Үйл явдал
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит хурал 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:
- “Таван толгойн цахилгаан станц” төслийг төрийн өмчийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр болов. Бэлэн болсон техник эдийн засгийн үндэслэл, усны болон нүүрс хангамж, дэд бүтцийн холболт, байгаль орчны судалгаануудыг үндэслэн байршлыг өөрчлөхгүйгээр барих боломжтой гэж үзлээ. Тавантолгойн нүүрсний бүлэг ордыг түшиглэн байгуулах уг станц 450 мВт-ын хүчин чадалтай байх бөгөөд 2024 онд ашиглалтад оруулна гэж тооцож байна.
Станцын хөрөнгө оруулалт нь өмнө нь яригдаж байсан хөрөнгийн саналаас 30 хувь бага бөгөөд цахилгаан эрчим хүчний өртөг 50 хувь хямд, хөрөнгө оруулалтаа таван жилд нөхөх аж. Өмнийн говийн уул уурхайн эрчим хүчний хэрэглээг найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангах, цахилгаан станцын үйл ажиллагааны гол зардал болох нүүрс тээвэрлэлтийн зардлыг хэмнэх төслийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Иймд Төрийн өмчит Таван толгойн цахилгаан станцыг “Эрдэнэс таван толгой” компанийг түшиглэн байгуулж, Оюутолгой ХХК-ийг төрийн өмчийн Таван толгой цахилгаан станцаас эрчим хүчээр хангах юм.
- МУЗГ, БНСУ-ын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Сангийн яам, Солонгос Улсын Экспорт –Импорт банк хооронд байгуулах “Солонго 1, 2 орон сууцны хороолол барих төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох захирамж гаргахаар тогтов.
- Олон улсын нислэгийг зогсоосонтой холбогдуулан иргэний нисэхийн салбар болон “МИАТ” ТӨХК-д тулгамдаж байгаа хүндрэлтэй асуудлын талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан танилцуулга хийв.
- Музейн тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Дэлхий нийтийн музейн хөгжлийн чиг хандлагатай уялдуулсан эрхзүйн тогтолцоог бүрдүүлэх нь зүйтэй хэмээн үзэж энхэүү хуулийг төслийг боловсруулжээ.
Үйл явдал
Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Нийслэлийн Улаанбаатар театр үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан “Улаанбаатар хотын соёл, урлагийн түүхэн замнал ба Улаанбаатар театрын хөгжлийн бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2026 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр зохион байгууллаа.
Тус хурал нь нийслэл хотын соёл, урлагийн түүхэн хөгжил, хотын амьдралын хэв маягийн өөрчлөлтийг судлан хэлэлцэх, Улаанбаатар театрын цаашдын хөгжлийн бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох зорилготой юм.

Хурлыг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Алтанхуяг чиглүүлэн явуулж, доктор (Ph.D) Пэрэнлэйн Нямлхагва “Өргөө хотоос Нийслэл хүрээ хүртэлх урлагийн хөгжлийн товчоолсон тойм”, доктор (Ph.D) Данзангийн Энхцэцэг “Миний Улаанбаатар баримтат киноны дуу хөгжмийн илэрхийлэл”, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач Чойжамцын Буянхишиг, доктор (Ph.D) Дэлгэрхүүгийн Наранцацрал “Орчин үеийн хотын амьдралын хэв маяг ба соёлын өөрчлөлт”, СУИС-ийн багш, магистр Гүргэлсүрэнгийн Төвшинтөр “Улаанбаатар театрын хөгжлийн бодлого” зэрэг нийслэлийн урлагийн түүх, кино урлагийн хөгжим, орчин үеийн хотын соёлын өөрчлөлт болон театрын хөгжлийн бодлогын талаар илтгэл хэлэлцүүлэв.




Эрдэм шинжилгээний бага хурлаар хэлэлцсэн илтгэл, дэвшүүлсэн санал, гаргасан дүгнэлтүүд нь нийслэлийн соёл, урлагийн салбарын бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох, театрын уран бүтээлийн хөгжил, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.





