Дэлхий нийтээр..
УИХ: Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд БХЯ болон ЗХЖШ-т ажиллалаа
УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, тус Байнгын хорооны гишүүн Н.Энхболд, Э.Бат-Амгалан нар 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Батлан хамгаалахын яам болон Зэвсэгт хүчний жанжин штабт ажиллалаа.
Байнгын хорооны дарга, гишүүд олон улсын геополитик, геостратегийн хувьсал өөрчлөлтийн байдал, түүнтэй уялдан Монгол Улсын аюулгүй байдлын орчинд гарч буй өөрчлөлтөд батлан хамгаалах тогтолцоог хэрхэн бэхжүүлэх талаар болон хэрэгжүүлж буй ажлууд, цаашид төлөвлөсөн зорилт, арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудлуудын талаар мэдээлэл сонсож, харилцан санал солилцлоо.
Байнгын хорооны дарга, гишүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар болон цаашид холбогдох хууль тогтоомжийг улам боловсронгуй болгон шинэчлэл хийх, тус салбарын нийт албан хаагч, бие бүрэлдэхүүний цалин хөлс, ажиллах нөхцөл, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх, зэвсэг, техник хэрэгслийг шинэчилж сайжруулахад шаардлагатай төсөв хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг тус салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг Батлан хамгаалах яамны удирдлагууд танилцууллаа.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тус салбарын ажил байдалтай танилцаад, Байнгын хорооны зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах болно гэдгийг онцлон тэмдэглэлээ. Тухайлбал, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг холбогдох Байнгын хорооны зүгээс Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлтэй хамт хэлэлцүүлэхээр бэлтгэл ажил хийгдэж байгааг дурдаад, Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх, мөн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шинэчлэхэд хамтарч ажиллана гэлээ.
Түүнчлэн 2010 онд Улсын Их Хурлаас баталсан Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай Улсын Их Хуралд өргөн мэдүүлж батлуулах нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын болон бүс нутгийн энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа Монгол Улсын зэвсэгт хүчний болон холбогдох байгуулагуудын бие бүрэлдэхүүн, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чухал алхам болохыг тэмдэглэв. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх тус салбарын төсөв, хөрөнгө оруулалтын хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэхэд Байнгын хороо анхаарал хандуулж ажиллана.
Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүний нөөцийн хангалтыг сайжруулах, “Кибер аюулгүй байдлын Дата төв”-ийг байгуулах, Барилга- инженерийн цэргийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх, цэргийн эмнэлэгийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгийг батлан хамгаалах салбарыг бэхжүүлэхэд бүрэн зарцуулдаг байх, хүүхэд, залуучуудад эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс цэрэг, спортын “Дөл” тоглолтыг хөдөө, орон нутагт бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулдаг байх нь зүйтэй хэмээн байр сууриа илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
