Дэлхий нийтээр..
УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда-д бараалхлаа
УИХ-ын дарга Г.Занданшатар 2023 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда-д бараалхлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар олон улсын харилцаа, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн томоохон сорилтуудтай тулгарч байгаа өнөө үед хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч төрийн айлчлал хийж байгаад Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда-д талархал илэрхийлэв. Тэрбээр, Бүгд Найрамдах Польш Улс нь манай улсын гуравдагч хөрш, дотно түншийн нэг болохыг онцлон тэмдэглэсэн юм.
Хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй, идэвхтэй хөгжиж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар дурдаад цаашид боловсрол, шинжлэх ухаан, технологи зэрэг олон салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад Монгол Улсын Их Хурлаас Бүгд Найрамдах Польш Улсын парламентын Дээд, Доод танхимтай хамтран ажиллана гэлээ.
Мөн Бүгд Найрамдах Польш Улс манай улсад Элчин сайдын яамаа нээх шийдвэр гаргаж, Ерөнхийлөгч Анджей Дуда-гийн төрийн айлчлалын үеэр албан ёсоор нээж байгаа нь хоёр улсын иргэд хоорондын харилцааг эрчимжүүлэхэд чухал түлхэц болохыг тэмдэглэв.
Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда Польш-Монголын харилцаа нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан хөгжиж, улс төр, эдийн засаг, худалдаа, дэд бүтэц, соёл, боловсрол зэрэг салбарт өргөжин бэхжиж буйг онцлоод энэ удаагийн төрийн айлчлал Польш-Монголын харилцааг эрчимжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр, Монгол Улс нь асар их нөөц бололцоотой орон гэдгийг цохон тэмдэглээд, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, бүс нутаг болон олон улсын тавцанд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн төлөө ажиллана гэв. Хоёр улсын Парламент, Засгийн газар, төрийн байгууллагууд, иргэд, бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид хоорондын харилцааг улам идэвхжүүлж, Элчин сайдын яамандаа ирэх оноос Консулын хэлтэс ажиллуулахаар болсныг дуулгав. Түүнчлэн Польшид суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх боломжтой бөгөөд оюутнууд хоёр орны ард иргэдийг холбох гүүр нь болж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулна гэдэгт талууд итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Төрийн айлчлалын үеэр хийсэн хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлуудыг бодит ажил хэрэг болгож, шинэ боломжуудыг нээхийн төлөө идэвх санаачилгатай ажиллахаа талууд илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2024/05/27
СЕХ: Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч дууслаа
-
Дэлхий нийтээр..2026/03/27
Авлигын эрсдэлийг бууруулах чиглэлээр судалгаа, шалгалт хийж, 1200 гаруй хүнийг ...
-
Дэлхий нийтээр..2022/05/26
Үндэсний цахим шууданг энэ онд хэрэглээнд нэвтрүүлнэ
-
Дэлхий нийтээр..2022/06/22
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын Элчин сайд Ли Ё Хун-ыг хүлээн авч уулз...
