Дэлхий нийтээр..
Иргэний бүртгэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсов
Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо 2023 оныдөрөвдүгээр сарын 05-ны өдөр Иргэний бүртгэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсов.
Мэдээллийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, өнөөдөр Монгол Улсын Их Хурлын даргын 45 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс боловсруулсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Мөн Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд байна.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно хэмээн заасан бөгөөд хуулийн хугацаанд багтан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлуулах зорилт тавин ажиллаж байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хэд хэдэн зарчмын саналууд тусгагдаж байгаа. Нэгдүгээрт, Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоог мажоритар болон пропорциональ хосолсон тогтолцоогоор явуулахаар хуулийн төслүүдэд тусгагдсан. Үүнтэй холбоотойгоор сонгуулийн эрх бүхий иргэний бүртгэлийн асуудал чухал ач холбогдолтой болж байна. Хоёрдугаарт, гадаадад, ажиллаж, амьдарч, суралцаж байгаа иргэдийг сонгуульд өргөн хүрээтэй оролцуулах боломжийг хуулийн төсөлд тусгасан. Иймд Төрийн байгуулалтын байнгын хорооны дэргэд байгуулагдсан Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо сонгуулийг явуулахад тулгамдаж буй, шийдвэрлэх асуудалд анхаарал хандуулж ажиллахыг санууллаа.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан Улсын бүртгэлийн байгууллагын өнөөгийн нөхцөл байдал, сонгуулийн хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ. Танилцуулгад, Улсын бүртгэлийн ерөнхий газар нь 3.4 сая иргэн, 1.1 сая үл хөдлөх хөрөнгө, 218 мянган хуулийн этгээд, 150 сая цаасан эх нотлох баримт, 110 ТВ цахим мэдээллийн өгөгдөл дээр ажилладаг томоохон байгууллага бөгөөд уг байгууллага дээр 42 төрлийн систем, 37 төрлийн мэдээллийн сан, сонгуулийн үйл ажиллагаанд хэрэглэгддэг 2100 гаруй оффлайн файлын санг хэрэглэдэг талаар дурдав. Тэрбээр, улсын бүртгэлийн үйлчилгээний шинэчлэлтэй холбоотойгоор харьяалал харгалзахгүй үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байгааг онцлов.
Тухайлбал, өмнө нь зөвхөн тухайн харьяалалтай газраасаа бүртгэлийн үйлчилгээг авдаг байсан бол одоо аль ч нэгж дээрээс харьяалал харгалзахгүй үйлчилгээг авдаг болжээ. Мөн шилжилт, хөдөлгөөний бүртгэлийг боловсронгуй болгож байгаа аж. Тодруулбал, өмнө нь нэг газраас хасалт хийгээд нөгөө газраа очиж бүртгүүлдэг байсан. Хасалтаа хийлгэчээд, бүртгүүлээгүй иргэдийн хувьд дунд нь хаяггүй, хаягийн зөрчилтэй үйлдэл гардаг асуудал байсан. Одоо бол зөвхөн нэг талдаа бүртгүүлээд нөгөө талаас систем дээрээс автоматаар хасдаг зохицуулалт хийснээр дунд нь иргэд ямар нэгэн байдлаар хоцорч үлдэхгүй байх зохион байгуулалтыг хийжээ. Тус байгууллага олон байгууллагатай дундын мэдээллийн санг ашигладаг аж. Жишээлбэл, Газрын харилцаа, геодези зураг зүйн газартай хамтран газрын бүртгэлтэй холбоотой дундын мэдээллийн санг ашигладаг байна. Төр өөрт байгаа мэдээллээ иргэдээс шаардахгүй гэдэг зарчмын үүднээс иргэд өөрсдийнхөө мэдээлэлтэй танилцах боломжоор хангагдсан, тухайлбал, e-Mongolia систем дээр 90 гаруй үйлчилгээг цахимжуулаад байгаа талаар дурдав.
1988 онд ХААТР буюу Хүн амын автоматжуулсан төв регистер нэвтрүүлснээс хойш регистерийн дугаарыг хэрэглэж ирсэн. Энэ регистерийн дугаар нь хөгжлийн явцад зарим дутагдалтай тал гарч ирж байгаа бөгөөд өнөөдөр иргэн төрмөгц давтагдахгүй, өөрчлөгдөж солигдохгүй бүртгэлийн 12 оронтой дугаар олгож байгаа аж. Мөн түүнчлэн тоон гарын үсгийн хэрэглээг нэвтрүүлж, өнгөрсөн сарын байдлаар 600 гаран мянган иргэнд тоон гарын үсгийг улсын бүртгэлийн байгууллагаас олгосон талаар мэдээллээ. Цаашилбал биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл, гэрлэлтийн бүртгэл, Монгол Улсын харъяат болсон, харъяатаас гарсан, харъяалал сэргээсэн бүртгэл, хориг тавих, хориг цуцлах, эрх сэргээх түдгэлзүүлэхтэй холбоотой бүх бүртгэлээс бусад үйлчилгээ цахим болжээ. Улсын бүртгэлийн газар сонгуулийн хуулиар хүлээсэн үүрэг, үүнтэй холбоотойгоор тулгамдсан асуудлын талаар танилцуулав.
