Дэлхий нийтээр..
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг хэлэлцлээ
Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг сонсож, хэлэлцлээ.
Энэ талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2021 онд явуулсан судалгаа, хяналт, шинжилгээ үнэлгээ, Комиссын гишүүний санаачилгаар болон иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр явуулсан хяналт шалгалт, төрийн байгууллагуудын албан ёсны мэдээлэл, хөндлөнгийн бусад судалгаа, эх сурвалжид үндэслэн 6 сэдвийн хүрээнд боловсруулж УИХ-аас шийдвэр гаргуулахаар 30 санал гаргаж УИХ-д өргөн барьсныг дурдлаа.
“Ковид-19” цар тахалтай холбоотой авч хэрэгжүүлсэн шийдвэр, арга хэмжээ, бодлого, туршлагаас хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах чиглэлээр авч үлдвэл зохих сургамжийг тэмдэглэн оруулахыг зорьж “Ковид-19” цар тахалтай холбоотой үүссэн хүний эрхийн нөхцөл байдалд дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1/ Коронавируст халдварыг нутаг дэвсгэртээ тархаахгүй байх зорилгоор авсан өргөн хүрээтэй хяналт, хязгаарлалтын арга хэмжээ, дархлаажуулалтыг шуурхай явуулсны үр дүнд иргэдийнхээ амь насыг хамгаалах үүргээ Монгол Улс харьцангуй амжилттай биелүүлсэн.
2/ "КОВИД-19" цар тахлыг даван туулахад эрүүл мэндийн салбар онцгой хүчин чармайлттай ажилласан боловч эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхийг хүрэх боломжтой төвшнөөс доогуур биелүүлсэн. Энэ байдал нь эрүүл мэндийн салбарт хүний гоц халдварт өвчинтэй тэмцэх суурь чадавх муугаас гадна "КОВИД-19" цар тахлыг даван туулах удирдлага, зохион байгуулалт тогтворгүй, салбарын дотоод уялдаа холбоо муу, төсвийг үр ашиггүй, хяналтгүй зарцуулсан, эмч, эрүүл мэндийн ажилтнуудыг дэмжих талаар хангалтгүй ажилласан, цар тахлыг даван туулах бэлтгэл хангах цаг хугацааны боломжийг оновчтой ашиглаж чадаагүйтэй холбоотой гэж үзсэн.
3/ Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг шуурхай явуулснаараа хүн амын дунд гарч болзошгүй нас баралтыг бууруулсан боловч дархлаажуулалттай холбоотой цөөнгүй чухал асуудлаар олон нийтийн мэдэх эрхийг хангаагүй, вакцинд хамрагдсан байх шаардлага нь хүний эрх, эрх чөлөө хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хязгаарлагдах нөхцөл болсон, вакцины үр нөлөө, тарилгын дараах хүндрэлийг хянах механизм сул, хүндрэл гарсан тохиолдолд авах арга хэмжээний төлөвлөгөө байхгүй, бэлтгэл хангаагүй, тарилгын хүндрэлийн талаарх Дархлаажуулалтын тухай хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй нь хүний эрх зөрчигдөх эрсдэл үүсгэсэн байна.
4/ Цар тахлын жилүүдэд хүн амын амьжиргааг дэмжих арга хэмжээнд дотоодын нийт бүтээгдэхүүний 10 орчим хувийг зарцуулсан нь төсөвт хэт их ачаалал үүсгэхийн зэрэгцээ хүртээмж, үр ашиг нь муу байсан. Хүүхдүүд, залуучууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, гэр хорооллын оршин суугчид, албан бус хөдөлмөр эрхлэгчид, гадаад оронд оршин сууж байгаа Монгол Улсын иргэд "КОВИД-19"цар тахлын сөрөг нөлөөлөлд илүүтэй өртөх эрсдэлтэй байлаа.
