Хэн юу хэлэв...
С.Чинзориг: Эмийн чанар болон үнэтэй холбоотой зохицуулалтыг хийх шаардлагатай
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрынхантай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцан, тулгамдаж буй асуудлуудынх нь талаар ярилцлаа.
Хүний амь нас, эрүүл мэнд цаашлаад монгол хүний удмын сан, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах эмийн чанарт хяналт тавьж, зохицуулалт хийх үүрэгтэй энэ газар Засгийн газрын 2021 оны шийдвэрээр Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулагдаад хоёр жилийн нүүр үзэх гэж буй ч өөрийн гэсэн байргүй, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтыг цогцоор нь хийхэд хууль эрх зүйн орчин дутагдалтай, эмийн чанарын хяналтыг хийх лавлагаа лабораторийн тоног төхөөрөмж дутагдалтай, эмийн чанар, аюулгүй байдлын тандалт хийх төсөв санхүү, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааны зохицуулалт хангалтгүйгээс гадна эмийн хяналт, зохицуулалтад нэгдсэн байдлаар цахим тогтолцоо бүрдээгүй зэрэг тулгамдсан олон асуудал байгааг тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Зэндмаа танилцуулсан.
Тус газар эмийн бүртгэлийг хариуцдаг бөгөөд эмийн чанар, аюулгүй байдал, үр нөлөөг үнэлэх шат дараалсан үйл ажиллагааг явуулж бүртгэлийг 85-110 хоногт хийдэг. Монгол Улсад энэ оны хоёрдугаар сарын 1-ний байдлаар 4196 нэрийн эм бүртгэлтэй байгаагийн 80 хувь нь импортоор орж ирдэг. Үндэсний үйлдвэрийн эмийн 55 хувь нь буюу 469 нь уламжлалт, 45 хувь буюу 388 нь европ. Импортын эмийн 42 хувь нь ДЭМБ-ын хатуу зохицуулалттай 30 орноос ирдэг бол бусад 29 улсаас 58 хувийг нь хангадаг байна. Сүүлийн жилүүдэд хатуу зохицуулалттай улс орноос оруулж ирэх эмийн хэмжээ буурч байгаа гэсэн мэдээллийг тус газрынхан өгч байлаа.
Монгол Улсын хэмжээнд тусгай зөвшөөрөлтэй дотоодын 43 эмийн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагийн ес нь GMP эмийн үйлдвэрийн зохистой дадал, стандартын шаардлага хангасан батламж авсан бөгөөд эмийн үйлдвэрүүд нийтдээ 806 нэр төрлийн эм үйлдвэрлэж буйн 59 хувь нь олон улсад харилцан хүлээн зөвшөөрөгдсөн стандартад нийцсэн байдаг аж.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг тус газрынханд цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа талаар танилцуулахдаа эмийн чанартай холбоотой асуудалд онцгой анхаарч, хяналт тавих чиг үүрэг бүхий нэгжийг чадавхижуулж олон улсын жишигт нийцсэн лабораторитой болгох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа онцолсон. Эмийн чанарын хяналт, баталгаажуулалтын үйл ажиллагааг явуулж буй лаборатори эмийн чанарын хяналтыг хийх лавлагаа лабораторийн үүргээ гүйцэтгэхэд байр, тоног төхөөрөмж, урвалж, стандарт бодис, хүний нөөцийн хувьд дутагдалтай. Тодруулбал, олон улсад эмийн чанарын хяналтыг найман үзүүлэлтээр гаргадаг бол манайд ердөө гурвыг нь л хийж байгаа. Энэ байдлыг сайжруулахад 5.0 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлаагатай гэсэн урьдчилсан тооцоо гаргасан байна. Энэ асуудлыг улсын төсвөөс гадна ДЭМБ болон олон улсын бусад байгууллагын дэмжлэгээр шийдвэрлэх арга замыг судалж шийдвэрлэх боломжтойг С.Чинзориг сайд хэлээд лаборатори олон улсын жишигт нийцэж байж эмийн чанарын хяналтыг шаардлагатай түвшинд хийх боломжтой болох тул энэ асуудалд онцгой анхаарна гэсэн юм.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа юм. Эрүүл мэндийн сайдын хэлснээр хуулийн төсөлд зарчмын хэд хэдэн асуудлыг тусгаж буй бөгөөд эхний ээлжинд малын эмийн тухай хууль, хүний эмийн тухай хууль тусдаа байх ёстой гэсэн байр суурьтай байгаа гэлээ. Мөн эм, тарианы зохицуулалттай холбоотой асуудалд төр оролцох ёстой, өөрийн гэсэн байр суурь, дуу хоолойтой байх ёстой гэдэг утгаар зарим зохицуулалтуудыг хийх шаардлагатай байгааг тайлбарлаж байв.
Тэрбээр эмийн үнэтэй холбоотой асуудлаар “Иргэд эмийн үнэтэй холбоотой асуудал их ярьдаг. Оны өмнө тойргийн сумдаараа явахад өргөн хэрэглээний бараа, эмийн үнийн өсөлтийг зохицуулах боломж байна уу гэдэг асуултыг олон хүн тавьсан. Тиймээс ҮСХ-ноос үнийн өсөлтийн судалгаа авч үзэхэд нэг жилийн хугацаанд эмийн үнэ дунджаар 40 хувиар өссөн, зарим төрлиийн эм, тухайлбал, хүүхдийн дархлааны виферон лааны үнэ бүр хэд дахин өссөн байсан. Зах зээлийн үед төрөөс эмийн үнийг хатуу зохицуулах боломжгүй ч бид ямар нэг алхам хийх ёстой” гэсэн юм.
Мөн эм, тарианы улсын нөөцтэй байхыг хуульчлах шаардлага байгааг онцлоод “Манай улсын импортын эмийн хангамжийг хувийн хэвшил гүйцэтггэдэг учраас улсын нөөц бүрдүүлэхэд хүндрэлтэй. Гамшиг ослын үед гэхчилэн шаардлагатай тохиолдолд хэрэглэдэг эм, тарианы улсын аюулгүйн нөөц гэж байх ёстой гэж үзэж байгаа тул энэ төрлийн зохицуулалтыг ч хуульчлах шаардлага байгаа” гэв.
Эмээс гадна биологийн идэвхт бүтээгдэхүүн нэрээр олон нийтэд сурталчлан борлуулж буй зүйлст хяналт тавьдаг байх, монгол хүний бие организмд нийлэмжтэй эсэхэд эмнэл зүйн тандалт хийдэг байх зэрэг хэд хэдэн тодорхой асуудалд анхаарахыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрынханд үүрэг болгоод тус газрыг өөрийн гэсэн байртай болгох, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, орон нутагт ажиллаж буй байцаагч нарт тулгамдаж буй асуудлыг шийдэх, ажиллагсдын цалин хөлс, нийгмийн хамгааллыг сайжруулах, мэргэжлийн хувьд чадавхижуулахад чиглэсэн тодорхой ажлуудыг хийнэ гэдгээ хэлсэн.

