Тод мэдээ
“Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, тус компанид Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилон ажиллуулж байна. Онцгой дэглэмийн хугацаанд олборлолт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, нээлттэй, ил тод байдлыг хангах, нүүрсийг хил нөхцөлөөр, биржээр арилжих зэрэг зарим арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эерэг үр дүнд хүрсэн гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулав. Тухайлбал, онцгой дэглэм тогтоосон 2022 оны 10 сарын 26-ны өдрөөс хойш 5 сарын хугацаанд 1,260.6 сая ам.долларын үнэлгээ бүхий 13.0 сая тонн нүүрс борлуулсан. Онцгой дэглэмийн хугацааны сарын дундаж үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлт түүний өмнөх үетэй харьцуулахад эрс сайжирсан. Өнгөрсөн 2022 онд компанийн түүхэн дэх хамгийн өндөр орлого, ашигтай ажилласан жил болж, төсөвлөсөн цэвэр ашгийг 56 хувиар давуулан биелүүлж, цэвэр ашиг 1.3 их наяд төгрөгт хүрсэн. Нийт 7 удаагийн биржийн арилжааг амжилттай зохион байгуулж, 224 мянган тонн коксжих нүүрс, 192 мянган тонн эрчим хүчний нүүрс, нийт 416 мянган тонн нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр амжилттай борлуулсан гэлээ.
Тэрбээр үргэлжлүүлэн, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон хугацаанд санхүүгийн нөхцөл байдал сайжирч, гадаад валютын орох урсгал нэмэгдсэн хэдий ч дээрх хүрээд буй үр дүнг тогтвортой хадгалах, цаашид улам сайжруулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-г олон улсын жишигт нийцсэн компани болгох зорилгоор дараах арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэв. Үүнд, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй хөндлөнгийн аудитын байгууллагаар аудит хийлгэх, нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр борлуулах үйл ажиллагааг жигдрүүлэх, компанийн засаглал, бүтэц, менежментийг сайжруулах, оновчтой болгох хэмээв.
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2023 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Таван толгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн үед тодорхой үр дүн гарч эхэлснийг тэмдэглээд онцгой дэглэмийн хугацааг сунгах, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй гэж дүгнэн Засгийн газраас холбогдох шийдвэрийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь зүйтэй гэсэн чиглэлийг ирүүлсэн аж.
Иймд дээр дурдсан үндэслэл, шаардлагын дагуу “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг 6 сараар сунгах, уг онцгой дэглэмийн хугацаанд холбогдох хуульд заасан асуудлын хүрээнд шаардлагатай арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болон тогтоолын хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, дагаж мөрдөх хугацааг уг тогтоолын төсөлд тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Тод мэдээ
БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгана
БНСУ-ын Хууль зүйн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам хамтран 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс ажил хэргийн шугамаар Инчоны олон улсын нисэх онгоцны буудал (ОУНОБ)-аар хил нэвтрэх гадаадын иргэдийн хүлээлгийн хугацааг багасгах шинэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.
БНСУ-ын Засгийн газар холбогдох байгууллагууд болон бизнес эрхлэгчид санал болгосны үндсэн дээр Инчоны ОУНОБ-д ажил хэргийн шугамаар ирж буй гадаадын иргэдэд зориулсан тусгай шалган нэвтрүүлэх цэгийг ажиллуулах шийдвэрийг гаргасан юм. Засгийн газраас хэрэгжүүлэх энэхүү туршилтын төсөл нь 2025 оны 12 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд үр дүнгээс нь шалтгаалан Гимпо, Гимхэ зэрэг бусад олон улсын нисэх буудлуудад хэрэгжүүлэх юм.
Цаашид дунд болон урт хугацаандаа ердийн зорчигчдын хил нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор автомат шалган нэвтрүүлэх системийн хамрах хүрээг өргөжүүлэхээр төлөвлөж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Грек улс орогнол хүсэгчдийг хорих ялаар шийтгэх хатуу хууль баталжээ
Бүгд Найрамдах Грек Улс (БНГУ)-ын Засгийн газар цагаачлалын бодлогодоо үлэмж өөрчлөлт оруулж, оршин суух зөвшөөрөлгүй иргэд болон өргөдөл нь буцаагдсан орогнол хүсэгчдэд хатуу арга хэмжээ авах шинэ хууль баталлаа.
Энэхүү шийдвэр нь тус улсын хилийн ачааллыг бууруулах зорилготой юм. Уг хуульд зааснаар орогнол хүссэн өргөдөл нь татгалзсан тохиолдолд 14 хоногийн дотор тухайн улсыг орхин явах шаардлагатай ба биелүүлээгүй тохиолдолд 2-5 жилийн хорих ял оноох, эсвэл эх оронд нь албадан буцаах арга хэмжээг авах юм. Шаардлагатай тохиолдолд электрон хяналтын бугуйвч зүүлгэх аж.
Түүнчлэн хууль бусаар хил нэвтэрсэн этгээдийг 18 сар саатуулах арга хэмжээ авдаг байсныг 24 сар болгон сунгаж, тухайн этгээдэд 10000 еврогийн торгууль ногдуулах юм.
Дахин нэг өөрчлөлт орсон нь тус улсад хууль бусаар 7 болон түүнээс дээш жил амьдарсан иргэдийн хууль ёсны оршин суух эрх авах эрхийг түдгэлзүүлсэн байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 532 хүн ажиллаж байгаа юм.
Уг төслийн эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгын ажлыг 2027 оны III улиралд дуусгана. Тодруулбал,
- Нэгдүгээр багцын бэлтгэл ажил 80 гаруй хувь, газар шорооны ажил 90 гаруй хувь, суурь цутгах ажил 30 хувьтай үргэлжилж байна.
- Хоёрдугаар багцын бэлтгэл ажил 98 хувь, газар шорооны ажил 90 хувь, суурь цутгах ажил 70 хувь, зоорины давхрын угсралт 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
- Харин бусад таван багцын гүйцэтгэгчидтэй гэрээ хэлэлцээр байгуулахын зэрэгцээ бэлтгэл ажлыг хангаж буй. Мөн зарим блокийн газар шорооны ажил эхэлсэн.
Уг төслийн хүрээнд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх цогц, нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, Сэлбэ хотод 8565 өрхийн бүрэн цутгамал, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй, гурван давхар вакум цонх, металл фасад бүхий 113 орон сууц барина. Ингэхдээ барилга бүрд зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх фильтерийг суурилуулна. Түүгээр ч зогсохгүй 8 км авто зам, 39 км явган хүний зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн авто зогсоол, худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барихаас гадна нийт талбайн 40 хувьд ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Тэрчлэн Сэлбэ голын хөвөөнд байрлаж буй Туул голын урсцыг сайжруулах зорилгоор хөв цөөрөм байгуулна.
Төслийг хэрэгжүүлснээр хотын төв рүү чиглэх урсгалыг саармагжуулахаас гадна нийт 15.600 яндан, 12.000 нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, хөрсний доройтлыг багасгах давуу талтай.