Тод индэр
Зурхайч Д.Сайнсайхан: Идээ унд элбэг, өвчин зовлонгүй, бие, сэтгэл амгалан жил гарч байна

Сайхан бүхнээ бэлгэдэн, ерөөлийн үгс хэлэлцэж, амар мэндээ мэдэлцэх сар шинийн баяр айсуй. Тиймдээ ч дор бүрнээ бэлтгэл юугаан базаагаад эхэлсэн энэ үед ирж буй “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн өнгө, засал номын талаар Бусдад Туслахуй Анагаах ухааны “Манба Дацан” хийдийн зурхайч, Анагаах ухааны магистр Д.Сайнсайхантай ярилцлаа.
-Сарын дараа шинэ жил гарах нь ээ. Ирж буй Үзэсгэлэн болгогч Усан туулай жилийн өнгө зурхайд хэрхэн бууж байна вэ?
-Дорнын зурхай 12 жилийг 5 махбодоор хувилган 60 жил үзээд жаран хэмээн нэрлэдэг. Энэхүү жаран жил тус бүрдээ нэртэй бөгөөд өөр өөрийн утга учиртай. “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн хувьд зурхайн шүн номлол судар 60 жилийн онцлогоос үзвэл: Идээ унд элбэг, өвчин зовлонгүй, бие, сэтгэл амгалан, ихэс дээдэс төрийг ёсчилон тэтгэж, ард иргэд амгалантай, найр наадам элбэг жил гарч байна.
-Монголчууд нь “Рангэг” буюу “Өөрийн тотгор”-ыг “Жил орох” гэж нэрлэдэг. Туулай жил 2011, 1951 онд төрсөн 13, 73 настнуудын хувьд хүү махбодтой жил байх нь. 13-ны жил ороход хүүхдийн бие өвдөх гээд байдаг. Ингэхдээ зүгээр нэг өвдөх биш, хүнд хэлбэрээр өвдөх, ужиг өвчтэй болсон хүүхдүүд бий. Иймээс 13-тай хүүхэд, 73-тай хөгшдийн бие, эрүүл мэндийг анхаарах хэрэгтэй. Засал нь: Найман гэгээн, Банзрагч, Лхам тахиулна.
Харин 1999, 1939 онд төрсөн 25, 85 настнуудын хувьд нөхөр махбодтой жил буюу “Жаргал зовлон ээлжилдэг жил”. Энэ нь ажил үйлсэд нь их нөлөөтэй. Би 25-ны жил нь орж байгаа хүмүүсээс “Ажил үйлс бүтэмжтэй юу” гэж асуухаар “Үгүй ч юм шиг. Тэгсэн атлаа бүтэхгүй байна уу гэхээр бүтэх гээд ч байгаа юм шиг” гэж нийтлэг хариулна шүү. Засал нь: Догсом, Цэнд, Доржнамжимын жавтий айлтгуулаарай.
Мөн 1987, 1927 онд төрсөн 37, 97 настнуудын хувьд дайсан махбодтой жил. Хийморь доройтон, бие өвдөх, гарз гарлага гарах гэм буй. Засал нь: Ширнэн, Догсом, Усан балин, Саа-юм, Цэвэгмэдийн чого уншуулна.
1975 онд төрсөн 49 насанд эх махбодтой жил бөгөөд үүнийг “Сүлд доройтдог жил” гэж нэрлэдэг. Сүлд нь хүний амь настай холбоотой учраас амь насны зэтгэр хөдөлдөг буюу амь насанд хорлол хөнөөл учрах магадлалтай. Тиймээс 49-ний жил дээр хол газар явах, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийж, биеэ энхрийлэх хэрэгтэй. Засал нь: Нити, Хийморийн сан айлтгуулаарай.