Шинэчилсэн бүртгэл бий болгосноос хойш буюу 2012 оноос хойш нийт 21 сонгуулийг автоматжуулсан систем хэрэглэн явуулж иржээ. Сонгуулийн үйл ажиллагаанд улсын бүртгэлийн байгууллагын хувьд хамгийн чухал асуудал нь сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, танилцуулах, хүргүүлэхтэй холбоотой асуудал байдаг. Улсын бүртгэлийн байгууллагаас ойролцоогоор 75 – 85 ажилбар бүхий Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган ажилладаг байна. Сонгогчийн эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг бүхий мэдээллийг багтаасан нэрийн жагсаалтыг бүртгэлийн байгууллагаас гаргаж, цахим хуудсанд байршуулж, жагсаалтыг танилцуулах үйл ажиллагаа эхэлдэг.
Сүүлийн үед зохион байгуулагдсан сонгуулиудад иргэд өөрийн мэдээлэлтэйгээ танилцах боломжоор хангагдсан. Тухайлбал, тухайн иргэн өөрийн хаяг дээр оршин суугаа бусад хүмүүсийн мэдээлэлтэй танилцдаг болжээ. Үүнтэй холбоотой гарсан зөрчил, маргааныг улсын бүртгэлийн байгууллагад хандан шийдүүлэх, шалгуулах бололцоогоор хангагдсан байна. Улсын бүртгэлийн газраас сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, хүргүүлэх процесс болгон дээр нягтлан шалгах үйлдэл хийгддэг аж. Улсын бүртгэлийн байгууллагын “burtgel.gov.mn” цахим хаягт өөрийн мэдээллийг шалгах цонхыг 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс нээн ажиллуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 205 588 иргэн мэдээллээ шалгаснаас 95.1 хувь нь зөрчилгүй, мэдээлэл шалгуулах хүсэлт гаргасан 9904 иргэний мэдээллийг шалгахад зөрчилгүй 952, шалгаж шийдвэрлэсэн 1866, тухайн иргэн өөрөө хууль тогтоомжийн дагуу шилжилт хөдөлгөөний бүртгэлээр шийдвэрлүүлэх 5716, шалгагдаж байгаа 1370 хүсэлт байгаа талаар мэдээллээ.
Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга С.Золжаргал мэдээлэлдээ, Гадаад харилцааны яамны хувьд гадаадад амьдарч байгаа иргэдийг сонгуульд оролцуулах ажлыг нийт 4 удаа зохион байгуулсан талаар дурдаад Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын жилийн эцсийн тайлан мэдээллээр манай улсын 176 мянган иргэн гадаадын 90 орчим улсад амьдарч байгаа талаар мэдээлэв. Үүнээс БНСУ-д 52 мянга орчим иргэн, АНУ-д 30 мянга, БНХАУ-д 17 мянга гаруй, Япон Улсад 13 мянга орчим, Чех Улсад 10 мянга гаруй, Швед Улсад 8 мянга гаруй иргэн оршин сууж байна. Түүнчлэн Автрали, ХБНГУ, БНТУ, Франц улсад тус бүр 5-6 мянга орчим иргэн оршин сууж байгаа аж. Эдгээр иргэдээс 125 мянган иргэн хууль ёсоор оршин сууж байгаагаас 20 мянга орчим нь 0-16 насны хүүхэд, 40 мянга орчим нь оюутан ажээ. Харин хууль бусаар 37 мянга орчим иргэн оршин сууж байгаа талаар танилцуулав. Гадаад харилцааны яамны хувьд 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулийг гадаадад байгаа дипломат төлөөлөгчийн газраа түшиглэн 39 салбар комисс байгуулан ажиллаж, энэ үеэр 4276 иргэн сонгуульд оролцохоо илэрхийлж бүртгүүлсэн байна. Үүнээс санал хураалтад 2777 иргэн буюу 64.9 хувь нь оролцжээ. 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд мөн 49 салбар комисс байгуулан ажиллаж, энэ үеэр 6233 иргэн оролцохоо илэрхийлж бүртгүүлснээс санал хураалтад 4248 иргэн буюу 68.2 хувь нь саналаа өгчээ. 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийг хилийн чанадад зохион байгуулаагүй, тухайн үед Төв комиссыг Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолоор татан буулгасан байна. 