Тод мэдээ
Их Британи Улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, шууд нислэгтэй болно

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Зочлох жил” болгон зарласантай холбогдуулан агаарын тээврийн либералчлалыг тэлэх зорилтыг дэвшүүлээд буй. Энэ зорилтын хүрээнд 2023- 2024 онд дэлхийн агаарын тээврийн гол бүсүүд рүү шууд нислэг үйлддэг болох шат дараатай ажлыг эхлүүлж, нийт 10 улс оронтой агаарын харилцааны хэлэлцээр байгуулахаар төлөвлөөд байна.
Дээрх ажлыг эрчимжүүлж, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 2023 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Ерөнхий сайдын худалдааны элч Даниел Кочинский, Элчин сайд Филип Малон тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, агаарын тээвэр болон төмөр зам, авто замын хөгжлийн чиг хандлага, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтын эхэнд, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт ИБУИНХУ-ын Засгийн газраас Монгол Улстай эдийн засгийн чиглэлд онцгой анхаарч Ерөнхий сайдын Худалдааны төлөөлөгчийг тусгайлан илгээж, гуравдагч хөрш болсон улсыг Монгол Улстай худалдаа, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаад талархаж буйгаа илэрхийлээд, цаашид хамтын ажиллагааг тэлэх хүсэлтэй байна гэсэн юм.
Уулзалтын эхэнд, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт ИБУИНХУ-ын Засгийн газраас Монгол Улстай эдийн засгийн чиглэлд онцгой анхаарч Ерөнхий сайдын Худалдааны төлөөлөгчийг тусгайлан илгээж, гуравдагч хөрш болсон улсыг Монгол Улстай худалдаа, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаад талархаж буйгаа илэрхийлээд, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байна гэсэн юм.
Тэрбээр хэлэхдээ,
Нэгдүгээрт, Монгол Улс ОХУ, БНХАУ гэсэн хоёрхон хөрштэй. Гуравдагч оронтой харилцахад тээврийн салбар чухал үүрэгтэй. Тиймээс агаарын харилцааны хэлэлцээр байгуулахад онцгой анхаарч, шууд нислэгүүдийг тоог нэмэгдүүлж байна. Манай хоёр улсын агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөлд гарын үсэг зурах ажил хүлээгдэж байна. Миний бие 2023 оны тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд ХБНГУ-ын Лайпциг хотноо болох Олон улсын тээврийн форумд оролцоно. Энэ үеэр гарын үсэг зурах боломжтой гэж төлөвлөж байгаа тул энэхүү саналыг уламжилж өгч дэмжиж ажиллахыг хүсье.
Хоёрдугаарт, нийслэлийн хувьд хотжилт, төвлөрлөөс үүдсэн замын хөдөлгөөний түгжрэлд Монгол Улсын Засгийн газраас онцгойлон анхаарч, Шинэ сэргэлтийн бодлогодоо тусгаж, “Туул хурдны зам” төслийг хэрэгжүүлэх гэж байна.
Төслийн хүрээнд Туул голын эрэг дагуух авто зам, замын байгууламж болон тус авто замыг Улаанбаатар-Хөшигийн хөндийн нисэх буудлын хурдны авто замтай холбох, замын байгууламжийг богино хугацаанд барьж байгуулахаар зохион байгуулна. Манай Зам,тээврийн хөгжлийн яам энэ төслийг хариуцан хэрэгжүүлэх тул Их Британийн талаас энэ төсөлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Гуравдугаарт, Засгийн газраас Монгол Улс руу чиглэсэн олон улсын аялал жуулчлалыг дэмжихэд анхаарч, Монголын Эзэнт гүрний нийслэл хот Хархорум хотыг сэргээх босгох “Шинэ Хархорум” төслийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар эхлүүлж, УИХ-ын холбогдох шийдвэрүүд гарган ажиллаж байна.
Манай зүгээс “Шинэ Хархорум” хотыг нийслэлтэй холбох хурдны төмөр зам барих төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийн ажлыг гүйцэтгэхэд техникийн хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллах саналтай байгаа зэрэг саналаа хэллээ.