1963 онд төрсөн 61 насанд өөрийн махбодтой жил бөгөөд гадны хөнөөл ирэх гэм буй. Засал нь: Ширнэн, Сац талби, Цэвэгмэдийн чого айлтгуулаарай. Эрэгтэй хүн жилээ угтах ширүүн, эмэгтэй хүн жилээ дагах ширүүн учраас дээрх шинжүүдээс ажиглан жил орохын өмнө болон жил орсны дараа жил засал ном, эргэл мөргөл шамдаж анхаарал болгоомжтой байна.
-Ер нь жилийн засал болон онцгой засал номыг ямар давтамжтай хийлгэх вэ?
- Жил орж байгаа, урвасан жилийн үүд, их, бага харш, логор жил гарсан хүмүүс засал номоо жилд аль болох олон уншуулбал сайн. Учир нь хүнд нөлөөлж байгаа нөлөөллийг багасгах гэж байгаа учраас олон уншуулах тусмаа л сайн. Ер нь жилийн засал номоо жилийн эхээр юм уу, эсвэл 12 дугаар сарын сүүлээр ес эхлэхэд дараа жилийн өнгө ордог гэдэг утгаараа энэ үед их хийлгэдэг. Хүмүүс сонин, интернэтээс хараад засал номоо хийлгэхээс илүүтэй зурхайчид үзүүлж, гэр бүлийн гишүүн бүр тухайн жилд юуг анхаарч, юу хийж болох, болохгүйгээ мэдэж авч, ямар засал номыг ямар давтамжтайгаар хийлгэхээ мэдэж, ойлгох хэрэгтэй. Зурхайчид хандалгүй заслаа хийлгэсэн, эсвэл өөрөө заслаа хийлгээгүй, эмээ, өвөө юмуу эхнэр, нөхөр нь өмнөөс нь ном уншуулчихсан хүмүүс жилийн дундуур юмуу, сүүлээр асуудал тулгараад ирдэг. Засал номонд ингэж хөнгөн хандаж болохгүй. Жилд нэг удаа хийлгэж байгаа жилийнхээ засал номыг хийлгэхдээ хүмүүс чухалчлах ёстой. Үүнийг үл тоомсорлосон, ээж аавдаа найддаг хүмүүс элдэв барцад саад, асуудал үүсээд ирдэг нь олонтаа. Мөн жилийн заслаас гадна нууц жилийн харш, мэнгэ, махбодын таарамж тохиромж муу мөртлөө нэг гэр бүл болоод амьдарч байгаа хүмүүс тухайн харшийнхаа заслыг жилд нэг удаа хийлгэх хэрэгтэй. Түүнчлэн хүүхдүүдийнхээ дэмбэрэл буюу төөргийн зурхайг зуруулж, билгийн насаар хэд хэдэн насан дээр нь барцад саадтай байгаа нь урьдчилан танин мэдэж, зан чанараа анхааран засч, засал ном дээрээ нэмж уншуулах хэрэгтэй.
- За тэгвэл урвасан жилийн тухай яриагаа үргэлжлүүлэх үү?