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг дипломат төлөөлөгчийн газраа түшиглэн 45 салбар комисс байгуулан ажиллаж, уг сонгуульд 7211 сонгогч оролцохоо илэрхийлснээс санал хураалтын эхний шатанд 4816 иргэн буюу 66.8 хувь нь оролцжээ. Хоёр дахь шатны сонгуульд 2799 иргэн буюу 37.7 хувь нь оролцжээ. 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дипломат төлөөлөгчийн газраа түшиглэн 44 салбар комисс байгуулан ажиллаж, 7394 иргэн сонгуульд оролцохоо илэрхийлж бүртгүүлсэн боловч санал хураалтад 5618 буюу 76 хувийн ирцтэй санал өгчээ.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран гадаад улсад байгаа сонгогчдоос санал авах ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Мэдээлэлд, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (International IDEA)-гийн 216 улсын дунд хийсэн судалгаагаар нийт 150 улс гадаад улсад суугаа иргэдийнхээ саналыг ямар нэг хэлбэрээр авдаг бөгөөд энэхүү 150 улсын тоонд манай улс багтдаг хэмээгээд эдгээр улсын 109 нь санал авах байраар, 53 улс нь шуудангаар, 15 улс нь цахимаар, 19 улс нь итгэмжлэгдсэн хүнээр дамжуулан санал авдаг байна. Манай улсын хувьд санал авах байраар дамжуулан иргэдийнхээ саналыг авдаг хэлбэрт багтдаг аж. Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын дүнгээр 6, түүнээс дээш сарын хугацаагаар гадаадад оршин суугаа 122.3 мянган иргэн тоологдож 2010 оноос 14.2 хувиар өсжээ. Өнгөрсөн хугацаанд болсон сонгуулиудад гадаадад оршин суугаа иргэд оролцохдоо хоёр үйлдэл хийж иржээ. Эхний шатанд гадаадад суугаа иргэд бүртгүүлж, дараа нь саналаа өгдөг байна. Энэ нь гадаадад оршин суугаа хүмүүс сонгуульд оролцон саналаа өгөхөд төвөгтэй байдал үүсгэдэг аж. Өөрөөр хэлбэл, гадаадад суугаа иргэн сонгуульд оролцохдоо эхлээд бүртгүүлчихээд, дараа нь саналаа өгөх гэж ирэх үед оролцох хувь нь буурдаг. Иймд энэхүү процессыг хөнгөвчлөх нь зүйтэй талаар дурдлаа.
БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн Хаягжуулалтын ажлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, 2013 онд Хаягжуулалтын тухай хууль батлагдсан бөгөөд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага байгаа талаар дурдав. Тухайлбал, хаягийг шинээр өгөх, өөрчлөх, баталгаажуулах субьект тодорхой биш байх, хаягжуулах ажил нэгдсэн удирдлага, зохион байгуулалтгүй, хаягийн өгөгдөл мэдээлэл зөрүүтэй, давхардалтай, объект хаяггүй байх, байгууллага хоорондын уялдааг хангах зохицуулалт байхгүй, холбогдох хуулийн заалтууд уялдаагүй, давхардалтай байх, хариуцлагын тогтолцоо байхгүй, хаягтай холбоотой зардлын эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх асуудал тодорхойгүй зэрэг хэрэгцээ шаардлагын үүднээс хуулийн төслийг шинээр боловсруулан ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Ц.Туваан, Б.Пүрэвдорж нар сонгогчдийн нэрсийн жагсаалтыг хэрхэн баталгаажуулдаг талаар, сонгогчдын нэрсийн жагсаалтаас зөвхөн өөрийн мэдээлэл болон гэр бүлийн гишүүдийг харахаас гадна бүх улс даяарх сонгогчдын нэрсийн жагсаалтыг харж болох эсэх, санал тоолох төхөөрөмжийн баталгаажилтыг хэрхэн хийдэг вэ, санал тоолох төхөөрөмжийн программ хангамж, алгоритмыг хэрхэн баталгаажуулдаг талаар асуулт асууж, хариулт авлаа.
