Дэлхий нийтээр..
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа
УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 12 дүгээр 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг тус тус явуулсан.
Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 19 дүгээр тогтоолоор хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар, Б.Энхбаяр нар болон холбогдох бусад албан тушаалтнууд ажилласныг онцлоод Байнгын хороо 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэнийг онцолж байлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, С.Чинзориг нар асуулт асууж, санал хэлсний дараа хуулийн төслийн талаарх Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалтыг явуулсан. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалтын 1, 2 дахь хэсгийг нэгтгэн “1.Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж өөрчлөн найруулж, 3 дахь хэсгийг хасахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.1 хувь нь дэмжлээ. Мөн төслийн 3 дугаар зүйлийн 7 дахь заалтын 1 дэх хэсгийн “хууль ёсны болох нь” гэснийг “үндэслэлгүй болох нь” гэж өөрчилж, төсөлд “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан “их хэмжээ” гэдэгт нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно” гэсэн агуулгатай Тайлбар нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69,8 хувь нь дэмжих нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн.
Хууль зүйн байнгын хороо энэ өдөр дахин хуралдаж, хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан тул чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед хуулийн төслийн зарим заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг баримтлан 1 санал хураалт явуулсан бөгөөд зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн 90.1 хувь нь дэмжсэн. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэдгийг тодотгосон.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Х.Нямбаатар, Б.Энхбаяр нар асуулт асууж, үг хэлсний дараа Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 95.7 хувь нь дэмжлээ.
Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” гэж заасны дагуу Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
Дэлхий нийтээр..
Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав
Дэлхий нийтээр..
Европын холбоо ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ өргөжүүлнэ
Европын холбоо ОХУ-ын эдийн засагт үзүүлэх хориг арга хэмжээний дарамтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Европын холбооны Гадаад бодлогын тэргүүн Кая Каллас Кипрт болсон тус холбооны Батлан хамгаалахын сайд нарын албан бус уулзалтын дараа мэдэгдэхдээ, Оросын Украины эсрэг дайныг дэмжиж буй дахин 80 байгууллага, хувь хүнд шинэ хязгаарлалт тавих асуудлыг хэлэлцэж байгааг онцолжээ.
Түүний хэлснээр, шинээр санал болгож буй жагсаалтад ОХУ-ын “цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор”, хүний эрх зөрчигчид болон суртал ухуулга явуулагчид багтаж байна.
Кая Калласын мэдээлснээр, Барууны орнуудын хориг арга хэмжээ ОХУ-д одоогоор 1.2-1.5 их наяд ам.долларын хохирол учруулаад байгаа аж. Тэрбээр “Орос мөнгө, хүн хүч, давшилтын эрчээ алдаж байна. Тиймээс л Украины энгийн иргэд рүү хийх халдлагаа нэмэгдүүлж байна” гэж мэдэгджээ.
Мөн Европын холбооны сайд нар Украинд зэвсэг нийлүүлсэн улс орнуудад нөхөн төлбөр олгох зорилготой 6.6 тэрбум еврогийн сангийн ирээдүйн талаар хэлэлцсэн байна. Уг сангийн асуудлыг Унгар өмнө нь эсэргүүцэж байсан ч одоо эсэргүүцлээ татахаа холбоотнууддаа мэдэгджээ.
Кая Каллас энэ хөрөнгийг зөвхөн өмнө нь нийлүүлсэн зэвсгийн нөхөн төлбөрт бус, хамтарсан зэвсэг худалдан авалт болон Европын холбооны цэргийн тусламжийг санхүүжүүлэхэд ашиглах санал гаргасан байна.
Европын холбоо АНУ-ын байр суурь суларсан энэ үед Москвагийн эсрэг дарамтаа нэмэгдүүлэхийг зорьж байна. Гуравдугаар сард тус холбоо 2,600 орчим хувь хүн, байгууллагад чиглэсэн хориг арга хэмжээг сунгаж, хөрөнгө царцаах болон зорчих эрх хязгаарлах шийдвэрээ үргэлжлүүлсэн юм.
Энэ үеэр ОХУ Украинд халдлагаа үргэлжлүүлсээр байна. Даваа гарагийн өглөө Оросын халдлагын улмаас Украины Запорожье мужид таван хүн амиа алдаж, 14 хүн шархадсан талаар орон нутгийн захирагч Иван Федоров мэдээлжээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй нүүр тулсан уулзалт хийх санал гаргасан ч Кая Калласын хэлснээр, Оростой хэлэлцээ эхлүүлэх цаг хараахан болоогүй байна.
Тэрбээр Оросыг бодитоор хэлэлцээ хийх нөхцөл байдалд хүргэхийн тулд стратегийн тэвчээр хэрэгтэй гэж мэдэгдлээ.
