Дэлхий нийтээр..
Омикроноор өвдсөн иргэдэд хүрч ажилллах тандалтын баг, авто машины тоог нэмэгдүүлнэ
УОК-ын Шуурхай ажлын хэсэг цахимаар хуралдаж, цар тахлын нөхцөл байдлын талаарх эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг сонсож, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний явцын талаар хэлэлцэж, Шадар сайд ажлын хэсгийн гишүүдэд зарим үүрэг даалгаварыг өглөө.
Цахим хурлын эхэнд ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан Коронавируст халдварын өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ. Тэрбээр мэдээлэлдээ, ковидын омикрон хувилбарын тархалт эрчимтэй байгаатай холбогдуулан хотын 7548 өвчтөн эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хэвтэн эмчлүүлэгчийн 90 гаруй хувь нь уушгиний хатгалгаатай хавсарсан байгааг дурьдлаа. Мөн Омикрон хувилбарын тухайд Дельта хувилбартай харьцуулахад нэн хүнд өвчтөний эзлэх хувь харьцангуй бага байгаа буюу 0,7 хувийг эзэлж байгаа хэдий ч суурь өвчлөлтэй хүмүүс, ахмад настнууд, хүүхэд багачууд өртвөл өвчлөл нь хүндрэх магадлалтайг онцоллоо.
Ковидын вакцины III тунд зорилтот хүн амын 49.4 хувь буюу 968,478 хүн хамрагдсан бол нэмэлт IV тунд 36400 гаруй хүн тус тус хамрагджээ.
ХӨСҮТ-ийн зүгээс омикроны халдварын тархалтыг хумихын тулд ЕБС, цэцэрлэгийг танхимаар хичээллүүлэх, эхлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах, буюу эсхүл цахимаар хичээллүүлэх, ажлын байрны нягтралыг бууруулах, нийтийг хамарсан арга хэмжээг цуцлах, үйлчилгээний байгууллагуудыг үйл ажиллагаандаа халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин мөрдөж ажиллах зэрэг саналыг ажлын хэсэгт танилцууллаа.
НЭМГ-ын дарга Б.Бямбадорж нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар танилцуулж, омикроноор өвдсөн иргэдэд хүрч ажилллах зорилгоор тандалтын баг, авто машины тоог нэмэгдүүлж байгааг мэдээллээ.
Шадар сайд С.Амарсайхан Шуурхай ажлын хэсгийн гишүүдэд хандан, Цар тахлын мутацилагдсан омикрон хувилбар дотоодод тархсантай холбогдуулан түүнтэй тэмцэх, даван туулах хариу арга хэмжээг шуурхай авч ажиллахыг сануулан, “хэвтэн эмчлүүлэгчдийн ор зохицуулалтыг Шадар сайд мэдэж зохицуулж байгаа” гэдэг ташаа мэдээллийг залруулж, ЭМЯ, НЭМГ, УОК-ын Нэгдсэн шуурхай штабын удирдлагууд олон нийтэд үнэн зөв бодит мэдээлэл өгөх шаардлагатай.
Өнөөдрийн байдлаар 7000 гаруй ор улсын хэмжээнд дэлгэсэн нь Дельта хувилбарын өвчлөлийн үед дэлгэсэн орны статистик тоон үзүүлэлттэй харьцуулахад бага тоо юм. Тиймээс өвчтөнийг хэвтэн эмчлүүлэхдээ иргэдийг чирэгдүүлэлгүй, эрэмбэлэлтийг оновчтой зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах нь зүйтэй. Мөн эрүүл мэндийн салбарын ажил хариуцсан албан тушаалтнууд өөрсдөө өрхийн эмнэлэг, бусад эмнэлгүүдэд очиж газар дээр нь очиж ажилла гэв.

Цахим хурлын төгсгөлд Шадар сайд дараах үүргийг хэрэгжүүлэн ажиллахыг Шуурхайн ажлын хэсгийн гишүүдэд даалгалаа.
– Ковидын талаар мэргэжлийн эмч нар иргэдэд зөвлөгөө өгөх, асуусан асуултанд хариулах шууд нэвтрүүлгийг өдөр бүр тогтмол цагт хэвлэл мэдээллийг хэрэгслээр олон нийтэд хүргэх,
– Төрийн байгуулагуудын 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг бүрэн цахимаар, бусад албан хаагчдыг цахимаар болон танхимаар ажиллуулах хуваарийг батлан гаргаж мөрдүүлэх,
– Иргэдээс ирж буй эмийн багцтай холбоотой гомдол саналыг барагдуулах, багцад олгогдож буй эмийн бүтээгдэхүүнийг стандартад нийцэж буй эсэхэд анхаарал хандуулж ажиллах,
– Амбулаторийн үйлчилгээний цагийг уртасгаж, үйлчилгээний үр дүнг дээшлүүлэх,
– Эрүүл мэндийн даатгалтай холбогдуулан гүйцэтгэлийн хяналтыг дээшлүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, төрийн аудитын хяналтыг ЭМЯ, ЭМД-ийн байгууллагад оруулах асуудлыг ажлын хэсгийн дарга Г.Ариунбуянд хариуцуулан шийдвэрлүүлэх,
– Эм тариа, бусад бүтээгдэхүүний нөөцийг тасалдуулахгүй байх, татан авах ажлыг Эм, эмийн хэрэгслийг хяналт зохицуулалтын газар хариуцан хэрэгжүүлэх,
– Цагаан сарын баярыг иргэд гэр гэртээ өнгөрүүлж, цахимаар золгохыг олон нийтэд уриалахыг тус тус үүрэг болголоо гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