Асуулттай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, санал тоолох төхөөрөмжийн баталгаажилтыг ээлжит сонгуулийн өмнө тухайн төхөөрөмжид үзлэг хийж Тагнуулын ерөнхий газрын хяналт дор комисс гарч үзлэг оношилгоо хийж баталгаа, гэрчилгээжүүлж байж сонгуульд ашигладаг. Уг төхөөрөмж хөдөлмөр маш сайн хөнгөвчилдөг, олон улсад өргөн хэрэглэгддэг. Олон нийт, иргэд уг төхөөрөмжийн талаар шүүмжилдэг. Энэ дагуу хууль хяналтын байгууллага олон удаа шалгасан. Одоогоор буруу ажилласан гэдэг баримт гараагүй. Бид 2012 оноос ашиглаж байна. Ашиглалтын хугацааг 6 жилээр тогтоосон, 2018 онд дуусах байсан боловч Ажлын хэсэг гарч үзлэг оношилгоо хийж ашиглалтын хугацааг 2024 он хүртэл сунгасан. Мөн 200 гаран төхөөрөмжийг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт саналаа хүргүүлсэн байгаа. Харин 2000 гаран төхөөрөмж хэвийн ажиллах боломжтой хэмээн хариуллаа. Мөн уг төхөөрөмжийн програм хангамжийн лицензийн төлбөрийг цаг тухай бүрд төлж байгаа талаар дурдлаа.
Улсын Их Хурлын гишүүн, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны дарга Г.Ганболд, сонгуульд ялагдсан хүмүүс гомдол гаргадаг. Үүнийг тэр даруй нь Хяналтын тооллого хийж, шалган тодруулж хариу өгдөггүй нь нийгэмд хардлага үүсгэдэг. Тийм ч учраас дэд хорооны гишүүд та бүхнээс дахин дахин тодруулж, лавлаж байгаа нь учиртай юм. Холбогдох байгууллагуудаас хийсэн өнөөдрийн мэдээллээс үзэхэд санал тоолох төхөөрөмжийн ашиглалтын хугацааны асуудлыг Улсын Их Хурал болон холбогдох байнгын хороонд танилцуулж, бүртгэл, хаягжилтын асуудлыг сонгуулиас өмнө цэгцлэх, гадаадад байгаа хүмүүсийн саналыг авахад гарах зардал, тооцоо судалгааг хийн дэд хорооны дараагийн хурал дээр тодорхой саналтай орж ирэхийг холбогдох байгууллагуудын удирдагуудад үүрэг болголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Дэлхий нийтээр..
АНУ Европын авлигатай тэмцэх байгууллагаас гарлаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа олон улсын болон олон талт байгууллагуудаас татгалзах бодлогоо эрчимжүүлж буй энэ үед АНУ-ын Европын зөвлөлийн авлигатай тэмцэх тэргүүлэх байгууллага болох Авлигатай тэмцэх улсуудын бүлэг (GRECO)-ээс гарчээ. АНУ-ын Төрийн департамент уг шийдвэрийг баталгаажуулж, GRECO-ийн гишүүнчлэлийг хадгалахын тулд жил бүр санхүүгийн хувь нэмэр оруулах шаардлагатай байдаг бөгөөд энэ нь “АНУ-ын үндэсний аюулгүй байдалд бодитой үр өгөөж үзүүлэхгүй” гэж мэдэгджээ.
2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр АНУ тус байгууллагаас гарах тухай шийдвэрийн талаар албан ёсоор мэдэгдсэн байна. Өмнө нь ОХУ, Беларусь улс гарч байсан түүхтэй. АНУ өмнө нь НҮБ-ын олон талт хэд хэдэн байгууллагаас, тухайлбал ДЭМБ болон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гарсан бөгөөд цаашид ижил төстэй арга хэмжээ авах эсэхийг мөн авч үзэж байна.
GRECO-ийн Европын зөвлөл 1999 онд авлигатай тэмцэх стандартын хэрэгжилтийг хянах зорилгоор байгуулагдсан. Байгууллагын гишүүнчлэл нь Европын холбооны гишүүн орнуудаар хязгаарлагддаггүй бөгөөд АНУ 2000 онд GRECO-д нэгдэж байжээ.
Дэлхий нийтээр..
АНУ: Крипто хөрөнгө холигч үйлчилгээнд тавих хяналтын дүрмийг сэргээхийг уриалав
Крипто хөрөнгө холигч үйлчилгээ (crypto mixer буюу Convertible Virtual Currency mixing service) нь криптовалютын гүйлгээний эх үүсвэр, хүлээн авагч болон гүйлгээний дүнг нуун далдлахад ашиглагддаг үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээг ransomware буюу барьцаалагч програм ашигладаг кибер гэмт хэргийн бүлэглэлүүд, олон улсын хориг арга хэмжээнээс зайлсхийгчид, авлигад автсан албан тушаалтнууд болон мансууруулах бодисын хууль бус наймаачид өргөнөөр ашиглаж байна.