Үйл явдал
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулав
Авлигын эсрэг хуульд зааснаар нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тухайн хөрөнгө нь хууль ёсны орлогоор бий болсон эсэх, эх үүсвэр нь үндэслэлтэй эсэхийг тус газраас нарийвчлан хянан шалгаж байна.
Шалгалтад төрийн захиргааны албан хаагчдаас гадна төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтнууд, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнууд хамрагдсан бөгөөд иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналтын хүрээнд шалгалтыг явуулж байна.
2026 оны эхний 10 сарын байдлаар нийт 140 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаснаас 79 албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүний орлого, хөрөнгийг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн байх бөгөөд үүнээс 51 албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсэгт заасны дагуу зохих хариуцлагыг тооцуулсан байна. Тухайлбал, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн газрын дарга Н.Д, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын удирдах албан тушаалтан С.С нарын 9 албан тушаалтыг мөн хуулийн 13.8.4-т заасны дагуу нийтийн албанаас халах хариуцлага тооцуулан шийдвэрлэсэн байна.
Үйл явдал
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндлөө
Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулгын цагаар үргэлжиллээ. Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс төсвийн үр ашиг, санхүүгийн сахилга, хариуцлага, төрийн өмчит компаниудын ноогдол ашиг, уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засаг, төрд итгэх иргэдийн итгэл зэрэг олон асуудлын хөндөж, Ерөнхий сайд Н.Учралтай чуулганы танхимд нээлттэй мэтгэлцээн өрнүүлэв.
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин 2017 онд улсын төсвийн нийт зарлага 9.0 их наяд төгрөг байсан бол 2027 онд 43.5 их наяд төгрөг болж, урсгал зардал 7.0 их наядаас 33.5 их наяд төгрөгт хүрсэн ч өрхийн бодит орлого ердөө 62.0 хувиар өссөн тухай статистик мэдээллийг танилцуулж, энэ зөрүүгийн цаана төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудал оршиж буйг шүүмжилсэн юм. Монгол Улсын төсөв бодлогод бус зардалд суурилах болсныг Ерөнхий сайд хүлээн зөвшөөрч, эдийн засгийн өсөлт айл өрхийн хаалгаар орохгүй байгаа уул уурхайгаас хэт хамааралтай өрөөсгөл бүтэцтэй холбоотойг тодорхой тайлбарлав. Засгийн газраас төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг 2027 онд ДНБ-ий 2.0 хувь, 2028 онд 1.5 хувь, 2029 онд 1.0 хувь хүргэж бууруулах зорилт тавьжээ. Төсвийн реформын эхлүүлж, үүний хүрээнд төрийн өмчит компанийн ноогдол ашгийг төсөвт татан төвлөрүүлж, төсвийн гадуур явдаг хөрөнгийг ил тод болгож эхэлснийг Ерөнхий сайд дурдав.
Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа 60 тэрбумын хэрэг, ЖДҮ-ийн зээл, Хөгжлийн болон Капитал банкны хэрэг, Нүүрсний хулгай, Ногоон автобусны хэргийн хариуцлагыг нэхэж, Хуримтлалын санд хэдий хэмжээний хөрөнгө төвлөрсөн талаар тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар аудитын байгууллагын дүгнэлтээр төсвийн сахилга, хариуцлага алдсан нь нотлогдсон албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцсон тухай асуулт тавив. Үндэсний аудитын газраас хариуцлага тооцуулах 96 санал ирүүлснийг Ерөнхий сайд Н.Учрал мэдээлж, зарим төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдагуудад хариуцлага тооцсон талаар ярив.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа Улсын Их Хурлын тогтоолоор Засгийн газарт өгсөн багш нарын цалин, урамшууллыг улсын дунджаас өндөр түвшинд хүргэх чиглэлүүд яагаад хэрэгжихгүй байгааг асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс ажлаа өгснийхөө дараа авлига, хулгайн талаар ярьж эхэлдэг нь төрд итгэх иргэдийн итгэлийг сулруулах нэг гол хүчин зүйл болж байгааг анхааруулсан юм . Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа эрх баригч намынхны авлига, албан тушаалын хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааны үр дүн ямар байгааг асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Р.Эрдэнэбүрэн улсын төсөвт хамгийн их орлого төвлөрүүлдэг аймгууд эргээд шударга санхүүжилт авч чадахгүй байгааг сануулж, үүнд анхаарч ажиллахыг Засгийн газрын тэргүүнээс хүслээ.

Улсын Их Хурал дахь олонхыг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун асуулт тавьж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг даруй өргөн мэдүүлэхийг зөвлөв.
Мөн Улсын Их Хурал дахь ХҮН намын зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан, П.Наранбаяр, Ж.Золжаргал, Г.Уянгахишиг нар Оюутолгой ХК-ийн ногдол ашгийг хэрхэн ашиглах, баялгийн өгөөжийг ирээдүйд чиглүүлж, үр ашгийг нэмэгдүүлэх, газрын тос боловсруулах үйлдвэр болон нүүрс-химийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, Хуримтлалын сангийн хөрөнгийг илүү өгөөжтэй санхүүгийн хэрэгсэлд оруулах, мөн стратегийн төслүүдэд ашиглах зэргээр саналаа хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.



Ерөнхий сайд Н.Учрал хөрөнгийн зах зээлийг эдийн засгийн шинэ тулгуур болгон хөгжүүлэх, татварын дарамтыг бууруулж, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар эрчимтэй ажиллаж байгааг танилцуулж, олон жил үргэлжилсэн авлига, албан тушаалын хэрэг, маргааныг хууль хяналтын байгууллагаар нэг мөр шийдвэрлүүлэх, ил тод байдал, хариуцлага, бодит үр дүнг нэмэгдүүлэх замаар иргэдийн төрд итгэх итгэлийг сэргээх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Монгол Улсын 2027 оны төсвөөр дамжуулан Засгийн газар татварын хөнгөлөлт, төрийн өмчит компаниудын ноогдол ашиг, хөрөнгийн зах зээл, хувийн хэвшлийн оролцоонд тулгуурласан шинэ өсөлтийн бодлогыг хэрэгжүүлэхээр зорьж буйг Ерөнхий сайд Н.Учрал онцолж байлаа гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
-
Дэлхий нийтээр..2021/11/25
Шинэ цэргүүд тангараг өргөлөө
-
Үйл явдал2020/05/28
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
-
Үйл явдал2026/08/06
Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ
-
Чөлөөт бүс2020/06/18
“Фитнесс эженси” шинэ стандартыг бий болгох зорилготой ажиллаж байна...