5/ Иргэний, улс төрийн эрхийг хүндэтгэн сахисан байдалд эерэг үзүүлэлт бий ч "КОВИД-19" цар тахлын хариу арга хэмжээг хэрэгжүүлэх явцад иргэний, улс төрийн эрх, эрх чөлөө түгээмэл зөрчигдсөн. Монгол Улсын олон мянган иргэн эх орондоо ирэх боломжгүй, өвчлөл хэрхэх нь тодорхойгүй, түгшүүртэй нөхцөлд, цалин орлогогүй, олон сараар гадаад улсад амьдарч, эх орондоо ирсэн боловч тусгаарлалтын урт хугацаа, хатуу шаардлагын улмаас эмнэлгийн тусламж зохих ёсоор аваагүй, гэр бүл, ойр дотны хүмүүстэйгээ салах ёс хийж чадахгүй хагацсан тохиолдлууд гарсан. Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлах гэнэтийн шийдвэр гаргахдаа эрүүл мэнд, аюулгүй байдал нь эрсдэлтэй хүмүүсийг хамгаалах бодлого, арга хэмжээг төлөвлөөгүйгээс 2020 оны 11, 12 дугаар сард олон мянган иргэн халдвар авах, тархаах илүү эрсдэлтэй нөхцөл байдалд нэг сар илүү хугацаанд хөл хоригдсон юм.

6/ Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах үндэслэл, зарчмуудыг "КОВИД-19" цар тахлын хуульд тусгаж, хууль зүйн хэрэглээнд оруулсан нь эрх зүйн хувьд дэвшил болсон боловч эдгээр зарчмууд бодит байдал дээр хангалттай хэрэгжээгүй. Хувийн нууцыг хамгаалах горим тогтоогүй, хүний хувийн амьдрал, хүнд хүндэтгэлтэй хандах хандлага төрийн албан хаагчдад төлөвшөөгүйгээс халдвар авсан байж болзошгүй хүмүүс, тэдний гэр бүлийг гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах нөхцөлд хүргэсэн. Төрийн байгууллага, улс төрчид олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан боловч төрийн үйл ажиллагааг шүүмжлэх зорилготой тайван цуглааныг халдвараас сэргийлэх шалтгаанаар тарааж, нийтлэг байдлаар хязгаарлаж байсан нь "КОВИД-19" цар тахлын хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, 11.1.5-д тогтоосон зарчмыг зөрчсөн гэж үзсэн.
7/ Эдгээр хүний эрхийн зөрчил, эрсдэл дутагдлын голлох шалтгаан нь нэг талаас хүний гоц халдварт өвчний хариу арга хэмжээний удирдлага, зохион байгуулалтад цөөнгүй байгууллага, албан тушаалтан оролцдог, шийдвэр гаргах шат дамжлага олон, байгууллагуудын бүрэн эрх, чиг үүрэг ойлгомжгүй, сүүлийн хоёр жилд УОК, УОК-ын Шуурхай штаб зэрэг бүтэц, алба хэдэн удаа өөрчлөгдсөн, нөгөө талаас Монгол Улсын нийтийн эрүүл мэндийн гамшиг, гоц халдварт өвчний үед авах арга хэмжээний төлөвлөгөөнд халдварт өвчний тархалтыг хязгаарлах, хянах үйл ажиллагаа тусгагдсан, нийгэм, эдийн засгийн өргөн хүрээтэй нөлөөллийг тооцох чиглэл байхгүйтэй холбоотой гэж дүгнэснийг ХЭҮК-ийн дарга мэдээлэлдээ онцолсон.
Мөн тэрбээр, шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцооны талаар судалгаанд оролцогчдын 63 хувь нь улс орны хувьд ардчилсан тогтолцоог бий болгохын тулд улс төрийн шийдвэр гаргалтад эмэгтэйчүүд оролцдог байх нь чухал гэж дэмжиж байгаа ч шийдвэр гаргах бүх түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байгааг онцлохын зэрэгцээ комиссоос 2021 онд Төрийн захиргааны байгууллагын орчинд ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой төрийн албан хаагчдын 8.2 хувь нь асуудлаа шийдүүлэхээр албан ёсны субьектэд хандаж байсан бол 2022 онд энэ нь 20 хувьд хүрснийг ахиц гарсан гэж үзэхээр байна гэв.

Ажил эрхлэлт, хөдөлмөрийн хүрээний дарамт хүчирхийллийн төлөв байдлыг тандах судалгаанд оролцогчдын 80 гаруй хувь нь хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийг “хүний эрхийн зөрчил” гэж ойлгож байгаа ч түүнийг хөдөлмөрийн харилцааны бусад зөрчлөөс ялгахгүй байна. Зөрчлийн тухай хуульд хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийг зөрчилд тооцох зохицуулалтыг нэмж оруулах, хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийлэл болон бэлгийн дарамтад өртсөн хохирогчийг хамгаалах, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхэд чиглэгдсэн зохицуулалт шаардлагатай байгааг Ж.Хунан дарга танилцуулгадаа дурдаад Хөдөлмөрийн дотоод журам, дүрэмд хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн талаарх заалт байгаа эсэхийг судалгаанд оролцсон 5 хүн тутмын 2 нь мэдэхгүй байна. Иймээс холбогдох зохицуулалтыг бодлогын баримт бичиг, дотоод хэм хэмжээндээ ажилтанд ойлгомжтой байдлаар нарийвчлан тусгах, мөн нийгмийн түншлэлийн чухал хэлбэр болох хамтын гэрээ, хэлэлцээрт хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийлэл болон бэлгийн дарамтаас сэргийлэх, таслан зогсоох хүрээнд талууд хамтран ажиллах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд тусгах буюу хуулийн хэрэгжилтийг хангах нь чухал байна гэв.
Түүнчлэн тэрбээр, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг таслан зогсоох талаар манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, үндэсний хууль тогтоомжууд хүчин төгөлдөр үйлчилж үр дүнгээ үзүүлж байгаа хэдий ч судалгааны дүнгээс үзэхэд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль зэрэг зарим хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулж, эрх зүйн орчныг сайжруулах шаардлага байсаар байгааг дурдаад хэт олон цагаар эсвэл олон өдрөөр ажиллах, ажлын байранд хийх ажил болон гүйцэтгэх нөхцөл тодорхойгүй байх, цалингүй эсвэл бага цалинтай ажиллах, цалингаа үндэслэлгүй хасуулах, цалин хөлсөө эцэг, эх, асран хамгаалагч болон зуучлагч зэрэг бусад этгээдэд суутгуулах эсвэл шууд өгөх, нийгмийн хамгаалалд хамрагдах боломжгүй байх, боловсролын үйлчилгээнд хамрагдахгүй, нийгмийн амьдралаас тусгаарлагдсан нөхцөлд ажил, хөдөлмөр эрхлэх зэрэг боолчлолын шинжтэй нөхцөлүүд хүүхдийн хөдөлмөрийн харилцаанд тулгарч байгааг анхаарах зайлшгүй байна гэж байлаа.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлтэй гэр бүлийг эрт шатанд илрүүлэх, хохирогчид хуульд заасан 7 төрлийн үйлчилгээг үзүүлэх зэрэг зохицуултууд хэрэгжиж эхлээд 6 жил байгаа хэдий ч өнөөг хүртэл орон нутагт хамтарсан баг, түр хамгаалах байр, нэг цэгийн төвийн үйл ажиллагаа нь жигдрээгүй, үйлчилгээний чанар, хүртээмж хангалтгүй байгааг ХЭҮК-ийн дарга мэдээлэлдээ дурдсан.
