Хэн юу хэлэв...
М.Өлзийбат: Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцогдох болсон
Нийслэлийн нутаг дэвсгэр дэх барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг энэ сарын 21-нд зохион байгуулах гэж байна.
Энэ хүрээнд Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээний талаар Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын дарга, доктор М.Өлзийбатаас тодрууллаа.
-Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн нөхцөл байдал ямар түвшинд байна вэ?
-Улаанбаатар хот болон ойр орчмын бүс нутагт газар хөдлөлтийн идэвхжил өмнөх жилүүдээс харьцангуй өндөр байгаа. Ерөнхий төлөв байдлыг харвал, 2005 оноос эхлэн нийслэл болон ойр орчмын бүсэд үүссэн газар хөдлөлтийн тоо эрс нэмэгдсэн. Үүний дагуу бид судалгаа хийн Улаанбаатар хот орчмыг тойрсон зургаан идэвхтэй хагарал байгааг тогтоосон. Эдгээрээс өөр бас нэг хагарал байгааг Японы эрдэмтэд гурван жилийн турш судалгаа хийсний дүнд илрүүлсэн. Идэвхтэй хагарал гэдэг нь хэдэн мянган жилийн өмнө болж байсан хүчтэй газар хөдлөлтийн ул мөр гэсэн үг. Ийм хагарлуудыг илрүүлэн газар хөдлөлтийн процессуудыг судалдаг. Эдгээр судалгааг хийсний дүнд Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцогдох болсон. Тиймээс аливаа гамшгаас сэргийлэхээс гадна шинжлэх ухааны үндэслэлтэйгээр урьдчилан тооцоолж, хотоо зөв төлөвлөн, барилга, бүтээн байгуулалт хийхгүй бол ямар их эрсдэл үүсдэгийг Турк, Сирид болсон явдлаас харлаа. Нийслэл орчимд үүсээд буй хүчтэй газар хөдлөлтийн голомтуудад үнэлгээ хийхэд Улаанбаатар хотоос баруун тийш 50 км-ийн зайд 80 км гаруй урттай хагарал байгаа нь тогтоогдсон. Уг хагарал дээр 7.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай. Харин бид ийм хэмжээний гамшигт бэлэн биш байгааг Японы эрдэмтдийн хийсэн судалгаанаас харж болно. Газар ийм хэмжээний хүчтэй хөдлөхөд Улаанбаатар хотын нийт барилгажилтын 20-30 хувь нь ямар нэг байдлаар эвдрэх, нурах эрсдэлтэй. Мөн гэр хорооллын бүс ихтэй, ил гал түлдэг, цахилгааны шугам сүлжээний зохион байгуулалт зэргээс шалтгаалаад гал түймрийн аюул үүсэж болзошгүйг судалгаанд дурдсан байдаг.

-Японы эрдэмтдийн илрүүлсэн хагарал Улаанбаатар хотын тэг дундуур, төв хэсгээр байдаг тухай сонсож байсан. Ер нь ийм хэмжээний эрсдэл дунд байгаа бид юунд илүү анхаарах ёстой вэ?
-Налайхаас өгсөөд Богдхан уулын араар буюу хот дундуур дайрч, Найрамдал зусланг өнгөрсөн хагарал байгааг япон эрдэмтэд илрүүлсэн. Ганц энэ хагарал ч гэлтгүй бусад зургаан хагарал болоод газар хөдлөлтийн идэвхжилүүдээс үүдэн хэзээ нэгэн цагт газар хөдлөлт болох магадлалтай хэмээн тооцож, хот төлөвлөлтөө хийх хэрэгтэй. Дэлхийн эрдэмтэд ч хэзээ, хэдэн цагт, хаана, хэр хэмжээний газар хөдлөлт болохыг хэлж чаддаггүй учраас ямагт бэлтгэлээ базааж, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр л ажиллах ёстой. “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнөөр Улаанбаатар хот яг ямар нөхцөлд байгааг тооцоолох ёстой. Ялангуяа Японы эрдэмтдийн хийсэн газар хөдлөлтийн гамшгийн эмзэг байдлын зураглалд үндэслэн тооцооллоо хийх хэрэгтэй. Мөн шинээр барьж буй барилгууд дээр энэ бүхнийг тооцоолж, хэрхэн хамгаалах хэрэгтэйг нарийвчлан тогтоох ёстой. Энэ зөвлөгөөнөөс нэлээдгүй том шийдвэр гарах болов уу гэж найдаж байна. Өнгөрсөн хугацаанд барьсан барилгуудаа нурааж, шинэчлэх боломжгүй шүү дээ. Тиймээс эмзэг байдал нь юундаа байгааг тооцоолон, хүчитгэх, шаардлагатай бол нураах хэрэгтэй. Мөн хотын хүн амын төвлөрлийг сааруулах чиглэлээр тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой болов уу. Зөвлөгөөний үеэр энэ чиглэлийн ямар нэг шийдвэр, зөвлөмж гараасай гэж хүсэж байна. Жишээлбэл, Туркийн газар хөдлөлтийн улмаас нурсан барилгуудыг харахад нэгдүгээрт, барилгын үндсэн хийц буюу суурийн хийцлэлийн тооцооллыг буруу хийсний улмаас ихэнх барилга нурж унасан гэсэн дүгнэлт бий. Хоёрдугаарт, барилгын материалын чанар муу байна. Гуравдугаарт, барилгын ул хөрсийг нарийвчлан судалж, түүндээ тохирсон шийдлээр барилгаа бариагүйн улмаас барилга нурсан гэх үндсэн гурван дүгнэлтэд хүрсэн.

