Хэн юу хэлэв...
Э.Анар: Цахим мөнгө нь санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэв
Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анартай ярилцлаа.
Асуулт: Төлбөрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах талаар Монголбанкнаас авч буй зохицуулалтын арга хэмжээ юу байна вэ?
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд заасны дагуу санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороотой хамтран Сэндбоксын орчинг бий болгон ажиллаж байна. Энэ нь төлбөрийн болон санхүүгийн үйлчилгээнд дэвшилтэд технологийг нэвтрүүлэхийг зорьж буй финтек байгууллагыг дэмжих зорилготой эрх зүйн орчин юм. Өнгөрсөн долоо хоногт энэхүү Сэндбоксын хүрээнд Монголбанкнаас зөвшөөрөлтэй цахим мөнгөөр үнэт цаасыг нийтэд санал болгосон нь төлбөрийн үйлчилгээнээс гадна санхүүгийн үйлчилгээг цахим мөнгөөр авах боломжтой гэдгийн нэг жишээ боллоо. Монголбанк Инновацийн оффис байгуулсан нь дэвшилтэт технологид суурилсан шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нийтэд санал болгох финтек байгууллагууд хүрэлцэн ирж, эрхзүйн орчин болон дэд бүтцийн шийдлийн талаар санал солилцож зөвлөлдөх бүрэн боломжийг бий болгосон.
Асуулт: Цахим мөнгөөр үнэт цаас худалдаж авах давуу тал нь юу вэ?
Үнэт цаас ба мөнгө гэсэн 2 талт төлбөр тооцоон дээр суурилж явагддаг уламжлалт хэлбэрийг халж, цахим мөнгөөр үнэт цаас худалдан авах, брокерын данс, бонд захиалгын данс зэргийг цахим мөнгөний аппликэйшнээр дамжуулан шуурхай, түргэн гүйцэтгэх боломжийг цахим мөнгө олгож байна. Мөн, цахим мөнгөний үйлчилгээг шинэ зах зээлд нэвтрүүлснээр санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, түүнтэй холбоотой төлбөр тооцоог түргэн шуурхай, саадгүй гүйцэтгэх, үр дүнгийн тооцоолыг хийх цаг хугацааг хэмнэх, үйл ажиллагааг хялбаршуулах зэрэг давуу талууд бий болж байна. Цахим мөнгө нь банкан дахь мөнгөн хөрөнгөөр баталгаажсан байдаг тул үр ашигтай, ашиглахад хялбар, найдвартай гэсэн үг. Цахим мөнгөний гүйлгээ нь бага дүнтэй төлбөрийн системээр дамжиж 7/24 горимоор тасралтгүй хийгддэг зарчимтай.
Асуулт: Цахим мөнгө нь төлбөр тооцооны шинэ арга хэлбэр мөн үү?
Технологийн өндөр хурдтай 21-р зуунд төлбөр тооцоо хийх нь зөвхөн өр төлбөрийг барагдуулах гэхээс илүүтэйгээр та бидний цахим харилцааны бас нэгэн шинэ соёл болж байна. Өөрөөр хэлбэл, 2 хүн нэг ижил төлбөрийн хэрэгсэл ашигладаг бол гуравдагч этгээд түүнд заавал нэгддэг. Энэ нь төлбөр тооцоог цаасан мөнгөөр хийхээс илүү хурдан, найдвартай бөгөөд хүн хоорондын харилцааг сонирхолтой болгож байдаг шинэлэг арга юм. Цаашид финтек компаниуд нь санхүүгийн үйлчилгээний зардлыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд санаачлагатай ажиллаж, хууль тогтоомжийг мөрдөж, улс орны эдийн засгийн хөгжил, санхүүгийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулна гэж найдаж байна.
Хэн юу хэлэв...
УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагаас зарлан хуралдуулахаар болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ.
Түүний мэдээлснээр, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл есдүгээр сарын 2-нд хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан байна. Ээлжит бус чуулганаар зөвхөн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулган есдүгээр сарын 14-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төсвийн тодотголын эхний хоёр шатны хэлэлцүүлгийг хийх юм. Үргэлжлүүлэн есдүгээр сарын 15-наас эхлэх намрын ээлжит чуулганаар төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр байна.
Засгийн газар 2026 оны төсвийн тодотголын төслийг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тодотголыг хэлэлцэхийн өмнө Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ гаргах шаардлагатай бөгөөд үүнд хуулиар 14 хоногийн хугацаа шаардагддаг. Эдгээр дүгнэлт УИХ-д ирэх нөхцөл бүрдсэн тул ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой болсон гэж УИХ-ын дарга С.Бямбацогт тайлбарлажээ.
Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, хэмнэсэн эх үүсвэрийг боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин, ахмадын тэтгэвэр, хүнс болон шатахууны нөөц, эрчим хүчний салбарын дэмжлэг зэрэгт чиглүүлэхээр тусгасан байна. Тодруулбал, урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг бууруулахаар төлөвлөжээ.
УИХ-ын дарга мөн сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж байсан ч Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор өргөн мэдүүлээгүй гэдгийг тодотгосон байна. Иймээс энэ удаагийн ээлжит бус чуулганаар бусад асуудал хэлэлцэхгүй, төсвийн тодотголд төвлөрөх аж.
Хэн юу хэлэв...
ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.
Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.
Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.
Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.