- Урвасан жил нь огторгуйн үүд, гарзын үүд, яс тасрахын үүд, хагацахын үүд, үгүйрлийн үүд, олзны үүд тус тус нээгдэх юм. Тухайлбал, хагацахын үүд нээгдсэн хүмүүсээс “Уур чинь хүрч байна уу” гэж асуухаар “Их ууртай байгаа”-гаа чин үнэнээр хэлдэг. Тэдгээр хүмүүст би “Таны уурын үүд нээгдчхэж” гэж хэлдэг юм. Би үүнийг “Уурын үүд” гээд нэрлэчихсэн. Хүмүүс “Хагацахын үүд” гэхээр их айдаг. Үхэж хагацах юм болов уу, хэнээс хагацах гээд байгаа юм бол гэж. Хүн уурлахаараа хамгийн ойр дотны хүнээсээ холдож салдаг шүү дээ, түүнийг л хагацахын үүд гээд байгаа юм. Хагацахын үүд буюу уурын үүд нь нээгдсэн хүмүүст хагацахын үүдийг хаалгах Дашдондов, Доржнамжил, Алтангэрэл гэсэн гурван номыг уншуулахаас гадна өөрөө сахиж явах хоёр зүйлийг хэлж өгье. Нэгдүгээрт, тухайн хүн өөрөө хэл ам, хэрүүл тэмцлээс хол явах, хоёрдугаарт, өрөөл бусдын хэл ам, хэрүүл тэмцлээс зайлсхийж явах хэрэгтэй. Энэ хоёр зүйлийг сахихгүй бол тухайн хэл амны нөлөө тэр хүнд гай үсэрч байгаа юм шиг нөлөөлдөг. Тиймээс хүн аливаа засал ном хийлгэсэн ч өөрөө сахих зүйлийг мөрдөж дагахгүй бол засал ном хийлгэсний хэрэг гардаггүй. Хойшоо харсан амтай агуйд нарны гэрэл тусдаггүй нь нарны буруу биш агуйн буруу шүү дээ.
Харин үгүйрлийн буюу гарзын үүд нээгдвэл эд баялаг тогтохгүй, сэтгэл санаа тавгүй болдог. Гарзын үүдийг хаах засал ном нь Дашдондов, Дашзэвэг, Сахиусны ганшиг. Тэгвэл олзны үүд нээгдвэл тухайн хүний ажил үйлс, санасан сэдсэн томоохон үйл бүтдэг. Яс тасрахын үүд нээгдвэл хэл аманд орох талтай. Газрын үүд нээгдвэл газар лусын үйлээс болгоомжлох хэрэгтэй. Огторгуйн үүд нээгдсэн хүн уул хад, өндөр зүйл дээр гарахыг цээрлэхээс гадна нохой шинээр авч тэжээж болдоггүй. Үүнийг анхаарах хэрэгтэй.
-Сүүлийн жилүүдэд 33–ны мөчлөгийн засал гэж их ярьдаг болсон. 33-ны мөчлөг гэдгийг та тайлбарлаж өгөөч?
-Энэ удаад 33-ны мөчлөг 1991 оны Төмөр хонь жилтнүүдэд тохиож байна. Эрэгтэй хүн эхээсээ төрөхдөө гал, эмэгтэй хүн усан суудал дээр суудаг. 33-ны мөчлөг дээр төрөхөд анх суусан суудал дээрээ суудаг. Харин жил орж байсан мөчлөгүүдийг харахад эрэгтэй хүн 13 насан дээрээ ус, эмэгтэй нь гал дээр суудаг. Тэгэхээр суудлаа сэлгэх болон суудал дээрээ суух үед хатуу нөлөөтэй байдаг. Энэ 33-ны мөчлөг буюу эхийн хий нь суудлын гүймигтэй давхцдаг. Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. 9 насны мөчлөгтэй 1, 9, 18, 27, 36, 45, 54, 63 гэх мэтчилэн насанд насны гүймигийн заслыг хийлгэх ёстой. Суудлын гүймиг нь эрэгтэй хүн гал, эмэгтэй хүн усан суудал дээр сууж байгаа энэ мөчлөгийг хэлж байгаа юм.