АНУ-ын хууль тогтоомжийн дагуу харилцагчийн хөрөнгийг хяналтдаа авч үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээний алба (FinCEN)-нд бүртгүүлж, харилцагчийн мэдээллийг баталгаажуулах зэрэг үүрэг хүлээдэг. Эдгээр шаардлага нь гүйлгээний эх үүсвэр болон оролцогчдыг нуун далдлах зорилготой крипто хөрөнгө холигч үйлчилгээний үндсэн шинж чанартай шууд зөрчилддөг байна. Үүний улмаас АНУ-д ийм төрлийн үйлчилгээг нууцаар эрхэлсэн этгээдүүдийг мөнгө угаах болон холбооны бусад гэмт хэрэгт буруутган, эрүүгийн хариуцлагад татсаар иржээ.
Хэдийгээр олон улс орон крипто холигч үйлчилгээнд хяналт тавьж, хязгаарлалт тогтоож байгаа боловч эрх зүйн зохицуулалт нь дэлхий даяар ижил түвшинд байж чадахгүй байна. Үүний улмаас АНУ-ын иргэд гадаад улсад үйл ажиллагаа явуулдаг холигч үйлчилгээг ашиглан криптовалютын гүйлгээнийхээ эх үүсвэр, чиглэлийг нуун далдлах боломж нээлттэй хэвээр байна.
Байдены засаг захиргааны үед FinCEN-ээс хилийн чанадад үйл ажиллагаа явуулдаг крипто хөрөнгө холигч үйлчилгээг ашигласан байж болзошгүй гүйлгээнд хяналт тавих дүрмийн төсөл боловсруулжээ. Уг төсөлд АНУ-ын санхүүгийн байгууллагууд гадаадын ийм үйлчилгээтэй холбоотой сэжигтэй гүйлгээг илрүүлснээс хойш 30 хоногийн дотор мэдээлэх үүрэг хүлээхээр тусгасан байв. Гэвч 2026 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Трампын засаг захиргаа уг дүрмийн төслийг албан ёсоор татан авчээ. Үүний зэрэгцээ 2020 оноос хэлэлцэгдэж ирсэн, хэрэглэгч өөрөө хянадаг крипто хэтэвч (self-hosted wallet)-ээр хийгдэх гүйлгээг тайлагнаж, мэдээлэхтэй холбогдуулан өөр нэг дүрмийн төслийг мөн ийнхүү цуцалсан байна.
Үүнтэй холбогдуулан “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын АНУ дахь салбараас 2026 оны 10 дугаар сарын 8-ны өдөр FinCEN-д албан бичиг хүргүүлж, цуцлагдсан хоёр дүрмийн төслийг сэргээх, мөн дижитал хөрөнгийг хууль бус зорилгоор ашиглахтай тэмцэх аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ авахыг уриалжээ.
Дэлхий нийтээр..
АВСТРАЛИ: Тэрбумтнуудын хөрөнгө ардчилсан улс төрийн тогтолцоог гажуудуулж байна
Австралид улс төрийн санхүүжилтийн шинэ хуулиар хандив болон сонгуулийн сурталчилгааны зардалд анх удаа дээд хязгаар тогтоохоор боллоо. Хэдий тийм боловч эдгээр хязгаарлалт нь хэт өндөр, журам нь нарийн төвөгтэй байгаагаас гадна хэрэгжих хугацааг хоёр жилээр хойшлуулсан нь томоохон намуудад давуу тал олгох магадлалтай байна.
Австралийн уул уурхайн салбарын тэрбумтан Жина Райнхарт болон түүний хамаарал бүхий этгээдүүд өнгөрсөн жилд “Нэг үндэстэн” (One Nation) намд 3 сая гаруй австрали долларын (ойролцоогоор 7.5 тэрбум гаруй төгрөг) хандив өгсөн гэх мэдээлэл байна. Тэд энэ дэмжлэгээ мөнгөн хэлбэрээр олгохоос гадна хувийн нисэх онгоц бэлэглэх замаар гүйцэтгэсэн гэж мэдээлжээ. Гэвч Австралийн сонгуулийн хуулийн дагуу эдгээр хандивыг 2027 оны 2 дугаар сар хүртэл олон нийтэд албан ёсоор тайлагнах үүрэггүй тул одоогоор мэдээлэл бүрэн ил тод болоогүй байна.