Хугацаат цэргийн алба хаагчдын дүрмийн бус харьцааны өнөөгийн нөхцөл байдлыг дахин үнэлж, үр дүнг Улсын Их Хуралд танилцуулахаар шийдвэрлэсэн. Сүүлийн 10 жилийн хугацаанд цэргийн анги, байгууллагад 468 гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгдэж, хамгийн багадаа 44 хүний амь нас хохирсноос хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон 20, эрүүл мэнд хохирсон 126, цэргийн албанаас оргон зайлсан 56, дүрмийн бус харьцааны зөрчилд өртсөн 105 тохиолдол бүртгэгджээ. 2021 онд хийсэн ХЭҮК-ын судалгаагаар хугацаат цэргийн алба хаагчдын 18.8 хувь, хугацаат цэргийн алба хаасан иргэдийн 45.1 хувь нь цэргийн алба хааж байх үедээ дүрмийн бус харьцаанд өртсөн гэж хариулжээ. Энэ нөхцөл байдлыг 2006 онд ХЭҮК-оос хийсэн судалгаатай харьцуулахад цэргийн дүрмийн бус харьцааны зөрчлийн хэлбэрээсээ хамаарч 11.3-20.4 хувиар буурсан гэдгийг Ж.Хунан мэдээлэлдээ дурдаад цэргийн алба хаагчдын хоорондын дүрмийн бус харьцаа, түүнээс үүдэлтэй хүний амь нас, эрүүл мэнд хохирч байгаа шалтгаан нь нэг талаас цэргийн албаны үйл ажиллагааны доголдол, хяналт шалгалт тогтолцоо сул, урьдчилан сэргийлэх ажил үр нөлөө багатай, нөгөө талаас хугацаат цэргийн албанд татагдан ирж байгаа иргэдийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хувь хүний төлөвшилтэй холбоотой байгааг онцолсон.
Хүний эрхийн Үндэсний Комисс 2021 онд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид нөлөөлж буй хүчин зүйлүүд болох эмнэлгийн барилга байгууламж, орчин нөхцөл, эмч, эрүүл мэндийн ажилтны ажлын ачаалал зэрэг асуудалд үнэлгээ хийсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд "КОВИД-19" цар тахлын эмчилгээнээс бусад төрлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг эмч, эрүүл мэндийн ажилтнууд болон үйлчлүүлэгчдийн зүгээс үнэлсэн байдлыг нэгтгэн дүгнэвэл эмч, эмнэлгийн ажилтан, үйлчлүүлэгчдийн аль аль нь эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмж, хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан гэж үзсэн ч тасралтгүй байж чадсан гэж 70 орчим хувь нь үзсэн байна гэв.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 21 дэх илтгэлийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 112 дугаар зүйлд заасан журмын дагуу Хууль зүйн байнгын хороо 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн гэдгийг тодотгоод Хууль зүйн байнгын хороо Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийн сэдэв болох ковид-19 цар тахлын хүний эрх, эрх чөлөөний сургамж, жендэрийн эрх тэгш байдал ба хүний эрх, хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал, гэр бүлийн хүчирхийллээс ангид байх эрх, цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харьцааны нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээ гэсэн 6 бүлэг сэдвийн хүрээнд илтгэлийг хэлэлцсэн гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, С.Одонтуяа, Ш.Адьшаа, О.Цогтгэрэл нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс, өнгөрсөн хугацаанд тус комисс сайн ажиллаж байгааг дурдаад жендерийн эрх тэгш байдлыг хангахгүй байгааг илтгэлдээ хөндсөн нь сайшаалтайг тэмдэглэн цаашид хүний эрх, хүүхэд, гэр бүлийн тухай хуулийн төслүүдэд ХЭҮК түрүүлж ажиллаж, санал гаргах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Мөн Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан илтгэл, зөвлөмжийг хэрэгжүүлэх тогтолцоо, бүтэц байгаа эсэх цаашлаад уг зөвлөмжийг хэрэгжүүлээгүй албан тушаалтанд ямар хариуцлага тооцдогийг тодруулахын зэрэгцээ хүүхдийн эрхийг хангахад хууль тогтоолын хэрэгжилт хэр байгааг лавлаж байлаа.
Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунан хариултдаа, Хүний эрхийн үндэсний комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг өргөн барьсны дагуу УИХ-аас шийдвэр гаргадаг. 2020 оны илтгэлийг хэлэлцээд УИХ-аас 2021оны 07 дугаар сарын 07-ны өдөр 67 дугаар тогтоол гарсан бөгөөд үүний хэрэгжилтэд тус комисс үнэлгээ хийсэн. Нийтдээ 14 заалт бүхий УИХ-ын тогтоолын хэрэгжилтэд үнэлгээ хийхэд биелэлт 70 орчим хувьтай, хэрэгжилт дундаж гэсэн үзүүлэлттэй байгааг тодотгов. Мөн Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний бүрэн эрхийн хүрээнд хяналт, шалгалт явуулан зөвлөмж, шаардлагыг хүргүүлэн ажилладаг. Үүнийг заавал биелүүлэх шинж чанартай болгосон зохицуулалтыг 2020 оны Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгад оруулсан. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн хяналт, шалгалт явуулан зөвлөмж, шаардлагыг биелүүлээгүй хуулийн этгээд, албан тушаалтанд тухайн албан тушаалаас чөлөөлөх, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно гэсэн зохицуулалттай гэж байлаа.
Мөн ажлын хэсгийн зүгээс хүүхдийн эрхийн зөрчлийн асуудал нь хүний эрхийн ноцтой зөрчил гэдгийг тодотгоод тус комисст хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлаар нэлээдгүй өргөдөл, гомдол ирдэг. Монгол Улс хүүхдийн эрхийн талаар нэлээдгүй хууль, тогтоомж баталсан ч эдгээр хууль тогтоолууд давхардал багагүй байна. ХЭҮК-оос 2021 онд гэр бүлийн хүчирхийллийн хамтарсан багийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийсэн гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн.
Үүгээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Европын холбоо ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ өргөжүүлнэ
Европын холбоо ОХУ-ын эдийн засагт үзүүлэх хориг арга хэмжээний дарамтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Европын холбооны Гадаад бодлогын тэргүүн Кая Каллас Кипрт болсон тус холбооны Батлан хамгаалахын сайд нарын албан бус уулзалтын дараа мэдэгдэхдээ, Оросын Украины эсрэг дайныг дэмжиж буй дахин 80 байгууллага, хувь хүнд шинэ хязгаарлалт тавих асуудлыг хэлэлцэж байгааг онцолжээ.
Түүний хэлснээр, шинээр санал болгож буй жагсаалтад ОХУ-ын “цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор”, хүний эрх зөрчигчид болон суртал ухуулга явуулагчид багтаж байна.
Кая Калласын мэдээлснээр, Барууны орнуудын хориг арга хэмжээ ОХУ-д одоогоор 1.2-1.5 их наяд ам.долларын хохирол учруулаад байгаа аж. Тэрбээр “Орос мөнгө, хүн хүч, давшилтын эрчээ алдаж байна. Тиймээс л Украины энгийн иргэд рүү хийх халдлагаа нэмэгдүүлж байна” гэж мэдэгджээ.
Мөн Европын холбооны сайд нар Украинд зэвсэг нийлүүлсэн улс орнуудад нөхөн төлбөр олгох зорилготой 6.6 тэрбум еврогийн сангийн ирээдүйн талаар хэлэлцсэн байна. Уг сангийн асуудлыг Унгар өмнө нь эсэргүүцэж байсан ч одоо эсэргүүцлээ татахаа холбоотнууддаа мэдэгджээ.
Кая Каллас энэ хөрөнгийг зөвхөн өмнө нь нийлүүлсэн зэвсгийн нөхөн төлбөрт бус, хамтарсан зэвсэг худалдан авалт болон Европын холбооны цэргийн тусламжийг санхүүжүүлэхэд ашиглах санал гаргасан байна.
