Дэлхий нийтээр..
УИХ: Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа
УИХ-ын чуулганы 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/ -ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Монгол Улсын Засгийн газар Коронавируст цар тахал /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх, ард иргэдээ хамгаалах, цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах, даван туулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Энэ хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас чанар, аюулгүй байдлыг судлан баталгаажуулж, урьдчилан зөвшөөрөл олгоcон вакцинаас Монгол Улсад импортлох, вакциныг хадгалах хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг шинэчлэх, дархлаажуулалт хийх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх зэрэгт шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг хөгжлийн түншүүдтэй яриа хэлэлцээ хийж, баталгаажуулаад байна хэмээн танилцуулгын эхэнд дурдав.

Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 23-ны өдрийн хуралдааны 36 дугаар тэмдэглэл, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны санал, дүгнэлтүүд, Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны долоодугаар сарын 6-ны өдрийн 117 дугаар захирамжийг үндэслэн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (АДБХОБ)-ны 21.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх “КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл”-ийн зээлийн хэлэлцээрт 2021 оны долоодугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурсан байна.
Энэхүү төслийн санхүүжилт нь Монгол Улс, Азийн хөгжлийн банк хооронд 2021 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр байгуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2020 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр соёрхон батлагдсан “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хүрээнд Азийн хөгжлийн банк /АХБ/-тай 2021 оны тавдугаар сарын 28-ны өдөр байгуулж, хэрэгжүүлж эхлээд байгаа “КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээг дэмжих төсөл”-ийн хамтарсан санхүүжилт юм гэлээ.
Төслийн хүрээнд ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн, хатуу зохицуулалттай улс орноос яаралтай нөхцөлд ашиглах зөвшөөрөл авсан, эсхүл КОВАКС хөтөлбөрийн хүрээнд зөвшөөрөгдсөн Ковид-19-ийн эсрэг вакциныг худалдан авах, олон улсын тээвэрлэлтийг санхүүжүүлэх бөгөөд АДБХОБ-ны эх үүсвэрийн 50 хүртэл хувиар БНХАУ-ын ВероСелл вакциныг худалдан авсан зардлыг нөхөн санхүүжүүлэх юм байна. АДБХОБ-ны хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм байна.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Х.Баделхан зээлийн хэлэлцээрийн төслийн эх үүсвэрийн нөхцөлийн талаар, УИХ-ын гишүүн Д.Ганбат зээлийн төслийн зарцуулалт, зориулалт, вакцины хадгалалт, тээвэрлэлт, үр дүн, чанарын талаар, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан КОВИД-19-ийн цар тахлын вакцины нийт зарцуулалт, хэдэн хувийг зээлийн эх үүсвэрээс санхүүжүүлсэн, мөн зээлийн хэлэлцээрийн төслийн зарцуулалт, вакцины чанар, аюулгүй байдлын талаар, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны зээлийн хүүгийн талаар, вакцины үнэ, цаашид авах вакцины хэмжээ, төрлийн талаар асуулт асууж, хариулт авсан гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар бага хүүтэй, хөнгөлөлттэй, урт хугацаатай зээл авах хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд Засгийн газрын өрийн тааз зээл авах бололцоотой байгаа, Өмнөговь аймгийн Цагаанхад суурьшлын бүсэд шинжилгээ авахад ашиглаж байгаа оношлуур, техник, төхөөрөмжийг бусад боомтод ашиглаж байгаа оношлууртай ижил болгох, авч байгаа шинжилгээний хариу үнэн, зөв гарч байгаад хяналт тавих, баталгаажуулах, мэдээ, мэдээллээр хангахад анхаарах, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан олон улсын байгууллагаас хөнгөлөлттэй, бага хүүтэй, урт хугацаатай зээл авч байгаад талархал илэрхийлээд хэлэлцээрийн төсөлд тусгасан заалтуудыг эргэн нягтлах, зээлийн зориулалт, зарцуулалт, боомтууд дээр ашиглаж байгаа техник, тоног, төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, төсөлд тусгасан тээвэрлэлтийн нөхцөл дээр анхаарах, УИХ-ын гишүүн Н.Энхболд зээлийн хэлэлцээрийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, вакцины талаарх мэдээллийг иргэдэд үнэн зөв ойлгуулахад анхаарах, Эрүүл мэндийн яам КОВИД-19 цар тахлын эсрэг эм гарч байгааг эртнээс судлах, эмийг захиалахад анхаарах, вакцин хийж эхэлснээс хойших бүх зарцуулалтын тайлангаа тавих, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Эрүүл мэндийн яам вакцины бодлогоо тодорхой болгох, эмийн худалдан авалтыг эмийн компаниудад олгохгүйгээр төр өөрөө худалдан авалт хийдэг байх, УИХ-ын гишүүн Д.Ганбат КОВИД-ийн хуулийн хэрэгжилт, өмнө авсан зээлийн зарцуулалтын тайланг нээлттэй сонсох гэсэн саналыг тус тус гаргасан хэмээн танилцуулав. Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй гэж үзжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, энэ банкнаас өмнө нь зээл авч байсан эсэхийг лавлаад зээлийн хэрэгжилтийн талаар тодруулсан. Мөн ковидын өвчлөлтэй холбоотой АХБ-наас зээл авч байсан. Ковидтой холбоотой олон улсын байгууллагуудаас авсан зээлийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөхийг хүссэн.