-Газар хөдлөлийн хүчийг хэмждэг балл, магнитудын талаар тайлбарлавал?
-Магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн хүчийг илэрхийлэх ганц утгатай. Газар хөдлөлтөөс үүссэн долгион дэлхийн гүнээр тархан гадаргууд гарч ирэхдээ чичирхийлэл үүсгэдэг. Тэгэхээр хэр хэмжээний чичирхийлэл үүсгэж байгааг баллаар хэмжинэ гэсэн үг. Газар хөдлөлтийн голомттой ойр байх тусмаа өндөр баллтай байх бол холдвол баллын хэмжээ багасах юм. Жишээлбэл, ОХУ, Хөвсгөл орчимд үүссэн газар хөдлөлт 7-8 баллтай байхад Улаанбаатар хотод тухайн газар хөдлөлт 3-4 баллаар мэдрэгдэх боломжтой. ОХУ-д болж буй газар хөдлөлт хэр хэмжээний үетэй савлагаа үүсгэж, Улаанбаатар хотын барилгуудад хэрхэн нөлөөлж буйг тогтоох боломжтой. Газар хөдлөлтийн аюулыг тооцоолохдоо барилгажих талбай дээр судалгаагаа хийдэг. Нэгдүгээрт, суурин газруудад нөлөөлөх голомтуудыг тогтоон, хэр хэмжээний газар хөдлөлт болох боломжтой вэ, хэдэн жилийн давтамжтайгаар үүсэх вэ гэхчлэн тооцоолдог. Газар хөдлөлтийн долгионоос үүдэлтэй хөрсний савлагаа байшин, барилгуудын савлагаатай адилхан болоход тухайн барилга шууд нурах боломжтой. Өөрөөр хэлбэл, зэргэлдээ хоёр барилгын нэг нь газар хөдлөлтийг мэдрэхэд нөгөө нь мэдрэхгүй байдаг шүү дээ. Тэгэхээр, долгион мэдэрч буй барилга нь нурах эрсдэлтэй гэсэн үг.

Хэн юу хэлэв...
УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагаас зарлан хуралдуулахаар болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ.
Түүний мэдээлснээр, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл есдүгээр сарын 2-нд хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан байна. Ээлжит бус чуулганаар зөвхөн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулган есдүгээр сарын 14-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төсвийн тодотголын эхний хоёр шатны хэлэлцүүлгийг хийх юм. Үргэлжлүүлэн есдүгээр сарын 15-наас эхлэх намрын ээлжит чуулганаар төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр байна.
Засгийн газар 2026 оны төсвийн тодотголын төслийг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тодотголыг хэлэлцэхийн өмнө Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ гаргах шаардлагатай бөгөөд үүнд хуулиар 14 хоногийн хугацаа шаардагддаг. Эдгээр дүгнэлт УИХ-д ирэх нөхцөл бүрдсэн тул ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой болсон гэж УИХ-ын дарга С.Бямбацогт тайлбарлажээ.
Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, хэмнэсэн эх үүсвэрийг боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин, ахмадын тэтгэвэр, хүнс болон шатахууны нөөц, эрчим хүчний салбарын дэмжлэг зэрэгт чиглүүлэхээр тусгасан байна. Тодруулбал, урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг бууруулахаар төлөвлөжээ.
УИХ-ын дарга мөн сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж байсан ч Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор өргөн мэдүүлээгүй гэдгийг тодотгосон байна. Иймээс энэ удаагийн ээлжит бус чуулганаар бусад асуудал хэлэлцэхгүй, төсвийн тодотголд төвлөрөх аж.
Хэн юу хэлэв...
ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.
Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.
Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.
Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
-
Үйл явдал2025/01/30
Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан ХЭҮК байр сууриа илэрхийллээ
-
Хэн юу хэлэв...2021/02/14
Монгол Улсад "COVID-19"-ийн эсрэг вакцин авах 50.7 сая ам.долларыг бат...
-
Дэлхий нийтээр..2024/06/26
ЭМД-ын шимтгэлийг нь төр хариуцан төлөх даатгуулагчид ямар иргэд хамаардаг вэ
-
Дэлхий нийтээр..2021/03/05
Монголбанк 2021 оны 2 дугаар сард 643.5 кг үнэт металл худалдан авлаа
