Дэлхий нийтээр..
Уул уурхайн аврах 09 дүгээр анги “Алтан гадас” одонгоор шагнууллаа
Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 18 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн 110 дугаар зарлигаар ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах 09 дүгээр анги “Алтан гадас” одонгоор шагнагдсныг өнөөдөр гардуулан өглөө.
Арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн захирагч, хурандаа Д.Гантулга болон үе, үеийн ахмадууд, удирдлага, алба хаагчид оролцсон юм.
Анх 1951 онд Аж үйлдвэрийн сайдын тушаалаар Уулын аврах команд нэртэйгээр байгуулагдаж, 1960 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Уулын цэрэгжүүлсэн аврах анги, 1995 онд Газрын хэвлийн тухай хууль батлагдсанаар Уул уурхайн аврах алба, 2014 онд Засгийн газрын тогтоолоор ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн Уул уурхайн аврах тусгай салбар, 2015 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн 80 дугаар тогтоолоор ОБЕГ-ын Уул уурхайн аврах анги, 2020 оны 167 дугаар тогтоолоор Уул уурхайн аврах 09 дүгээр анги болон өргөжсөн түүхтэй.
Гамшгаас хамгаалах үндсэн үйл ажиллагаанаас гадна жилд дунджаар 200-250 орчим уул уурхайн аюул, ослын үед хэрэгжүүлэх төлөвлөгөөг хянан баталгаажуулж, 100 орчим ган татлага шалгаж дүгнэлт гарган гэрчилгээ олгосон бөгөөд уурхай уулын үйлдвэр, дулааны цахилгаан станцуудаас ирсэн агаарын сорьцод химийн хортой болон аюултай бодисыг тодорхойлж амьсгалын бие даасан төхөөрөмжийн шүүгч шохойнд лабораторийн шинжилгээ хийж байна.
Түүнчлэн үйл ажиллагааныхаа чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор 2019 оноос MNS ISO 45001:2018 олон улсын стандарт “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо”-г нэвтрүүлж, үйл ажиллагаандаа нутагшуулах ажлыг хэрэгжүүлэн алба хаагчдын ажиллах таатай орчин нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2024/10/08
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгчи...
-
Тод зураг2021/01/19
Амьтдын гайхамшигт зургийн цомгоос...
-
Тод зураг2019/12/20
Гэр хорооллын айл өрхийн үнсийг ялган ангилж, дахин боловсруулна
-
Дэлхий нийтээр..2025/07/23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчи...
