Тод мэдээ
Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөлийг бүрдүүллээ

Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, гэр бүлдээ зориулах цагийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлд зарцуулах цагийг багасгах зорилгоор төв байгууллагын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа.
Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ” гэж заасныг үндэслэн 03 дугаар сарын 01-ний өдрөөс Төв байгууллагын албан хаагчдын ажлын цагийн горимыг 08:15-16:00 цаг хүртэл, иргэдэд үйлчлэх үндсэн чиг үүрэг хариуцсан Виз, зөвшөөрлийн газар, Зөрчил шалган шийдвэрлэх газар 08:00-16:30 цаг хүртэл ээлжийн хуваарийн дагуу иргэдэд үйлчлэхээр боллоо.
Түүнчлэн зайнаас ажиллах боломжтой зарим албан хаагчдыг технологийн шийдлийг ашиглан 7 хоногийн нэг өдөр цахимаар ажиллах боломжийг бүрдүүлж байна. Ингэснээр албан хаагчдын гэр бүл, үр хүүхдэдээ зарцуулах цаг нэмэгдэж, ажил, амьдралын тэнцвэрийг хангахаас гадна цахимаар ажилласнаар албан хаагчдын ажлын бүтээмж нэмэгдэх, технологийн ур чадвар, мэдлэг нэмэгдэх, цахим орчинд ажиллах зөв дадлыг хэвшүүлэх зэрэг эерэг нөлөөллийг бий болгох юм.
Мөн ийнхүү бусад байгууллагаас ялгаатай цагийн хуваарьт шилжиж, албан хаагчдыг цахимаар ажиллах боломжийг бүрдүүлснээр авто замын түгжрэлийг бууруулах ч чухал ач холбогдолтой гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
"Орчлон" хорооллын зүүн талын хашааг буулгаж, явган хүний зам барилаа
СХД-ийн 27 дугаар хороо, "Орчлон" хорооллын зүүн талын хашааг буулгаж, явган хүний зам барьж ашиглалтад орууллаа.
Дээрх байршилд өмнө нь орон сууцны барилга барих зориулалтаар гурван иргэн, аж ахуйн нэгж байгууллага газар эзэмшиж байсан. Газрыг хоёр жил ба түүнээс дээш хугацаагаар зориулалтын дагуу ашиглаагүй, явган хүний орц гарц хааж хашаалсан байсан юм.
Иймээс зөрчлийг арилгаж, дүүргийн Захиалагчийн алба ОНӨААТҮГ-аас өнгөрсөн амралтын өдрүүдэд явган хүний зам барьж ашиглалтад орууллаа.
Тод мэдээ
Ураны төслийг хэрэгжүүлэхэд ОУ-ын итгэмжлэгдсэн лаборатори байгуулж давхар хяналт хийнэ
Монгол-Францын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан 11 жилийн дараа Парис хотод болж, дараах асуудлаар харилцан тохиролцоонд хүрлээ. Хуралдаанд Францын талаас Европ, Гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Анн-Мари Дэкот, Монголын талаас ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нар оролцлоо.
Энэ үеэр:
- Дорноговь аймагт олон улсын итгэмжлэгдсэн лаборатори байгуулж цацраг идэвхит ашигт малтмалын хүн, мал, амьтан, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх цацрагийн нөлөөлөлд хийсэн хэмжилт, шинжилгээг давхар хяналтанд оруулах санал гаргалаа. Хөрөнгө оруулагч талын зүгээс итгэмжлэгдсэн лаборатори байгуулахыг дэмжин ажиллах,
- Төслийн дэргэд хараат бус хяналтын зөвлөлийг иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан байгуулж иргэний хяналт тогтоож, ил тод нээлттэй ажиллах нөхцлийг бүрдүүлж, олон нийтийн мэдэх эрхийг хангаж ажиллах,
- Хоёр улс Онцгой байдлын нисдэг тэрэг, техник төхөөрөмжийн туслалцаа, эрчим хүчний эс үүсвэрийг төрөлжүүлэх, боловсрол, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх,
- Ажлын хэсгийн хуралдааны үеэр Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Франц Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар хоорондын “Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах тухай Техник хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурлаа.
Мөн 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд дэмжин оролцохоор тохиролцлоо.
Сануулахад, энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна.
Тод мэдээ
Бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан 192 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Тээврийн прокурорын газраас 2024 онд зам тээврийн ослын 224 эрүүгийн хэрэгт Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т заасны дагуу эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан 412 сая төгрөгийн төлбөрийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж” бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан 192 хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн. Үүнээс 135 хэрэгт Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 230.3 сая төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлсэн.
Шүүхээр шийдвэрлэсэн хэргээс “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан 97, хүнд хохирол учруулсан 35, хүний амь нас хохироосон 3 хэрэг байна.
Тээврийн прокурорын газраас 2025 оны эхний 5 сарын байдлаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж, эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлсэн хэргийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 31.8 хувиар, шийдвэрлүүлсэн хохирлын хэмжээ 26.7 хувиар тус тус өссөн дүнтэй байна.
-
Өнөөдөр2023/09/22
Дорнод аймагт авто замын трассд хамаарах ойн сангийн асуудлаар хамтарсан ажлын х...
-
Тод мэдээ2025/05/13
Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн БНСУ-ын иргэнийг албадан...
-
Тод мэдээ2021/08/31
Гарааш буулгасан газарт ногоон байгууламж байгуулна
-
Тод мэдээ2020/09/19
Завхан аймгийн 227 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа