Дэлхий нийтээр..
ХНХЯ: Салбарын хяналт шалгалтын 2023 оны төлөвлөгөө батлагдлаа
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Хууль хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 417 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийг салбар яамдад шилжүүлсэн. Үүний дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон Нийгмийн даатгалын ерөнхий газар түүний харьяа байгууллагууд 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын салбар дундын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 479 дүгээр тогтоолоор баталсан “Хяналт шалгалт хийх нийтлэг журам”-ын 3 дугаар зүйлд заасны дагуу 2023 онд хийх хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах 3 шалгуур үзүүлэлтээр 26196 объектыг эрсдэлийн үнэлгээнд хамруулж, мэдээллийн сан бүрдүүлж ажиллалаа.
Үнэлгээнд хамрагдсан обьектоос хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, нийгмийн аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй 6563 обьект /25.1 хувь/ нь эрсдэл их , 12633 обьект /48.3 хувь/ нь эрсдэл дунд үнэлэгдсэн байна. Эрсдэл үүсэх магадлал багатай 7000 обьект /26.7 хувь/-ыг төлөвлөгөөт хяналт шалгалтаас чөлөөлж, мэргэжил , арга зүйн зөвлөгөө өгч ажиллах юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хяналт шалгалтын төлөвлөгөөг яамны бодлогын зорилт, стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй уялдуулан объектын эрсдэлийн ангиллыг харгалзан Засгийн газрын 2023 оны “Хяналт шалгалтын төлөвлөгөө батлах тухай” 79 дүгээр тогтоолоор батлууллаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн А/42 тоот тушаалаар их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн 2413 объектод хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээр батлуулсан. Төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдах нийт объектын 30.6 хувь нь барилга, зам тээвэр, 28.9 хувь нь боловсруулах үйлдвэр, 19.4 хувь уул уурхайн салбарын аж ахуй нэгж, байгууллага байна.
Мөн энэ онд барилга, зам тээвэр, боловсруулах үйлдвэр, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон нийгмийн хамгааллын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийхээр төлөвлөөд байна гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2024/01/18
Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
-
Хэн юу хэлэв...2019/10/31
"XXI зуун-Хавдаргүй Монгол" 1000 гэр бүлийн зөвлөгөөнөөс гаргасан зөвл...
-
Дэлхий нийтээр..2021/01/22
Дэд сайд Б.Мөнхжин АХАЯХГХСН-ын уулзалтад оролцож, үг хэлэв
-
Дэлхий нийтээр..2020/07/31
УИХ-ын гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгчдөд зориулсан чиглүүлэх сургалт бол...