Бизнесмен Клайв Палмер сүүлийн гурван удаагийн холбооны сонгуулийн сурталчилгаандаа 260 сая австрали долларын (ойролцоогоор 655 тэрбум гаруй төгрөг) хөрөнгө зарцуулжээ. Энэ нь Австрали Улс өөрийгөө тэгш боломжийг эрхэмлэдэг орон хэмээн үздэг ч бодит байдал дээр баячуудын мөнгөөр далайлган улс төрийн үйл явцад үлэмж хэмжээний нөлөө үзүүлэх боломжтойг харуулж байна.
Гэвч тэрбумтнуудын хувийн санхүүжилтээс өмнө ч Австралийн улс төрд мөнгөний нөлөө хэт өндөр байсаар иржээ. Эрх барьж байсан Хөдөлмөрийн нам болон Либерал нам бизнесийн форум, сүлжээ нэрийн дор арга хэмжээ зохион байгуулж, гишүүнчлэлийн төлбөрт 100,000 австрали доллар (252 сая гаруй төгрөг) авдаг байна. Ингэснээр бизнесийн төлөөлөгчид засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай тогтмол уулзаж, лобби хийх боломж бүрддэг. Австралийн Сонгуулийн хороо эдгээр төлбөрийг “тодорхой үйлчилгээний хураамж” гэж үзэн, олон нийтэд мэдээлэх ёстой хандивын тайланд тооцоогүй нь шүүмжлэл дагуулсаар ирсэн. Гэтэл иргэдийн дийлэнх нь улстөрчидтэй мөнгө төлж уулзах энэхүү тогтолцоог ардчилсан үйл явцыг гажуудуулж байна гэж үздэг.
Одоогийн холбооны түвшний зохицуулалт олон улсын жишигтэй харьцуулахад сул хэвээр байна. Хандивын мэдээллийг ил тод болгох систем нь 1980-аад оны цаасан бүртгэлд суурилсан хуучирсан загвартай бөгөөд жилд 17,300 австрали доллар (43.6 сая төгрөг)-оос давсан хандивыг л тайлагнадаг журамтай байв. Муж, нутаг дэвсгэрийн ихэнх зохицуулалтаас ялгаатай нь холбооны түвшинд хандивын дээд хязгаар байхгүйн дээр гадаадын эх үүсвэрээс хандив авахыг хориглосон заалт саяхнаас хэрэгжиж эхэлсэн байна. Мөн холбооны сонгуулийн сурталчилгаанд зарцуулах хөрөнгийн дээд хязгаар байгаагүй юм.
Австралийн тэрбумтан Жина Райнхарт, Клайв Палмер болон улс төрийн намуудын бизнесийн сүлжээнүүд хуулийн цоорхойг ашиглан сонгуулийн санхүүжилтийг хууль ёсны хүрээнд босгосоор иржээ. Холбооны түвшний улс төрийн намууд улсаас санхүүжилт авдаг байсан ч энэхүү мөнгө нь хувийн хандив, зардлыг хязгаарлах хэрэгсэл болохын оронд намуудын орлогыг улам нэмэгдүүлдэг нэмэлт эх үүсвэр төдий байв. Харин энэ зохицуулалт ирэх жилүүдээс өөрчлөгдөхөөр байна. Шинэ хуулиар холбооны сонгуульд нэр дэвшигч улс төрийн намууд болон лобби бүлгүүдийн сонгуулийн сурталчилгааны зардалд дээд хязгаар тогтоож, хандивын хэмжээг хязгаарлахаар тусгажээ. Түүнчлэн хандивын мэдээллийг ил тод тайлагнах, босго дүнг бууруулж, бодит цаг хугацаанд мэдээлдэг болох зохицуулалт хэрэгжинэ.
Ойролцоогоор 250 хуудас бүхий шинэ зохицуулалтыг 2024 онд өрнөсөн урт хугацааны хэлэлцээний үр дүнд боловсруулж, 2025 оны эхээр эвслийн намуудын дэмжлэгтэйгээр баталжээ. Сонгуулийн тогтолцооны энэхүү шинэчлэлийг хоёр том нам хамтран дэмжсэн нь хандивын хязгаарлалт болон ил тод байдлын зарчмыг цаашид тууштай мөрдөхөд чухал ач холбогдолтой алхам болсныг нийтлэлд онцолсон байна.
