Хэн юу хэлэв...
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй улс болсноо зарлаж байна
Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хийсэн мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын нийт иргэд ээ,
Аж ахуйн нэгж, олон улсын хөрөнгө оруулагчид аа,
Монгол Улсад зорин ирэхээр төлөвлөж байсан боловч цар тахлын хүндрэлээс болж, өнгөрсөн хоёр жил хүлээсэн эрхэм жуулчид аа,
Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар хуралдаж, цар тахлын Улбар шар түвшинг Шар түвшинд шилжүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа.
Энэхүү шийдвэрийг вакцины бүрэн тунд зорилтот бүлгийн 92 хувь, нэмэлт 3-р тунд 52 хувь, 4-р тунд одоогийн байдлаар 90 орчим мянган хүн хамрагдсан үзүүлэлт болон халдвар хамгааллын эрсдэлийн үнэлгээнд тулгуурлаж, Монгол Улс олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй улс болсноо ийнхүү зарлаж байна.
Ингэснээр иргэн Та амны хаалтаа зүүж, зайгаа барьж, гараа ариутгаж, вакциндаа идэвхтэй хамрагдах зөвлөмжөөс бусад цар тахлын үеийн бүхий л хязгаарлалтууд өнөөдөр цуцлагдаж байна.
Монгол Улсыг зорин ирэх хөрөнгө оруулагчид, жуулчдын хувьд вакцины бүрэн тунд хамрагдсан бол Монгол Улс хүлээн авахад бэлэн байна.
Вакцинд хамрагдаж амжаагүй ч Монгол Улсад хүрэлцэн ирж, вакцинд хамрагдах бүрэн боломжтой юм аа.
Эрхэм хөрөнгө оруулагчид, жуулчид аа,
Монгол Улсын төр захиргааны байгууллагууд, хувийн хэвшил, аялал жуулчлалын компаниуд Та бүхний аюулгүй байдлыг хангаж, хүндрэл бэрхшээлгүй шуурхай үйлчилгээ үзүүлж, Монгол Улсад ажил төрлийн болон аялал жуулчлалын зорилгоор саадгүй хүрэлцэн ирэх бүхий л бололцоог хангахын төлөө хичээнгүйлэн ажиллах болно гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд илэрхийлж байна.
Экспортын хэвийн байдлыг хангахын тулд хоёр хөрштэй хуурай замаар хиллэдэг боомтууд халдвар хамгааллын дэглэм гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэвээр үлдэж байгааг хэлэх нь зүйтэй.
Хүндэт иргэд ээ,
Монгол Улс 2020 оны 11-р сарын 12-ны өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаанд долоон удаа тогтоосон хатуу хөл хорионд нийт 79 хоногийг өнгөрөөж, бусад бүх цаг хугацаанд Улбар шар түвшин буюу гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд байлаа.
Экспорт тасалдаж, олон улсын ачаа тээврийн эргэлт эрс удааширч, хичээл сургууль танхимаар хичээллэх боломжгүй болж, үйлчилгээний бүхий л газрууд үүд хаалгаа барьж, 200 гаруй мянган ажлын байр эрсдэлд орж, эдийн засаг 1992 оноос хойш анх удаа -5.3 хувь хүртэл агшиж, улсын төсвийн орлого 23 хувиар тасарсан нэн хүнд цаг үеийг Та бид хамтдаа даван туулж байна.
Цар тахал манай улсын хувьд төдийгүй дэлхий дахинд Дэлхийн II дайнаас хойш тулгараагүй хүндрэл бэрхшээл, шинэ сорилтыг учрууллаа.
Монгол Улсын Засгийн газар эрүүл мэнд, эдийн засаг бол тусдаа асуудал биш, харилцан уялдаатай,цогц асуудал хэмээн үзэж, эдийн засгаа үе шаттайгаар нээж, энгийн амьдралдаа алхам алхмаар шилжих бодлого дэвшүүлж, вакцинжуулалтыг орон даяар цаг алдалгүй шуурхай зохион байгуулсаны үр дүнд ийнхүү өнөөдөр Шар түвшинд хоёр жилийн дараа шилжиж байна.
Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын амаргүй шийдвэрүүдэд хүлээцтэй хандаж, вакцинжуулалтад идэвхтэй хамрагдаж, хамтран ажилласан иргэд, аж ахуйн нэгжүүддээ гүн талархал илэрхийлье.
Гэхдээ цар тахлын сорилт бүрэн дуусаагүй үргэлжилсээр байна. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүд сонор сэрэмжээ бууруулалгүйгээр вакциндаа идэвхтэй хамрагдаж, амны хаалтаа зүүж, халдварын эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах Иргэний журамт үүргээ хариуцлагатай биелүүлнэ гэдэгт итгэж байна.
Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд цар тахлын улмаас өнгөрсөн хугацаанд алдагдсан боломжийг нөхөж, эдийн засгаа сэргээж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх талаар баримталсаар ирсэн байр суурин дээрээ цаашид хатуу зогсох болно.
Хамтдаа хичээж, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээж, цар тахлыг даван туулж, Ногоон түвшин буюу энгийн амьдралдаа удахгүй шилжиж чадна гэдэгт итгэлтэй байна.
Баярлалаа...
Хэн юу хэлэв...
Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах “Ногоон” тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн дэвшүүлсэн саналыг сонсож зарим асуудлыг шийдвэрлэв.
Улаанбаатар хотын худалдааны танхим цахилгаан автомашины дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр танилцууллаа.
Хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хот болон орон нутагт 500 орчим цахилгаан машин цэнэглэх ногоон өртөө барих тооцоолол гаргажээ.
COP-17 хурлаас өмнө цэнэглэх 40 станц байгуулна. 2030 он гэхэд Монгол Улсад 50 мянган цахилгаан машины эрэлт бий болно.
