Дэлхий нийтээр..
НОК УИХ-ын Түр хороонд ажлаа тайлагнав
УИХ-д Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороог байгуулсан.
Тус Түр хорооны ээлжит хуралдаан өчигдөр болж, Нийслэлийн Онцгой комисс /НОК/-ын хийж, хэрэгжүүлж буй ажил, цар тахлын өнөөгийн нөхцөл байдал, нийслэлд боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа хэрхэн явагдаж, халдвар хамгааллын дэглэм хэрхэн барьж байгаа тухай хэлэлцлээ. Хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НОК-ын дарга Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Даваасүрэн, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон дүүргүүдийн Засаг дарга нар оролцлоо.
Д.Сумъяабазар: Бид хамтдаа, хариуцлагатай байж цар тахлыг давна

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар: -2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд дотоодод халдвар илэрснээс хойш НОК цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллаж байна. Эрсдэлийн үнэлгээ, судалгаа, шинжилгээний баг, мэдээлэл технологийн баг, санхүү хангалтын баг зэрэгт нутгийн захиргааны 103 албан хаагч ажиллаж байгаа. Дэлхийн 15 улсын цар тахалтай тэмцэж буй туршлагыг судалж, халдвар хамгааллын дэглэмийг бариулахад онцгойлон анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт дөрвөн удаа шилжиж, хэв журам, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхэд онцгойлон анхаарахын дээр халдвар авсан иргэдийг эмчлэн сувилах ажлуудыг хийж ирсэн юм. Нийслэлийн хэмжээнд 8700 орчим албан хаагч өдөр тутмын шуурхай ажиллагаанд оролцон ажиллаж байгаа.
Худалдаа, үйлчилгээний салбарынхныг дэмжих үүднээс “Хариуцлагын гэрээ” байгуулан, цагийн хуваарийн дагуу ажиллуулж байна. Дэлхий нийтээрээ ковидтой тэмцэхийн хажуугаар эдийн засгаа элгээр нь хэвтүүлэхгүйн төлөө ажиллаж буй. Халдварын тархалт ихэссэнтэй холбогдуулан хэвтэн эмчлүүлэх орны тоог нэмэгдүүлэх үүднээс Яармаг дахь нийслэлийн захиргааны байранд 145 ортой эмнэлэг байгуулан ажиллуулж байна. Уртасгасан цагаар ажиллах эмийн санг нэмэгдүүлж, 15 эмийн сан 24 цагаар, 28 эмийн сан уртасгасан цагаар ажиллаж байгаа. Энэ мэтчилэн яаралтай арга хэмжээг авч явуулж байгааг хэлье гэлээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дархлаажуулалтын өнөөгийн байдлын талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн нийт хүн амын 74 хувь нь нэгдүгээр тун, 70 хувь нь хоёрдугаар тун, сэргээх тун буюу гуравдугаар тунд найман хувь буюу 100 мянга орчим хүн хамрагдаад байгаа аж. Өнөөдрөөс эхлэн сахуу татран, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, мөн ковидоос сэргийлэх гуравдугаар тунг хийж байна. “Ковид-19” өвчний давлагаа сүүлийн саруудад өндөр байна гэсэн мэдээллийг өглөө.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нийслэл дэх боловсролын байгууллагын сургалтын үйл явцын талаар танилцууллаа. 4-5 настай хүүхдийг цэцэрлэгийн орчинд, 2-3 настай хүүхдүүдийг гэр бүлийн орчинд нь хүмүүжүүлэхээр түр журамд заасныг онцлов. Одоогоор цэцэрлэгт 74 мянга гаруй хүүхэд явж байна. Ерөнхий боловсролын сургуулийн хувьд 5/9 зарчмаар хичээллэж байгаа. Энэхүү зохицуулалтын ач холбогдол нь хүүхэд ямар нэг байдлаар халдвар авсан байлаа гэхэд гэрээр хичээллэх ес хоногтоо илрэх боломжтой гэж үзэж буй. Нийт 280 сургуулиас 49 сургууль нь бүтэн танхимаар хичээллэж байгаа бол таван сургууль дан цахим хэлбэрээр хичээллэж байгаа аж. Үлдсэн нь 5/9 зарчмаар хичээллэж байгаа юм байна.

УИХ-ын Түр хорооны гишүүд НОК болон холбогдох албан хаагчдын мэдээллийг сонсож, хувь хүний хариуцлагыг өндөржүүлэх чиглэлд илүүтэй анхаарч ажиллахыг санууллаа. Үйлчилгээний байгууллагууд л гэхэд ажиллах цаг болоод “Хариуцлагын гэрээ”-гээ ягштал биелүүлэхэд анхаарах нь зүйтэй гэдэг саналыг хэлсэн юм. Үүний хариуд Хотын дарга “Бид аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдээ дэмжихийн төлөө байгаа. Аль болох боломжтой байдлаар нь, хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа нээх боломжийг олгож байна. Нөгөө талд аж ахуйн нэгжүүд өөрсдөө хариуцлагатай байх шаардлагатай. Бид хамтдаа, хариуцлагатай байж, цар тахлыг давна” хэмээн хариуллаа.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
-
Дэлхий нийтээр..2020/07/30
Зургаан орноос 165 иргэн эх орондоо ирлээ
-
Дэлхий нийтээр..2021/06/14
МЗХ залуучуудын санаачлагыг дэмжин ажиллахыг У.Хүрэлсүхээс хүслээ
-
Дэлхий нийтээр..2025/01/17
АТГ: Хуулийн хэрэгжилтийг хангуулах албан бичиг хүргүүлэв
-
Үйл явдал2025/02/24
Өнөөдөр улсын дугаарын сүүлийн орон сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