Европын холбоо АНУ-ын байр суурь суларсан энэ үед Москвагийн эсрэг дарамтаа нэмэгдүүлэхийг зорьж байна. Гуравдугаар сард тус холбоо 2,600 орчим хувь хүн, байгууллагад чиглэсэн хориг арга хэмжээг сунгаж, хөрөнгө царцаах болон зорчих эрх хязгаарлах шийдвэрээ үргэлжлүүлсэн юм.
Энэ үеэр ОХУ Украинд халдлагаа үргэлжлүүлсээр байна. Даваа гарагийн өглөө Оросын халдлагын улмаас Украины Запорожье мужид таван хүн амиа алдаж, 14 хүн шархадсан талаар орон нутгийн захирагч Иван Федоров мэдээлжээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй нүүр тулсан уулзалт хийх санал гаргасан ч Кая Калласын хэлснээр, Оростой хэлэлцээ эхлүүлэх цаг хараахан болоогүй байна.
Тэрбээр Оросыг бодитоор хэлэлцээ хийх нөхцөл байдалд хүргэхийн тулд стратегийн тэвчээр хэрэгтэй гэж мэдэгдлээ.
Дэлхий нийтээр..
Пашиняны нам ялсан ч Арменийн гадаад бодлогын чиглэл тодорхойгүй хэвээр байна
Арменийн Ерөнхий сайд Никол Пашиняны тэргүүлдэг эрх баригч “Иргэний гэрээ” нам парламентын сонгуульд ялалт байгуулсан ч санал хураалтын дүн тус улсын цаашдын гадаад бодлогын чиглэлийг шууд нэг мөр дүгнэхэд төвөгтэй болгож байна.
Арменийн Сонгуулийн төв комиссын даваа гарагт мэдээлснээр, Пашиняны “Иргэний гэрээ” нам 49.81 хувийн санал авчээ. Энэ нь түүнийг Оростой ойр байр суурьтай сөрөг хүчний “Хүчирхэг Армени” намаас илт давуу гаргасан ч Оросоос зай барих бодлогоо бүрэн баталгаажуулах, Азербайжантай урт хугацааны энхийн хэлэлцээр байгуулахад шаардлагатай хүчтэй мандат хангалттай эсэх нь тодорхойгүй байна.
Пашинян урьдчилсан дүн гарсны дараа ялалтаа зарласан ч парламент дахь суудлын эцсийн хуваарилалт хараахан тодорхой болоогүй байна. Жижиг намууд парламентад суудал авахын тулд дөрвөн хувийн босго давах ёстой бөгөөд одоогийн байдлаар Пашиняны нам Үндсэн хуулийн өөрчлөлт хийхэд шаардлагатай гуравны хоёрын олонх авах эсэх нь эргэлзээтэй байгаа юм.
Энэ удаагийн сонгуулийг Арменийн гадаад бодлогын чиг баримжааг тодорхойлох санал хураалт гэж олон улсын ажиглагчид үзэж байв. Пашинян сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Азербайжантай энх тайван тогтоох, Турктэй харилцаагаа хэвийн болгох, Европын холбоотой харилцаагаа бэхжүүлэх амлалт өгсөн.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп санал хураалтаас өмнө Пашиняныг дэмжиж буйгаа илэрхийлж, Армени, Азербайжаныг хэлэлцээний ширээнд ойртуулах хүчин чармайлтаа онцолсон байна. Боломжит хэлэлцээрийн нэг хэсэгт Армениар дамжих тээврийн коридорт АНУ онцгой эрхтэй оролцох тухай асуудал багтаж байгаа бөгөөд үүнийг “Олон улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн Трампын маршрут” буюу TRIPP гэж нэрлэжээ.