33-ны мөчлөгийн талаар бид учир утгыг мэдэх, мэдэхгүй, итгэх, итгэхгүй дом засал арга гэж хийнэ гэж явахаар хүн өөрөө байгалийн, сэтгэлийн амьтан учраас тухайн жилийн эхээс төрөхөд суудаг суудлын гараг эрхсийн нөлөөг арилган суудлын гүймигийн заслаа сайн хийлгээд ээжийнхээ ачийг санаж баярлуулаад хариуд нь сайн сайхан ерөөл хэлүүлж үнсүүлэх нь зөв гэж зөвлөдөг. Тэгж зөвлөхөөр хүмүүс их гайхдаг л даа. Ном асуух гэж ирсэн чинь ээжийгээ баярлуул гэж хэлдэг ямар сонин юм бэ гэдэг. Хүмүүс айдас, сэжиг ихтэй. 33-ны мөчлөг орох гэж байна, орж байна, заслаа хийлгэхгүй бол болохгүй гэнэ ээ гээд ирдэг. Ажиглаад байхад энэ нь үнэний ортой харагддаг. Одоо жил өнгөрөх гэж байхад 33-ны мөчлөгийн заслаа хийгээгүй хэл ам, хэрэг зарганд орооцолдсон, амьдрал нь бараг муу тал руугаа хөмөрчих гээд байна гэсэн залуучууд ирдэг нь харамсалтай санагддаг. Тиймээс 33-ны мөчлөгийн хамгийн том засал нь ээжийгээ баярлуулах юм шүү дээ. Бид эцэг, эхийгээ баярлуулах хамгийн том зүйл бол сайн явж, сайхан зөв амьдарч, бусдад тустай нэр бүтэн явах л гэж би боддог. Хөхүүл хүүхэдтэй эх хүн горьдчихоор ямар ч эмнэлэг, ямар ч мундаг ном горьдоог нь гаргаж дийлдэггүй. Харин горьдоог нь гаргасан хойно сэтгэлзүйн хувьд сайхан болоод хөх нь чинэрч зовуурилж байсан маш хүнд эмгэг нь эдгэчихдэг шүү дээ. Энэ сонин хэрэг шүү. Үүнийг одоо болтол шинжлэх ухаан тайлбарлаагүй байна. Түүнтэй адил ээжийгээ баярлуулж чадвал илүү сайн. Энэ бол том нөлөөг засах засал юм.
-Харш жил нь гарч байгаа хүмүүс ямар засал номыг уншуулах вэ?
- Тахиа жилтнүүд “Дүнсэр” буюу “Их харш жил” жил гарч байгаа тул амь насны зэтгэр хөдөлдөг ба аливаа үйлдсэн ажил үйлд саад гардаг. Жадамба, Цагаан шүхэрт, Жанцанзэмүвүнжан, Банзрагч, Чойжилын ганшиг, Их харшын засал, аян замд явбал Чойжоо дүгжүү гаргавал сайн.
Хулгана, морь жилтнүүд “Шишид” буюу “Бага харш жил” гарч байгаа тул гахай жилтэн хэл ам, бие өвдөх хямрах, могой жилтнүүд сэтгэл санаа хямрах, гарз гарахаас сэрэмжилж, Жадамба, Ногоон дарь эх уншуулж, Бага харшийн засал, Амин золиг гаргуулбал сайн.
Гахай, хонь жилтнүүд “Ивээл жилийн харш” буюу “Түнсүм” засалтай. Хийморь доройтдог тул бусдын хөнөөл, гарз гарах, хол газар явах, их үйл эхлэн үйлдэхийг тэвчин “Хийморийн сан”, дарцаг хийсгэн, “Цагаан шүхэрт”, “Сахиусны ганшиг”, “13 сан” уншуулаарай.
Хулгана жилтнүүд хулганыг туулай хөөх харш учраас “Цагаан жил” буюу “Логар” нь сэтгэл санаа тавгүйрхэх, санаа зовоох асуудлууд гарч ирэх, бие өвдөх, яр шарх гарах гарах гэм буй. Засал нь “Манлын чого”, “Гурван гүрэм”, “Сахиусны ганшиг”-ийг уншуулаарай.
-Өөр онцгойлон засалтай ямар жилтнүүд байна вэ? Бид яриандаа орхичихоогүй байгаа.
