайдын удирдлага дор ажилладаг Засаг дарга нар, тэдгээрийн харьяа байгууллагуудын албан тушаалтнууд байгаа юм.
Дээрх тоон үзүүлэлт нь Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын саналаар томилдог болсон тохиолдолд Монгол Улсын Авлигатай тэмцэх газар авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ямар ч чадваргүй, бас боломжгүй болохыг, цаашид зөвхөн эрх баригч намын үүрэг, даалгавраар ажиллахыг бүрэн тодорхой харуулж байна.
Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хууль нь эрх баригчдын зүгээс 60 тэрбумын, ЖДҮ-ийн, оффшор, концесс, тендерийн хэрэгт холбогдогсдоо хуулийн аргаар цайруулах, зөвхөн үүний тулд хууль, шүүхийн байгууллагуудыг ямар ч хяналт-тэнцэлгүйгээр өөрсдийн нөлөөлөлд бүрэн оруулж, Үндсэн хуулийн үзэл санаа, үндэслэлийг үл тоосон хуулиудаар эрхшээл, дарлалдаа авч байгаагийн эхлэл юм хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч албан бичигтээ онцолжээ.
Түүнчлэн хуулийн энэхүү өөрчлөлт нь Монгол Улсын эрх ашиг, аюулгүй байдал болон Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын холбогдох заалт, Үндсэн хуулийн аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус нийцэхгүй, Авлигатай тэмцэх байгууллагын удирдлагыг аливаа зүй бус нөлөөлөл, үүний дотор улс төрийн нөлөөллөөс ангид байлгах нөхцөлийг хангах талаар олон улсын өмнө хүлээсэн Монгол Улсын үүрэг бүрэн зөрчигдөхөд хүргэж байгааг дээрх албан бичигт тэмдэглэжээ.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
-
Дэлхий нийтээр..2023/04/26
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
-
Дэлхий нийтээр..2021/03/12
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл технологийн салбарын төлөөлөлтэй уулзав
-
Дэлхий нийтээр..2023/09/04
АТГ: “Шударга байдлын үнэлгээ”-нд одоогоор 9124 хүнийг хамруулаад ба...
-
Үйл явдал2021/03/12
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
