Дэлхий нийтээр..
С.Амарсайхан: Нэгдсэн шуурхай штабын бүтцийг цомхотгон оперативын бүлгийн хэлбэрт шилжүүлнэ
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр УОК-ын Нэгдсэн шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Энэ үеэр УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр УОК-ын Нэгдсэн шуурхай штаб анх хэрхэн байгууллагдсан болон энэ хоёр жилийн хугацаанд үе шаттай хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч мэдээлэл танилцуулсан юм. Мөн Нэгдсэн Шуурхай штабаас цаашдын үйл ажиллагааны чиглэлээр гаргасан саналыг холбогдох удирдлагуудад танилцууллаа.
Харин Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, “Коронавируст халдвар (Ковид-19)-т цар тахлын нөхцөл байдал тогтворжсонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулж, гамшгаас хамгаалах өдөр тутмын бэлэн байдалд шилжиж, эдийн засаг, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийн амьжиргааг дэмжих бодлогыг баримталж байна. Энэ үр дүнд хүрэхэд Та нөхдийн хичээл зүтгэл нөр их байсныг онцлон хэлье.
Анх өмнөд хөршид Коронавируст халдвар дэгдсэн мөчөөс эхлэн Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд цар тахалтай тэмцэх чиглэлээр анх төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл багтсан Улсын онцгой комиссын шуурхай штабыг байгуулж, удирдлага, зохицуулалтаар хангах ажлыг төвлөрүүлэн ажилласан билээ. Бид бүгд цар тахлын урьдчилан тааварлахын аргагүй шинэ тутам нөхцөлд үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр байгуулагдсан Шуурхай штаб Коронавируст халдвар (Ковид-19)-т цар тахалтай тэмцэх стратеги, төлөвлөгөө боловсруулж, үйл ажиллагаатай холбоотой түр журмуудыг боловсруулан батлуулж, гадаад улс орноос иргэдээ татан авах, эрүүл мэндийн болон бусад салбарын хүн хүч, нөөц хангамж, техник, тоног төхөөрөмжийн нөөцийн судалгааг хийхээс ажлаа эхлүүлсэн.
Сүүлийн хоёр жилд Коронавируст халдвар (Ковид-19)-т цар тахалтай тэмцэх чиглэлээр Засгийн газрын тогтоол-125, Улсын онцгой комиссын тогтоол-18, Улсын онцгой комиссын даргын тушаал-76, Улсын онцгой комиссын албан даалгавар-8-ыг боловсруулан гаргаж, хэрэгжүүлж ажилласан байна. Цар тахалтай тэмцэх бэлэн байдлын төлөвлөгөөг 2 удаа шинэчлэн боловсруулж, Улсын онцгой комиссын даргаар батлуулж, хэрэгжилтэд хяналт тавьж, орон нутгийн онцгой комиссын дэргэдэх шуурхай штабуудыг удирдлага, зохицуулалтаар тухай бүр хангаж, хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэж ажиллалаа.
Засгийн газраас гадаадад байгаа өөрийн улсын иргэдийг эх орондоо ирэх боломж нөхцөлийг хангахын төлөө тууштай ажиллаж, ямар ч хүнд хэцүү цаг байсан иргэдээ татан авах арга хэмжээг хэрэгжүүлсэн. Энэхүү асар чухал бөгөөд нүсэр их ажлыг Шуурхай штабаас гардан зохион байгуулж, хойд, өмнөд хилийн боомт болон 644 удаагийн чартер нислэгээр 81161 иргэнийг татан авч, тусгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлж ажилласныг онцлох нь зүйтэй.
Мөн Монгол Улсын урд, хойд хилээр бараа, материалын тээвэрлэлтийг тасралтгүй байлгах, эдийн засгийн хүндрэлээс сэргийлэх чиглэлээр олон улсын тээвэрлэлт эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, аюулгүй байдлыг хангуулж, тухай бүрт шаардлагатай зохицуулалт хийж ажилласан.
Энэ мэтээр Улсын онцгой комиссын Шуурхай штаб нь байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэл Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, бүх шатны онцгой комисс, шуурхай штаб, гамшгаас хамгаалах албад, аж ахуйн нэгж, байгууллагыг удирдлага, зохицуулалтаар хангах, дэмжлэг үзүүлэх, хорио цээрийн дэглэмийг сахиулах, халдвар хамгааллын дэг журмыг хангуулах, вакцинжуулалтыг эрчимжүүлэх, хяналт тавих, бодит мэдээлэл, судалгаагаар хангах зэрэг оролцоогүй салбар, хийгээгүй ажил ховор юм.