- Байна аа, туулай жилд зургаан цагаан мэнгэтэй хүмүүс мэнгэ голлож байна. Тодруулбал, 2014. 1978. 1942 оны морь, 2005, 1969, 1933 оны тахиа, 1996, 1960, 1924 оны хулгана, 1987, 1951 оны туулай жилтнүүд хэрүүл тэмцлээс зайлсхийж, гарз гарахаас сэрэмжлэн Мэнгэний засал хийлгэж, “Жанаггагдог”, “Далха” тахиулж, “Алтангэрэл”, “Цэвэгмэдийн чого" уншуулна. Түүнчлэн гахай, хулгана, үхэр, луу, хонь, нохой жилтнүүд Ши буюу үхэх жилийн Нашидүрсүмийн засалтай. Нашидүрсүм гэдэг нь На буюу өвдөх, Ши буюу үхэх, Дүр буюу үхээрт орших гэсэн 3 үгийн нийлбэр бөгөөд гурван жил дараалан тохиодог. Энэ шууд утгаараа үхэхийн нэр биш юм шүү, зөвөөр ойлгоорой. Өвдөх гэдэг нь гарз гарахаас болгоомжил, Үхэх гэдэг нь ажил үйлсдээ анхаарах, Үхээрт орших гэдэг нь хэл ам хэрүүл тэмцлээс сэрэмжлэхийг анхааруулж байдаг. Цаад утгандаа ажил үйлсдээ анхааран, нягт нямбай байхыг сануулж байгаа юм. 9 хар, 9 цагаан чулуу бэлтгээд Нашидүрсүмийн засал заавал хийлгэвэл зохистой. Жилийн Нашидүрсүмээс гадна суудлын Нашидүрсүмийн заслаа зурхайчаас асууж, засал номондоо шамдаарай гэж зөвлөж байна.
-Тан дээр ойр дотны хүмүүсийнхээ Дэмбэрэлийн зурхай буюу хүний насан туршийн төөргийн зурхайг зуруулах гэж хүн их ирдэг бололтой. Энэ ямар учиртай зурхай юм бэ?
- Уг нь энэ дэмбэрэл буюу төөргийн зурхайг хүүхэд анх төрөхөд зурхайчаар зуруулж сайн зан чанар амьдралыг нь бэлгэдэн ерөөж нэрийг нь өгөх, улмаар өөрийн давуу тал өгөгдөлөөрөө мэргэжлээ сонгох, хань ижилээ сонгох, эсвэл хүнтэй суухгүй байгаа бол хань ижлийн тал дээрх хатуу жил, сар, өдөр, цагт төрсөн эсэх гэх мэт алдаа дутагдлаа нас биед хүрэхээсээ өмнө ном заслаар юмуу өөрийн зан чанар, ертөнцийг үзэх үзэл хандлагаараа засах гэх мэт олон төрлийн өндөр ач холбогдолтой зурхайн зурлага юмаа. Одоо 1900 онд төрсөн хүнээс дөнгөж төрж байгаа хүүхдүүд гаргуулж байна Төрөхөд нь энэ уламжлалыг мэдэхгүй өнгөрөөснөөс одоо хүмүүс амьдралдаа илүү их алдаж амьдарч байх шиг байна. Амьдрал нь болохгүй ямар нэгэн асуудалтай байгаа насанд хүрсэн хэдэн ч насны хүмүүс ирж их зуруулж байгаагаас харагдаж байна. Бурханы сургаальд хүртэл өөрийгөө танин мэдэж байж төгс гэгээрэлд хүрдэг шүү дээ. Бид бүхэн аливаа зовлон бэрхшээлийн уг шалтгааныг гаднаас хайх биш өөрсдийгөө таньж мэдэж, засан залруулж байж арилгана гэдийг ухаарах хэрэгтэй. Тиймээс энэ мартагдах гээд байгаа маш хэрэгтэй уламжлалт зурхайн ухааны уламжлалуудыг сэргээх тал дээр би залуу хүн, уламжлалтын эмч, зурхайч лам хүний хувьд анхаарч, амьтанд туслах болов уу гэх үүднээс ажилладаг юм.