Хэн юу хэлэв...
Ерөнхий сайд Н.Учрал Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, түймрийн голомт, тархалт, хамарсан хүрээг тогтоож, цаашид түймэр гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас Улсын Онцгой комисс, Сангийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газарт тус тус үүрэг даалгавар өгсөн. Ерөнхий сайд өгсөн үүргийнхээ биелэлтийг хянаж, уулзалт /2026.10.26/ хийлээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ажлын хэсэг ажиллаж байна. Мөн нэмэлтээр мэргэжлийн байгууллагын шинжээч нарын баг газар дээр нь ажиллаж байна. Нийт шатсан газар нутгийн 30 хувьд нь машин техник очих боломжтой. Үлдсэн 70 хувьд нь хүрч ажиллах баг маргааш онгоцоор гарна.
Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд мэдэгдээгүй бүс нутагт нэвтэрсэн асуудал хөндөгдөж байна. Хохирлыг хөрс, газрын хэвлий, ургамал, амьтан, агаар зэрэг байгалийн бүрдэл хэсэг бүрээр нь хуулийн хугацаанд тогтооно. Хэрэг үүсгэн шалгаж байгаа. Шүүхийн шатанд дахин хохирол тогтоох асуудал үүсэхээс сэргийлж Шүүхийн шинжилгээний байгууллагаас мэргэжлийн шинжээчийг одоо ажиллаж буй багт нэмж ажиллуулна зэрэг мэдээллийг өглөө.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян, нисдэг тэрэгний түлш нийлүүлэх машин өнөөдөр, 13:40 цагт Дорнод аймаг руу хөдөлсөн. Зургаан цэгт ажиллахаар төлөвлөсөн гэлээ.
Ерөнхий сайд “Нөмрөгийн дархан цаазат газрын 80 орчим хувь түймэрт өртлөө. Энэ бол зүгээр нэг газар шатсан хэрэг биш. Монгол орны унаган байгаль, ховор амьтан, ургамал, үр хойчдоо өвлүүлэн үлдээх ёстой байгалийн баялаг сүйдсэн ноцтой асуудал. Ийм хохирол учраад байхад хэн ч хариуцлага хүлээхгүй үлдэх ёсгүй. Хэн зөвшөөрөл олгосон, ямар зорилгоор нэвтэрсэн, галын аюулгүй байдлыг хэн хангах ёстой байсан, түймэр гарсны дараа ямар арга хэмжээ авсан болон Мобиком компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг ч хууль, баримтад тулгуурлан шалгах ёстой гэлээ.

Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ. Гэхдээ хөрөнгө оруулагчид хууль, хариуцлагаас чөлөөлөгдөнө гэсэн үг биш. Монголын газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бол Монгол Улсын хууль, тогтоомжийг мөрдөх зарчимтай гэдгийг онцоллоо.
Түймэрт өртсөн газар нутаг, устаж сүйдсэн ургамал, амьтны амьдрах орчин, байгаль орчинд учирсан хохирлыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, нөхөн сэргээх төлөвлөгөө боловсруулж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирт,
Хуулийн дагуу албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй хариуцлага алдсан хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнд,
Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулгад хариуцлага тооцохыг Сангийн сайд З.Мэндсайханд:
Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч Б.Гантөгсөд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэнд тус тус үүрэг болголоо.


Хэн юу хэлэв...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч Александер Дийркс Дрезден хотноо бараалхлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Саксонийн боловсрол, шинжлэх ухаан, соёлын хэлхээ холбоо нь манай хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг, үнэт өв болдог гэдгийг тэмдэглэв.
Энэхүү түүхэн уламжлалыг эдүгээ цагт үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр Саксонийн шилдэг их сургуулиудад олон залуус эрдэм мэдлэгт шамдан суралцаж буйг онцоллоо.
Мөн нэгэн зууны тэртээгээс Саксони муж улсыг зорин ирсэн оюутан залуусыг үеийн үед элэгсэг дотноор хүлээн авч ирсэн Саксони муж улсын ард иргэдэд монгол түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дрезден хотын хүндэт зочны дэвтэрт хүндэтгэлийн үг бичиж, гарын үсэг зурлаа.
Хэн юу хэлэв...
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