Сангийн сайд Б.Жавхлан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны хувьцааг Монгол Улс эзэмшдэг гээд тус банктай олон төсөл, хөтөлбөр дээр судалгааны түвшинд хамтран ажиллаж байгаа, цаашид хамтын ажиллагаа өргөжинө гэж бодож байна гэлээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд, АХБ-наас авсан зээлийн санхүүжилтээр ковидын хариу арга хэмжээ, бэлэн байдлыг хангах чиглэлээр 21 аймаг, есөн дүүрэгт эмнэлгийн багаж хэрэгсэл худалдан авсан, эмнэлгүүд ашиглаж байгаа. Вакцины иж бүрэн агуулах ашиглалтад оруулсан, эм эмнэлгийн хэрэгслийн агуулах баригдаж байгаа. Удахгүй ашиглалтад орно. Шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авч байгаа. Зээлийн хэрэгжилт сайн явж байгаа гэсэн хариулт өгсөн.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Одоо ямар хэмжээний вакцин авахаар төлөвлөж байгаа, үүнд хэдэн төгрөг зарцуулах вэ. Ямар вакцин худалдан авахыг хэн шийддэг юм бэ гэсэн асуулт тавьсан.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд, вакцины төлөвлөлтийг ЭМЯ мэргэжлийн байгууллагуудтай хамтран гаргадаг хэмээн хариулав. Энэ хөтөлбөрийн хүрээнд нийт хүн амын 20 хувийг вакцинжуулах бөгөөд төлөвлөлтийг Засгийн газраас батлуулж, төлөвлөлтийн дагуу вакцинаа татаад явж байгаа гэлээ. Нөөцөд 1 сая 700 мянган тун файзер вакцин, 890 мянган тун веросел вакциныг агуулахад хадгалж байгаа. Цаашид гурав дахь тунгийн дархлаажуулалтыг эрчимтэй хийхээр төлөвлөөд явж байна гэсэн мэдээллийг өгсөн.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганболд, Т.Аюурсайхан, Ц.Туваан, Х.Болорчулуун, Б.Баярсайхан, Ж.Чинбүрэн, С.Чинзориг, Ц.Мөнхцэцэг, Б.Бейсен нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/-ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар баталлаа.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.
Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.
Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.
Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.
Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.
АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.
Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.
Дэлхий нийтээр..
АНУ-ын Нийгмийн хамгааллын тэтгэмжийг буурахаас сэргийлэх хувилбарууд хэлэлцэж эхэлжээ
АНУ-ын Нийгмийн хамгааллын тогтолцооны санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхгүй бол 2032 оноос олон арван сая иргэний тэтгэвэр, тэтгэмж ойролцоогоор 22 хувиар буурах эрсдэлтэй байгаа тул Конгрессын гишүүд хэд хэдэн хувилбар хэлэлцэж эхэлжээ. Энэ нь тэтгэмжийг 22 хувиар бууруулах шийдвэр гарсан гэсэн үг биш бөгөөд одоогийн санхүүжилтийн тогтолцоо хэвээр үргэлжилбэл үүсэх тооцоолсон эрсдэл юм.
Бүгд найрамдах намын сенатор Билл Кэссиди, Ардчилсан намын сенатор Дик Дурбин нар Social Security-ийн тэтгэврийн санг дор хаяж 50 жилийн хугацаанд тогтвортой байлгах шийдэл боловсруулах тусгай ажиллагааны механизм бий болгох хуулийн төсөл дэвшүүлжээ. Төслийн дагуу хоёр намын төлөөлөл бүхий Нийгмийн хамгааллын зөвлөл олон нийтийн санал авч, сангийн санхүүжилтийг тогтворжуулах хуулийн төслийг Конгресст өргөн барих юм.
Өөр нэг хувилбараар Кэссиди сенатор Тим Кэйнтэй хамтран 1.5 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтын сан байгуулах санал гаргасан байна. Сангийн хөрөнгийг хувьцаа болон бусад хөрөнгөд 75 жилийн хугацаанд байршуулж, өгөөжөөр нь Нийгмийн хамгааллын сангийн санхүүгийн дутагдлын тодорхой хэсгийг нөхөхөөр тооцжээ. Гэхдээ энэ хувилбар хэрэгжсэн ч татвар нэмэх эсвэл зарим тэтгэмжийг танах зэрэг нэмэлт арга хэмжээ шаардлагатай хэвээр гэж Кэссиди үзсэн байна.
Мөн зарим сенатор Social Security-ийн цалингийн татвар ногдуулах орлогын дээд хязгаарыг нэмэгдүүлэх буюу бүрмөсөн цуцлах санал гаргажээ. Одоогоор уг татварыг жилийн 184,500 ам.доллар хүртэлх орлогод ногдуулдаг. Энэ хязгаарыг бүрмөсөн арилгавал арван жилийн хугацаанд сангийн орлогыг 3.2 их наяд ам.доллароор нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоо бий.
Сенатор Берни Сандерс болон Конгрессын гишүүн Вал Хойл нарын дэвшүүлсэн өөр төсөлд жилийн 250 мянган ам.доллароос дээш орлоготой иргэдийн орлогод нэмэлт татвар ногдуулж, үүний зэрэгцээ Нийгмийн хамгааллын тэтгэмжийг жилд ойролцоогоор 2400 ам.доллароор нэмэгдүүлэхээр тусгасан байна.
-
Үйл явдал2025/07/03
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Үйл явдал2023/12/25
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
-
Дэлхий нийтээр..2026/01/16
Монгол Улс БНХАУ-тай хамтран хил орчмын геологийн судалгааны ажлыг эхлүүлэхээр т...
-
Дэлхий нийтээр..2020/10/14
“Гоонь эрчүүдийн хуушуур” нэрийн хоолы газрын үйл ажиллагааг зогсоол...