Гэсэн хэдий ч шинэ зохицуулалт төгс биш юм. Ногоон нам шинэчлэлийн үндсэн үзэл баримтлалыг дэмжиж байгаа ч хандивын хязгаарыг хэт өндөр тогтоосныг шүүмжилжээ. Шинэ хуулиар нэг улс төрийн этгээдэд өгөх хандивын дээд хэмжээг 50,000 австрали доллар (125 сая төгрөг) байхаар тусгасан боловч донорууд үндэсний хэмжээний намын салбар нэгжүүд, хэд хэдэн нэр дэвшигч болон тухайн намыг дэмждэг лобби бүлгүүдэд тус тусад нь хандив өгөх боломжтой хэвээр байна. Үүний улмаас нэг донорын жилийн нийт хандивын хэмжээ бодит байдал дээр 1.6 сая австрали долларт (4 тэрбум төгрөг) хүрч болзошгүй байгаа юм.
Үүнээс гадна улс төрийн нэг намын сонгуулийн сурталчилгааны зардлын дээд хязгаарыг 90 сая австрали доллар (225 тэрбум төгрөг) байхаар тогтоосон нь тэрбумтан Клайв Палмерын өмнөх сонгуулиудад хувиараа зарцуулж байсан хөрөнгөтэй дүйцэж байна. Мөн намуудын зорилтот, өрсөлдөөн ширүүн сонгуулийн тойрог тус бүрд явуулах сурталчилгааны зардал 800,000 австрали доллар (2 тэрбум төгрөг) хэтрэхгүй байх хязгаарлалтыг тогтоожээ.
“Teals” хэмээн нэрлэгддэг бие даан нэр дэвшигчид шинэ хязгаарлалтуудыг дахин боловсруулах шаардлагатай гэж үзэж, уламжлалт намуудад давуу байдал олгож байгааг шүүмжилжээ. Учир нь намын нэр дэвшигчид тухайн намын үндэсний хэмжээний сурталчилгаанаас ашиг хүртдэг бол бие даан нэр дэвшигчдэд ийм боломж хязгаарлагдмал байдаг. Түүнчлэн улс төрийн намууд нэг донороос олон төрлийн сувгаар хандив авах боломжтой байхад бие даасан нэр дэвшигчдэд ийм давуу тал байхгүй. Ийм нөхцөлд шинэ зохицуулалт нь улс төрийн тогтсон намуудыг зохиомлоор хамгаалж, улс төрийн өрсөлдөөнийг хязгаарлах эрсдэлтэй байна.
Лобби бүлгүүдийн сонгуулийн сурталчилгааны зардалд 11.25 сая австрали долларын (ойролцоогоор 28.1 тэрбум төгрөг) дээд хязгаар тогтоохоор болжээ. Гэсэн хэдий ч “Teals” бүлгийг дэмжигч томоохон хандивлагчид шууд бус хэлбэрээр сурталчилгаа явуулах боломжтой хэвээр байна. Мөн ашиг сонирхлын бүлгүүд тодорхой бодлогын асуудлыг дэмжсэн кампанит ажил явуулахдаа улс төрийн нам, нэр дэвшигчийг шууд дэмжих, эсвэл эсэргүүцэхгүй байвал зардлын хязгааргүй үйл ажиллагаа явуулах боломжтой аж.
Зохиогч шинэ хуулийг төгс бус боловч өмнөх зохицуулалтаас дээр гэж үнэлжээ. Улс төрийн намууд санхүүжилтгүй болж, үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болох нь зохистой үр дүн биш юм. Харин тэрбумтнууд өөрсдөө шууд сонгуулийн кампанит ажилд асар их хөрөнгө зарцуулахаас илүүтэй санхүүжилтийг улс төрийн намын тогтолцоогоор дамжуулах нь авлигын эрсдэлийг бууруулах боломжтой гэж үзсэн байна. Учир нь улс төрийн нам нь урт хугацааны нэр хүнд, олон нийтийн итгэлийг хадгалах сонирхолтой байдаг бол хувь улстөрчийг хувийн ашиг сонирхлын үүднээс нөлөөлөлд оруулах нь харьцангуй хялбар байж болно.
Шинэ зохицуулалтаар компани болон үйлдвэрчний эвлэлээс ирэх их хэмжээний хандивт тулгуурлах боломжийг хязгаарлахын зэрэгцээ төрийн санхүүжилтийг нэмэгдүүлнэ. Санал тутамд олгох төрийн санхүүжилтийг 5 австрали долларт (12,500 төгрөг) хүргэхээр төлөвлөсөн бөгөөд сонгогчид Төлөөлөгчдийн танхим болон Сенатын сонгуульд тус тус санал өгдөг тул нэг сонгогчид ногдох санхүүжилт нийт 10 австрали доллар (25,000 төгрөг)-тай тэнцэх боломжтой. Мөн холбооны парламентын гишүүдийн тоонд үндсэн улс төрийн намууд болон бие даасан гишүүдэд захиргааны үйл ажиллагааны нэмэлт санхүүжилт олгоно.
