Тод мэдээ
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчидтэй “Хариуцлагын гэрээ” байгуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Монголын Ресторан, зоогийн газрын холбоо, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын төлөөллүүдтэй уулзаж, санал солилцлоо.
Уулзалтаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 3500 гаруй ресторан, зоогийн газар, кофе шопын үйл ажиллагааг дэмжиж нээх талаар хэлэлцсэн юм. Хотын дарга Д.Сумъяабазар үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлээд “хаах, торгох бодолгүй байгаа” гэлээ. Харин тус байгууллагуудтай “Хариуцлагын гэрээ” байгуулан халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэн, үйл ажиллагааг нь эхлүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ. Тус хариуцлагын гэрээг байгуулсан аж ахуй нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой болох юм. Харин гэрээнд заагдсан халдвар хамгааллын дэглэмийг мөрдөөгүй тохиолдолд хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээг авна гэдгийг сануулсан юм.
Монголын ресторан, зоогийн газрын холбооны төлөөллүүд нийтийн хоол, үйлчилгээний газрууд хамгийн эрсдэлтэй бүс гэдгийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлээд удаан хугацаанд үйл ажиллагаа нь доголдсон аж ахуй нэгжүүд дээрх хариуцлагын гэрээг байгуулан, мэргэжлийн байгууллагуудаас тавих шаардлагыг чанд мөрдөн ажиллана гэлээ. Энэ сарын 26-ны 12:00 цагт Соёлын төв өргөөнд аж ахуйн нэгжүүдийг хүлээн авч “Хариуцлагын гэрээ”-г байгуулах юм.
Тод мэдээ
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” жилд 8000 цаг ажиллаж, 35 МВт эрчим хүч үйлдвэрлэнэ
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар Монгол Улсын хэмжээнд анх удаа хэрэгжих томоохон бүтээн байгуулалтын нэг “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих түншлэлийн гэрээг өнгөрөгч сард байгуулсан. Төслийн гүйцэтгэгчээр Рэншоу Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах ХХК шалгарсан юм.
Өдөрт 1500 тонн хог шатаах хүчин чадалтай үйлдвэрийг Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн даваанд 10 га газарт барих хөрөнгө оруулалтын хэмжээ 206.5 сая ам.доллар байх бөгөөд бүтээн байгуулалтыг 30 сарын хугацаанд гүйцэтгэж, 28 жилийн дараа төрд шилжүүлнэ. Тус үйлдвэр нь жилд 8000 цаг ажиллаж, 35 МВт хүчин чадал бүхий цахилгаан эрчим хүч түгээнэ.
Нийслэлийн хэмжээнд гурван төвлөрсөн хогийн цэгт нийлүүлж буй нийт хог хаягдлын 11.4 хувийг дахин боловсруулж, 88.6 хувийг булж устгаж байна. Хогийг булж устгах арга нь метан хийг ихээр ялгаруулдаг, байгаль орчинд сөрөг нөлөө ихтэй. Тиймээс хогийг булж устгахгүйгээр шатаах аргаар эрчим хүч гаргаж авах дэвшилтэт технологи бүхий “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр”-ийг барих юм.
Сүүлийн жилүүдэд “Urban mining” гэдэг ойлголт дэлхийн хотуудад дэлгэрч байна. Энэ нь өмнөх жилүүдэд булсан хогийг буцаан ухаж, шатаан эрчим хүч үйлдвэрлээд байгаль экологио 100 хувь сэргээх ойлголт юм. Тус төсөл нь Монгол Улсад экологийн чухал ач холбогдолтой. Шатаах үйлдвэрт зөвхөн Улаанбаатар хотын хог хаягдлыг шатаагаад зогсохгүй, Төв аймгийн Зуунмод хот, Алтанбулаг, Сэргэлэн сумдын хогийг үнэ төлбөргүй шатаана. Мөн Улаанчулуут, Цагаандавааны хогийн цэгүүдэд ойрын 10 жилд дарагдсан хогийг ухаж авч, шатаан байгаль экологио бүрэн цэвэрлэнэ.

Тод мэдээ
Хром, хар тугалгын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-9 дахин их илэрч байна
Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори Нийслэлийн 9 дүүргийн 100 гаруй цэгт хөрсний сорьц авч агро химийн болон хүнд металлын 16 төрлийн бохирдуулах бодисын хэмжээг MNS стандарт аргачлалын дагуу тодорхойлж байна.
2020-2024 онуудын хүнд металлын хяналт шинжилгээний дүнгээр Цинк, Стронци тогтвортой бууралттай, Хар тугалаг, Хром, Цайр өсөх хандлагатай, Зэс, Кобальтын агууламж бага зэрэг хэлбэлзэлтэй, Мөнгөн ус, Bорын агууламж 2024 онд бараг тэг болж буурсан байна.
Хром, хар туглагын бохирдол Монгол Улсын хөрсний эрүүл ахуй MNS5850:2019 стандартаас 3-9 дахин их илэрч байгаа ба Харгиа арьс ширний үйлвэрийн орчим, Цагаан чулуутын хогийн цэгийн орчим, ДЦС-3 орчимд стандарт хэмжээнээс их, бусад цэгүүдэд стандарт хэмжээнээс даваагүй ч, байгалийн Фон хэмжээнээс өндөр агууламжтай байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Тод мэдээ
АТГ: Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 4 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 11 дүгээр сарын 10-16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 84 гомдол, мэдээллийг шалгасан байна. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 66 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 934 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 20 хэргийг хаах, 5 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 898 хэрэг шалгагдаж байна.
Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 4 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 4 мөрдөгчийн мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагад хүргүүлэв.
-
Өнөөдөр2024/07/29
Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл өнөөдөр эхэлнэ
-
Тод индэр2021/08/31
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гавьяат тамирчин Э.Содномпилжээтэй утсаар ярьж, баяр ...
-
Өнөөдөр2024/05/20
"Булевиртид" эмийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төсли...
-
Тод мэдээ2020/12/04
Орос-Монголын залуучуудын цахим уулзалт боллоо