Гэвч Арменийн Баруун руу чиглэсэн бодлого Оросын дургүйцлийг төрүүлж байна. Сонгуулийн өмнөхөн Москва Арменийн зарим бараа бүтээгдэхүүн, тухайлбал шинэ жимс, цэцэг, согтууруулах ундаанд импортын хориг тавьсан. Энэ нь Брюссель, Вашингтонтой харилцаагаа бэхжүүлэх нь тодорхой өртөг дагуулна гэсэн дохио гэж ажиглагчид үзэж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Арменийн ард түмэнтэй “онцгой харилцаатай” гэдгээ тэмдэглэхийн зэрэгцээ Европын холбоотой ойртох замын талаар анхааруулсан өнгө аястай мэдэгдэл хийжээ. Тэрбээр Украины жишээг дурдан, Европын интеграц руу чиглэсэн алхам бүс нутгийн хурцадмал байдалд хүргэж болзошгүй гэсэн санаа илэрхийлсэн байна.
Армени сүүлийн жилүүдэд Оросын нөлөөний бүсээс аажмаар холдож эхэлсэн. Энэ үйл явц 2023 онд Азербайжан Уулын Карабахыг эргүүлэн авах цэргийн ажиллагаа явуулсны дараа улам эрчимжсэн юм. Тухайн үед 100 мянга гаруй армени угсаатан нүүлгэн шилжиж, Ереван Оросыг аюулгүй байдлын баталгаа болж чадсангүй гэж үзэн, Орос тэргүүтэй Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад оролцохоо царцаасан.
Сүүлийн саруудад Пашинян Европын холбоотой харилцаагаа гүнзгийрүүлж, тус холбоонд ойртох шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Мөн Армени улс Европын холбоо–Арменийн анхны дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг хүлээн авсан нь Кремлийн бухимдлыг нэмэгдүүлжээ.
Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен Оросын зүгээс Арменийн бүтээгдэхүүнд тавьсан эдийн засгийн хязгаарлалтыг “эдийн засгийн шахалт” гэж тодорхойлж, Европын холбоо Арменийг дэмжинэ гэдгээ мэдэгдсэн байна.
Гэсэн ч Пашинян Оростой харилцаагаа бүрэн таслах бус, тэнцвэртэй бодлого баримтлахыг эрмэлзэж байна. Тэрбээр дөрөвдүгээр сард Москвад айлчилж, Владимир Путинтэй уулзсан бол зургаадугаар сарын 1-нд төрсөн өдрөөрөө ОХУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярьжээ.
Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар Арменийн Европтой илүү ойртох зам амаргүй байх төлөвтэй. Оросын дарамт нь Арменийн сонгогчдыг автоматаар Европ руу түлхэнэ гэж үзэх нь хэтэрхий хялбар дүгнэлт бөгөөд Европын бодит дэмжлэгийн үр дүн одоогоор бүрэн мэдрэгдээгүй байна гэж зарим судлаач онцолжээ.
Пашинян Азербайжантай байгуулах урт хугацааны энхийн хэлэлцээрийн хүрээнд шаардагдаж болзошгүй Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрхэн урагшлуулах нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.
Тэрбээр даваа гарагийн өглөө хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Арменийн иргэд “бүс нутгийн хөгжил цэцэглэлт, хамтын ажиллагааны төлөө саналаа өглөө” гэж мэдэгдээд, Турк болон Азербайжанаас эерэг хариу ирнэ гэж найдаж буйгаа илэрхийлжээ.
Харин Пашиняны Оростой ойр байр суурьтай өрсөлдөгчид сонгуулийн дүнг эсэргүүцэж, санал хураалтын үеэр олон зөрчил гарсан гэж мэдэгдсэн байна. Сөрөг хүчин сонгуулийн дүнд бодитой сорилт үүсгэж чадах эсэх нь Арменийн ойрын өдрүүдийн улс төрийн гол асуулт болж байна.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
-
Дэлхий нийтээр..2022/04/27
УИХ: Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Дэлхий нийтээр..2025/12/24
Зодоон гарсан гэх цэргийн ангид хойшлуулшгүй шалгалтын ажиллагаа явуулж байна
-
Дэлхий нийтээр..2026/01/27
Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийг НИ...
-
Дэлхий нийтээр..2025/09/25
Төрийн бүх шатанд Цахимаар түрүүнд буюу Digital first уриалга дэвшүүллээ
