Тод мэдээ
“Ирээдүйн инженерүүд” улсын олимпиад болно

ШУТИС-аас улсын хамжээнд анх удаа “Ирээдүйн инженерүүд” гэсэн улсын олимпиадыг ирэх тавдугаар сарын 4-6-ны хооронд зохион байгуулах гэж байна.
Хоёр үе шаттай явагдах тус олимпиадын зорилго нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “2020-2050”, ШУТИС-ийн шинэ сэргэлтийн бодлого “2020-2030”-ийн хүрээнд мэргэжилтнүүдийг бэлгэх. Мөн инженер болох хүсэлтэй залуучуудыг нээн илрүүлэхэд оршиж буй аж.
Энэхүү олимпиадад 12 дугаар анги төгсч байгаа инженер болох хүсэлтэй хүүхдүүд оролцох боломжтой юм.
Даалгаварын хувьд инженерүүдийн үндсэн мэдлэг болох математик, физик, хими зэрэг хичээлээр авахаас гадна сэтгэхүйг нь сорьсон өгөгдөл ч багтах нь ээ.
Сонирхуулахад, тус олимпиадад түрүүлсэн хүүхэд ШУТИС-д элсэлтгүй орох эрхийн бичиг гардахаас гадна эхний жилийн сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна.
Тод мэдээ
Угаар мэдрэгчийг унтраахгүйгээр агаар сэлгэлт хийвэл дохио автоматаар зогсоно
Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь 122 мянган айлд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид 24 цагаар хяналт тавин ажилладаг.
Энэ талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.
“Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулга “ТҮХТ нь нийслэлийн хэмжээнд долоон дүүрэгт нийт 176 мянган өрхөд угаарын хийнээс урьдчилан сэргийлэх болон авран хамгаалах мэдээлэл өгч ажилладаг. Мөн өрхүүдийн яндан, зуухны битүүмжийг шалгаж, засвар үйлчилгээ үзүүлж байна. Хяналтын төвийн хувьд айл өрхүүдийн агаарын чанар муудсан, угаарын хий илэрсэн мэдээллийг хүлээн авч тухайн айл, иргэнд сэрэмжлүүлдэг. Айл өрхүүд зуухаа удаан галлаагүй байснаас үүдэн яндан хоолойны битүүмж алдагдсанаас угаарын хийн эрсдэл үүсдэг” гэлээ.
“Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын дэлгэцийн оператор Д.Сувд “Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв 24 цагийн турш дөрвөн ээлжээр ажиллаж, өрхүүдийн угаар мэдрэгчийг хянадаг. Өдрийн 12 цагийн хугацаанд нэг хүн 300–350 өрхийн дуудлагад хариу өгч, нийт 1200–1300 дуудлага хүлээн авч ажиллаж байна. Хүйтний улирал болж, галлагаа эхэлснээр түлшний таталт, утааны дуудлагууд их ирж байна. Тиймээс засварын дуудлагууд ч мөн давхар нэмэгдэж байгаа. Угаар мэдрэгч нь гэрийн агаарыг хянаж, түвшин ихсэхэд дуут дохио өгдөг. Зарим иргэд шөнийн цагаар дохио дуугарахад төвөгшөөгөөд унтрааснаас болж хяналтын төвд дохио ирэхээ больдог. Ингэснээр тухайн өрх угаартах эрсдэлтэй тул угаар мэдрэгчийг унтраахгүйгээр агаар сэлгэлт хийвэл дохио автоматаар зогсоно. Угаарын хий үнэргүй, харагддаггүй тул иргэд өөрсдөө мэдэх боломжгүй. Иргэд угаар мэдрэгчийн дуут дохио ирэхэд утсаа авахгүй байх, эсвэл хяналтын төвийн дугаарыг блок хийх тохиолдол гарч байна. Тиймд, иргэд 70119410 гэсэн дугаараас залгасан тохиолдолд заавал утсаа авах шаардлагатай гэдгийг анхааруулж байна” гэв.
“Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын өрхийн зуухны инженер П.Анхбаяр “Угаар мэдрэгчийн баталгаа таван жил, тасралтгүй ажиллуулахад гурван жилийн баталгаатай. Ихэвчлэн механик эвдрэл болон хэрэглэгчийн хайхрамжгүй байдлаас угаар мэдрэгчийн гэмтэл үүсдэг. Төхөөрөмжийг монгол инженерүүд зохион бүтээсэн бөгөөд нарийвчлал, мэдрэх чадвар өндөр болсон.
Засвар үйлчилгээний хэлтэс долоон дүүрэгт ажиллаж, шаардлагатай айл өрхүүдийн пийшинг хөөлж, засварлаж байна. Өнөөдрийн байдлаар 2500 гаруй дуудлага ирж, 2384 айлд үйлчилгээ үзүүлээд байна. Стандартын шаардлага хангаагүй зуух хэрэглэснээс болж угаарын хий үүсэх тохиолдол ихэссэн. Нийт 176 мянган өрхөөс 39 мянга гаруй нь чанарын шаардлага хангаагүй зуух ашиглаж байна. Жишээлбэл, сайжруулсан түлшний шаталтын хугацаа найман цаг байдаг ч айл өрхүүд 5–6 цагийн дараа гал унтарсан гэж үзэн яндангаа хаадаг. Үүний улмаас угаарын хий үүсэж, хүчилтөрөгчийн дутагдалд ордог.
Угаар мэдрэгчийг тогтмол шалгаж, бат бөх газар байрлуулж, унтраахгүй байх шаардлагатай. Сонгинохайрхан дүүрэгт хамгийн олон дуудлага ирж байгаа бөгөөд 15 мянга гаруй угаарын тохиолдол бүртгэгдсэн. Эдгээрээс 644 өрхөд шөнийн цагаар угаарын түвшин аюултай хэмжээнд хүрч, хяналтын ажилтнууд газар дээр нь очиж, авран хамгаалсан. Нийслэлийн долоон дүүрэгт хариуцсан хяналтын багууд ажиллаж, угаарын хий илэрсэн айлд утсаар болон биечлэн очиж сэрэмжлүүлэг өгдөг. Утас холбогдохгүй бол хажуу айл руу холбогдож, шаардлагатай тохиолдолд жижүүрийн баг очин ажиллаж байна” гэлээ.
Тод мэдээ
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.
Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.
Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.
Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.
Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.
Тод мэдээ
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв
Хуралдааны үеэр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудад дараах чиглэлийг үүрэг болголоо. Үүнд:
- Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй нутаг дэвсгэрт отроор өвөлжиж буй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх;
- Отроор өвөлжиж буй малчин иргэдэд эмийн хангалт болон явуулын эмнэлгийн багийг хуваарилж, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх;
- 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдийн судалгааг тогтмол авч, эрүүл мэндийн үзлэгийг тогтсон хугацаанд хийж, төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйг төв суурин газар татаж хяналтад эрт оруулах;
- Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг хангах;
- Томуу, томуу төст өвчний тархалтын үе шат бүрд тохирсон хариу арга хэмжээ болон эрсдэлийн харилцааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Төсвийн сахилга батыг чангатгаж, үр ашиггүй зардлыг бууруулах зэрэг үүрэг чиглэлийг өгөв.