Таван жилд 300 сая литр шатахууны хэрэглээг халж, 200 сая ам.доллар хэмнэх тооцоолол гарчээ.

Тиймээс энэ ажлыг ганц компани биш хувийн хэвшлүүд хамтран хэрэгжүүлэх нь чухал. Сонирхсон аж ахуйн нэгж, компаниудад бүрэн нээлттэй. Улаанбаатар хотын худалдааны танхим холбох гүүр, платформ нь болж ажиллана гэж тус танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ хэлэв.
Тус хөтөлбөрийн хүрээнд энэ жил Улаанбаатарт 80, орон нутагт 30 байршилд цахилгаан машины цэнэглэх станц суурилуулахаар төлөвлөжээ. Нийслэл болон орон нутагт аль байршлуудад цэнэглэх станцаа суурилуулахаа шийдвэрлэх шаардлагатайг хэллээ.
Цахилгаан машинтай иргэдийн 95 хувь нь гэртээ цэнэглэж байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цэнэглэх 500 станц байгуулчихвал шөнийн цагаар цэнэглэхэд хямд үнэтэй байх ухаалаг төлбөрийн системийг нэвтрүүлэх юм байна. Цахилгаан машинтай жолооч нэг жилд долоон сая орчим төгрөг хэмнэнэ гэсэн тооцоо хийжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хувийн хэвшлээ дэмжинэ, өвөлжилтийн бэлтгэлийг зундаа хангана гэдгийг онцлоод Сангийн яам татварын нэг хувийн хөнгөлөлтөөр санхүүжилтийг шийдэх, зургаадугаар сарын 5-ны дотор гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, Нийслэл болон Зам, тээврийн яам 80 байршлаа яаралтай тогтоож өгөхийг тус тус үүрэг болгов.
Мөн Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд "Ногоон өртөө" буюу цахилгаан машин цэнэглэгч, кофе шоп, хоолны газар, дэлгүүр, 00 зэрэг цогц байгууламжтай байя. Хувийн хэвшлүүд хэрэгжүүлбэл татварын бодлогоор дэмжинэ. Бид газар олгоход бэлэн гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатарт 804 мянган автомашин бүртгэлтэй, 0.2 хувь нь цахилгаан машин. Бид цахилгаан машины тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Хувийн хэвшилтэй хамтран ажиллахад баяртай байна, дэмжиж ажиллана. 80 байршлыг Зам, тээврийн яамтай хамтран шуурхай тогтоохоо илэрхийллээ.
Засгийн газраас 2026 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр баталсан Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах Ногоон тогтоолын хүрээнд мөн таван байршилд батарей хуримтлуур, нарны станц байгуулах ажлыг гүйцэтгэх сонирхлоо 100 гаруй аж ахуйн нэгж илэрхийлжээ.




Хэн юу хэлэв...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж 67,3 тэрбум төгрөг хэмнэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 27-нд болж дараах шийдвэрийг гаргалаа. “Эрдэнэс Монгол” нэгдлийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан үндсэн чиг үүрэгт бүрэн шилжүүлэх хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийг “Чингис хаан Үндэсний баялгийн сан корпораци” болгон өөрчлөн зохион байгуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.
Энэ хүрээнд тус нэгдлийг уул уурхайн салбарын хяналт, удирдлагын уламжлалт бүтэцтэй байгууллагаас төрийн өмчийн хөрөнгийн удирдлага, хөрөнгө оруулалт, баялгийн сангийн менежмент, IPO болон хувьчлал хариуцсан олон улсын жишигт нийцсэн санхүүгийн мэргэжлийн институт болгон үе шаттайгаар шинэчилнэ.
Ингэснээр төрийн өмчит уул уурхайн компаниудын хөрөнгийн удирдлага сайжирч, байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд илүү хүртээмжтэй, урт хугацааны өгөөжтэй байдлаар хүргэх нөхцөл бүрдэнэ.
Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд үйл ажиллагааны чиг үүрэг нь давхардсан, үр ашиг багатай 10 хүртэл компанийг нэгтгэх, татан буулгах, харин олборлолт эрхэлдэг, ашигтай ажилладаг, олон улсын гэрээ, стратегийн ач холбогдол бүхий компаниудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд Н.Учрал “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагад өглөө.
Урьдчилсан тооцоогоор энэхүү шинэчлэлийн үр дүнд:
•260 орчим орон тоог оновчтой болгож,
•захиргааны зардлыг 10 хувь,
•түрээсийн зардлыг 30 хувь бууруулж,
•нийт 67.3 тэрбум төгрөгийн зардлын хэмнэлт гаргахаар тооцоолж байна.
Засгийн газрын хуралдаанаас дээрх шинэчлэлтэй холбоотой шийдвэр, тогтоолуудыг ирэх сарын 15-ны дотор эцэслэн боловсруулж, баталгаажуулах үүрэг чиглэл өглөө.
Түүнчлэн “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагын зүгээс төрийн өмчит уул уурхайн компаниуд өндөр үнэтэй шилэн оффисуудад өндөр түрээс төлөх бус, төрийн ашиглалт багатай үл хөдлөх хөрөнгө, оффисын нөөцийг илүү үр ашигтай, хэмнэлттэй ашиглах зарчмыг хатуу баримталж ажиллаж байгаагаа илэрхийллээ.
Хэн юу хэлэв...
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн их суудлын хуралдаанаар Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно.” гэсэн заалтын “… зөвхөн нэг удаа …” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийн дагуу хүчингүй болсон зохицуулалтыг агуулгаар нь дахин сэргээсэн гэж үзэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийн “… зөвхөн нэг удаа …” гэсэн хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж, Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 03 дугаар тогтоол гаргалаа гэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс мэдээллээ.