Тухайн үед ДЭМБ-ын гаргасан судалгаагаар 40-50 мянган хүний амь эрсдэх тооцоолол гарч байсан ч Та бид хамтдаа хичээсний үр дүнд цар тахлын учруулах хохирлыг 20 дахин бага үзүүлэлттэйгээр даван туулж байна. Үүнд Улсын онцгой комиссын Шуурхай штабын оруулсан хувь нэмрийг Улсын онцгой комиссын даргын зүгээс өндрөөр үнэлж байна” хэмээн онцоллоо.
Түүнчлэн цаашид Коронавируст халдвар (Ковид-19)-т цар тахлын нөхцөл байдал, цаг үеийн ажилтай холбогдуулан Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын бүтцийг цомхон хэлбэрт шилжүүлж ажиллуулах шаардлага байна.
Иймд Нэгдсэн шуурхай штабын бүтцийг цомхотгон оперативын бүлгийн хэлбэрт шилжүүлж, тасралтгүй, тогтвортой ажиллуулах, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр мэргэжлийн байгууллагад дэмжлэг үзүүлж, зохицуулалтаар хангаж ажиллахыг үүрэг болголоо гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.
Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.
Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.
Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.
Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.
АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.
Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.
Дэлхий нийтээр..
АНУ-ын Нийгмийн хамгааллын тэтгэмжийг буурахаас сэргийлэх хувилбарууд хэлэлцэж эхэлжээ
АНУ-ын Нийгмийн хамгааллын тогтолцооны санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхгүй бол 2032 оноос олон арван сая иргэний тэтгэвэр, тэтгэмж ойролцоогоор 22 хувиар буурах эрсдэлтэй байгаа тул Конгрессын гишүүд хэд хэдэн хувилбар хэлэлцэж эхэлжээ. Энэ нь тэтгэмжийг 22 хувиар бууруулах шийдвэр гарсан гэсэн үг биш бөгөөд одоогийн санхүүжилтийн тогтолцоо хэвээр үргэлжилбэл үүсэх тооцоолсон эрсдэл юм.
Бүгд найрамдах намын сенатор Билл Кэссиди, Ардчилсан намын сенатор Дик Дурбин нар Social Security-ийн тэтгэврийн санг дор хаяж 50 жилийн хугацаанд тогтвортой байлгах шийдэл боловсруулах тусгай ажиллагааны механизм бий болгох хуулийн төсөл дэвшүүлжээ. Төслийн дагуу хоёр намын төлөөлөл бүхий Нийгмийн хамгааллын зөвлөл олон нийтийн санал авч, сангийн санхүүжилтийг тогтворжуулах хуулийн төслийг Конгресст өргөн барих юм.
Өөр нэг хувилбараар Кэссиди сенатор Тим Кэйнтэй хамтран 1.5 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтын сан байгуулах санал гаргасан байна. Сангийн хөрөнгийг хувьцаа болон бусад хөрөнгөд 75 жилийн хугацаанд байршуулж, өгөөжөөр нь Нийгмийн хамгааллын сангийн санхүүгийн дутагдлын тодорхой хэсгийг нөхөхөөр тооцжээ. Гэхдээ энэ хувилбар хэрэгжсэн ч татвар нэмэх эсвэл зарим тэтгэмжийг танах зэрэг нэмэлт арга хэмжээ шаардлагатай хэвээр гэж Кэссиди үзсэн байна.
Мөн зарим сенатор Social Security-ийн цалингийн татвар ногдуулах орлогын дээд хязгаарыг нэмэгдүүлэх буюу бүрмөсөн цуцлах санал гаргажээ. Одоогоор уг татварыг жилийн 184,500 ам.доллар хүртэлх орлогод ногдуулдаг. Энэ хязгаарыг бүрмөсөн арилгавал арван жилийн хугацаанд сангийн орлогыг 3.2 их наяд ам.доллароор нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоо бий.
Сенатор Берни Сандерс болон Конгрессын гишүүн Вал Хойл нарын дэвшүүлсэн өөр төсөлд жилийн 250 мянган ам.доллароос дээш орлоготой иргэдийн орлогод нэмэлт татвар ногдуулж, үүний зэрэгцээ Нийгмийн хамгааллын тэтгэмжийг жилд ойролцоогоор 2400 ам.доллароор нэмэгдүүлэхээр тусгасан байна.