-Ярилцсанд баярлалаа.
Тод индэр
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен, гэргий Дорис Шмидауэр нарыг Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа.
Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ.
Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улсын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчидтэй мэндчилэв.
Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.
Тод индэр
С.Эрдэнэболд: Парламент хүний эрхийг тогтолцооны төв болгохоор ажиллаж байна
Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболдтой ярилцлаа.
-Хүний эрхийг хангах, хамгаалахад манай эрх зүйн орчин ямар байна вэ?
-Би 2024 оны 10 дугаар сарын 22-нд Дэд хорооны даргаар сонгогдсон. Түүнээс хойш хүний эрхийг зүгээр нэг нийгмийг доргиосон, шуугиан тарьсан үед хөндөж яриад өнгөрдөг бус, эрх зүйн орчинд тогтвортой, тасралтгүй анхаарч шинэчлэл хийх шаардлагатайг ойлгосон. Хууль тогтоох байгууллагын хувьд бид зөвхөн хууль батлаад зогсох биш, түүний хэрэгжилт, хүний эрхэд үзүүлэх нөлөөлөлд хяналт тавих үүрэгтэй.
-УИХ энэ бүрэн эрхийнхээ хугацаанд бүх үйл ажиллагаагаа “хүн төвтэй” байхаар тодорхойлж, стратегиа баталсан, энэ хүрээнд хүний эрхийн чиглэлд ямар ахиц гарч байна вэ?
-Энэ стратеги бол парламентын үйл ажиллагааг илүү чадавхжуулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, гарч буй шийдвэр бүр хүний эрхийн шалгуурыг давах ёстой гэдэг хатуу үзэл баримтлалтай. Өнгөрсөн намрын чуулганаар л гэхэд 100 орчим шийдвэр, хууль, тогтоол гарсан. Улсын Их Хурлаас гарч буй аливаа шийдвэр хүний эрхийг зөрчихгүй байх зарчмыг бид баримталж ажиллаж байна.
-Хүний эрхийн дэд хороо иргэний нийгмийн байгууллагуудтай байнгын уулзалт зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрсөн. Энэ механизм хэр үр дүнтэй байна вэ?
-Хүний эрхийн дэд хороо 2024 оны 12 дугаар сараас эхлэн сар бүрийн хоёр дахь долоо хоногийн Лхагва гарагт төр хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд, судлаачидтай хамтран, хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр сэдэвчилсэн уулзалт-хэлэлцүүлгийг хийж байна. Бодлогын түвшинд санал дэвшүүлж, хэлэлцдэг. Үүний үр дүнд хүний эрхийн чухал асуудлуудыг нийгмийн олон талт оролцоотойгоор хэлэлцэж, гарц шийдэл гаргаж эхэлсэн. Тухайлбал, өнгөрсөн оны 12 дугаар сард UPR буюу НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн ээлжит нэгдсэн хэлэлцүүлэгт илгээх Монгол Улсын тайлангийн талаар, энэ оны 1 дүгээр сард НҮБ-ын зөвлөмжийн хэрэгжилтийн тухай, 3 дугаар сард хүүхдийн хорих ангийн нөхцөл байдлыг, 4 дүгээр сард Байгаль орчны холбогдох хууль тогтоомж дахь хүний эрх хэрэгжилтийн талаар, 5 дугаар сард гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал, гарц шийдлийн талаар онцлон, хэлэлцсэн байна.
-Эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ямар алхамууд хийгдэж байна вэ?
