Тод мэдээ
Энэтхэг улсад төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг нээлээ
Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд төрийн үйлчилгээг операторын горимоор үзүүлэх “ХурДан” цэгийг улс орон даяар болон хилийн чанадад нийт 504 байршилд нээж байна. УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар дөрөвдүгээр сарын 13-ны өдөр БНЭУ-д суугаа дипломат төлөөлөгчийн газарт төрийн цахим үйлчилгээний “ХурДан” цэгийн нээлтэд оролцлоо.
Ингэснээр тус улсад ажиллаж, сурч, амьдарч буй Монгол Улсын иргэд төрийн үйлчилгээг ойроос, хүндрэл чирэгдэлгүй, хурдан шуурхай авах боломж бүрдэж байна. Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд анхаарч нийт 47 улсад “ХурДан” цэгийг байгуулахаар төлөвлөснөөс БНСУ-ын Сөүл, Бусан хотод 3 цэг, Австри Улсын Вена хотод нэг цэгийг нээсэн бол БНЭУ-ын Дели хотод 5 дахь цэгийг ийнхүү нээжээ. “ХурДан” цэгээс төрийн 39 байгууллагын 440 орчим үйлчилгээг хувь хүн, хуулийн этгээдэд операторын горимоор үзүүлж байгаа юм. Цаашид үе шаттайгаар 55 байгууллагын 790 орчим үйлчилгээг үзүүлнэ.
Өнөөдрийн байдлаар “ХурДан” цэгийг Улаанбаатар хотод хүн амын нягтрал ихтэй 14 байршилд нээж, үйл ажиллагаа нь эхэлсэн ба аймгуудад нээх бэлтгэл ажил хангагдаж байна. Ингэснээр иргэд “ХурДан” гэсэн брэндбүүк лого бүхий газраас төрийн үйлчилгээг өөрт хамгийн ойрхон цэгээс авах боломжтой болно гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Тод мэдээ
Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төсөл хэрэгжинэ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлнэ.
НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2023 оны зургаадугаар сарын 14-ний 231 тоот тогтоолоор “Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааны төлөвлөгөө (2023-2027)”-г баталсан.
Төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын холбогдох яам, агентлаг, төрийн байгууллагуудад НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг сурталчлан таниулах, Засгийн газраас баталсан үндэсний төлөвлөгөөг танилцуулах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа юм.
Энэ хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн жишээн дээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эрхэд хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлэх юм.
Тод мэдээ
Үндэсний аудитын газар нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ ирүүллээ
Сонгуулийн ерөнхий хороонд Үндэсний аудитын газар улс төрийн 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтийг өчигдөр (2024.04.25) хүлээлгэн өглөө.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт 2024 оны гуравдугаар сарын 22-24-ний өдөр хүргүүлсэн юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.10 дахь хэсэгт “Төрийн аудитын дээд байгууллага нам, эвслийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайланд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.” гэж заасан.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу нам, эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ 2024 оны 4 дүгээр сарын 26, 27, 28-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.
Сэтгэгдэл