Нөгөө талаас, хоёр улсын худалдаа, эдийн засаг, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, дээр дурдсан дэд бүтцийн томоохон төслүүдийн хүрээнд манай улстай хамтран ажиллах бүрэн боломжтойг дурдаж, холбогдох албаныхантай хамтран ажиллахаар тохирлоо.
Ташрамд дурдахад, Монгол Улсын хувьд төмөр замын салбартаа Их Британийн дэвшилтэт техник технологи, ноү-хау-г нэвтрүүлэх ажлыг хийсэн туршлага бий. Тодруулбал, Их Британийн төмөр замын төмөр бетон дэрний бэхэлгээ үйлдвэрлэгч “Пандрол” компани, бетон дэр үйлдвэрлэгч “RM&S” зэрэг компаниудын бүтээгдэхүүнийг Монгол Улсад шинээр баригдсан төмөр замуудад ашиглаж байна. Бэхэлгээний технологи нь Монгол орны эх газрын эрс тэрс уур амьсгалтай нөхцөл байдалд тохиромжтой, чанарын шаардлагад нийцсэн. Цаашид Монгол Улсад баруун болон зүүн босоо тэнхлэгийн төмөр замыг барих, хуучин төмөр замыг шинэчлэн сайжруулах зэрэг том төслүүд хийгдэх тул дэр бетон, бэхэлгээний хэрэгцээ шаардлага гарах тул хамтран ажиллах саналтай санал хүргүүлж байгаа юм.
Мөн Монгол Улсын Засгийн газар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Засгийн газар 1997 оноос эхлэн агаарын тээврийн харилцаагаа нэмэгдүүлэх чиглэлээр тасралтгүй ажилласаар ирсэн юм. Тухайлбал:
/1/ 1997 онд хоёр орны Иргэний нисэхийн байгууллагууд Харилцан ойлголцлын санамж байгуулсан. Уг санамж бичгээр “Монголын талд долоо хоногт 2 удаагийн давтамжтай хуваарьт нислэг гүйцэтгэх, Москва, Берлингийн чиглэлд агаарын тээврийн 5 дугаар эрх олгох, “МИАТ” ХК-ийг Улаанбаатар-Лондонгийн чиглэлд нислэг гүйцэтгэх агаарын тээвэрлэгчээр томилох” гэсэн шийдвэр, эрх зүйн зохицуулалтыг хийж чадсаг. Гэсэн хэдий ч МИАТ компани нь агаарын хөлгийн хүрэлцээ муу, Европын чиглэлийн нислэгийн зах зээлд зорчигч урсгал бүрдээгүйтэй холбоотойгоор Берлин Лондонгийн чиглэлд нислэг гүйцэтгээгүй.
/2/ 2000 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулсан. Уг хэлэлцээрээр хоёр талаас томилогдсан агаарын тээврийн компаниуд нь Улаанбаатар, Лондон хотуудын хооронд хуваарьт нислэг гүйцэтгэхээр тохирсон.
/3/ 2009 онд Улаанбаатар хотноо хийсэн засгийн газар хоорондын уулзалт, хэлэлцээгээр нислэгийн цэгийг нэмэгдүүлж Берлин, Франкфурт, Мюнхен болон нэмэх нэг цэг байхаар, дээр дурьдсан цэгүүдээс хилийн чанад дахь Лондон, Парис, Прага, дундын цэг Москва, Прагаас агаарын тээврийн тавдугаар эрхийг эдлэх зөвшөөрлийг олгохоор тохиролцсон.
/4/ 2012 болон 2013 онуудад хоёр талын иргэний агаарын тээврийн байгууллагуудын төлөөлөл дахин албан ёсны уулзалт хийж, 1997 онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу монголын талд Москва, Берлинээр дамжин Лондонгийн чиглэлд агаарын тээврийн 5 дугаар эрх буюу код-шейр олгосон асуудлыг бататгасан юм гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
Тод мэдээ
БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгана
БНСУ-ын Хууль зүйн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам хамтран 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс ажил хэргийн шугамаар Инчоны олон улсын нисэх онгоцны буудал (ОУНОБ)-аар хил нэвтрэх гадаадын иргэдийн хүлээлгийн хугацааг багасгах шинэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.
БНСУ-ын Засгийн газар холбогдох байгууллагууд болон бизнес эрхлэгчид санал болгосны үндсэн дээр Инчоны ОУНОБ-д ажил хэргийн шугамаар ирж буй гадаадын иргэдэд зориулсан тусгай шалган нэвтрүүлэх цэгийг ажиллуулах шийдвэрийг гаргасан юм. Засгийн газраас хэрэгжүүлэх энэхүү туршилтын төсөл нь 2025 оны 12 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд үр дүнгээс нь шалтгаалан Гимпо, Гимхэ зэрэг бусад олон улсын нисэх буудлуудад хэрэгжүүлэх юм.
Цаашид дунд болон урт хугацаандаа ердийн зорчигчдын хил нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор автомат шалган нэвтрүүлэх системийн хамрах хүрээг өргөжүүлэхээр төлөвлөж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Грек улс орогнол хүсэгчдийг хорих ялаар шийтгэх хатуу хууль баталжээ
Бүгд Найрамдах Грек Улс (БНГУ)-ын Засгийн газар цагаачлалын бодлогодоо үлэмж өөрчлөлт оруулж, оршин суух зөвшөөрөлгүй иргэд болон өргөдөл нь буцаагдсан орогнол хүсэгчдэд хатуу арга хэмжээ авах шинэ хууль баталлаа.
Энэхүү шийдвэр нь тус улсын хилийн ачааллыг бууруулах зорилготой юм. Уг хуульд зааснаар орогнол хүссэн өргөдөл нь татгалзсан тохиолдолд 14 хоногийн дотор тухайн улсыг орхин явах шаардлагатай ба биелүүлээгүй тохиолдолд 2-5 жилийн хорих ял оноох, эсвэл эх оронд нь албадан буцаах арга хэмжээг авах юм. Шаардлагатай тохиолдолд электрон хяналтын бугуйвч зүүлгэх аж.
Түүнчлэн хууль бусаар хил нэвтэрсэн этгээдийг 18 сар саатуулах арга хэмжээ авдаг байсныг 24 сар болгон сунгаж, тухайн этгээдэд 10000 еврогийн торгууль ногдуулах юм.
Дахин нэг өөрчлөлт орсон нь тус улсад хууль бусаар 7 болон түүнээс дээш жил амьдарсан иргэдийн хууль ёсны оршин суух эрх авах эрхийг түдгэлзүүлсэн байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 532 хүн ажиллаж байгаа юм.
Уг төслийн эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгын ажлыг 2027 оны III улиралд дуусгана. Тодруулбал,
- Нэгдүгээр багцын бэлтгэл ажил 80 гаруй хувь, газар шорооны ажил 90 гаруй хувь, суурь цутгах ажил 30 хувьтай үргэлжилж байна.
- Хоёрдугаар багцын бэлтгэл ажил 98 хувь, газар шорооны ажил 90 хувь, суурь цутгах ажил 70 хувь, зоорины давхрын угсралт 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
- Харин бусад таван багцын гүйцэтгэгчидтэй гэрээ хэлэлцээр байгуулахын зэрэгцээ бэлтгэл ажлыг хангаж буй. Мөн зарим блокийн газар шорооны ажил эхэлсэн.
Уг төслийн хүрээнд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх цогц, нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, Сэлбэ хотод 8565 өрхийн бүрэн цутгамал, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй, гурван давхар вакум цонх, металл фасад бүхий 113 орон сууц барина. Ингэхдээ барилга бүрд зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх фильтерийг суурилуулна. Түүгээр ч зогсохгүй 8 км авто зам, 39 км явган хүний зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн авто зогсоол, худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барихаас гадна нийт талбайн 40 хувьд ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Тэрчлэн Сэлбэ голын хөвөөнд байрлаж буй Туул голын урсцыг сайжруулах зорилгоор хөв цөөрөм байгуулна.
Төслийг хэрэгжүүлснээр хотын төв рүү чиглэх урсгалыг саармагжуулахаас гадна нийт 15.600 яндан, 12.000 нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, хөрсний доройтлыг багасгах давуу талтай.