-Хамгийн энгийн жишээ гэхэд төрийн байгууллага хоорондын уялдаа муу, мэдээллийн зөрүү нь хүний эрхийн асуудалд сөрөг нөлөө үзүүлдэг. Нэг асуудлаар байгууллага бүр өөр мэдээлэлтэй, нэг сэдвийн талаар өөр ойлголттой ажиллаж байна. Хууль тогтоогчдын зүгээс үүнийг төрийн байгууллага хооронд уялдаагүй байдал, тогтолцооны хийдэл гэж үзэж байгаа.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 2000 гаруй журам нийгмийн харилцааг зохицуулж, тэдгээрт хүний эрхийг хязгаарлаж, зөрчсөн заалтууд байх нь түгээмэл байна. Бид энэ байдлыг өөрчилж, хүний эрхийг хязгаарлах бол зөвхөн хуульд үндэслэн, байж болох хамгийн бага хэмжээнд хязгаарладаг болох эрх зүйн шинэчлэл хийх зорилттойгоор шат дараалсан ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна.
Парламентын гишүүн “…иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, … Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж…” гэж тангараг өргөдөг бөгөөд энэ агуулгаараа “хүний эрхийг хамгаалах” тангарагтай гэсэн үг. Бид тангарагаа сахиж, ажил хэрэг болгохын тулд парламентын хяналтын чиг үүргээ илүү эрчимжүүлж, хариуцлагатай гүйцэтгэх шаардлагатай.
-Улсын Их Хурал энэ бүрэн эрхийнхээ хугацаанд "хүн төвтэй" стратегийг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэх вэ?
-Хүний эрхийн асуудал нь ямар нэг даргын пи ар, эсвэл сонгуулийн үеэр ярьдаг сэдэв биш. Энэ бол чөлөөт, ардчилсан нийгмийн суурь, үнэт зүйл. Хүний эрхийг хамгаалах нь Улсын Их Хурлын гишүүн бүрийн, төрийн байгууллага бүрийн, төрийн бүх шатны байгууллагын үүрэг юм.
Парламентын үнэт зүйл нь олон хууль баталснаараа бус, баталсан хуулиуд нь амьдрал дээр хүний эрхийг бодитойгоор хангаж, хамгаалж чадсан эсэхээр хэмжигдэнэ. Иргэн бүрийн жижиг мэт санагдах асуудлыг ч томруулж харж, хамгаалж, шийдвэрлэх нь парламентын хариуцлага юм.
Тод индэр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын цэргийн хүндэтгэлийн ёслолд оролцлоо.
Ялалтын баярын жагсаалд ОХУ-ын 11 мянга гаруй цэргийн алба хаагч, Монгол Улс, БНХАУ, Азербайжан, Беларусь, Тажикстан, Казахстан, Туркменистан, Кыргызстан, Египет, Узбекистан, Вьетнам, Лаос, Мьянмар зэрэг 13 орны 1,500 гаруй цэргийн алба хаагч оролцлоо.
28 офицер, 50 ахлагч, цэргийн гэрээт хоёр алба хаагчаас бүрдсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний жагсаалыг 032 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Э.Билэгсайхан ахаллаа.
Алба хаагчид өнгөрсөн сард ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяа “Звенигородский” цэргийн амралт, сувиллын газар Казахстан, Тажикстан, Туркменистан улсын цэргийн багтай хамтран бэлтгэлээ хийжээ.
Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрөөс “Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө” уриан дор хөдөлмөрлөж, Зөвлөлт Холбоот Улс, Улаан армид “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” нисэх хүчний эскадриль, 500 мянган агт морьдоос гадна зургаан удаа дулаан хувцас, хоол хүнс, бүхий 740 вагон тусламжийн бараа нийлүүлж, ялалтад өөрийн хувь нэмрээ оруулсан юм.
-
Тод мэдээ2024/09/09
“Нарантуул” худалдааны төвийн хойд талд авто зам болон явган хүний з...
-
Өнөөдөр2020/12/21
Эрчим хүчний яамнаас мэдээлж байна /2020.12.21/
-
Тод зураг2019/10/09
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно
-
Тод индэр2020/02/14
АН-ын дарга С.Эрдэнийг яллагдагчаар татах санал дахин хүргүүллээ