Дэлхий нийтээр..
Д.Сумъяабазар: Бизнес хийх гэж буй иргэдээ дэмжих ёстой болохоос хааж боох, торгох ёсгүй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар наймдугаар сарын 3-нд болсон НОК-ын хурлаар “Алтан намар” төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг зохион байгуулах үүргийг холбогдох албаныханд өгсөн. Энэ дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн есөн дүүргийн 24 байршилд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөж, эхнээсээ үйл ажиллагаа явуулаад эхэлсэн.
Харин Баянгол дүүргийн 1000 машины зогсоолд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс тодорхой хариу өгөөгүйн улмаас хугацаа алдаж, ногоочдыг бухимдуулсан. Иймээс өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан тус байршилд ажиллаж, иргэд, ногоочидтой уулзлаа.

1000 машины зогсоол дээр ногоо худалдаалах 160 гаруй лангуу байгуулснаас орох хэсгийн лангуунууд эзэнтэй болсон тул ногоочид бусад сул байршлыг голж, хоорондоо булаацалдсанаар тэдний дунд маргаан дэгдээд байгаа аж. Хотын дарга уг асуудлыг яаралтай шийдэж, ашигтай байрлалыг нэг хүнд дангаар нь олгохгүй байх, ногоочид, худалдаачдыг дэмжиж, ашигтай байрлалыг хуваан өгөх зохицуулалт хийхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Түүнчлэн тэрбээр 1000 машины зогсоолын талбайд хавар, намартаа ногоо худалдаалдаг, бусад үед худалдаачид ашигладаг байх ёстой хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Худалдан авагч иргэдийн зүгээс орц, гарцыг тусгаарлан шийдэх, ногооны лангуунуудыг дугаарлах, ногоо тээвэрлэн орж ирсэн машинуудыг эргэн гаргах, зогсоолыг шийдвэрлэх санал гаргасан бөгөөд иргэдийн тусгасан санал, санаачилгуудыг хэрэгжүүлэн ажиллах хэрэгтэйг Хотын дарга холбогдох албаныханд анхаарууллаа.

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хот бол бизнес эрхлэгч нартаа ээлтэй байх ёстой. Худалдаа наймаа, бизнес хийх гэж буй иргэдээ дэмжих ёстой болохоос хааж боох, торгож шийтгэх ёсгүй. Төрийн захиргааны алба хаагчид үүнийг хатуу ойлгож, хүнд сурталгүй, дарамтгүй, авлигагүй байж, бүх талын туслалцаа дэмжлэгийг иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх хэрэгтэй. Ковид гээд аж ахуйн нэгж, иргэд туйлдаж, хүнд байдалтай байгаа энэ цаг үед бид аль болох тэднийг дэмжих хэрэгтэй байна” хэмээсэн юм.

Түүнчлэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Стандарт, хэмжил зүйн газартай хамтран, жин хэмжүүрийг баталгаажуулах, хүнсний ногоонд нь үнэгүй шинжилгээ хийн, баталгаажуулж байгаа бөгөөд ямар нэгэн байдлаар торгууль, шийтгэл тавихгүй байгаагаа мэдэгдэж байлаа. Үүнээс гадна худалдаа эрхлэгчдээс түрээсийн мөнгө авахгүй, зөвхөн хог, цэвэрлэгээний мөнгө авахаар зохицуулалт хийжээ.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Дэлхий нийтээр..
Нью-Йорк дахь холбооны барилгын гадна гал тавьж, гал нээсэн этгээдийг баривчилжээ
АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт байрлах холбооны захиргааны барилгын гадна гал тавьж, агаарын буугаар гал нээсэн хэрэг гарсны дараа сэжигтнийг газар дээр нь баривчилжээ.
Холбооны мөрдөх товчоо (FBI)-ны мэдээлснээр, 43 настай, АНУ-ын армийн ахмад дайчин Эндрю Аррабака гэгч этгээд 26 Federal Plaza барилгын гадна шатанд шатамхай бодис асгаж гал тавин, салют буудуулсны зэрэгцээ агаарын буугаар хэд хэдэн удаа буудсан байна. Уг барилгад АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE), Холбооны мөрдөх товчоо (FBI) болон бусад холбооны байгууллагууд байрладаг юм.
Хэргийн улмаас гурван хүн хөнгөн гэмтэл авсны дотор холбооны хоёр ажилтан болон цагаачлалын шүүхийн сонсголд оролцохоор ирсэн нэг иргэн байсан гэж албаныхан мэдээлжээ. Холбооны хамгаалалтын албаныхан болон хамгаалалтын гэрээт ажилтан сэжигтнийг богино хугацаанд саатуулсан байна.
FBI-гийн мэдээлснээр, сэжигтэн баривчлагдах үедээ төрийн байгууллагын эсрэг байр суурь илэрхийлсэн бөгөөд түүний эзэмшилд сүх, хутга, алх, мачете зэрэг бусад зэвсэг байсан аж. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэргийг терроризм гэж ангилах эсэх талаар эцсийн шийдвэр гараагүй байна.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
-
Дэлхий нийтээр..2022/11/29
Нөхцөл байдлыг сайтар судлах замаар авлигатай хэрхэн үр дүнтэй тэмцэх вэ
-
Тод зураг2020/03/18
Гашуун сухайт, Шивээ хүрэн боомтоор өдөрт нийт 500 тээврийн хэрэгслийг гаргаж ор...
-
Дэлхий нийтээр..2023/06/14
Есөн чиглэлд нислэг сэргээж, тийзний үнийг 2-2.5 дахин буурууллаа
-
Дэлхий нийтээр..2024/01/10
2024 оны нэгдүгээр сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
