Үйл явдал
“Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд болно
УИХ-аас “Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг танхим болон цахимаар 2022 оны аравдугаар сарын 19-ний өдөр буюу өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.
Нээлтийн арга хэмжээний дараа иргэдээс ирүүлсэн санал, асуултыг нэгтгэн танилцуулж, “Төсвийн ил тод байдал”, “Халамжаас хөдөлмөрт”, “Тогтвортой эдийн засаг”, “Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх зорилт-Боомтын сэргэлт” гэсэн дөрвөн салбар хэлэлцүүлгээр үргэлжлэнэ.
Ташрамд дурдахад, Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд иргэдээс санал авч, 10 дугаар сарын 17-ны өдрийн 17.30 цагийн байдлаар 13,994 иргэн Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөлтэй танилцаж, 964 иргэн саналаа өгсөн байна.
2023 оны төсвийн төслийн онцлог нь эдийн засгаа тогтворжуулах, өрхийн эдийн засгийг бууруулахгүй байх, мөн өнгөрсөн онд эхлүүлсэн бүтээн байгуулалтын төслүүдээ ашиглалтад оруулахаар тусгасан. Ингэснээр он дамжсан төсвийн хөрөнгө оруулалт бүхий төслүүдийн дийлэнх хувийг дуусгахаар тооцолсон.
Иргэдийн санал шүүмжлэл, бодит оролцоо, хяналтыг бий болгож, хамтдаа хуулиа санаачилдаг, төсвөө хэлэлцэн баталдаг болохын тулд цахим парламент буюу D-Parliament аппликейшнийг танилцуулаад байгаа билээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Үйл явдал
Өчигдөр 102 тусгай дугаарт 2136 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үйл явдал
Олон улсын сурагч солилцооны хөтөлбөрт таван хотын 62 төлөөлөгч оролцжээ
“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, хаалтаа хийлээ. Энэ жилийн хөтөлбөрт Улаанбаатар хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаатай Тайландын Бангкок, БНХАУ-ын Хөх хот, ОХУ-ын Эрхүү, БНСУ-ын Намянжү, Японы Мияконожо хотын нийт 62 сурагч, багш, төлөөлөгч оролцжээ.
Оролцогчид долоо хоногийн хугацаанд Монгол Улсын түүх, соёл, өв уламжлал, мөн нийслэл Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалттай танилцсан байна.
Хаалтын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан оролцож, хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын баялаг түүх, өв соёл, үндэсний уламжлал, Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтыг олон улсын хүүхэд, залуучуудад таниулахыг зорьсныг онцоллоо.
Мөн таван хотын сурагчид Монголын уламжлал, орчин үеийн хөгжилтэй танилцаж, шинэ найз нөхөдтэй болсон нь хөтөлбөрийн хамгийн үнэ цэнтэй үр дүн гэдгийг тэмдэглэв.
Тус хөтөлбөр нь хүүхэд, залуучуудын нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, соёлын солилцоог өргөжүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ач холбогдолтой болж өндөрлөжээ.
Үйл явдал
Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг аварчээ
Улсын хэмжээнд энэ оны долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг аварчээ.
Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр үер, усны ослын эрсдэл өндөр бүсүүдэд хийсэн судалгаагаар 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гол, мөрөн, нуурын орчимд байрлах 399 эрсдэлтэй цэгийг тогтоож, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан байна.
Мөн гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн таван дүүрэг, 13 аймгийн 40 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүл тогтмол ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж байгаа аж.
Иймд ОБЕГ-аас иргэд, малчид, аялагчдыг үер, усны ослын эрсдэлийн талаарх сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагын өгч буй заавар, зөвлөмжийг мөрдөн, гол мөрөн, нуурын орчимд сонор сэрэмжтэй байхыг уриаллаа.