Гэвч шинэ хуулийн өөр нэг сул тал нь хэт нарийн төвөгтэй байдал юм. Улс төрийн санхүүжилтийн урсгалыг зохицуулах нь өөрөө төвөгтэй боловч шинэ хууль жижиг болон шинээр байгуулагдсан намуудын хувьд хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байж болзошгүй. Эдгээр намууд орон нутгийн түвшинд сайн дурын ажилтнуудад түшиглэдэг бөгөөд бүгд хууль зүйн зөвлөгөө авах санхүүгийн боломжтой биш. Иймээс Сонгуулийн хороо жижиг намуудын санамсаргүй алдаа дутагдлыг шийтгэхээс илүүтэй хангалттай нөөц, мэргэжлийн зөвлөгөөтэй томоохон хандивлагчид болон байгууллагын зохицуулалтыг тойрч гарах үйлдэлд анхаарах шаардлагатай гэж зохиогч үзжээ.
Шинэ хуулийн хэрэгжилтийг хоёр жилээр хойшлуулсан шалтгаан мөн эргэлзээ дагуулж байна. Албан ёсны тайлбараар Сонгуулийн хороо шинэ мэдээллийн системийг бэлтгэх, тайлагналын шинэ журмыг хэрэгжүүлэх, холбогдох байгууллага болон иргэдийг шинэ зохицуулалттай танилцуулахад хугацаа шаардлагатай аж. Гэвч зохиогчийн үзэж байгаагаар өөр шалтгаан байж болзошгүй. Жина Райнхарт “Нэг үндэстэн” намд их хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлж, тус намын сонгуулийн дэмжлэг нэмэгдэж буй энэ үед томоохон намууд 2027 оны сүүл, эсвэл 2028 оны эхээр болох холбооны сонгуулийн өмнө хандив, санхүүжилтээ нэмэгдүүлэх хугацаа авахыг зорьсон байж магадгүй гэж таамаглажээ.
Мөн шинэ хуулийг хэрэгжүүлэх явцад урьдчилан тооцоолоогүй үр дагавар гарч болзошгүй. Тухайлбал, Клайв Палмер өөрийн намд өгөх хандив нь хязгаарлагдвал компанийн бүтцийг ашиглан шууд бус хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах магадлалтай. Үйлдвэрчний эвлэл болон бизнесийн бүлгүүд ч Хөдөлмөрийн нам, эвслийн намуудыг дэмжих зорилгоор шууд сурталчилгаа явуулах боломж хайж магадгүй. Түүнчлэн олон нийтийн бие даасан санаачилга мэт харагддаг боловч цаанаа улс төрийн болон бизнесийн ашиг сонирхлоор санхүүждэг бүлгүүд бий болж, хуулийн зохицуулалтыг тойрч гарах эрсдэлтэй байна.
Зохиогчийн дүгнэснээр улс төрийн үйл явц дахь мөнгөний нөлөөг зохицуулах төгс тогтолцоо гэж байхгүй. Шударга байдлын зарчим, улс төрийн тэгш байдал, эрх чөлөө, улс төрийн намуудын үйл ажиллагааг санхүүжүүлэх бодит хэрэгцээг харилцан тэнцвэржүүлэх шаардлагатай. Улс төрийн санхүүжилтийн зохицуулалт нь байнга өөрчлөгдөж байдаг нөхцөл байдалд нийцүүлэн шинэчлэгдэх ёстой тул Австралийн шинэ хуулийг арван жилийн эцэс гэхэд дахин хянах шаардлага гарах нь гарцаагүй гэж үзжээ.
Эх сурвалж: Graeme Orr, “Australia’s Billionaire Problem and the ‘Corruption of the Democratic Process’,” The Diplomat, 2026 оны 10 дугаар сарын 12
-
Үйл явдал2021/08/17
Өнөөдөр ажиллах шинжилгээний болон дархлаажуулалтын цэгүүд
-
Дэлхий нийтээр..2021/03/03
Дэлхийн зэрлэг амьтан, ургамлын өдөр тохиож байна
-
Тод зураг2020/03/16
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
-
Тод зураг2020/03/20
Зарим гурилын үйлдвэрүүдийн үйлдвэрлэл, үнэ, нөөцийн байдалд хяналт тавьж ажилла...
